Нийгэм
Монголын дүрслэх урлагийн үзэсгэлэн “Венецийн биенналь”-д шуугиан тарьж байна

Венецийн контемпорари урлагийн олон улсын биеннальд оролцож буй Монгол Улсын үзэсгэлэн олны анхаарал татаж, Италийн Венец хотноо шуугиан дэгдээж байна.
Монгол Улс энэ удаа урлагийн холимог төрлөөр оролцож, уг үзэсгэлэнгээ “Агшин зуур” гэж нэрлэжээ. Италийн Венец хотноо болдог энэхүү олон улсын биеннальд эх орноо төлөөлөн уран бүтээлч Э.Жанцанхорол “Дусал” бүтээлээр оролцож буй бөгөөд уг бүтээлийг хөөмий, электрон хөгжимтэй нэг цул дүрслэл болгож үзэгчдэд хүргэхээр төслийн куратор шийджээ.
Венецийн хуучны тоосгон байшин дотор Жанцанхоролын үүсгэсэн абстракт орон зайд, хүний дотоод дуу хоолойг хөөмийн арга техникээр дамжуулан цахим хөгжимтэй сүлэлдүүлэн амилуулахад Германы домогт уран бүтээлч Карстен Николайн удирдлага дор монгол хөөмийч Н.Ашит, А.Ундармаа, Д.Даваасүрэн, Д.Дамдин нар хамтран ажиллаж байна. Энэхүү ер бусын бүтээл, дуу чимээний өвөрмөц зохиомж, олон талт байдал нь Венецийг зорин ирсэн урлаг сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөж байгаа аж. Намуун тайван хирнээ хүчирхэг, бас гүнзгий дуурьсах аялгуунд автаж, зарим үзэгч бясалгаж, зарим нь уйлж байжээ.
Венец хотын Калле дел Форно хэмээх нарийн гудамжинд байрших Монголын павильоны куратор Б.Гантуяатай уулзахад “Манай үзэсгэлэнг сонирхсон үзэгчдийн дараалал тасрахгүй байна. Эрин цагийн урлагийг үндэсний язгуур урлагтай холбосон шийдлийг сонгосон нь биднийг бусдаас өвөрмөц давуу болгож байна” гэлээ.
Венецийн биенналь бол хоёр жил тутамд зохиогддог, эрин цагийн урлагийн дэлхийд хамгийн том, нэр хүндтэй үзэсгэлэн бөгөөд энэ жил 150 гаруй улсын 1,000 гаруй уран бүтээлч оролцож байна. Долоон сарын турш үргэлжлэх энэ арга хэмжээний нээлтэд дэлхийн олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, 20 гаруй мянган урлаг судлаач, уран бүтээлч, цуглуулагчид, сонирхогчид иржээ.
Монголын павильоны нээлтэд олон орны куратор, урлагийн мэргэжилтэн нийт 100 гаруй хүн зочилж, Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж нээж үг хэлэв.
Ташрамд хэлэхэд, Карстен Николай болон Монгол хөөмийчдийн хамтарсан багийг энэ үеэр Венец хотын алдарт Палацо Грасси театрт урьж, дээд түвшний зочдод сонирхуулсан нь онцгой тохиолдол байв. Уг үзэсгэлэнг Монголын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран зохион байгуулж, МИАТ, Германы Гёте институт, Швейцарын хөгжлийн агентлаг болон бусад байгууллагууд ивээн тэтгэж ажиллажээ. Ийнхүү эрин цагийн урлагийн хамгийн том үзэсгэлэн буюу 58 дахь удаагийн Венецийн биеннальд Монголын уран бүтээлчид амжилттай оролцож байна.
Сэтгүүлч Г.Бадамсамбуу /Итали. Венеци хот/

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм3 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм6 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм5 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Эдийн засаг5 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм6 цаг өмнө
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна
-
Нийгэм5 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Улс төр6 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо