Эдийн засаг
Төмөр зам ба байр суурь

Засгийн газраас өнгөрсөн сард Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 413 км төмөр замыг эхний ээлжинд барих шийдвэр гаргасан нь улстөрчдийн дунд маргаан дэгдээсэн хэвээр байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир нар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 200 гаруй км төмөр замыг эхэлж барьж дуусгах нь Монгол Улсад ашигтай. Хятадын тал Монголын төмөр замыг угтуулан замаа тавьсан байхад тойруулж Тавантолгой-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барих шийдвэр гаргасныг ойлгохгүй байна” гэж байр сууриа илэрхийлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Хөндлөн буюу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих нь цус ойртолтыг холдуулах ач холбогдолтой” гэж тайлбарласан.
Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 413 км төмөр замыг эхэлж барих нь Монголд ач холбогдолтой. Төмөр зам Монголын нутагт хэдий урт тавигдана, тэр хэрээр олон хүн ажилтай байж, ашигтай тусна” гэдэг байр суурь илэрхийлсэн. Талуудын байр суурийг энэ долоо хоногийн “VS” буландаа онцолж байна.
З.Энхболд: Сайншандад нүүрс угаагдаж байж өртөг нэмэгдэнэ
Бид Цаонфэйдянь боомт дээр зогсож байна. Нүүрс ачдаг усан онгоцны хажууд байна. Манай Тавантолгойн нүүрс энд ирж байж үнэд хүрнэ. Сайншандын төмөр замыг эхлүүлснээр манайд ашиг ирнэ. Манай улсын нутгаар явж байгаа төмөр замын км болгон манай улсын ашиг. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир нар эсэргүүцээд байгаа. Тэд Хятадын нутгаар төмөр замыг түлхүү явуулах сонирхолтой. Тэгэхээр Д.Хаянхярваа, Л.Элдэв-Очир хоёрыг Хятадын УИХ-ын гишүүд үү, Монголын парламентын гишүүн үү гэдэг асуулт гарч ирнэ. Энэ хоёр гишүүн төмөр замыг Хятадын нутгаар хол явуулах гээд байна.
Бид зөвхөн энэ 413 км төмөр замыг барих гээгүй. Ахиад Чойбалсан орно. Чойбалсан орох юм бол дахиад Хөөт ороод дахиад 600 км яваад Бичигтийн боомтоор гарах юм бол бүр ойрхон. Монголын нутгаар төмөр зам хэдий чинээ их явна, төдий чинээ төмөр замчин ажилтай болно. Монголын нутгаар төмөр зам хэдий бага явна, төдий чинээ олон Хятадын төмөр замчин ажилтай болно. Энд ус байхгүй, Сайншандад ус байгаа. Сайншандад нүүрс ирж угаагдаж байж өртөг нэмэгдэнэ.
Монголын нутаг дээр нүүрсийг өртөг нэмэхгүйгээр шууд гаргах гэсэн хүмүүс энийг дэмжээд байгаа юм. Өртөг нэмэх гэж байгаа Ерөнхийлөгчийн санаа бол энд авчирч угаана, Монголын нутгаар дахиад 400 км ээр илүү явна. Энэ 400-г энд авчирч байгаа. Дараагийн удаа Бичигтээр орно, Бичигтээр орох юм бол ялгаагүй, Хятадын нэр бүхий боомтууд дээр ирнэ. 2014 оны гэрээгээр манайх нүүрс гаргах эрхтэй болсон.
Төмөр замаар манай нүүрс хэчнээн хурдан гарна, төдий чинээ манайд ашиггүй. Хэчнээн удаан манайхаар гарна, төдий чинээ ашигтай. Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа хажууд байна, эдний хүмүүс ажилтай болно гэсэн үг. Хурдан гарчихвал эдний хүмүүс ажилгүй.
Л.Элдэв-Очир: Дахиад нэг овоолсон шороо үүсгэнэ
Урагшаа явсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа шийдээгүй, далангийнх нь хэрүүл дуусаагүй. Идэж уусан улсууд нь зугтаж алга болсон. Дутуу орхисноо дуусга.
Энэ асуудлаа шийдээгүй байж зүүн тийшээ дахиад 400 гаруй км төмөр зам барина гэх. Дахиад нэг овоолсон далан шороо үүсгэх гээд байгаа юм уу?
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьж дуусгахгүй бол 100 гаруй хүн нас барлаа, олон залуусын амьдрал үрэгдэж байна. Тээвэр хийж байгаа 1400 гаруй жолооч нар байна. тэд гамшгийн нөхцөлд амьдарч байна.
Нүүрс худалдан авагч тал нь Хятад. Хятадын компаниуд энэ тээврийн асуудал дээр төмөр замд хөрөнгө оруулахад бэлэн байгаа. Цаанаасаа төмөр зам ирчихсэн. Наанаасаа бид төмөр замаа холбож өгч чадахгүй зовлонгоо эдлээд олон жил боллоо.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын хөрөнгө оруулалтаа хэдэн жилийн өмнө хувийн хэвшил шийдсэн байсан. Шинхуа компани Хятадын талдаа төмөр замаа хийчихсэн, өөрийн гэсэн төмөр замтай болчихсон, Монголоос очиж байгаа нүүрсийг далайн боомт хүртэл дотоодынхоо тарифаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлээд өгье гээд санаа тавиад байгаа.
Бид хөрөнгө оруулалт дээр гол худалдан авагчаа оруулах бодлого барих ёстой. Хятадууд орж ирэхэд бэлэн байгаа. Сэтгэл гаргаад зүтгүүлчихвэл их амархан шийдчихнэ. Улс төр гэдэг юм бизнесийг олон салбарт боомиллоо. Тэрний л жишээ энэ болж байна.
Д.Хаянхярваа: Тавантолгой-Гашуунсухайтын замаа барих ёстой
“Тавантолгой Гашуунсухайт хооронд 267 км зам тавих гээд ажлыг нь эхлүүлээд 280 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 736.4 тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Энэ замын 56-60 хувийн ажил нь хийгдсэн гэсэн мэдээлэл өгсөн. Хятадууд цаанаасаа Гашуунсухайт хүртэл төмөр замаа тавьсан. Манайх наанаас нь замаа бариад очвол нүүрсээ гаргах бүрэн боломж бүрдсэн байгаа. Хэрвээ манайх энэ замаа барьсан байсан бол өнөөдрийн Тавантолгойн 800 тэрбумын ашиг хамгийн багадаа тав дахин нэмэгдэх боломжтой байсан. Энэ чинь дөрвөн их наяд төгрөг шүү дээ. Дөрвөн их наяд төгрөгийн ашиг олох боломжийг бид алдчихаад байхад яагаад энэ замаа гүйцээж барьж болохгүй байгаа юм бэ гэдэг асуудал дээр сэтгэл эмзэглэж байна. Хэрвээ төмөр зам барих мөнгө байгаа бол Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн зам шинээр барьж байхаар эхлүүлсэн замаа гүйцээх хэрэгтэй.
Хятад манайхаас нүүрс авах гээд бүх дэд бүтцээ бий болгосон байхад бид замаа дуусгах ёстой шүү дээ. Тавантолгойгоос- Зүүнбаян руу 414 км төмөр зам барина. Үүнд 750 тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа юм. 280 сая ам.доллораар төмөр зам бариад 50,60 хувьтай байгаа улс энэ хэмжээний мөнгөөр 414 км төмөр замын дэд бүтцийг хийж чадах уу.
Ингээд зогсохгүй Зүүнбаянгаас урагшаа 260 км Хангимандал чиглэлийн төмөр зам тавина гэж байгаа. Нүүрсний үнэ өндөр байгаа дээр ахиухан нүүрс гаргаад дараа дараагийн дэд бүтцийн асуудлаа шийдэх ёстой байтал ҮАБЗ ингэж шийдсэн гээд байгаа. Үнэхээр ойлгохгүй байна.
Д.Сумъяабазар: Улсын тусгаар тогтнолтой холбоотой төмөр зам
Өнгөрсөн онд нүүрсний үнэ өссөнөөр төсөвт орж ирсэн мөнгөөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барина. Зүүнбаянгийн төмөр зам “Эрдэнэс Таван толгой”-н IPO хийхэд хурдасгуур болно гэж харж байгаа. Мөн эдийн засгаасаа илүү нийгмийн тооцоолшгүй үр ашигтай.
Энэ хөндлөн төмөр замыг манай Засгийн газар, эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгч болоод шийдсэн зүйл огт биш. Социализмын үед “Уул уурхайн бүтээн байгуулалтын зам” гээд зургийг нь гаргачихсан байдаг. Цаашдаа энэ зам нийгэмд өөрчлөлт бий болгож, хүмүүс аймаг дамжиж шилжиж, солилцоо бий болно. Цаашдаа хөндлөн замыг аль болох тавих хэрэгтэй, Дорнодоос Говь-Алтайн чиглэлд ч юм уу. Цус ойртолт ихэсч байна гээд буй. Тэгвэл үүнд ч нөлөөлөх, улсын тусгаар тогтнолтой холбоотой, ач холбогдолтой зам. Гашуунсухайтын төмөр замыг ч мөн барина. Энэ замыг барихад дотоодын аж ахуйн нэгжүүдээ уриалаад ч хөрөнгө босгох боломжтой. Улстөржихгүй л бол энэ хоёр замыг Монгол Улс нөөцөө шавхаад ч болов барих бүрэн боломжтой.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.