Эдийн засаг
Б.Энх-Амгалан: Энэ жилдээ багтаад баруун болон зүүн бүс Улаанбаатартай засмал замаар холбогдоно

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас Говь-Алтай аймагт ажиллаж байх үеэр нь энэ жил хийгдэж буй замын бүтээн байгуулалтын ажлуудын талаар тодрууллаа.
-Баянхонгор Говь-Алтай аймгийг холбох засмал замын ажил хэр явцтай байгаа вэ. Энэ жил баруун аймгууд Улаанбаатартай засмал замаар холбогдох уу?
-Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэлх 126 км замын ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Ажил үргэлжилж байгаа. Арванхоёрдугаар сарын 1-ний дотор ашиглалтад орно гэж тооцож байгаа энэ зам дээр 600 гаруй хүн ажиллаж байна.
Зам ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмал болон усны асуудлыг орон нутгийнхан шийдсэн. Мөн бетон хийц, цутгалтын хоёр үйлдвэр авчирсан байгаа. Энэ хоёр үйлдвэр ажиллаж эхлэнгүүт дөрвөн багц болж ажиллаад энэ ондоо багтаж ажлаа дуусгахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Улаанбайшинтын 25 км зам тавигдаж байгаа нь долоодугаар сарын 1-нд дуусна. Баян-Өлгий аймгийг тойрсон 20 км замын тендер зарлагдаад байгаа. Ингээд үндсэндээ баруун бүс бүтэн замтай болно гэж тооцоолж байна.
2014 онд эхэлсэн энэ замын ажил нэлээд удааширсан учраас компанийн зөвшөөрлийг цуцалж, дахин тендер зарлан туршлагатай компани шалгаруулсан.
-Бусад замын ажлуудын явцаас дурдвал?
-Дарханы замын ажил эхэлсэн, амжилттай сайн явж байгаа. Энэ жилдээ багтаж ашиглалтад орно. Сонгины замын ажил 60 хувьтай явж байгаа. Мөн энэ жилдээ багтаад ашиглалтад орно.
Энэ жилдээ багтаад баруун болон зүүн бүс Улаанбаатартай засмал замаар холбогдоно гэсэн тооцоотой ажиллаж байгаа.
Баруун аймгуудад ажиллаж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн сайдыг орон нутагт ажиллаж байгааг сайшаагаад урин дулааны цагт ажлаа шахаж дуусгахыг үүрэг болголоо.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.