Эдийн засаг
Д.Бямбасүрэн: Ханш анх 1,500 хүрэхэд нь л тогтворжуулчих боломжтой байсан

Гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Ам.долларын ханш 2,600 орчим төгрөгтэй тэнцэж, харьцангуй тогтвортой байна. Ханшийг тогтворжуулахад төр засгийн бодлого хэрхэн уялдах талаар таны бодлыг сонсоё?
– Ханш 2,500 дээр тогтох болов уу гэсэн алдчихлаа л даа. Аягүй бол 3,000 хүртлээ өсөх л юм шиг байна. Монголбанкны хувьд байнга интервэнц хийгээд, аргацаахад хэцүү л дээ. Уг нь анх 2013 онд л 1,500 хүрэхэд нь тогтоож болох байсан юм. Н.Золжаргал, Н.Алтанхуяг хоёр ханшаа алдсанаар Монголын эдийн засагт үнэхээр том дарамт бий болгосон.
Ер нь бол Монголд нэгдсэн бодлого гэж байхгүй. Их хурал нэг өөр, Засгийн газар нэг өөр, Монголбанк бас нэг өөр бодлоготой. Сонгууль дөхөөд ирэхээр Засгийн газар баахан мөнгө тараагаад хаяна. Дараагийн Засгийн газар нь мөнгөний ханшийн уналттайгаа золгоно. Одоо жишээ нь “Итгэлийн зээл” өгье гээд яриад байна. Баахан мөнгө тараачихаад, сонгуулийн дараа дахиад л инфляци үүснэ. Тэгэхээр Монголд мөнгөний нэгдсэн бодлого байхгүй. Их хурал дээр мөнгөний бодлого ярьж байгааг харахад ер нь ямар мэргэжил, мэдлэг боловсролтой хүмүүс цуглачихаад, юу ярьж байгаагаа мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Инфляцийг тогтвортой байлгая гэвэл төрийн нэгдсэн бодлого л хэрэгтэй. Манайд тэр нь байхгүй.
-Ханшийг тогтворжуулж, валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкны зүгээс алт худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулдаг. Гэвч алтны роялти нэмэгдсэн зэрэг хууль эрх зүйн тогтворгүй байдал алт худалдан авалтыг бас л сааруулж байх шиг байна. Алт тушаалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн ямар хөшүүрэг байж болох вэ?
-Монголд алт олборлож болно оо. Хэрэв хүсвэл нинжа маягаар, эсвэл аж ахуйн нэгж болоод ч алт ухаж болно. Гагцхүү хашаанаас гарахдаа бүх алтаа Монголбанкиндаа тушаах хэрэгтэй. Алтаа тушаагаад мөнгөө ав. Битгий халаасандаа хийж, гадагшаа гараарай л гэж байгаа юм. Төр хяналт тогтоогоод бүх алтаа өөр дээрээ авч чадвал Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд маш том дэмжлэг болно. Үүн дээр зарим талаараа захиргаадалтын арга хэмжээ авсан ч болно шүү дээ.
Аж ахуйн нэгжүүдийг алт ухахыг нь хориглохгүй. Алтаа ух, тэгээд тушаа л гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр алтныхан роялтиг 2.5 хувь болгосонгүй гээд, алтаа тушаахгүй байна гээд л гомдол гаргах юм. Наад зах нь Оюутолгойнхон он гарснаас хойш 120 мянган унци алт гаргасан гээд тайлагнасан байна лээ. Жилдээ 20 тонн алт, 100 тонн цагаан мөнгө гаргадаг. Тэр бүгдийгээ Монголбанкинд тушаахгүй байгаа шүү дээ.
-Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл авах, бонд гаргах зэрэг асуудал бас яригддаг. Гэвч үргэлж зээл аваад байж болохгүй байх?
Гаднаас бонд гаргаад, зээл авчихаад, түүнийгээ валютын нөөцтэй болсон гэж олон түмэнд ухуулах нь маш буруу. Н.Баяртсайхан Монголбанкны Ерөнхийлөгч болмогцоо валютын нөөц -1.3 тэрбум ам.доллар байна гээд мэдэгдсэн. Ардчилсан нам, Ардын намынхан гээд олон хүн дургүйцсэн дээ. Үнэнийг л хэлсэн шүү дээ. Хүнээс зээл авчихсан, зээлээ төлөх гэж байгаа хүн чинь валютын нөөцтэй гэж хэлээд байж болохгүй биз дээ.
Эх сурвалж: Монголбанк

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.