Сэтгэл зүйн цоо шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Менежерүүдээр дамжин ажилчдад, цаашлаад нийгэмд, дундаж давхарга илүү олон болоход нөлөөлөх бүр жорыг агуулсан Fullbox хэмээх энэ бүтээгдэхүүний талаар Үйлдлийн судлаач Ц. Дэлгэрмэндтэй ярилцлаа. Тэд албан ёсны вэбсайтаа мөн нээсэн байна.
– Сэтгэл зүйн бүтээгдэхүүн гэхээр маш сонирхолтой санагдаж байна. Яагаад Fullbox хэмээх энэ бүтээгдэхүүнийг гаргах болсон талаар яриагаа эхлүүлье?
– Fullbox-ийг хийх санаа нь хоёр жилийн өмнө эхэлсэн бөгөөд манай багийн 7 жилийн мэргэжлийн хөдөлмөр дээр үндэслэгдэн гарч буй бүтээгдэхүүн юм.
– Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хүний үйлдэл ба хандлагыг судалдаг. Мөн судлахаас гадна хэрхэн өөрчлөх вэ гэдэг аргачлалуудыг боловсруулж байдаг. Миний хувьд насанд хүрэгчдийн үйлдлийн онцлогийг гэр бүл болон албан байгууллагын орчинд судалдаг судлаач (behavior analyst).
Өнгөрсөн хугацаанд удирдлагын багийн 1,000 орчим менежертэй уулзсан туршлагаас Монгол менежер, удирдах албан тушаалтнуудад нийтлэг байдаг 3 алдааг ажиглан, түүнийг зөв болгон хэвшүүлэх зорилгоор “Fullbox” сэтгэл зүйн бүтээгдэхүүнийг гаргаж байна.
-Удирдах албан тушаалтнууд олон хүнийг удирдан залдаг чухал хүмүүс. Тэдэнд нийтлэг дутагдал байсан гэхээр сонирхол татаж байна. Ямар дутагдал хамгийн ихээр мэдрэгдсэн бол?
– Менежерүүд бүгдийг буруу хийдэг хүмүүс биш л дээ. Бүх хүнд нийтлэг харагддаг алдаатай үйлдлүүд юм. Харин хүн удирдаж буй менежерүүд эдгээр үйлдлийг өөрчлөхгүй бол өдөр тутам гаргадаг шийдвэрүүд нь олон ажилтны амьдрал болон ажиллах загварт нөлөөлдөг тул эрсдэл өндөртэй гэдэг утгаар нь менежерүүдэд хамаатуулж байгаа юм.
Энд менежерийн 3 алдаатай хандлага, үйлдлийг тайлбарлах хэрэгтэй болно.
Нэгдүгээрт, удирдлагууд өөрийн хэтийн төлөвлөгөө гаргахдаа алдаа гаргадаг. Менежер бүр дараагийн 2-5 жилийн хугацаанд ямар зорилгын хүрээнд ажиллаж хөдөлмөрлөж байгаагаа маш сайн тодорхойлж чаддаг. Гэвч тухайн төлөвлөгөө нь ихэвчлэн ажиллаж буй байгууллагын алсын хараатай холбоотой гарсан байдаг. Байгууллагын алсын харааг багаараа ярилцдаг учраас олон хүний саналууд нэгдээд, тодорхой төлөвлөхөд хялбар байдаг. Гэтэл бие хүнийхээ амьдралын алсын харааг тодорхойлоогүй байх нь элбэг.
Сэтгэл судлаачдын хувьд гэж үздэг. Өөрөөр хэлбэл, би ямар дуудлагаар энэ ажлыг хийж, амьдралаа юунд зориулж, аль салбарт хөдөлмөр бүтээлээ шингээх вэ гэдэг чиглэлээ карьерийнхээ төгсгөл хүртэл тодорхойлоогүй цагт менежер хүний бүтээмж дутуу гарах талтай.
-Энэ байдал нь сэтгэцийн хувьд хор уршигтай гэсэн үг үү?
-Богино хугацааны хор уршиг гэхээс илүүтэй урт хугацаандаа байгууллагын соёлыг өөрийн үйлдлээр бүрдүүлэх хор уршигтай. Байгууллага нь таван жилийн стратегийн зорилгоо гаргаад, хаашаа явахаа тодорхойлчихоод байхад, түүнийг нь гүйцэтгэж байгаа менежер нь таван жилийн дараа хувьдаа юу хийчихсэн байх, тухайн байгууллагын амжилт өөрт нь яаж нөлөөлөх, гаргасан амжилтаа дараагийн 10 жилдээ яаж ашиглах гэх мэт зорилго нь тодорхойлогдоогүй байна гэдэг нь менежерийн ажил амьдралын сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад сэтгэл ханамжгүй, ажиллах сэдэлгүй баг бүрдүүлэх эрсдэлтэй. Энэ тохиолдол Монголд маш түгээмэл гардаг.
Хоёрдугаарт, менежерүүд цаг хугацаатай зохих ёсний хүндэтгэлтэй ханддаггүй. Жишээлбэл, өнөөдөр бидний ажлын найман цаг болгон маань долоо хоногт 40, жилийн хугацаанд 2,080 цаг болдог. Энэ бүх хугацаанд хийсэн ажлууд нийлээд жилийн эцэст тайлан бичих миний ажлын үр дүн болдог. Харамсалтай нь хүмүүс энэ цагийг агуулгаар нь биш тоон утгаар нь хардаг. Тухайлбал, 09.00-18.00 цаг бол ажлын цаг гэж нэрлэдэг. Үүнээс үүдэн тухайн 8 цаг өөрийн биш өөр хэн нэгнийх гэсэн ухамсаргүй хандлага үүсдэг. Ажлынх учраас заримдаа үр бүтээлгүй өнгөрөөж болно эсвэл ажил учраас хийх ёстой ажлаа дуусгаж байж л өдрийг дуусгана гэх мэт. Харин өдөр бүрийн найман цаг нийлээд ямар үр дүнд хүргэх ёстой вэ гэдгийг огт боддоггүй. Энэ бол таны амьдралын найман цаг шүү дээ. Тиймээс энэ цагтаа эзэн болж, цагаа зориулж буй үйлдлүүд нь таны амьдралд ямар давуу болон сул талыг бүрдүүлж байна гэсэн өмчирхөх сэтгэлээр хандвал илүү бүтээмжтэй, сайхан амьдрах юм байна гэдгийг олж харсан.
Гуравдугаарт, менежерүүд ажилтантайгаа уулзах ёстой гэдгийг мэддэг ч, уулзалтын хугацааг хэрхэн ашиглахаа мэддэггүй. Үр дүн нь ажилтныхаа санал хүсэлт болон шинэ санааг хүлээж авахаас зугтах байдлаар илэрдэг. Өдөр тутмын ажлын үүрэг даалгавар өгөх 10-20 минутын уулзалтаас гадна ажилтнаа таньж мэдэх 30-60 минутын уулзалтыг хагас жилдээ нэг удаа хийдэг байх нь маш чухал. Эдгээр уулзалт нь менежерийг илүү сайн менежер болгодог үндсэн орон зай болдог. Менежер энэ хугацаанд ажилтанд үүрэг даалгавар өгөхөөс илүүтэй тухайн ажилтны ажлын онцлогтой танилцан, ажлаа хийхэд нь тулгарч буй асуудлыг нь сонсон, эцэст нь өөрийн зүгээс 1-2 үйлдлээ өөрчлөх даалгавар өгөх нь ажилтанд байгууллагадаа чухал үнэ цэнэтэй хүн гэсэн мэдрэмжийг өгдөг. Менежерээс авч буй халамжлагдсан мэдрэмж нь ажилтанд ажиллах урам зориг өгдөг.Хамгийн тод ажиглагдсан энэ гурван алдаатай үйлдлийг тархины үйл ажиллагаанд тохируулан хялбарчлахыг зорьсон.
FULLBOX нь:
- төлөвлөгөөгөө 30 жилээр гаргая
- цагаа 3 агуулгаар төлөвлөе
- ажилтантайгаа уулзах арга замыг тань зааж өгье гэсэн маш энгийн гурван үйлдлийг танд зааж өгөх сэтгэл зүйн хэрэглэгдэхүүн юм.
-Сэтгэл судлалын салбарт яаж холбогдож байгаа гэсэн үг вэ?
-Маш олон талаар холбогдож байгаа. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хүний хандлага, үйлдлийг өөрчлөх аргачлалыг боловсруулж байдаг. Менежерийн үйлдлийг өөрчлөх аргачлалаа боловсруулахдаа бид тархины үйл ажиллагааг үндсэн сууриа болгосон.
Хүний тархины үндсэн зорилго нь асуудлыг шийдвэрлэх. Өдөр тутамд бидэнд тулгарч буй ямарваа асуудлыг тархи шийдвэрлэж өгөх үүрэгтэй гэсэн үг. Тархи өөрийн үүргээ гүйцэтгэхэд нэгэн чухал хүчин зүйлийг харгалзан үздэг нь цаг хугацаа. Тухайн даалгаврыг ямар хугацаанд гүйцэтгэх вэ гэдэг асуулт хамгийн чухал чиглүүлэг болдог. Богино хугацааны даалгаврыг тархи богино хугацаанд нь тохируулан шийдвэрлэдэг. Урт хугацааны даалгаврыг амьдралын туршид хийнэ гэдгээр хүлээн авдаг.
Жишээлбэл, би өвдчихлөө, хоёр долоо хоног эм ууна гэхэд тархи 14 хоног дуусахад “эм ээ уу” гэдэг дохио өгөхөө больдог, даалгаврын хугацаа нь дуусчихсан гэсэн үг. Ийм учраас 45 хоногийн хоолны дэглэм эсвэл 2 сарын хэлний бэлтгэл урт хугацаандаа үр дүнгүй болдог нь тухайн хугацаа дууссаны тархи асуудлыг шийдвэрлэсэнд тооцоод хуучин үйлдлийн загварт шилждэг гэсэн үг юм.
Харин насан туршдаа би англи, орос хэл дээр ном уншиж, өөртөө хэрэгтэй мэдээллээ авч байна гэдгээ өөрөө төлөвлөөд түүнийгээ тархиндаа даалгавар болгон өгвөл, тархи нь даалгаврыг хүлээж аваад бие эрхтэнд дамжуулж, сургадаг. Богино хугацааны үүрэг даалгаварт дуусах хугацаа гэж байдаг учраас урт хугацаанд тухайн хүний үйлдэл болон хэвшиж чаддаггүй. Бидний тархи бол цаг хугацааны уртад хүн төрөлхтнийг амьтнаас ялгаж хөгжилд авчирсан ганцхан зүйл шүү дээ. Тэгэхээр бид өөрийгөө өөрчлөхдөө тархиныхаа чадварт итгэх хэрэгтэй.
-Тэгвэл “Fullbox” менежерүүдэд яаж туслах вэ? 30 нас гартлаа ийм олон сул талтай болчихсон менежер, удирдлагуудад чадвараа сайжруулах давуу талууд олгох боломжтой юу?
Хүн аргачлалаа мэдэж байвал өөрийгөө өөрчлөх бүрэн чадвартай. Тиймээс FULLBOX-ийн хэрэглэгдэхүүн бүр дараах 3 хандлага болон үйлдлийг өөрчлөн, зөв хэвшүүлэхэд чиглэсэн.
- Хамгийн эхлээд менежер болгон өөрийнхөө амьдралыг юунд зориулах вэ гэдгээ чин сэтгэлээсээ тодорхойлоод, тэрэндээ үнэнч байх шийдвэр гаргах хэрэгтэй.
- Дараа нь өөрийн цаг хугацаа зөвхөн өөрт нь хамааралтай гэдгийг ойлгох нь чухал. Үүний тулд цаг хугацаанд хандах хандлагыг өөрчлөх.
- Дээрх 2 үйлдлээс дутахгүй ач холбогдолтой нэгэн үйлдэл нь ажилтантай уулзах. Ажилтнаа сонсох нь байгууллагынхаа талаарх 360 градусын зураглалтай болох үндсэн алхам байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
– Эхний үйлдэл болох урт хугацааны амьдралын төлөвлөгөөний хувьд “Fullbox” ямар боломжийг агуулсан бэ?
– 30 жилийн төлөвлөгөө хэмээх хэрэглэгдэхүүн нь нийт менежерүүдэд амьдралын зорилгоо системтэйгээр тодорхойлох боломж олгоно. Удирдах ур чадварыг хүмүүс 30-60 насанд идэвхтэй ашигладаг. Менежерийн 30 жилийг 5 жилээр 6 үед хуваасан. Тэгэхээр хүнд карьерийн нийт зургаан үе байх нь. Үе болгон нь таван жилтэй бөгөөд таван жил болгоны төгсгөлд нэг зүйлийг шинээр бий болгосон байх нь үр бүтэээлтэй ажилласныг илтгэх юм. Ингэж зорилго тавибал бид амьдралдаа зургаахан шинэ зүйлийг л бий болгох боломжтой гэдэг нь тодорхой харагдана. Эдгээр нь ажиллаж буй салбартаа таны хамгийн их санаа зовдог, хийчих юмсан гэж боддог ажил байна гэсэн үг.
Энэхүү хэрэглэгдэхүүн дээр ажиллахдаа хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй болно. Үүний нэг нь одоо цагаас төлөвлөхгүй байх гэсэн дүрэмтэй. Үе бүрийн төгсгөлөөс эхэлж төлөвлөнө. Үр дүнд нь “60 насандаа би юу хийчихсэн байх вэ?” гэдэг асуултын хариулт гарч ирдэг. 30 жилийн төлөвлөгөөнд нийт 8 талбараас тусгагдсан байх хэрэгтэй. Үүнээс 3-ыг нь дурдъя.
- Ажлын байр. Ямар салбарт, ямар нэгжийг хариуцан ажиллаж байхыг зориж байна вэ гэдэг асуултанд хариулах нь чухал.
- Мэргэжлийн хариуцлага. Та өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийн хувьд, мэргэжилтнүүдийнхээ өмнө ямар хариуцлага үүрдэг вэ гэдэг чухал. Салбараа сайжруулах хариуцлагыг үүрвэл маш сайн. Яагаад гэвэл салбар болгон тухайн нийгэмдээ оруулж буй өөрийн гэсэн хувь нэмэртэй байдаг. Цаашлаад дэлхийн хэмжээнд улсаа төлөөлөн өрсөлдөж байдаг учраас менежер бүр салбарынхаа өмнө чухал оролцоотой байдаг.
- Нийгмийн оролцоо. Нийгмийн өмнө бие хүнийхээ хувьд ямар оролцоотой байна вэ гэдэг иргэн болгоны өөртөө тавих асуулт мөн. Менежерүүд яагаад нийгмийн оролцоотой байх хэрэгтэй вэ гэхээр нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхэд ТББ-ын үйл ажиллагааг иргэд дэмжих зайлшгүй шаардлагатай байдаг тул менежерүүд иргэний үүргээр өөрийн санаа зовдог нийгмийн асуудалд оролцоотой байх нь чухал.
Амьдралаа төгсгөлөөс нь дүгнэхээр олон давуу талууд үүсдэг. 2019 оноос эхлэн гурван жилийн зорилго тавьчихаар шуналд баригдах, амархан хувирах, ажлаа солих гэх мэтчилэн амьдралыг юунд зориулах вэ гэдгээсээ илүү өнөө маргаашдаа юу чухал вэ гэдэг рүү чиглээд явчихдаг. Эндээс харвал шударга ёсоо алдаад байгаа нь хүний өөрийн сонголт биш, ухамсаргүйгээр цаг хугацаанд баригдсанаас гэж харж бас болохоор байна.
-Цагийн хувьд ямар гурван агуулга байгаа вэ?
– Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн амьдралаа урт хугацаанд тодорхойлоод ирэхээр таны амьдралд байх үйлдлүүд аяндаа тодорхой болж эхэлдэг. Би эрүүл, хөдөлгөөнтэй байх ёстой. Тэгэхээр хөдөлгөөн хийх цаг гаргах хэрэгтэй. Миний гэр бүл аз жаргалтай байх ёстой. Тэгэхийн тулд хосоороо уулздаг цагтай байх ёстой гэх мэт таны амьдралын загвар гараад ирдэг. Тэр загварынхаа хүрээнд амьдралдаа өөрчлөлт оруулах гээд байгаа үйлдлүүдээ өдөр тутамдаа шингээж өгөх хэрэгтэй.
. Өмнө нь хоол ч хиймээр, хувцас ч угаамаар, чамд гаргах цаг алга гээд уурлаад байсан бол миний амьдралд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг байх ёстой гээд бодчихсон учраас төлөвлөсөн цагтаа хүүхдэдээ л цаг гаргадаг болно. Сэтгэл зүй бэлэн учраас хамгийн гол нь чанартай цаг гаргадаг.
Цагийн төлөвлөлтийн хэрэглэгдэхүүн нь цаг хугацааг удирдахаас илүүтэй өдрийн турш хийдэг үйлдлүүдэд тань утга агуулга өгөх зорилготой. Хамгийн их ашиглагддаг 3 агуулгыг санал болгож байгаа.
Нэгдүгээрт, “Зорилгын 12 цаг”. Хүн бүрт зорьсон зорилго байдаг, мөн өөрчлөхийг хүсдэг үйлдэл байдаг. Хүний байгалийн зан чанар бол сайн сайхан руу тэмүүлэх бөгөөд бүхий л цаг хугацаанд байгаагаасаа илүү болохыг тэмүүлж байдаг. Үйлдлийг зөв чиглүүлж чадвал зорилго бүр биелэх бүрэн боломжтой. Энэхүү 12 цагт та өнгөрсөн жилүүдэд өөрчилж чадаагүй үйлдлээ шингээх боломжтой юм.
Хоёрдугаарт, “Үйл бүтээлийн 8 цаг” Өөрийнхөө ажлын байран дээрх хариуцлага, онцлогийн хүрээнд тухайн жилд та ямар шинэ үйл хиймээр байгаагаа энэхүү 8 цагт шингээнэ. Хүн бүрийн ажлын байранд өөрийн гэсэн хариуцлага, тэр хэмжээний эрх мэдэл дагалддаг. Түүнийг 2080 цагийн хүрээнд хэрхэн зөв ашиглахыг хүсч байна гэсэн өөриймсөг хандлагаар хандахад чиглүүлнэ.
-Үйл бүтээлийн цагийг яагаад “8” гэж тодотгосон юм бэ? Яагаад 10, 12 биш гэж. Монголд ажлын найман цагийг барих нь ховор байдаг шүү дээ?
-Яагаад гэвэл хүн найман цагт л илүү бүтээмжтэй ажилладаг гэсэн дэлхий нийтээрээ дагаж байгаа стандартийн хүрээнд тодотгосон. Үүнээс багадвал зорилгогүй, хүсэл тэмүүлэлгүй болно. Харин ихэдвэл ядаргаа, ажлаас халшрал болдог.
Гуравдугаарх нь “Идэвхтэй 16 цаг”. Энэ агуулгыг амралтын өдрүүдэд зориулан гаргасан. Хүмүүс хагас, бүтэн сайн өдрүүдэд боддог алдаатай бодол нь биеийн эд эрхтэн бас амардаг юм шиг боддог. “Ажил амарсан” 2 өдөр хэт их идэж, хөдөлгөөнгүй хэвтэж, хэдэн цагаар зурагт үзэх гэх мэт бие махбодод зохисгүй үйлдлүүдийг хийж болно гэж боддог. Гэтэл бидний бие физиологит ажлын өдөр, амралтын өдөр гэж байдаггүй. Бүх цаг хугацаанд ажиллах гэсэн ганц л горимтой. Булчин гэдэг эрхтэн хөдөлж байж илүү хүчтэй, уян хатан болдог бол ходоод бол зөв хооллосон тохиолдолд илүү эрч хүч авдаг. Тэгвэл “Идэвхтэй 16” цагийн хүрээнд гэр бүлээрээ хийх 1-3 идэвхтэй үйлдлийг тодорхойлооч гэж байгаа юм.
Дээрх гурван төрлийн картуудаа үнэнчээр хөтлөөд явбал жилийн хугацаанд цагаан цааснууд маань будагдчихсан, та амьдралдаа шинэ үйлдлүүдийг хэвшүүлчихсэн, үр дүнг нь бодитоор харах боломжтой болох юм. Ингээд үйлдлийн дүгнэлт хийхээр дараа жилийн төлөвлөгөөгөө гаргахад ч илүү амар болсон байх болно.
Энэ хэрэглэгдэхүүн нь бүтэн жилийн хугацаанд дагаж мөрдөх ёстой гэсэн дүрэм байхгүй. Та сар бүр 3 агуулгын хүрээнд өөр өөр үйлдэл туршиж үзэж болно. Үүний тулд 6 цагаан картийг оруулсан байгаа. Картан дээрээ үйлдлээ тодорхойлоод, цагаа будаад, ширээн дээрээ байршуулах эсвэл хөргөгчин дээрээ нааж болно. Үйлдлээ хэвшүүлчихвэл дахин нэг картан дээр дараагийн үйлдлээ тодорхойлно гэсэн үг.
-“Fulbox”-ийг ашиглавал үнэхээр өөрийгөө шинээр олж нээх юм шиг мэдрэмж төрлөө. Олон үр дүн гарах юм шиг санагдаж байна. Энэ гоёмсог хайрцагт дээрх хоёр хэрэглэгдэхүүнээс гадна бас нэг хэрэглэгдэхүүн байна. Үүнийг танилцуулахгүй юу?
-Хүүхдүүдээ сэтгэл зүйчээр дамжуулан хүмүүжүүлэх гэдэг эцэг, эхчүүд байдаг. Түүнтэй эн зэрэгцэхүйц, менежерүүд ажилтнаа бусдаар дамжуулан тодорхойлох гэж оролддог. Харин менежер хүн ажилтнаа ойлгон, тэднийг бүтээмжтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй хүмүүс юм.
Менежерүүд ямар шалтгаанаар ажилтантайгаа уулзахаас зайлсхийдэг вэ гэхээр уулзалтын 30-60 минутыг хэрхэн ашиглахаа мэддэггүй. Тиймээс манай гуравдах хэрэглэгдэхүүн нь менежерүүдэд уулзалтын хугацааг хэрхэн ашиглах, ямар асуултууд тавих, уулзалтаа хэрхэн дуусгах зэрэг бүх зааварчилгааг оруулсан уулзалтын тэмдэглэл юм. Уулзалтанд та бэлтгэлтэй байснаар ажилтныхаа сэтгэл санааг удирдах, тэдний ур чадварын хөгжүүлэлтэнд чиглүүлэг өгөх зэргээр ажилтнаа дэмжих боломжтой болдог.
-Мэдээж компани, аливаа байгууллага ашгийн төлөө ажилладаг. ”Fullbox”-ийн энэ бүх зааварчилгааг дагаад явахад хувь хүн талаасаа маш их хөгжих нь ойлгомжтой байна. Харин бизнесийн байгууллагаас ямар зардал гарч, эсрэгээрээ тухай байгуулагад ямар өгөөж бий болно гэж тооцож байгаа вэ?
-Энэ хайрцаг маань маш олон давуу талтай. Хэрэглэгдэхүүний хувьд аппликэйшнээс илүү ухаалаг, үнийн хувьд сэтгэл судлаачийн уулзалтуудаас хямд. Хүн төрөлхтөн ухаант нийгмийн хөгжлийн туршид цаасыг ашиглаж ирсэн. Тэрхүү давуу талыг ашиглан бүтээгдэхүүнээ цаасан дээр бэлтгэсэн. Манай 3 бүтээгдэхүүн дээр та тэмдэглэж, биеэр мэдэрч, нүдээрээ харж, хийсэн зүйлсээ халаасандаа хийж эсвэл ширээн дээр тавьж болно. Түүнээс гадна манай бүтээгдэхүүн сэтгэл судлаачтай уулзах 2 удаагийн уулзалтаас хямд үнэтэй. Нэг сэтгэл судлаачтай уулзах уулзалт 60-100 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Хэдийгээр сайн сэтгэл судлаачид хүмүүст үйлдэл, хандлагаа өөрчлөх сонирхол, чиглэл өгдөг ч гэсэн, хэрхэн өөрчлөх аргачлалыг өгдөггүй байх талтай байдаг. Харин энэ хайрцаг нь бидний амьдралд хамгийн их тулгардаг өөрөө өөрийгөө таньж мэдэх гэсэн сэтгэл зүйн үндсэн асуудлыг шийдвэрлэж өгч чадах юм.
Байгууллагуудад яагаад ашигтай вэ гэвэл, бизнесийн байгууллагуудын жилийн сургалтын төсөв хамгийн бага, зарим нь бүр төсөвгүй байгаад зогсохгүй хүний нөөцийн мэргэжилтэн нь ажилтан хөгжүүлэлтийн сургалтаа хийх тал ажиглагддаг. Гэтэл хүний нөөцийн мэргэжлээр сурсан ажилтан хүн хөгжүүлэх ажлыг дангаараа хийх нь өрөөсгөл. Хүн хөгжүүлэх ажлыг хүний үйлдэл, хүний хандлагыг судалсан мэргэжлийн хүний тусламжтайгаар хийх боломжтой. Тиймээс сургалт хөгжүүлэлтийг FULLBOX-ийн тусламжтай хийх боломжтой.
Түүнчлэн, маш их хэмжээний сургалтын төсвийг хэмнэх боломжтой. Тухайлбал, 20 хүнтэй удирдлагын багт нэг удаагийн сургалт хийхэд дор хаяж 10 сая төгрөг шаарддаг бол манай бүтээгдэхүүнийг үүний 30%-аар нь л авах боломжтой. Нөгөөтэйгүүр байгууллагын сургалт хэрэгцээ шаардлагаа ойлгодог ч, хэрхэн гэдэг аргачлал орхигдох талтай байдаг.
Товчхондоо бол сэтгэл зүйн нууцыг шингээсэн стратегийн түнш, төсөв, цаг хэмнэж, бүтээмж нэмэгдүүлэх бүтээгдэхүүн юм.
-Сэтгэл зүйн нууцыг шингээсэн гэж та сая онцоллоо. Ер нь сэтгэл зүй яагаад чухал юм бэ? Сэтгэл зүйг бизнесийн салбартай холбож байна. Харин ихэнх хүмүүсийн ойлголт сэтгэл мэдрэлийн асуудалтай хүн ханддаг үйлчилгээ гэж харах үзэгдэл түгээмэл байсаар байгаа шүү дээ.
-Би өөрийгөө үйлдлийн аналист гэж танилцуулсан нь учиртай. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд байгууллагууд дээр менежерүүд ямар үйлдлийг зөв, ямрыг нь буруу хийгээд, ямар хандлага, бодол тэр хүнийг өөрийгөө хөгжүүлэхэд саад болоод байгааг маш сайн судалсан. Судалгаанд суурилсан гэдэг утгаараа менежментийн багт зориулсан хамгийн практик бүтээгдэхүүн болсон гэдгийг хэлж чадна.
Яагаад сэтгэл зүй чухал юм бэ гэхээр сэтгэл судлалын хөгжлийн дараагийн үе шат нь хүнийг захирал шиг нь болгох биш, хүнийг өөрт нь байгаа ур чадварыг ашиглан өөрөөс нь илүү болгох гэсэн чиглэл рүү ажиллаж эхэлсэн. Бидний бүтээгдэхүүний зорилго ч мөн энэ. Нэгэнт хүний үйлдлийг судалдаг шинжлэх ухаан хүнийг хэрхэн сайжруулах боломжтой вэ гэдгийг судалж байгаа үед үүнийг удирдлага, ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэхэд ашиглах бүрэн боломжтой.
-Энэхүү зорилгыг яагаад удирдлага, ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэхэд ашиглаж болохгүй гэж?
-Мэдээж боломжтой. Ашиглавал байгууллага дээр гарах үр дүнгээс гадна нийгэмд том үр дүн гарах боломжтой гэж харж байгаа.
Хүний зан үйлийг судлаад явахаар нийгмийн дундаж анги гэдэг нь эдийн засгийн орлогоосоо ганцхан хамаарахгүй юм байна гэдэг дүгнэлт гарч ирдэг. Олон судалгаанаас үзэхэд гэдэг нь тодхон харагддаг.
-Яагаад? Дундаж давхарга баялгийн тэгш бус хуваарилалтаас болж улам цөөрч байна гэж үзээд байгаа шүү дээ. Амьдралын загвар энэ давхаргыг нэмэгдүүлнэ гэдэг үнэхээр сонирхолтой гаргалгаа байна.
-Нийгэм амар амгалан, хүүхдүүддээ санаа зовох зүйлгүй, өөрийнхөө эрүүл мэндэд санаа зовохгүй, тайван, хамт олонтой, нийгмийн нэг хэсэг байгаадаа бахархдаг зэрэг мэдрэмжийг авч байгаа хүмүүс дундаж ангийг бүрдүүлээд байгаа юм.
Өнөөдөр дэлхий даяараа эдийн засгийн хөшүүрэг гэж яриад байгаа ч тэр дундаж давхаргынхныг судлаад үзэхээр ганцхан эдийн засгийн хөшүүргээсээ илүүтэй хүүхдүүд нь унтах цаг нь тогтмол, гэр бүл нь хооллох тодорхой загвартай, уншлагын орон зайтай, бусад хамаатан садан, гэр бүлүүдтэйгээ уулздаг, нийгэмдээ оролцоотой байх зэрэг үйлдлүүдийг хийдэг нь гарч ирж байгаа юм. Тэр үйлдлүүд заавал эдийн засаг нэмэгдсэнээр хийгддэг биш, эсрэгээрээ үйлдлүүдийг хэвшүүлснээр дундаж давхарга бий болж, эдийн засаг сайжрах юм байна гэдэг дүгнэлтэнд хүрч болдог.
1960 оноос өмнө сэтгэл судлалын шинжлэх ухаан зөвхөн тархи биеийг удирдана, тиймээс хүний тархи, хүний юу бодож байгаа хандлага чухал гэж үндсэн судлагдахуун болгож ирсэн байдаг. Гэтэл 1960 оноос хойш хүний хийж буй үйлдэл тухайн хүний хандлаганд нөлөөлдөг юм байна гэж тодорхойлолтоо өөрчлөх болсон.
Тархи биеийг удирддаг бус бие мөн тархийг удирддаг гэдэг нь эдийн засаг хүний үйлдлийг тодорхойлохгүй, үйлдэл буцаад эдийн засгаа тодорхойлох хүчтэй гэдэгтэй адил юм. Тийм ч учраас бид менежерүүд, удирдлагуудыг өөрчлөх гээд байгаа хэрэг. Тэгснээрээ ажилтнууд өөрчлөгдөна. Ажилтнууд өөрчлөгдөөд эхэлнэ гэдэг чинь гэр бүлүүд өөрчлөгдөнө буюу нийгэмд илүү их дундаж давхарга энэ загвараар бий болох боломж харагдаж байгаа юм.
-Менежерүүд өөрчлөгдсөнөөр яагаад ажилтнууд өөрчлөгдөнө гэж?
-Хүний суралцах хоёр арга байна гэж сэтгэл судлалд үздэг. Нэг нь харж даган дуурайх, нөгөө нь болзолт нөхцөлт арга. Хэрэв чи энэ даалгаврыг хийвэл онц авна буюу манай өнөөгийн сургалтын системийн арга нь болзолт нөхцлийн арга.
Харин хүний төрөлхийн сурах арга нь харж даган дуурайх. Хүний үйлдэл, бодол өөрөө халдвартай. Байнга нэг зүйлийг яриад байвал хажуугийнх нь хүмүүс дагаж бодож эхэлдэг. Бидний хамгийн их даган дуурайдаг хүмүүс хүүхдүүдийн хувьд ээж, аав, багш, найзүуд нь байдаг бол ажилтнуудын хувьд хамгийн анхны даган дуурайх хүмүүс менежерүүд байдаг. Хэрэв менежер зөв хандлага, үйлдэлтэй байх юм бол ажил хийж байгаа бүх хүн өөрчлөгдөх боломжтой. Монгол Улсын ажил хийж байгаа бүх хүн өөрчлөгдөнө гэдэг чинь нийгмийн дундаж давхарга хүрээгээ тэлэх боломж байна гэсэн үг.
Бидний туйлын зорилго бол нийгмийн дундаж давхаргыг л бүрдүүлэх. Яагаад энэ тийм чухал вэ гэхээр дундаж давхаргад амьдарч байгаа хүмүүс өөрсдөө амьдралын зөв хэв загвартай, хүүхдүүдээ зөв хүмүүжүүлдэг, зөв ажилладаг, зөв биеэ авч явдаг байх бөгөөд тэр хэмжээгээрээ нийгмийн ерөнхий байдал сайн сайхан болно.
Эдийн засагчдын хувьд мөнгөнөөс шалтгаалж тийм өөрчлөлт бий болно гэж үздэг ч бидний хувьд нийгмийн сайн сайхан зүйлийг бий болгоход зөв үйлдэлтэй, зөв амьдралын загвартай хүн олон байх хэрэгтэй.
Энэ бол эдийн засагтай өрсөлдөхүйц хэмжээний агуулга. Сэтгэл судлал гэдэг өөрөө хандлага, үйлдэл. Тиймээс мөнгийг биш хандлага, үйлдлийг бид өөрчлөлтийн эхлэл нь болгож өгье гэж эхний энэ бүтээгдэхүүнээ гаргаж байгаа юм.
Цаашдаа энэ бүтээгдэхүүн маань гэр бүлүүд, залуучууд, төгсөгчдид, ахмад настнууд, багш, эмч, магадгүй сэтгүүлчдийн хандлага, үйлдлийг тодорхойлоход чиглэн, хэлбэр хэмжээ нь өөрчлөгдөөд гарна.
-Монгол агуулга оруулна гэхээр зөвхөн Монголд ч биш, олон улсад цоо шинэ бүтээгдэхүүн болж байгаа гэж ойлгогдож байна, тийм үү?
-“Fullbox” нь сэтгэл судлалын шинжлэх ухааны талбарт хайрцганд хэрэглэгдэхүүн орсон гэдгээрээ маш онцлог аргачлал болж байгаа. Мөн хэрэглэгдэхүүний суурь агуулга нь монголын соёл, уламжлалтай уялдсан учраас Монгол оюунаар бүтсэн сэтгэл зүйн хэрэглэгдэхүүн гэж хэлж болно.