Нийгэм
“Дархан-Уул аймгийн хүүхдийн паркийн 15 га газарт нь казино, зочид буудал барих гэж байна”

Дархан-Уул аймгийн хүүхдийн паркийн газарт казино, зочид буудал барихаар Солонгосын компаниар зураг төсөл хийлгэсэн байсан талаар өнөөдөр Дархан-Уул аймгийн Залуучуудын холбоо, “Дарханы төлөө” ТББ хамтран мэдээлэл хийлээ.
Тус аймгийн паркийн 44.5 га газрын 23.4 га-г орон нутгийн удирдлагууд бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргаж эхэлжээ. Тухайлбал, тус аймгийн ИТХ дөрөвдүгээр сарын 2-ныхоо хурлаар 8.4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалттай газраас гаргах хууль бус шийдвэр гаргажээ. Энэ талаар Дарханы залуучууд эсэргүүцэл илэрхийлж, шүүхэд хандсан байна. Гэвч ИТХ нь хууль бус шийдвэрээ өөрчлөхөөр дөрөвдүгээр сарын 20-нд хуралдахдаа орон нутгийн тумсгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өөрчлөх тухай мөн л хууль бус шийдвэр гаргажээ.
Түүнээс гадна паркийн мөн 15 га газарт казино, зочид буудал, үйлчилгээний газар, хороолол бүхий “Darkhan PMP” төсөл явж байгаа талаар иргэнээс мэдээлэл ирсэн байна. Энэ төслийн зураг төсөл нь бэлэн болчихсон бөгөөд судалж үзэхэд БНСУ-ын Сөүл хотод байрлалтай, маш өндөр үнээр ажил гүйцэтгэдэг зураг төслийн компаниар хийлгэсэн нь нотлогджээ. “Энэ нь хэн нэгэн энгийн хүн биш, эрх мэдэлтэй нэгэнтэй холбоотой байх магадлалтай гэсэн хардлага төрүүлж байгаа. Түүнчлэн дээрх хоёр газрын зургийг харахад яг давхцаж, цаг хугацааны хувьд таарч байгаа тул паркийн газарт энэ төслөө хэрэгжүүлэхээр аль хэдийн бэлдсэн, мэдээлэлтэй байгаа нь харагдаж байгаа. Тиймээс бид энэ материалыг АТГ-т өгөх бөгөөд Дархан-Уул аймгийн удирдлагууд болон манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд үүнд холбоотой эсэх талаар тайлбар өгөхийг мэдэгдэхийг шаардаж байгаа” хэмээн Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд хэллээ.Дархан-Уул аймгийн залуучуудын төлөөлөл У.Мөнхгайхамшиг “Дарханы парк намайг бага байхад байсан тоглоомуудтайгаа л байгаа. Аймгийн удирдлагууд ирээдүй болсон хүүхэд залуустаа зориулж, хамтраад нэг тоглоом ч нэмээгүй, ядаж номын сан бариагүй байж тэдний муу зүйлд уруу татах казино байгуулах гэж газар олгож байгаа нь харамсалтай. Хэн нэгэн Засаг дарга, хэн нэгэн 76 бидний эрх ашгийг хамгаалахгүй тул залуучууд бид дугарах хэрэгтэй. Хэрэв нэгэнт зөвшөөрөл өгөөд төсөл эхэлчихвэл сүүлд нь мянга яриад, орилоод нэмэргүй гэдгийг Улаанбаатар хотын паркийн газрын жишээ харуулж байна. Тиймээс бид үүний эсрэг тэмцэнэ” гэлээ.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Эдийн засаг6 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм7 цаг өмнө
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна
-
Нийгэм6 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Улс төр7 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо