Нийгэм
Л.Галбаатар: Регистрийн дугаараар бүртгэвэл шүгэл үлээгчгүй болно
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа хуульч, судлаач Л.Галбаатарыг урьж ярилцлаа.
Мэдээллийн аюулгүй байдлыг эмзэг гэж тодорхойлсон
Манай улс мэдээллийн аюулгүй байдал маш чухал гэж үзэж 1997 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа анх тусгаж өгсөн байдаг. Гэхдээ түүвэрчилснээс биш цогц бодлого болж чадаагүй.
2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгайлан бүлэг болгосноор манай улсын мэдээллийн аюулгүй байдлын талаарх бодлого үндсэндээ тодорхой болсон гэж үзэж болно. Мэдээллийн аюулгүй байдлын үзэл баримтлалд мэдээлэл хүртээмжтэй, нууцлагдсан, бүрэн бүтэн байх ёстой гэсэн тэгш талт гурвалжингийн онолыг баримталсан. Гэвч зөвхөн бодлого тодорхойлсноор мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, бүх асуудлаа шийдвэрлэлээ гэсэн үг биш.
Манай улс руу чиглэсэн халдлагууд түгээмэл гардаг ч Монгол Улс халдлагад өртсөнөө хүлээн зөвшөөрдөггүй эсвэл мэддэггүй.
Мэдээллийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын нэр хүндтэй байгууллагуудын тайланд Монгол Улс мэдээллийн аюулгүй байдлаараа эмзэг байна гэдгийг байнга сануулж байгаа. Тухайлбал, 2014 онд Касперскийгийн аюулгүй байдлын сүлжээний тайланд дурдсанаар хамгийн их вирус халдварласан эхний 10 улсын нэгдүгээрт Монгол Улс багтаж байна. Ийм төрлийн халдлага нь төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтны нэрсийн жагсаалт бүхий бичиг хэргийн файлыг өгөөш болгосон байх юм. Мөн ThreatConnect судалгааны багийн тайланд дурдсанаар 2013 онд “Хааны эрэлд-2014” цэргийн хамтарсан сургуулилтыг Монгол Улс өөрийн “гуравдагч хөрш” улсуудтай хамтран хийхтэй холбоотойгоор Хятадын кибер халдлагын мэргэжлийн бүлэг Монголын хуулийн этгээдүүд болон Монголтой эдийн засаг, цэрэг, дипломат харилцаатай бусад этгээд рүү халдсан байна. Үүнээс гадна “Пало Алто” компанийн дэргэдэх кибер халдлагад шинжилгээ хийдэг “Unit 42” судалгааны баг 2015 оны наймдугаар сараас 2016 оны хоёрдугаар сарын хооронд шинжилгээ хийхэд Монгол Улсын Засгийн газар, төрийн байгууллагуудын цахим шуудангаар явагдсан фишин мэйлүүд, олон ноцтой халдлагыг илрүүлсэн байна. Түүнчлэн, FireEye байгууллагын судалгаагаар 2017 онд баримт бичгийн “Microsoft Word” программын цоорхой, хулгайн программын сул талыг ашиглан Монгол Улсын төрийн албан хаагчдыг онилж, кибер халдлага үйлдэж байгааг илрүүлжээ. Тэгэхээр манайх анти-вирусийн программ хэрэглэж хэвшээгүй, албан ёсны лицензтэй программ авч хэрэглэхгүй байгаатай холбоотой халдлага их байгаа дүр зураг харагдаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Блиц
Мэргэжил:
-Хуульч, судлаач
Боловсрол:
-2011 он: МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч
-2014 он: Сингапур улсын Оюуны өмчийн академид оюуны өмчийн эрх зүй
-2017 он: ОХУ-ын Үндэсний судалгааны их сургуулийн (NRU HSE) Мэдээллийн технологи, оюуны өмчийн олон улсын лабораторид цахим эрх зүй
Ажил эрхлэлт:
-Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн
-Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүхийн хууль тогтоомж хариуцсан ахлах референт
-Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд судлаач
-МУИС-ийн хуулийн зөвлөх
-Нээлттэй мэдлэг, боловсролын сангийн хуулийн зөвлөх
-Монголын төмөр зам ТӨХК-ийн хуульч
-2017 оноос ОХУ-ын “Вестник ННГУ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн Редакцийн зөвлөлийн гишүүн
–Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН 45 ХУВЬТАЙ БАЙНА
Манай улс 2010-2015 оныг хамарсан Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр баталсан. Үүнд дөрвөн том зорилт дэвшүүлсэн. Харин 45.5 хувьтай биелсэн байна. Тухайлбал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилт 62 хувьтай буюу Цахим гарын үсгийн тухай хууль, Эрүүгийн хуулийн хэдэн заалтаас өөр зохицуулалт байхгүй. Өгөгдөл хамгаалах тухай хууль батлагдаагүй. Мэдээллийн аюулгүй байдлын эмзэг байдлыг бууруулах, хариу үйлдэл хийх тогтолцоог бүрдүүлэх зорилт 51 хувьтай. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад хэрэглээний соёл төлөвшүүлэх, иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, хүний нөөцийг хөгжүүлж, төр, хувийн хэвшлийн таатай орчин бүрдүүлэх зорилт 21 орчим хувьтай байна. Төрийн мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх асуудал 48 хувьтай гэвэл ерөнхийдөө хангалтгүй үзүүлэлттэй. Одоо Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хоёр дахь үндэсний хөтөлбөрөө гаргахаар ажиллаж байгаа гэж ойлгож байна.
2017 онд төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөөс зөвлөмж гаргасан. Үүнийг хэрэгжүүлбэл мэдээллийн аюулгүй байдлын эмзэг байдал буурч, таатай орчин бүрдэнэ гэдгийг холбогдох бүх байгууллага хэлээд байгаа юм. Нэгдүгээрт, Мэдээллийн аюулгүй байдлын тухай олон улсын жишигт нийцсэн маш сайн хуультай болох хэрэгтэй. 2013 онд хуулийн төслийн анхны хувилбар гарсан ч нэр нөлөө бүхий хүмүүс хуулийн зохицуулалтын үндсэн агуулгыг өөрчлөхөөр санаархах, ач холбогдлыг төдийлөн ойлгохгүйгээс зургаан жил хойшлуулж ирсэн. Энэ удаагийн хаврын чуулганаар батлах байх.
Цахим орчин дахь нэрээ нууцлах эрхийг НҮБ-ын гишүүн орнууд зөрчиж болохгүй гэдгийг анхааруулсан
Өнгөрсөн баасан гаригт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягаас орохыг хориглох зорилгоор хэрэглэгчдийг регистрийн дугаараар нь бүртгэх” зохицуулалтыг Харилцаа холбооны тухай хуулийн 25.2.10-т оруулахаар дэмжлээ. Энэ зохицуулалт хэвээр батлагдвал олон нийтийн цахим сүлжээн дэх хэрэглэгчийг таньж, тодорхойлох үр дагавартай болж, “нэрээ нууцлах эрх” (Right to Anonymity) зөрчигдөх, улмаар цахим орчин дахь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хязгаарлагдах бодит эрсдэлтэй. Энэ эрхийг Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйл, Европын Хүний эрхийн тухай конвенцид баталгаажуулсан. Мөн улс, орнууд өөрийн Үндсэн хуулиар энэ эрхийг баталгаажуулсан байдаг. Тухайлбал, АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлтэд цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нэрээ нууцлах эрх баталгаажсан.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2013 онд “Цахим орчинд халдашгүй байх эрхийг хэрэгжүүлэх” талаар тогтоол баталж, түүгээр бүх улс орныг “… интернетээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг эдэлж буй аливаа хүний цахим харилцаанд халдашгүй байх эрхийг хүндэтгэн хамгаалах, энэ эрхийг зөрчих явдлыг зогсоох шаардлагатай арга хэмжээ авах, дотоодын холбогдох хууль тогтоомжийг олон улсын хүний эрхийн гэрээний дагуу хүлээсэн үүрэгт нийцүүлэн уялдуулах, хэрэгжүүлэх зэргээр ийм зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлэх”-ийг уриалсан нь интернетэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг тусгайлан баталгаажуулсан олон улсын стандартад тооцогдож байна.
Мөн 2015 оны тавдугаар сард үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дэмжиж, хамгаалах асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч тайландаа цахим орчин дахь нэрээ нууцлах эрхийг НҮБ-ын гишүүн орнууд зөрчиж болохгүй гэдгийг онцгойлон анхааруулж, зөвлөсөн байдаг.
Үүнээс гадна НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2015 оны тавдугаар сард Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын үндэсний тайланг хэлэлцэх явцад үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөг бататган хамгаалах ялангуяа, үндэсний хууль тогтоомжоо 1974 онд соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйлд нийцүүлэх, зохицуулалтын байгууллагын хараат бус байдлыг хангах, сэтгүүлчдийн айдас хүйдэсгүйгээр сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, сэтгүүлчийн нууц эх сурвалж, шүгэлдэгчийг хамгаалах зэрэг зөвлөмж өгсөн билээ. 2015 оны есдүгээр сард Монгол Улс эдгээр зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх үүрэг амлалт авч үүнийгээ Засгийн 2016 оны тогтоолоор баталгаажуулсан. Иймд Улсын Их Хурлын хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх” гэсэн заалтыг батлах ёсгүй юм.
Хүмүүсийг регистрийн дугаараар нь бүртгэж хэрэглэгч болгох, улмаар жинхэнэ нэр ил байснаар дуу хоолойгоо бүрэн бус хүргэж, үзэл бодлоо илэрхийлэхдээ өөртөө цензур тавьж, татгалзана. Тиймээс нэрээ нууцлах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний бас нэг чухал хэсэг юм. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэрийн дор иргэдийн цахим орчин дахь үйл ажиллагааг мөрдөн тагнах эрсдэлтэй. Бусад улс орны жишгээс харахад мэдээллийн аюулгүй байдлыг хангах хууль, харилцаа холбооны хуулийг хэрэгжүүлэх гол байгууллага буюу тагнуулын байгууллага, харилцаа холбооны асуудлаарх төрийн байгууллагыг хэн хянах вэ гэдгийг орхигдуулж болохгүй. Одоогийн хуулийн төсөлд энэ асуудал бүрхэг байгаа. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн, олон нийтийн, шүүхийн хяналт тавих нь маш чухал.
Олон улсын жишгээр улстөрчид гүтгүүллээ гэж гомдол гаргах нь өндөр шалгууртай
Нэрээ нууцлах хэлбэрээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг гүтгэлэг, доромжлолын асуудалтай хольж хутгаж болохгүй. Гүтгэлэг, доромжлолын асуудал Зөрчлийн хууль, Иргэний хуульд нэгэнт зохицуулсан. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх шийдэл нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг цензурдах байх ёсгүй. Гүтгэсэн, доромжилсон бол нэр ил гарсан ч, нууцалсан ч хууль сахиулах, шүүхийн байгууллагаас хариуцлага хүлээлгэх нь тодорхой. Одоо ч хариуцлага хүлээлгээд, торгоод явж байна.
Гэтэл үнэн бодит шүүмжлэл, олон нийтийн эрх ашигтай холбоотой хардалтыг хүлээж авахгүй, гүтгэлэгт хамааруулан зайлсхийх хэсэг байна. Өөрөөр хэлбэл, нэрээ нууцлах эрхийг хязгаарлаж, регистрийн дугаараар бүртгэдэг болох нь шүгэл үлээгчдийг байхгүй болгох юм. Европын холбооны хэмжээнд шүгэл үлээгчдийг хамгаалах зохицуулалттай болж байна. Шүгэл үлээх боломжийг бий болгож, шүгэл үлээсэн хүнд ямар нэг хариуцлага тооцохыг хориглож, эрхийг нь зөрчвөл тухайн байгууллагын ашгийн тодорхой хувиар торгох үр нөлөө бүхий хариуцлагын зохицуулалттай. Манайд бол шүгэл үлээгчдийн хууль байхгүй.
Регистрийн дугаараар бүртгэж эхэлбэл шүгэл үлээгчдийг хязгаарлана. Нэрээ нууцалсны цаана хэн ч мэдээгүй чухал мэдээллүүд байдаг учраас ач холбогдолтой тал бий. Хамгийн энгийн жишээ гэхэд л нэрээ нууцлахгүйгээр байгууллагынхаа болж бүтэхгүйг, шударга бусыг шүүмжилж, ил болгож чадахгүй. Шүүмжиллээ гэхэд хариуцлага хүлээлгэх, гадуурхах, өөнтөглөх, үзэл бодлоор нь дүгнэх эрсдэлтэй. Гэтэл эсрэгээрээ регистрийн дугаараар бүртгэх хууль иргэдэд чухал нөлөөтэй юу гэвэл үгүй. Шүүмжлэлд өртөж байгаа хүмүүс нь улстөрчид, төрийн албан хаагчид гээд олон нийтийн хяналтад байх ёстой хүмүүс байдаг. Тэгэхээр олон улсын жишгээр энэ хүмүүс нэр төрөө сэргээе, гүтгүүллээ гэж гомдол гаргах механизм өндөр шалгууртай байдаг. Жирийн иргэн ч гэсэн нэр төрөө хамгаалуулах эрх нь нээлттэй. Олон нийтийн хяналтад байх ёстой албан тушаал хашдаг хүмүүсийн хувьд бол тэднийг олон нийт хардах, санал солилцох эрхтэй. Тэр бүр үнэн бодит байх албагүй. Олон нийтийн тийм алдааг хүлцэн, тэвчих ёстой гэсэн шалгууртай байдаг. Манай улсын хувьд Иргэний хуулийн зохицуулалтаар бүх иргэн нэр төрөө ямар нэг шалгуургүйгээр хамгаалуулах эрхтэй. Нэгэнт зохицуулалт ийм тул асуудал дэвшүүлсэн, олон нийтийн эрх ашгийг хамгаалан дуугарсан нийтлэл, нэвтрүүлэг бичсэн этгээдийг “баримтаар нотлогдоогүй”, “бодит баримтыг бүрэн гүйцэт мэдээлээгүй” гэх үндэслэлээр буруутгаж, шүүхээс нэр нөлөө бүхий хүмүүс, улстөрчдийн талд шийдвэр гаргадаг. Тиймээс олон нийтийн хяналтад байх ёстой улстөрчид, төрийн албан хаагчид нэр төр, алдар хүнд гутаасан гэдэг үндэслэлээр гомдол гаргахад өндөр шалгуур тавих ёстой. Олны хяналтад байдаг хүмүүсийг шууд санаатай, илтэд гүтгээгүй, гутаагаагүй л бол тэр хүмүүсийн талаарх ялимгүй алдаа дутагдал, хардсан зүйлд гаргасан гомдлыг хууль сахиулах байгууллага, шүүх хүлээж авдаггүй байхаар цаашид хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм2 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна