Эдийн засаг
Нүүрсний төмөр зам уу, нөхөн үржихүйн төмөр зам уу?

Хоёр их гүрний дунд оршдог, гурван сая хүн амтай, улсын жилийн төсөв нь долоон их наяд, үүний дийлэнхийг нь уул уурхайгаас төвлөрүүлдэг Монголын хувьд төмөр зам эдийн засаг уу, эсвэл геополитик үү!. Доллар орж ирэх суваг уу, цус ойртолтоос хамгаалах арга хэрэгсэл үү. Яг эндээс эхлээд төмөр замын бодлого дээр улстөрчид болоод эдийн засагчдын байр суурь дахиад л зөрчилдөж эхэллээ.
Учир нь, ҮАБЗ гаргасан нууц тогтоолын дагуу УИХ-аас баталсан Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг Засгийн газрын хуралдаанаар өөрчилж, Гашуунсухайтын 267 км төмөр замаас өмнө Тавантолгой-Зүүнбаянгийн 414 км төмөр замыг түмэн цэргээр бариулах шийдвэрийг гаргасан нь төмөр замаар “мөнгө үйлдвэрлэх үү”, “хүүхэд үйлдвэрлэх үү” гэсэн асуулт тавихад хүргэж буй юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын “Эдийн засгаас илүү нийгмийн тооцоолшгүй үр ашигтай. Хүмүүс аймаг дамжин шилжиж, солилцоо бий болно. Цус ойртолтод нөлөөлөх, улсын тусгаар тогтнолтой холбоотой, ач холбогдолтой зам” гэж тайлбарласнаас харвал ҮАБЗ-ийн гурван дарга түүнтэй адил бодолтой байгаа бөгөөд цаашдаа ч Дорнодоос-Говь-Алтай руу, Монгол орны хөндлөн чиглэлд төмөр замууд барих мөрөөдөлтэй суугаа аж.
Товчхондоо, ҮАБЗ-ийн гурван дарга буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар төмөр замыг геополитик, тэр нөхөн үржихүйн бүтээн байгуулалт гэж үзэж байгаа аж. Энэ тохиолдолд Монгол орны хөндлөн гулд төмөр зам тавих мөнгөө Монгол Улс өөрөө гаргана гэсэн үг. Эдийн засгийн үнэ цэнэгүй, үр ашиггүй төсөлд гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулагчид сохор зоос ч гаргахгүй.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн урьдчилсан тооцоолсноор бол “Нэг километр төмөр замыг цэргүүдээр бариулахад 1.2 сая ам.доллар шаардагдаж байгаа” гэнэ. Тэгэхээр нэг км төмөр зам барихад шаардагдах 1.2 сая ам.доллараа 414 км-ээр үржүүлээд үзэхэд Монгол Улсад ийм их хэмжээний мөнгө байхгүй, гаргах боломж ч бүрдээгүй.
Эхний санхүүжилт буюу “Тавантолгой-Зүүн баянгийн 414 км төмөр замын суурь бүтцийг байгуулахад шаардлагатай байгаа 780 гаруй тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой”-н өнгөрсөн жилийн олсон ашгаас гаргахаар төлөвлөж байгаа гэвэл энэ тохиолдолд Монгол Улс дахиад нэг овоолсон шороотой болох магадлал 99 хувь. Нэг хувь нь “итгэл, мөрөөдөл” байлаа гэж бодоход.
Төмөр зам бол авто зам барихаас тэс өөр ойлголт. Сүүлийн үеийн супер технологитой төмөр замыг мэргэших нь бүү хэл мэргэжил ч эзэмшээгүй цэргүүд барьж чадах уу. Тэгээд ч төмөр замын бүтээн байгуулалтыг гурван даргын сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг төсөл биш, нарийн тооцоо судалгаатай хийхгүй бол нар салхинд хийссэн овоолсон шороотой үлддэгийг Гашуунсухайтын төмөр замын төслөөс харчихаж болно. Гашуунсухайтын 267 км төмөр замыг барих гэж монголчууд бараг арван жил болж байна.
“Нөхөн үржихүйн” гэгдэж буй энэхүү төмөр замаар хэчнээн хүн зорчих, хэчнээн хүн аймаг дамжин шилжиж, бодисын солилцоо явагдах вэ гэсэн бодит тооцоо судалгаагүй иймэрхүү төслийг араншинт эдийн засаг гэж тайлбарладаг. Голдуу мегатөслүүд дээр илэрдэг “өвчин” гэдгийг ч М.Энхсайхан хэлсэн.
Төмөр зам бол овор ихтэй барааг их хэмжээгээр тээвэрлэхэд зориулагдсан, хамгийн хямд өртөгтэй тээврийн хэрэгсэл. Энэ өнцгөөс тооцох юм бол эхний ээлжид нөхөн үржихүйн биш нүүрсний төмөр замаа тавих ёстой. Тавантолгойгоос Монгол Улс хүүхэд биш нүүрс зөөнө гэж сэтгэлийн хөөрлөө дараад тооцох юм бол шүү дээ. Төмөр замгүй учраас хаяанд нь байгаа Хятадын нүүрсний зах зээлээс Монгол улам бүр шахагдаж, гуравдагч оронд нүүрсээ зарж чадахгүй байгаа. Төмөр замгүй учраас л олон арван жолооч нүүрсний замд осолдож, байгаль экологийн хувьд гамшиг дагуулж байгаа. Гашуунсухайтын төмөр зам хэрэвдээ ашиглалтад орсон бол “Эрдэнэс Тавантолгой”-н өнгөрсөн жилийн ашиг болох 800 тэрбумын ашиг хамгийн багадаа тав дахин нэмэгдэх боломжтой байсан. Үүнийг төгрөгөөр тооцвол хамгийн багадаа, дөрвөн их наяд төгрөг. Монгол Улсын жилийн төсвийн 50 хувь. Энэ тэгээд бага мөнгө үү?
Хэрэвзээ төмөр замтай байсан бол нүүрсний экспортоос төсөвт орж ирсэн мөнгөөр орон нутагт ажлын байр, ажиллах орчныг бүрдүүлэх боломж бий. Орон нутагт ажлын байр бий болсноор цус ойртолтын асуудлыг ч давхар шийдэх бололцоотой.
Түүнээс хөндлөн гулд төмөр зам барьснаар “нөхөн үржихүйн ажил эрхлэх”-ээр иргэд Дорнодоос Говь-Алтай руу шилжиж амьдарна гэвэл домог. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг үнэндээ худлаа. Шууд бусаар томчуудын “мөрөөдөл”-д 280 сая ам.доллараас эхлээд чамгүй мөнгө төлж буй нь худлаа биш. Хөндлөн төмөр зам тавьснаас хөдөөд ажлын байр олноор бий болгож чадсан нөхцөлд л цус ойртолтын эсрэг бодитоор “бодисын солилцоо” явагдах биз. Тэгэхээр юуны өмнө, нүүрсний төмөр зам чухал уу, нөхөн үржихүйн төмөр зам чухал уу гэдгээ эрэмбэлэхдээ араншингаараа биш асуудалд прагматик хандах ёстой биш үү, ҮАБЗ-ийнхөн.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.