Улс төр
А.Отгонбаатар: Улаан хацартай, гэр хорооллын нөхөр яагаад улсаа сайхан болгох талаар ярьж болохгүй гэж

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа.
-Танай намаар сонин сайхан юу байна. Сонгуулийн жил дөхөх тусам намууд хөдөлгөөнд орж байх шиг байна?
-Манай намаар нам тайван. Харин би сүүлийн үед хашаа, хороогоо янзлаад завгүйхэн л байна.
-Танай хашаа хаана вэ. Ямар засвар хийж байгаа юм?
-Манайх 100 айлын хойд талын уулын энгэрт 0.7 га хашаанд амьдардаг. Хөдөөнөөс нүүж ирээд хороололд айлын хашаанд байсан юм. Тэр айл маань хашаагаа зарахаар болоод бид энэ хашаандаа нүүж ирсэн дээ.
-Та аль нутаг вэ?
-Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумынх.
-Хэзээ нутгаасаа гарч, Улаанбаатарыг зорив?
-Арван жилээ төгсөж, 2007 онд оюутан болж хотод ирсэн. Ингээд ХААИС-ийн инженер багшийн ангид элсэж орсон. Манайх ер нь нэн ядуу гэсэн данстай айл. Таван хүүхэдтэй айлын хамгийн отгон нь. Намайг гурван настай байхад аав маань өөд болсон. Миний ээж цэвэрлэгч хийдэг байлаа.
Манай амьдрал ах нарын бүтээсэн нийгмээр явсан байх л даа. “Хүн болгон ажлаа сайн хий. Сайхан амьдарна” гэсэн. Ээж ажлаа хийсээр байгаад 2000 онд таван хүүхэдтэйгээ суманд нэн ядуугийн дансанд бүртгэгдсэн дээ. Одоо ч монголчууд банкны зээлд дарлуулаад л явж байгаа шүү дээ.
-Эхнэр, хүүхэдтэй юу?
-Хоёр хүүхэдтэй. Эхнэр маань Дорнод аймгийн харьяат.
-Мэргэжлээрээ ажилласан уу?
-2007 онд арван жилээ төгсөөд их сургуульд орох болсон. Тэгээд аль сургуульд орохоо шийдэж чадахгүй ээж рүүгээ ярихад “Миний хүү хамгийн бага төлбөртэйг нь л сонго. Сургаж чадахгүй шүү” л гэсэн. Тэгээд тухайн үед хамгийн бага төлбөртэй нь 490 мянган төгрөгийн төлбөртэй ХААИС байлаа. Мэргэжлээ сонгож мэддэггүй ээ. Гэтэл инженер багш мэргэжил дээр хоёр элсэлтийн хуваарь ирсний нэг нь л үлдчихэж.
Тэгээд би “За үлдсэнийг нь авчихъя. Сайн мэргэжил учраас л нэг хуваарь нь сонгогдсон биз” гэж бодсон юм.Ингээд л ХААИС-даа сурахаар болоод хагас өнчний тэтгэмжээр тал төлбөрөө хийж, үлдсэн 150 мянган төгрөгийн зөрүүг төлж чадахгүйд хүрлээ. Харин 60 мянган төгрөгийг нь төлбөл сургуульд бүртгэж болдог байсан юм. Энэ мөнгийг ээжээсээ авч сургуульдаа бүртгүүлээд сурсан даа.
Ер нь би 6-8 дугаар ангидаа тарвага алаад хувцас хийж өмсдөг байлаа. 9-10 дугаар ангидаа хотод ирж барилга дээр ажилладаг байсан юм. Ингээд ХААИС-д сурсан. 1072 хувьцааны 500 мянга болон хагас өнчний тэтгэмжээр төлбөрөө аргацаадаг ч үлдсэнийг нь төлж чадалгүй сургуулиасаа хөөгддөг байлаа.
Гэхдээ сурч байх хугацаандаа “Голомт” банкны тэтгэлэг, Монгол Улсын Ерөнхий сайдын тэтгэлэг, аймгийн Засаг даргын тэтгэлэг авч байсан. Ер нь хөдөлгөөнтэй, сэргэлэн л хүүхэд байсан. Эргээд харахад сонин л санагддаг юм. Ингээд сургалтын төлбөрөө төлөхгүй явсаар байгаад яг төгсөх болоход 900 гаруй мянган төгрөг хуримтлагдсан байдаг юм.
Тэгээд диплом хэвлэлтэд гарахгүй, төгсөж чадахааргүй болсон. Гэтэл нэг өдөр сургуулийн ректор дуудаад “Чи оюутны төлөө юу, юу хийнэ гээд байдаг билээ” гэж асуусан. “Би оюутны төлөө ингэж ажиллавал сайн хүн болно гэж боддог” гээд л мөрөөдлөө ярьсан чинь “Гар чи. Чамайг сургуульд урилгаар ажилд авлаа” гэдэг байгаа.
Тэгээд л би бөөн баяр болоод “Захирлаа уучлаарай. Би төлбөрөө төлөөгүй. Төгсөж чадахгүй шүү дээ” л гэсэн. “Наадхаас чинь чамайг чөлөөллөө” л гэлээ. Тэгээд миний төлбөр чөлөөлөгдөөд ХААИС-д 60-хан мянган төгрөгийн төлбөртэй сурчихсан юм.
-Тэгээд ямар ажил дээр томилогдов?
-Төв сургуулийн сургалтын албаны мэргэжилтнээр ажилд орсон. Тэгээд ажилласан чинь олигтой юм хийлгэдэггүй ээ. Уг нь аймаар мундаг юм хийнэ гээд л дэврүүн сэтгэлтэй байгаа шүү дээ. Бичиг цаас янзлуулаад, агуулахын ажилтан шиг л юм боллоо. Юун оюутныг хөгжүүлэх. Тэгээд захиралд өргөдөл өгөхдөө “Сургалтын бодлого зохицуулалтын алба биш суудал бөглөсөн залхуу албанд залуу насаа элээхийг хүсэхгүй байна. Уучлаарай, би ажлаас гармаар байна” гээд гурван cap болоод л өргөдлөө өгөөд туучихсан.
Гэтэл ректор дуудаад “Өөдөөс тас хийтэл инээгээд яг манай алба ийм байгаа. Та нар тэсрэхгүй бол би өөрөө зайлуулах байсан юм. Та нар чинь харин овоо гарууд байна. Ёстой юм хийх юм байна. Та нар юу хиймээр байна” гэсэн.
Тэгэхээр бид “Оюутны өртөөлөх төв нь бие даан ажилладаг…” гээд л ярьж өглөө. Гэтэл “За төслөө бичээд аваад ир” гэсэн. Тэгээд бид төслөө бичээд “Оюутны өртөөлөх төв гэж байгуулж, төвийнх нь захирлаар томилогдлоо. “Дөнгөж төгссөн хүүхдийг захирлаар тавьсан. Бямбаагийн хүн” энэ тэр гээд багш нар хэл ам хийв ээ. Тэгээд албаа өөр хүнд шилжүүлсэн.
Ингээд ажиллаж байгаад 5-6 залуутай нийлж “Улс орон, нийгмээ өөрчилнө. Монголын оюутны холбоог өөрчилнө” гээд ерөнхийлөгчид нь нэр дэвшинэ гээд зүтгэчихсэн. Монголын оюутны холбооны чуулган болоход намайг оруулаагүй. Монголын оюутны холбооны удирдлагыг AH, МАН бодлогоороо тавьдаг байсан юм билээ. Юу гэж над мэт шиг гудамжнаас гарч ирсэн амьтныг оруулах вэ дээ. Би бас л улс төрийг ойлгохгүй. Сэрүүн зүүдэлж байсан байгаа юм.
-2016 оны УИХ-ын сонгууль Өвөрхангай аймагт өрсөлдөж байсан санагдаж байна. Тухайн үед намаа байгуулаагүй байсан юм уу?
-“Монголоороо” гэдэг хөдөлгөөнийг 2012 онд байгуулсан. Тэр нь болж бүтэхгүй л байлаа. Тийм дур зоргоороо юм гэж юу байх вэ дээ. Тэгээд явсаар байгаад өнөөдрийг хүртэлх цаг хугацааг туулсан байна.
“Эвийн хүч” нам, “Их эвсэл” нам байгуулна гээд Иргэний бүртгэлээс нэрийг нь авч байлаа. Энэ мэтчилэн мөрөөдөж явсан байдаг юм. Ингээд 2016 онд Өвөрхангай аймгийн 19 дүгээр тойрогт УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. Бас л шударга үнэн, эрүүл нийгэм байдаг гэдэгт итгэчихсэн байлаа. Ер нь залуучуудад нэг алдаа байна.
Эрүүл сайхан нийгэм байх ёстой гэдэгт итгээд гэнэн, цагаанаараа явж очоод хага ниргүүлээд итгэл алдарсандаа зарим нь гадагшаа явж байна. Итгэл алдахгүй мань мэт шиг залуус нь цогшоод явж байна. Харин зарим нь эвлэрээд хэн нэг даргын туслах хийгээд явчихдаг шүү дээ.
-Намаа яаж байгуулав. Танай намын ар талд Нарантуул захын захирал Ш.Сайхансамбуу байдаг уу?
-МАН, АН-аас гарчихсан ямар хүмүүс байна гэж хайж явж байгаад Ш.Сайхансамбуу гуайтай 2013 онд очиж уулзаж байсан юм. Үүдэнд нь уулзах гээд очсон чинь гаднаас орж ирэхдээ “Өө, чи байсан юм уу” гээд намайг таньсан. “С.Жавхлан та хоёроос бусад нь над дээр ирчихсэн шүү дээ. Одоо С.Жавхлан л ирэх юм байна даа” гэсэн. Тэгээд өрөөнд нь явж ороод улс орныхоо талаар ярьсан.
Ш.Сайхансамбуу гуай “Ер нь Монголын улс төр ийм бохир болчихсон. Бодлогоос нь гажвал мань мэт шиг хүмүүсийг цэвэрлээд хаячихдаг юм байна” энэ тэр гээд л ярьсан. Тэр цагаас хойш бид хоёр нөхөрлөсөн юм. 2016 онд Сайханаа ах “Тусгаар тогтнол эвсэл”-ээс Завхан аймагтаа өрсөлдөөд би Өвөрхангай аймгийн 19 дүгээр тойрогт үзэхгүй юу.
Би Я.Содбаатарт ялагдсан. 2016 оны сонгуульд унаж ирчхээд есдүгээр сараас нь эхлэн хөөцөлдсөөр байгаад 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд “Үнэн ба зөв” намыг үүсгэн байгуулах анхдугаар хурлыг хийсэн. Тэгээд Дээд шүүхэд материалаа өгсөн ч батлахгүй тав буцсан. Хамгийн сүүлд нь би бүр дургүй хүрээд гарын үсэгтэй ширээний хэмжээтэй маш их материалыг Дээд шүүх рүү оруулж өгсөн.
Гэтэл бичиг хэрэг нь хүлээж авдаггүй. Тэгэхээр нь “Эгчээ би энийг л өгөхгүй бол болохгүй байна” гэж гуйгаад, хаалгыг нь цоожилж байгаад бичиг баримтыг хагас өдрийн турш хуудас бүрээр нь тоолсон. Ингээд бичиг баримтаа өгсний дараа 2017 оны тавдугаар сарын 6-ны өдөр Дээд шүүхэд энэ нам бүртгэгдсэн.
-Яагаад намдаа “Үнэн ба зөв” гэдэг нэр өгсөн юм бэ. Аливаа зүйл харьцангуй шүү дээ. Үнэхээр үнэн болон зөв зүйл байдаг гэдэг нь эргэлзээтэй?
-Үнэн юм өөрөө зөв байдаг юм. Монголчууд үнэн юм л хүсээд байгаа. Тэгсэн хэрнээ зөв хүнээ л гаргах юмсан гээд байдаг. Гэхдээ үнэнд туйл байхгүй. Хүмүүс өөрийнхөө ярьж байгааг үнэн гэж боддог. Өрөөлийн ярьж байгааг худлаа гэж боддог. Жишээлбэл та үнэнг нь мэдчихсэн байж болно. Нотлох баримт байхгүй үнэнг бусдад ойлгуулах шиг хэцүү зүйл байхгүй. Яг үнэндээ улстөрчдийн өнөөдрийн энэ байдал бол үнэн.
30 жил ард түмний амьдралыг хөгжүүлж чадаагүй нь үнэн. Гэхдээ үүнийг ард түмэнд ойлгуулж нотлуулах шиг хэцүү зүйл алга. Үүнийг зөв хүн гүйцэтгэх ёстой. Тиймээс бид үнэн гэдэг нь агуулга, зөв гэдэг нь хүн гэж хэлээд байгаа юм. Тиймээс дунд нь ба гэдэг үгийг оруулж “Үнэн ба зөв” гэдэг нэрийг өгсөн.
Өнөөдөр хэчнээн үнэн хэрэгтэй боловч хамгийн гол нь зөв үр дүн л хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс шударга, үнэний талаар яриад л байдаг. 20 мянган төгрөгийг хоёр хүнд хуваалаа гэхэд яаж хуваах вэ. Арав, арваар нь хувааж авах нь шударга харагдана. Гэхдээ нэг 10 мянган төгрөгийг нь авч байгаа хүн архи ууж байхад нөгөөх нь, 20 мянган төгрөгтэй бол гурилаа авчих байдаг.
Би үүнийг нь мэдэж байгаа учраас шууд гурил авах хүнд 20 мянган төгрөгийг нь өгчихсөн. Би хөгийн хараал идсэн шударга бус зүйл хийсэн. Гэхдээ би зөв үр дүн бий болгосон байхгүй юу. Өнөөдөр Монголд яриад байгаа шиг шударга ёс гэж хавтгайрсан тэнэг тогтолцооноос илүү ард түмний аз жаргалыг агуулсан зөв үр дүн хэрэгтэй. Бид үүн рүү л алхаж байж хөгжих ёстой шүү дээ.
-Танай намын зорилго энэ юм уу?
-Манай нам “Шинэ Монголыг бүтээе” гэсэн уриатай. Шинэ Монголд шинжлэх ухаанд суурилсан орчинд иргэн бүр нь аз жаргалтай байх ёстой. Ер нь шударга ёсны үр дүн юу юм бэ. Иргэдийн аз жаргал л байх ёстой. Улс төр агуулгынхаа хувьд эцсийн дүндээ ард түмний амьдралыг шийддэг шүү дээ. Энэтхэгийн Засгийн газрын тавьж байгаа зорилт “Айл болгонд аз жаргал бэлэглэе”, Хятад Улс “Иргэдийг ядуурлаас гаргая” гэдэг. Гэтэл манайх “Шударга ёс тогтооё” гэдэг.
Шинэ Монголыг бүтээе гээд байгаа нь хөгжил рүү явах хэрэгтэй л гэсэн санаа. Улс орон болгон хөгжлөө бүтээж байх хоорондоо авлигачдаа барьж хорьж байна. Манайх хөгжлийг тас мартаад хоорондоо алалцаад байвал гоё. Гэтэл дэлхийн нэг хоногт хоёр хоногоор хөгжиж байгаа. Бид хоорондоо алалцаад арван жил болоход дэлхийгээс хожигдсон байх болно. Биднийг дэлхий харж байна. Тиймээс дэлхийд арчигдахгуйн тулд хөгжих ёстой.
-Дэлхийн улс орнуудад янз бүрийн чиглэлийн улс төрийн намууд үйл ажиллагаа явуулдаг. Хэт фашист намаас авахуулаад хэт зүүний коммунист нам, социалист, либериал, төвийн үзэлтэй, эсвэл ногоонтны, шашинтны, үндэсэрхэг үзэлтэй гэх зэргийн маш олон нам байна. Танай намын үзэл санаа юу вэ?
-Барууны, зүүний гэдэг нь эртний хаант улсын үед бий болсон хэллэг. Барууных нь хөрөнгөтөнүүд, зүүнийх нь энгийн ард иргэдийн төлөөлөл гэж ойлгож болно. Эрт цагт хааныхаа өмнө энгийн ард, язгууртнууд нь цуглараад маргадаг байж л дээ. Тэгээд хаан нь тэднийг баруун, зүүн тал гэж нэрлэсэн байдаг юм. Дэлхий одоо ямар хөгжил рүү явж байгаа вэ гэхээр ард түмэн, язгууртнууд бүгд нийлээд улс орноо авч явах ёстой гэж.
Аль, алиных нь хамтын нийгэм буюу төвийг сахих үзэл гэдэг зүйлийг гаргаж ирсэн юм. “Үнэн ба зөв” намын хувьд төвийг сахина. Социал демократүзэл баримтлалыг манайх сонгосон. Энэ үзэл баримтлалын санаа нь олон ургалч үзэл, тэгш ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг юм.
-Таны нам хэдэн гишүүнтэй вэ?
-Манайх гишүүнчлэлгүй.
-Яагаад. Дор хаяж 800 гишүүнтэй байж нам байх ёстой биз дээ?
-Нам үүсгэн байгуулахад 819 гишүүн бүртгүүлсэн. Тэрнээс хойш бид намын гишүүнчлэл авахгүй гэж тогтсон юм.
-Яагаад гишүүнчлэл авахгүй гэж?
-Ард түмэн намын хатуу гишүүнчлэлээс болих хэрэгтэй. Тиймээс манай нам гишүүнчлэлтэй байхаас татгалзсан. Үүнийг заавал хуульчлах шаардлагагүй. Одоо жишээ нь бид ийм зүйл хийж байгаа. “Үнэн ба зөв” намын гишүүний батлахыг 14 мянган хүнд өгөх юм. Өөр хүнд өгөхгүй. Ямар 14 мянган хүнд өгөх вэ гэхээр бүх шатны сонгуульд нэр дэвших, ядаж багийн болон сумын иргэдийн хуралдаа нэр дэвших хүнд л өгнө.
Нэр дэвшихгүй хүнд намын батлах өгөхгүй. Тэр хүмүүст эх орончдын тэмдэг гэж тусад нь өгч байгаа юм. Яагаад гэвэл намын хатуу гишүүнчлэл гэдэг зүйлийг байхгүй болгохын тулд бид үүнийг хийж байгаа. Тэгээд намын батлахынхаа ард “Үнэн ба зөв” намын батлах нь төр түмэндээ зүтгэх, улс орноо хөгжүүлэх эрхэм нандин үүрэг хариуцлагыг байнга сануулж байдаг баримт бичиг юм” гэж бичсэн байгаа. Намд үнэнч явж болохгүй гэдэг санаа юм. Намын гишүүн нь арван зарчмыг баримтлах ёстой.
-Тантай гар нийлж ажиллаж байгаа хэчнээн хүн байгаа вэ?
-Өдөр тутам ар гэрийнхээ амьдралыг орхиод яг энд ажиллаж байгаа 7-8 залуучууд байна. Тэгээд ирэн, очин ажлынхаа хажуугаар хийдэг залуучууд ч бас бий.
-Намынхаа ажлаас өөр ажил хийдэг үү?
-Одоо намынхаа ажлыг л хийж байна. TV10 телевизийг бодлогын хүрээнд удирдан ажиллаж байгаа. Бас нэг жижиг бизнес Нарантуул зах дээр хийдэг юм.
-Ямар бизнес?
-Эрээнээс гутал зөөж зардаг. Зарсан мөнгөнөөсөө намынхаа байрны түрээсийг төлдөг. Байрны түрээс сард 1,256,000 төгрөг гардаг юм.
-Өөрийг тань Ш.Сайхансамбуу санхүүжүүлдэг гэж ярьдаг юм билээ?
-Ш.Сайхансамбуу гуай манай намын удирдах зөвлөлд байдаг. Энэ намаа үүсгэн байгуулахад бид хамтарсан. Тодорхой хэмжээний санхүүжилт гэдгийг би яг ойлгохгүй байна. Бид дэмжлэгээ авчихсан юм. Юу гэхээр “Намын өдөр тутмын үйл ажиллагаанд зардал гарна. Тэр болгоныг танаас аваад байж болохгүй.
Тэгэхээр та надад Нарантуул дээр гутлын арван лангуу гаргаад өгчих. Тэнд би бизнесээ хийе. Тэгээд тэндээсээ өөрсдийнхөө биеийг даагаад явъя” гэж хэлсэн. Одоо миний арван лангуу Нарантуул дээр байгаа. Сонирхсон хүн очиж болно. Нарантуулын оффисын хашаа дагасан шинэ арван лангуу байгаа. Тэнд би гутал зардаг.
-Орон сууцанд орно гэж боддог уу?
-Яаж орох юм бэ. Байрны зээлэнд хамрагдаад орох юм уу. Би яагаад луйвардуулах ёстой гэж. Тэрнээс хойш нэвтрүүлгээ хийгээгүй. Сайхан хүмүүсийн дэмжлэгийн буянаар явж байгаа. Тэгээд тэднийхээ талаар ярихаар гай болчих гээд байх юм. Ш.Сайхансамбуу гуай манай намд оролцоотой гэхээр Нарантуул руу нь байнга шалгалт оруулж байгаа байхгүй юу. Нарантуул руу машин оруулахгүй.
Хэргээр түгжрэл үүсгээд байгаа юм. Хүмүүс түгжрээд ирэхээрээ “Ш.Сайхансамбуугаас л боллоо” гэж зүхэх тэр зүйлийг бий болгодог. Зүгээр л манай ах нар улс орноор тоглож улс төр хийж байгаа. Япон Улсын төрийн түшээ ямар ч муу байсан Японыхоо төлөө л ажиллаж байна шүү дээ. Манай улсын төрийн түшээ Харвард төгсөөд ирсэн ч амин хувийнхаа төлөө л ажиллаж байна.
Орон сууцны найман хувийн зээлд хүн болгон ор гэж байсан л даа. Миний бодлоор орон сууцны зээлэнд 60 сая төгрөгөөр хамрагдана. 20 сая төгрөгийг урьдчилгаандаа өгчихсөн. Нийтдээ 80 сая төгрөг болно. 60 сая төгрөгийг 20 жил төлөхөд 120 сая төгрөг болж байгаа. 20 жилийн дараа миний байр нурна. Тэгээд би яах юм. Энэ чинь луйвар байхгүй юу.
Харин оронд нь миний хашаанд найман хувийн зээл олгочхооч ээ. Би хашаагаа Нүхтийн хаус шиг болгоё. Тэгээд би үүнийгээ 20 жил төлье л дөө. Яагаад гэвэл хоёр хүүхэд минь томроод ирэхэд хашааныхаа буланд дахиад хоёр байшин бариад өгчихнө. Үүнийг монгол хүнээ бодсон бодлого гэнэ.
Гэтэл барилгыг Б.Чойжилсүрэн, Э.Бат-Үүлийн хүү гэхчлэн хүмүүс барьдаг. Тэгээд эд нарын барьсан барилгад бид 20 жилийн хүүтэй орно. Насаараа хөдөлмөрлөж олсон мөнгөө эд нарт шимүүлээд эцсийн дүнд нь нурсан балгастай үлдэнэ. Байр нь нурлаа гэхэд надад газар нь ч үлдэхгүй. Газар нь тухайн компанийн нэр дээр байдаг. Зүгээр л луйвардуулж байгаа юм. А.Отгонбаатар том том юм яриад л байдаг.
“Хашаа хороо нь хөгийн, улаан шороо эргэлдсэн юманд амьдардаг юм байна” гэж намайг шүүдэг байхгүй юу. МАН, АН-ын троллууд нь орж ирээд л намайг элдэв янзаар дуудаад эхэлнэ. Тэрнээс би айж байна. Тэр айдас маань намайг хөгжүүлж байгаа юм. Одоо хашаа хороогоо зүлэгжүүлж байгаа.
-Өөрийг чинь “Энэ нэг залуу сайн сайхан зүйл яриад л мөрөөдөөд л байна. Ер нь яах гээд, юу хийж бүтээх гээд байгаа юм бол. Чадах уу” гэж харах хүмүүс байгаа л байх даа?
-Хөдөөнөөс орж ирсэн улаан хацартай, гэр хороололд амьдардаг ийм нөхөр “улсаа сайхан болгоё” гээд нам байгуулаад яваад байхад Зайсанд амьдардаг, амьдралаа болгочихсон, гадаад дотоодод сургууль төгсөөд ирсэн залуучууд та нар яахаараа 30 жил энэ улсыг мөхөөсөн ах нарын дор туслахыг нь хийгээд гүйж байдаг юм бэ. Чи боловсролтой юм уу, би боловсролтой юм уу.
Адгийн хүнд туслахыг боловсрол гэдэггүй юм байгаа биз дээ. Миний мэдэж сурсан зүйл бусдад тустай байхыг л боловсрол гэж тодорхойлж байгаа. Бусдад тусгүй байх юм бол би Харвард төгсөж ирээд яах юм. Тиймээс бид нийгмээ цогцоор нь харах ёстой.
Тэгвэл өнөөдөр улс төрд болж байгаа бүхэн жүжиг шүүдээ. Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнийн хэлж, ярьж байгаа бүхэн жүжиг. Бодлого ярих ёстой. Монгол хохирлоо гэхэд эд нарт хохирох зүйл байхгүй. Яагаад гэвэл эд нар ханатлаа идэж байгаа. Би Л.Оюун-Эрдэнийг МАНАН-г устгах арга зам гэсэн сэдвээр халз мэтгэлцээнд урьсан юм. Одоо болтол хариу ирэхгүй. Троллуудаараа намайг тэнэг, мангар гэж коммент бичүүлсээр л байгаа.
С.Ганбаатар байна. Ганбаа ах гоё гар байсан шүү дээ. Анх 2012 онд бидний хэдэн залуучууд Хөдөлмөрийн Үндэсний Нам гэж гарын үсэг цуглуулаад байгуулсан. Тухайн үед бид “”Та энэ намаасаа нэр дэвшээч гэсэн “Намын нэр хүнд муу байна. Ах нь бие даана. Ахыгаа л гаргачих. Тэгвэл Монгол өөрчлөгдөнө. Ах нь алаад өгнө” гээд л байсан. Бид итгэхгүй яах юм. Гамбаа ах тэгж хэлж байгаа юм чинь. Дарханаас ах гарлаа. Утсаа авахаа байсан. Тэгээд нэг гарснаа аймаар сүртэй мэдэгдэл хийнэ. Тэгээд л алга болчихно.
Дөрвөн жил яваад юу ч хийгээгүй. Дөрвөн жилийн дараа мэдэгдэл хийсэн. Юу гэсэн гээч. “Би Монгол Улсын Ерөнхийлөгч болох юм бол Монголоо аварна” л гэсэн. Бидний амьдрал хэвээрээ. Иргэний хөдөлгөөнөөс бүгдийг нь ард иргэд УИХ-д гаргасан. Худлаа байхгүй юу. Би ганцаараа гараад Монголыг өөрчилж чадахгүй шүүдээ. Бидэн шиголон залуучууд гарах ёстой.
-Танай нам их хурлаа хийсэн үү?
-Нам үүсгэн байгуулагдахдаа их хурлаа хийдэг. Дараа нь ч их хурлаа хийдэг. Энэ тасралтгүй үйл явцтай. Их хурал хоёр удаа хийгдсэн. Намын дарга зургаан жилээр томилогдож байгаа.
-Хэнтийн сонгуульд өрсөлдөх үү?
-Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээ өгчихсөн байгаа. Ний нуугүй хэлэхэд энэ бол дэмий сонгууль. Ямар ч хэрэггүй. Хэнд хэрэгтэй юм. Энэ сонгуулийг болиулах хэрэгтэй
-2020 өрсөлдөнө биз дээ?
-Газар болгонд залуучууд гарч өөрчлөлт хийж байж Монгол өөрчлөгдөнө. Бусдаар бол 76 ерөөсөө чухал биш. Сум болгоныг өөрчлөх хэрэгтэй. Бид бодитой харах ёстой юм шиг байгаа юм. Монгол хүнд асуудал нь байгаа. Энэ сонгуульд мянган мянган залуучуудыг оролцуулмаар байна. Тэр олон залуусын дунд нь би байна.
-Дайралт хэр ирж байна?
-Эхлээд гайгүй байсан юм. Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нарыг шүүмжилснээс хойш замбараагүй дайрдаг болсон. Сүүлдээ би хуурамч хаягуудыг нь цээжилж байна. Одоо намайг “Хүзүүгүй. Тиймээс итгэж болохгүй” гэдэг болсон. Яагаад гэвэл хүзүүгүй Ц.Элбэгдорж хуурчихсан. Өнөөдөр энэ нийгэмд хүзүүгүй хүн буруутай. Оронд нь урт хүзүүтэй хүн гарч ирэх ёстой юм байна л даа. Чи хэтэрхий гоё яриад байна гэдэг. Тэгээд би ярьж чадахгүй байвал энэ нэг ярьж чадахгүй юм улс төр хийгээд байхдаа яадаг юм гэнэ. Ер нь эх орондоо хайргүй болчихжээ.

Улс төр
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдааныг өнөөдөр (2025.04.22) хийлээ.
Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.
Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.
Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2534 хүн нас барж, 14905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.
Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.
Үүнд:
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,
-Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,
-Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,
-Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ