Эдийн засаг
Шатахууны үнийг автоматаар тогтоох систем нэвтрүүлнэ
Өнгөрсөн дөрөвдүгээр сард шатахууны үнэ литр тутамд 50 төгрөгөөр нэмэгдэж, АИ-92 авто-бензин 1,785-1,790 төгрөг болж өсөөд байсан. Тэгвэл дөрөвдүгээр сарын сүүл энэ сарын эхээр дахин нэмэгдэж, АИ-92 автобензиний жижиглэнгийн борлуулалтын үнэ 70-80 төгрөгөөр, АИ-95-98 автобензиний үнэ 40-50 төгрөгөөр, дизель түлшний үнэ 30-35 төгрөгөөр тус тус нэмэгдсэн билээ. Иймээс шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийлээ.
Монгол Улсын хувьд газрын тосыг дотооддоо боловсруулдаггүй, 100 хувь импортоор оруулж ирдэг учраас хилийн үнэ, валютын ханшийн савлагаанаас шалтгаалан шатахууны үнэ хэлбэлздэг байна. Энэ талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улсын гол импортлогч ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны хилийн үнэ өнгөрсөн гуравдугаар сарынхтай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамд 39-50 ам.доллараар нэмэгдсэн.
Тодруулбал, өнгөрсөн сард хилийн үнэ А-80 болон АИ-92 автобензинийх 71 ам.доллар, энэ сард дизелийн түлш 17 ам.доллар, А-80 болон АИ-92 автобензиний үнэ 53 ам.доллараар тонн тутамд нэмэгдсэн” гэдгийг мэдээллээ. Ингэснээр нийт дүнгээрээ 31 хувийн өсөлттэй шатахуун импортоор орж иржээ.
Одоогийн байдлаар дэлхийн зах зээлд А-80 автобензин нэг тонн нь 666 ам.доллар, AИ-92 нь 696 ам.доллар, дизелийн түлш 640 ам.доллар болжээ. Харин шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор Ашигт малтмал газрын тосны газраас “Роснефть” компанитай төлбөрийг уян хатан зохицуулах талаар төсөл хүргүүлээд байгаа бөгөөд БНХАУ, Казахстан зэрэг орноос шатахуун оруулж ирэх талаар судалж байгаа аж.
Энэ талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “БНХАУ-ын “China Oil” компаниас шатахуун оруулж ирэх талаар хэлэлцэж байна. Дотооддоо нефтийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үүднээс 100 мянган тонн шатахуун агуулах савыг “Рашаантын өртөө”-нд барьж байна.
Ингэж нөөцөлснөөр нийт бүтээгдэхүүний найм орчим хувьтай тэнцэхүйц шатахуун хадгалах учир үнийн хэлбэлзэлд тэр бүр өртөхгүй болно. Олон улсын валютын сантай хамтран шатахууны үнийг автоматаар тогтоох системийг нэвтрүүлэхийг зорьж байгаа. Ирэх сараас эхлэн шатахууны дэлхийн зах зээлийн болон жижиглэнгийн үнийг тогтмол мэдээлдэг болно. Хувийн аж ахуйн нэгжийн шатахууны нөөцийг хангах асуудалд мөн анхаарч байна.
Улсын нөөцийн шатахууныг сэлгэх гэрээг долоон компанитай хийсэн байдаг бол компанийн нөөцийн хувьд өнгөрсөн онд гэхэд 94.7-116.5 тонн шатахууны нөөц бүрдүүлж ажилласан” гэлээ. Шатахууны үнийг бууруулах үүднээс өнгөрсөн онд А-80, АИ-92 шатахуунд ногдуулдаг Онцгой албан татварыг тэглэсэн бөгөөд Үнийн хамтарсан зөвлөл таван удаа хуралдаж, зөвлөмжүүд гаргаж ажиллажээ.
Түүнчлэн өнгөрсөн онд 1,500 орчим тонн нийт бүтээгдэхүүн, 1.8 сая гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр орж иржээ. Үүний 60 гаруй хувийг дизелийн түлш эзэлсэн байна. Дизелийн түлшний 30 гаруй хувийг АИ-92 автобензин бүрдүүлж байгаа аж. Уул уурхайн салбар болон бусад салбарын хөгжилтэй холбоотойгоор ялангуяа дизелийн түлшний хэрэглээ өссөн гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийн үеэр онцолж байв. Мөн үеэр дараах асуултад хариуллаа.
-Нефть боловсруулах үйлдвэрийн ажлын явц ямархуу байгаа вэ?
-Нефть боловсруулах үйлдвэрийн хувьд дэд бүтцийн ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй, хугацаанаасаа өмнө ашиглалтад орно гэсэн чиглэлтэй явж байгаа. Төмөр болон авто зам, цахилгаан дамжуулах сүлжээний ажлуудыг дотоодын нөөцөөр төрийн өмчит болон туслах гүйцэтгэх хувийн компанийн оролцоотойгоор хийж байна.
Харин барилгын ажил энэ оны сүүлээс эхэлж, 2023-2024 онд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр ашиглалтад орно. Тухайн үйлдвэрийн жилийн хүчин чадал нь 1.5 сая, нэмэгдүүлбэл хоёр сая орчим тонн хүчин чадалтайгаар ажиллах боломжтой.
-Хуурамч шатахуунтай холбоотой мэдээллүүд гарч байна. Үүнд ямар зохицуулалт хийж байна вэ?
-Ашигт малтмал газрын тосны газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын харьяанд нефтийн бүтээгдэхүүний чанарыг шалгах гурван лаборатори улсын хэмжээнд ажиллаж байна. Гэвч лабораторийн хүчин чадал хангалттай түвшинд хянаж, шинжлэхэд хараахан хүрдэггүй. Иймээс хилээр орж ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг бүрэн шинжлэх лабораторийг энэ онд ашиглалтад оруулна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.