Нийгэм
“Хөгжлийн хурд удаан байгаа нь төрийн тогтолцоо, түүний бодлого зохицуулалттай холбоотой”

Үндэсний хөгжлийн газарт “Хөгжлийн философи” сэдвээр 2019 оны тавдугаар сарын 5-ны өдөр зохиогдсон зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содномын хэлсэн үг.
Философийн ухааны эрдэмтэн Даш-Ёндон “Хөгжил гэдэг бол амьд организмын оршин тогтнох арга” гэдгийг хэлж өглөө. Биологийн ухааны эрдэмтэд амьтны амьдрах чадварыг үндсэндээ гурав хуваадаг, тухайлбал алив амьтны нэг хэсэг бие дааж амьдрах хүч чадвартай байдаг, нөгөө хэсэг бусадтайгаа хамтарч амьдарч чаддаг бол тодорхой хэсэг нь бусдынхаа дэмжлэгээр ч амьдрах чадваргүй байдаг гэх юм билээ.
Манай монголчууд малаа гурав ангилж малын аж ахуйгаа эрхэлдэг. Тухайлбал, мал аж ахуй эрхлэгчид амьдрах хүч чадалтай малаа эрхэмлэж, нөгөө ихэнх хэсгийг дэмжин бойжуулж, харин амьдрах чадваргүй цөөн хэсгийг заазалдаг. Амьтад дотроос хүн гэдэг амьтан сэтгэн боддог, өнгөрснийг санаж, ирээдүйг төсөөлж, орчин цагаа ухаарч амьдардаг чадвартай учраас байгаль дэлхийн өөрчлөлтөд ч нөлөөлж мэдэхээр болтол хөгжсөн. Гэвч, хүн төгөлдөр биш. Хүн бүхэн хөгжих арга замаа мэддэггүй, хүн бүхэн зөв хөдөлмөрлөж амьдрах чадвартай байдаггүй.
Томоор харвал улс орнууд хүн ардаа амьдрах чадварын дээрх гурван хэсэгт хуваадаг. Амьтан ба хүн төрөлхтний амьдрах чадвар ойролцоо байдгийг эрдэмтэд мэддэг боловч хүнийг мал амьтантай адилтгалаа гэж шүүмжлүүлэхээс айж шууд ил ярьдаггүй. Харин улстөрчид баримталдаг бодлого, хэрэгжүүлдэг арга хэмжээндээ ард түмнээ шууд л гурав хувааж ханддаг. Одоогийн хэлж заншиж байгаа тодорхойлолтоор бол хүч чадалтай хэсэг хүмүүсээ лидерүүд, бизнес амжилттай эрхлэгчид, хангалуун амьдарч чадагчид, нөгөө ихэнх хэсгийг дундчууд, жижиг дунд аж ахуй эрхлэгчид, амьдрах чадвар муу хэсгийг хөдөлмөрийн чадваргүйчүүд, тахир дутуучууд гэж хуваадаг. Тэгээд нэгтгэн жолоодох, дэг журамтай байлгах хэрэгтэй байдаг. Ийм шаардлагаар ТӨР гэдгийг бий болгож, хууль дүрэм гаргаж засагладаг.
Төгөлдөржиж чадаагүй хүн төрөлхтний шийдэж чадаагүй байгаа хоёр гол асуудал байдаг. Нэгдүгээрт. Бусдаасаа илүү байх өрсөлдөөнийг зөв болгож, дайн дэгдэж өөрсдийгөө устгах болзошгүй аюулаас ангижирч чадаагүй байна. Монголчууд бидний хувьд зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох, олныг хөнөөх зэвгээс ангижрах бодлогыг эрхэмлэж, өрсөлдөөн талцлаас хол байх нь эрхэм юм. Хоёрдугаарт, дэлхийн ихэнх улс оронд дээр дурдсанаар гурван хэсэгт ангилсан ард иргэдээ тайван нөхцөлд, тэгш хангалуун амьдруулж байх төгөлдөр арга, нөхцөлийг бүрдүүлж чадаагүй байна.
Социализм гэгч байгуулал захиргаадлаар бүгдийг адил тэгш амьдруулах оролдлого хийж байсан. Капитализм гэгч байгуулал ардчиллаар асуудлыг шийдэх оролдлого хийж байгаа боловч баян ядуугийн хэтэрсэн ялгаа зөрчлийн асуудлыг шийдэж чадаагүй байна. Алтан дунджийг олж чадаж байгаа төр бүхий улс цөөхөн бололтой. Улс нийгмийн хөгжилд тухайн улсын төрийн зохицуулах үйл ажиллагаа шийдвэрлэх ач холбогдолтой байгаа. Төрийн удирдлагад улс нийгмийг хөгжүүлэх оновчтой бодлого боловсруулж, түүнийхээ хэрэпжилтийг зохион байгуулах ур чадвартай, ард иргэдэд итгэгдсэн ухаалаг хүмүүсийг иргэдийн дотроос шалгаруулан авч ажиллуулдаг байвал улс нийгэм цэгцтэй хөгжих учиртай. Энэ асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсын хувьд юуны өмнө төрийн тогтолцоо, сонгуулийн хуулийг боловсронгуй болгох, нийгэм, эдийн засгийг зохистой бодлогоор тогтвортой хөгжүүлж чаддаг болох гэсэн хоёр асуудалд анхаарал төвлөрүүлж шийдэх шаардлагатай.
Хөгжихийн тулд төрийн тогтолцоо ба хөгжлийн бодлогын асуудалд анхааръя гэж хэлэх гээд байна. Ард иргэд дэг журамтай,тодорхой зорилгоор эв нэгдэлтэй хөдөлмөрлөж амьдардаг байх нь улс орны оршин тогтнох, хөгжих үндсэн нөхцөл. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт “Монгол Улс тусгаар тогтносон, бүгд найрамдах улс мөн” гээд “Эв нэгдлийг хангах, хууль дээдлэхийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” гэж заасан байдаг. Энгийнээр хэлбэл “Тусдаа улс байя, үүний тулд бүгдээрээ найртай, хоорондоо эвтэй, Тэгэхдээ дэг журамтай байх” асуудлыг төрийн ажлын үндсэн зарчим болгоё гэсэн байгаа юм. Мөн Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Үндсэн хуулийн эдгээр суурь заалтууд л төрийн тогтолцоо, сонгуулийн хуулийг боловсронгуй болгохыг шаардаад байгаа юм. Монгол Улс хөгжиж байна. Гэвч хөгжлийн хурд удаан, хүрсэн түвшин хангалтгүй, ядуурлыг арилгах, бусад улсаас хоцрохгүй хөгжих нөөц бололцоо бүрэн ашиглагдахгүй байгаа явдал төрийн тогтолцоо, төрийн удирдлагаа зөв сонгож чадаагүй байгаатай холбоотой.
Хөгжихийн тулд дараах тодорхой асуудлыг яаралтай шийдэх санал байна:
Парламентыг хоёр танхимтай болгож, дээд танхим буюу төрийн эрх барих дээд байгууллага Ардын Их Хурлыг сум дүүрэг нэг бүрээс иргэд нэрийг нь дэвшүүлэн сонгосон гишүүдээс бүрдүүлэн байгуулах.
Хууль боловсруулах үндсэн үүрэгтэй парламентын доод танхим буюу Улсын Бага Хурлыг бий болгон гишүүдийг нь Ардын Их Хурал сонгон шалгаруулж бүрдүүлдэг болгох.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын ерөнхий шүүгч, Улсын прокурорыг Ардын Их Хурлаас сонгодог байх.
Гүйцэтгэх засаглалын үүрэгт бүх ажил, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцдаг болох, Улс төрийн намуудыг төлөвшүүлэх, тухайлбал улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх хэтийг харсан бодлого төлөвлөгөөг зохих үндэслэл тооцоотой боловсруулсан, боловсон хүчний нөөц бүрдүүлсэн улс төрийн намд улс төрийн сонгуульд оролцох эрх олгодог болох.
Монгол Улсын нийгэм эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг техник эдийн засгийн үндэслэл тооцоо бүхий тодорхой төсөл арга хэмжээний хамт боловсруулж хэрэгжүүлдэг болох. Энэ зорилгоор Засгийн газрын бүрэлдэхүүнд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан яамыг байгуулах, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг боловсронгуй болгож гаргах асуудлыг яаралтай шийдвэрлэх.
Эдгээр асуудлыг Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төлөвлөлтийн тухай хуульд болон холбогдох бусад хууль журамд өөрчлөлт оруулж шийдэх боломжтой. Улс төрийн намын ашиг сонирхлыг биш, улс нийгмийн ашиг сонирхлоор энэ ажлыг хийх нь чухал. Зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцож байгаад талархаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлдөө төрийн тогтолцоог боловсронгуй болгох талаар дэвшүүлж байгаа саналыг тусгахыг, мөн хөгжлийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай болох саналыг тусгаж, энэ чухал асуудлыг тусгай органик хуулиар шийдэх ёстой гэж хойш тавихгүй байхыг хүсье. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг туйлшруулбал эмх замбараагүй байдал бий болохыг, болоод ч байгааг, хариуцлагатай төр, сахилга дэг журам улс нийгмийн хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтойг ухаарах цаг болсон.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм17 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Эдийн засаг19 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм19 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм19 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм20 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм20 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна