Дэлхий дахинд
Австралийн мэс засалчид Сиамын ихрүүдийг салгах хагалгааг эхлүүллээ
Их биеэрээ нийлсэн 15 сартай Нима, Дава гэх Бутаны ихэр охидыг салгах хагалгааг Австралийн мэс засалчид эхлүүллээ. Ихрүүд хагалгаанд орохоор ээжтэйгээ хамт Австралийн Мельбурн хотод аравдугаар сард ирсэн боловч тэдний биед хагалгааны хүндрэлийг даах хангалттай хэмжээний дархлаа байхгүйн улмаас хагалгааг өнөөдрийн /2018.11.09/хүртэл хойшлуулсан байжээ. Энэ хугацаанд Мелбурн хотын “Royal Children’s Hospital” эмнэлэг ихрүүдийг шим тэжээлтэй хоол хүнсээр хооллож, дархлааг дэмжих бүхий л арга хэмжээг авч охид хагалгаанд ороход бэлэн болсон байна.
18 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг ихрүүдийн мэс заслыг хийхээр болсон ба хагалгаа доод тал нь зургаан цаг үргэлжлэхээр төлөвлөж байгаа аж. Уг эмнэлэг 2009 онд толгойгоороо нийлсэн Бангладешийн сиамын ихрүүдийг 32 цагийн турш хагалгаа хийж амжилттай салгаж байсан юм. Энэ төрлийн хагалгаа дэлхий даяар хэдхэн удаа хийгдэж байсан. Сиамын ихэр ураг тээх нь маш ховор тохиолдол буюу 200 мянгад ганц тохиолдох магадлалтай байдаг гэнэ. Ийм ихрүүдийн хувьд 40-60 хувь нь л амьд төрдөг байна.
Бутан ихрүүдийн хагалгаа 255 мянган ам.долларын өртөгтэй болж байгаа бөгөөд дэлхийн хамгийн ядуу буурай орноос ирсэн тэдний эмчилгээний зардлыг Австралийн Викториа муж хариуцахаар болжээ. Ихрүүдийг Австралид ирэхэд нь “Children First Foundation” гэх Австралийн сайн дурын буяны байгууллага тусласан байна. Тус байгууллагын ажилтан Элизабет Лоджын хэлснээр ихрүүдийн ээж 38 настай Зангмо дотроо маш их айж сандарч байгаа ч өөрийгөө аль болох тайвшруулан бясалгал хийж, залбирал үйлдэн өдрийг өнгөрөөж байгаа аж.
Ихрүүд их биеэрээ нийлсэн ба тэдний элэг нь нэг юм байна. Тэд хамтдаа зогсож чаддаг боловч хамт сууж чаддаггүй гэнэ. Хагалгааг удирдаж буй доктор Крамери “Бид охидын биеийг салгаж, элгийг нь мөн хуваах болно. Гэхдээ нэг асуудал байгаа нь тэдний ходоод гэдэс мөн нийлсэн байж болзошгүй байна. Хэрэв ходоод гэдэс нь нэг байвал хагалгааны дараа тэдний хэвлийн орчныг нөхөн сэргээх нь бидний хувьд том сорилт байх болно” гэжээ.
Эх сурвалж: BBC