Нийгэм
Налайх хүрэх сайжруулсан зам жолооч нарын аргыг барж байна

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажил ид өрнөж байна.
Жолооч нарын хувьд жолоо мушгихаас хамгийн их халгадаг уг хэсгийн зам дээр байсхийгээд л осол аваар гарч, эрдэнэт хүний амь нас эрсэддэг хатуу хуультай байв. Өөрөөр хэлбэл, энэхүү замыг шинэчлэх зайлшгүй шаардлага эртнээс тулгарсан гэсэн үг. Гэвч хэрхэн засаж шинэчлэх шийдлээ олж ядсаар багагүй цаг хугацаа алдсан ч ийнхүү эхлүүллээ. Нийслэлээс энэ онд 89 төсөлд шууд хамтран ажиллаж, дэд бүтцийн салбарт томоохон бүтээн байгуулалтууд өрнүүлж байгаагийн нэг нь Налайх чиглэлийн замыг шинэчлэх ажил юм. Өөрөөр хэлбэл, Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх 20 орчим (17.7 км, зарим эх сурвалж мэдээлснээр) км замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгох бүтээн байгуулалт.
Энэ жилийн хувьд улсын болон нийслэлийн төсвөөс 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зам барилгын ажилд төсөвлөгдсөн байгаагийн толгойд нь эрэмбэлэгдэж буй дэд бүтэц нь яах аргагүй дээрх чиглэлийн авто зам. Энэ дашрамд дуулгахад, Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 8.5 тэрбум, нийт 45 орчим тэрбум төгрөгөөр зам барилгын ажлыг хийх аж. Авто замын барилгын ажлын тухайд 33.3 км авто замыг өргөтгөн шинэчлэх нь.
Албаныхны онцолж буйгаар “БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх дөрвөн төсөл, арга хэмжээний нэг нь Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж, шинэчлэлтийн төслийн санхүүжилтийг Засгийн газрын 2015 оны 458 дугаар тогтоолоор баталсан. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Хятадын засгийн газрын тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр Налайхын замыг барих шийдвэр гарсан. Уг зам насжилт өндөртэй учраас ашиглалтын аюулгүй байдал хангагдахааргүй, хучилтын хийцэд эвдрэл гарсан. Нэлээд аюултай болсон” гэдгийг хэлж байгаа юм. Гуравдугаар ангиллын энэхүү замыг өргөтгөн шинэчлээд, нэгдүгээр ангиллын зам болгохоор ийнхүү ажил эхэлжээ.
Зүүн аймаг, сумдын бүхий л хүн, машиныг нийслэл рүү нэвтрүүлдэг уг гол зам өнгө зүсээ засахаар ийн бужигнаж эхэлсэн нь тун ч сайхан. Тэр тусмаа өдрийн ихэнх цагийг автобус, авто зам дээр өнгөрүүлдэг Налайх, Хонхор, Ургах наран, Ногоон зоорь, Товчоо орчмын иргэд сэтгэл уужуу, ам сайтай байна.
Тэртээ 1961 онд ашиглалтад орсон цагаасаа өнөөдрийг болтол анхны даацаараа 58 жилийн нүүрийг үзэж буй уг замыг шинэчлэхээр ийн ханцуй шамлаж ажил эхэлсэн нь сайн ч саар зүйл бас байна. Тоосжилт хэрээс хэтэрлээ. Ямар сайндаа урд ямар машин яваа нь мэдэгдэхгүй тоос намжтал 10-20 минут зам дээр зогсох нь энгийн үзэгдэл боллоо. Зам бүү хэл, урд яваа машин харагдахгүй болтлоо агаарт босох тоос сайжруулсан шороон замаас болж хяналтаас гартлаа дэгдэж байна. Яг ийм тоосон дунд, хуйларсан их шороон дунд зун, намрыг барна гэдэг аюул байна.
Сайжруулсан зам тавьж хөрөнгө хүч зарж олон ч хүний хөдөлмөр шингэсэн ажил эхлээд туслах замын ажил бүхэлдээ дуусаж авто машин холхидог болсон ч жолооч нарыг бодсон сэтгэл сох дутжээ. Учир нь хад асга авчраад асгачихсан юм уу гэлтэй чулуун зам болсон нь ийнхүү олон хүнийг бухимдуулж байна. Дугуйгаа хагалах, машиныхаа доод эд ангийг цохиулаад давхих нь олон ч жолоочийн аргыг барж байна. Ямар сайндаа л Налайхын зам гоё болоод дуусахад мань мэтийн машин бүтэн үлдэх нь үү, үгүй юү л болоод байна гэж халаглах жолооч олон байв. Жолооч нарын олонх нь “Замын ажлын хүрээнд түр зам дагуух тоосжилт арай хэтэрч байна. Уг нь усалгаа хийж хөрсийг нь дагтаршуулах тухай мэдээ гарах юм. Өнөөдрийг болтол энэ чиглэлийн замыг нэг ч удаа усалж шороо тоосыг нь намжаасангүй. Мөн Сайжруулсан замыг үнэхээр сэтгэлгүй хийжээ. Хад, асгатай шороо авчраад тэгшилсэн болоод хаяж. Нэгэнт энэ чиглэлд зорчих зорчигчдын тоо, нэвтрэх авто машин их байхад машины дугуйнд халтай ийм хад асгаар зам хийчихсэн нь ямар учиртай юм бэ. Энэ зам дээр маш олон машины дугуй хагарч байна. Маш олон машин доод эд ангиа хагалж, цохиж сэвтээж байна. Машины эвдрэл их байна. Ийм чулуулаг ихтэй зам болсон учраас явган зорчигчид гэмтэж бэртэх нөхцөл үүслээ. Сайжруулсан зам дээрх жолооч нар хэт өндөр хурдтай явж байгаагаас зам дагуу явж байгаа иргэд, бага насны хүүхдүүдийн нүүр, толгой руу хад, чулуу үсрэх аюултай байна. Мөн бие биенээсээ өрсөх гэж дайрдаг жолооч нарын балгаар авто осол нэлээд гарах бололтой” гэдгийг хэлцгээж байгаа.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТООГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ
Чоно борооноор гэх үг авто замын ажил эхэлсэнтэй зэрэгцэн биеллээ олов. Авто замын засварын бүсэд амьдарч буй иргэдийн хувьд толгойн өвчин нь нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал болов. Налайхын замыг хааж зам шинэчилж байгаатай холбогдуулж тус чиглэлийн том оврын автобуснууд Төв аймгаар тойрдог болсон. Үүнээс үүдэн Хонхор, Эмийн ургамал, Ургах наран, Туул зөрлөг орчмын иргэд, хүүхэд багачууд удаан хугацаанд улаан шороонд унаа хүлээж ажил, хичээл сургуулиасаа хоцордог нийтлэг зовлонтой болов. Одоогоор тус чиглэлд зөвхөн Ургах наран-Офицер чиглэлийн шугамын жижиг автобуснууд үйлчилж байгаа. Гэвч тус автобус нь багтаамж бага, тоо цөөн учраас хүүхэд, хөгшид, нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлдэг иргэд багтахгүй үлдэх, удаан хугацаагаар дараачийн автобусыг хүлээх хүндрэл учирч эхэлсэн гэдгийг энэ бүс нутагт оршин суух иргэд хэлж байв.
Ихэнх тохиолдолд эцсийнхээ нэг, хоёр буудлаас битүү дүүрсэн автобуснууд наад талын буудлаасаа зорчигчийг авахгүй шууд явах, арай гэж автобусанд багтсан иргэд хулгайд эд зүйлээ алдах хүндрэл гарч байгааг тэд учирлалаа. Ажил сургуульдаа явах өглөөний тухайд ийм бэрхшээл байгаа бол иргэдийн орой гэртээ очих зардал эрс өсжээ.
Замын нөхцөл байдал хүнд, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдлаас үүдэж хувийн унаатай буюу жижиг тэрэгтэй иргэд “од” болжээ. Тэд иргэдийг офицеруудын ордны автобусны буудал хүртэл тээвэрлэх бөгөөд ёстой л амандаа орсон үнээ хэлдэг болжээ. Тодруулбал, Нэг хүн тутмаас 2,000-5,000 төгрөг хураан авч тээврийн үйлчилгээ үзүүлдэг болсон нь олон хүний халаасыг сэгсрэх нөхцөлийг үүсгэсэн гэдгийг иргэд ам уралдан ярьж байна. Ингэхдээ өдрийн цагаар 2,000 төгрөг төлж ажил, хичээлдээ явцгааж байгаа бол оройдоо энэ ханш 3,000-5,000 төгрөг болж өсдөг гэнэ. Ганц хоёр сарын хугацаанд ийм байдлаар явбал тэсэж болох ч арванхоёрдугаар сарыг хүртэл ингэж явна гэдэг хатуу байна. Нэг гэрээс нэг хүн ийм зардлаар явахгүй дунджаар 2-5 хүн ийм байдлаар зорчиж байгаа нь өрхийн төсөвт хүндрэл учруулж байна” гэсэн юм. Тэгэхээр ирэх арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өмнөд бүсийн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3.5 тонноос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-Дөрөвдүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-Дөрөвдүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зорчуулж буй. Харин нийт жин нь 3.5 тонноос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчиж байгаа юм. Юутай ч арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад бүрэн орох ёстой энэ зам дээр бужигнасан шороо тоос зун, намрын туршид иргэдийг зовоох нь ээ.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ