Эдийн засаг
“Оюутолгойг улстөржүүлэхгүйгээр эхлээд гэрээгээ сайтар унш”
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа.
-Эдийн засгийн өсөлт тоон үзүүлэлтийн хувьд сайжирч байгаа ч иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна. Энэ их эдийн засгийн өсөлтийн хаялга хаана, хэнд, наалдаж байгаа нь сонин. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье?
-Монгол Улсын эдийн засаг сэргэж, сүүлийн есөн улиралд дөрвөөс дээш хувийн өсөлттэй гарсан. Хамгийн сүүлд эдийн засгийн өсөлт 8.6 хувьтай байна. Макро эдийн засгийн тоонуудаас харахад, эдийн засаг харьцангуй сайжирч буй нөхцөл байдал ажиглагдаж байна. Таны хэлснээр, энэхүү өсөлт иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байгаа нь үнэн. Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 4000 ам.доллар орчим. Энэ тоо эдийн засгийн өсөлтийг зөв илэрхийлж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй, хоёрдугаарт, тэгш бус байдаг. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нийслэл, хөдөө орон нутагт өөр өөр. Өндөр өсөлттэй тоонууд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт хангалтгүйгээс иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байгаа юм. Энэ нь нийгмийн бусад үзүүлэлтүүдээс ч харагдана. Иргэдийн дунд өвчлөл нэмэгдэж, боловсролын нөхцөл байдал ч сайжирсангүй. Мөн гэмт хэргийн гаралт өссөөр байгаа нь иргэдийн ядууралтай холбоотой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт хүртээмжтэй бус байна гэсэн үг. Хүртээмжийг бий болгохын тулд нэгдүгээрт, төрийн тогтолцоо, засаглалын чадамжаа сайжруулах. Хоёрдугаарт, эдийн засгийн бүтцээ сайжруулах. Гуравдугаарт, хүндээ чиглэгдсэн зөв эдийн засгийн бодлого, зөв нийгмийн халамжийн бодлого явуулах шаардлагатай. Ингэснээр ядуурал, ажилгүйдэл буурч, иргэдийн амьдралын чанар сайжирна гэж үзэж байна.
-Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийн эсрэг авч буй арга хэмжээнүүд, бодлогын шийдвэрүүд хэр оновчтой байна вэ?
-Засгийн газраас сүүлийн хоёр жил төсөв мөнгөний бодлогод авч хэрэгжүүлсэн арга хэмжээг эерэг гэж харж байна. Төсвийн алдагдал өндөр түвшнээс буурсан. Эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор төсвийн орлого нэмэгдсэн, төсөв дэх өрийн зардлын бүтэц харьцангуй сайжирсан. Төсвийн сахилга батыг сайжруулах зөв алхам руу ойртсон зэрэг эерэг талууд бий. Засгийн газрын эдийн засгийн бүтцээ сайжруулах, ядуурал, ажилгүйдлийг бууруулах чиглэлд авч буй бодлогод нь шүүмжлэлтэй хандаж байна. Өнгөрсөн жил Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлого буюу Монгол Улсыг 2018-2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн суурь баримт бичгийг баталсан. Энэ хүрээнд хийгдэх ажлууд нь үндсэндээ удаашралтай байна гэж дүгнэнэ. УИХ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаа энэ үед Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтийг ярих нь чухал байгаа юм. Засгийн газар өнөөдөр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлд илүүтэй анхаарч байна. Гэтэл үүний хүрээнд иргэдийн амьдрал сайжирч чадах эсэх нь өмнөх олон туршлагаас харахад тун эргэлзээтэй.
Монгол Улс намуудын мөрийн хөтөлбөрөөр хөгжихгүй нь тодорхой болсон. Эдийн засгийн өсөлтийг илэрхийлэх тоонууд иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй л бол бодит өсөлт, хүртээмжтэй өсөлт, цаашлаад Монгол Улс хөгжиж байна гэж ярих нь утгагүй.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар татварын шинэчлэлийн багц хуулийн төслийг баталсан ч Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа. Та батлагдсан хуулийн үндсэн агуулгын талаар юу хэлэх вэ?
-Татварын шинэчилсэн хуулийг багцаар нь аваад үзвэл харьцангуй өөдрөгөөр төсөөлж байна. Ялангуяа татварын харилцааг шинэ түвшинд гаргах, олон улсын татварын хэв шинж, дүрэм журмыг хуульд тусгасан нь энэ түвшинд ойртуулсан гэж дүгнэхээр байна. Татвар төлөгч талдаа эерэг нөлөө авчрахуйц хөнгөлөлт, урамшуулал олгох, жижиг, дунд ААН-үүдээ дэмжиж, шатлалыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, мөн гаднаас санхүүжилт татсан компаниудын татварын хувь хэмжээг харьцангуй бууруулсан гэх мэт олон эерэг заалт тусгагдсан. Шүүмжлэлтэй нь гэвэл, татварын бодлогоо орхигдуулсан тал бий. Өнгөрсөн жил Татварын ерөнхий хуулийг танилцуулсан төслийн хүрээнд “Монгол Улсын татварын бодлого нь Засгийн газрыг санхүүжүүлэхээс гадна төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, эдийн засгаа дэмжих чиглэлийг баримтална” гэсэн агуулга бүхий нэг өгүүлбэр байсан. Гэтэл сүүлд хэлэлцүүлсэн төслөөс харахад энэ өгүүлбэр хасагдсан байна лээ. Уг нь бид татварын бодлогоо зарчмын хувьд тодорхой болгож, төрийг санхүүжүүлэхээс гадна эдийн засгаа дэмжих, татварын бааз сууриа тэлэх, тэгш шударга тогтолцоо бий болгох гэсэн үндсэн чиглэлээр тодорхойлмоор байгаа юм. Хоёрдугаарт, хуульд татварын хөнгөлөлт, урамшуулал олгох талаар тусгагдсан. Өнөөдөр энэ харилцааг зохицуулдаг түвшин нь ямар байгаа вэ гэдгээ эргэн харах хэрэгтэй. Ялангуяа татварын албаны өнөөгийн чадамжтай нийцэж байгаа эсэх, татварын байцаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс суртахууны түвшинтэй нийцэх эсэх нь тун эргэлзээтэй. Татварын албанд хэт эрх мэдэл өгөх нь тийм ч зохистой биш юм. Монголд өнөөдөр шударга татвар төлөгчид нь хэд байгаа билээ. Хуулийн төсөлд тусгаснаар, шударга бус татвар төлөгчдөд албадлагын арга хэмжээ авахад энэ нь үндсэн зарчмаа барьж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Татварын өндөр түвшний харилцаа бий болгох гэж байна гээд шударга бус татвар төлөгч гэдэг ангиллын дор эргээд авлига, хээл хахууль, хүнд суртлыг өөгшүүлэх вий гэсэн болгоомжлол надад байна. Энэ бүхэнд хуулийг хэрэгжүүлэх явцад төрийн зүгээс маш сайн анхаарах байх. Татвар төлөгчдөд өнгөт сайхан амлалтууд өгсөн атлаа буцаагаад дарамт үзүүлэх нь зохисгүй гэж би хувьдаа үздэг.
-Татварын багц хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн үндэслэлүүдтэй та хэр санал нийлж байгаа вэ?
-Ерөнхийлөгч хоригтоо зарим заалтыг хэт субъектүүдтэй хамаатуулж тайлбарласан байна лээ. Тухайлбал, “Оюутолгой” ХХК-тай хамаатуулж уул уурхайн компаниудад хүүгийн төлбөрт ногдуулах албан татварыг бууруулсан байна гэж хоригтоо тусгасныг би хувьдаа дэмжихгүй. Энэ заалтыг зөвхөн “Оюутолгой” ХХК-тай холбож харахгүйгээр нийт эдийн засгийнхаа нөхцөл байдалтайгаа уялдуулж харвал зөв заалт. Өнөөдөр Монгол Улсын ААН-үүд зөвхөн “Оюутолгой” ХХК гэхгүйгээр тодорхой хэмжээний байр сууриа олж гадна, дотоодоос санхүүжилт авахыг эрэлхийлдэг болсон. Монгол Улс гаднын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжихгүй нь тодорхой өнөө үед гаднаас санхүүжилт татах, долларын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр дээрх заалтыг оруулсан нь ойрын хэдэн жилдээ Монгол Улсад хэрэгтэй заалт гэж харж байна.
Ерөнхийлөгч хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд илүү анхаарч, хуульд бүхэлд нь хориг тавих шаардлагагүй байсан.
-“Оюутолгой”-н гэрээтэй холбоотой асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. УИХ-аас уг гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Улс төрийн намууд, УИХ-ын зарим гишүүд “Оюутолгой”-н гэрээг цуцлах шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Энэ талаар эдийн засагч таны байр суурийг сонсъё?
-Сүүлийн үед уул уурхайн салбараар улстөржилт хийдэг явдал хэрээс хэтэрч байна. “Оюутолгой”-н гэрээг цуцалж, төслийг зогсоох асуудал огт байж болохгүй. Төслийг цуцлах, зогсоох асуудал нь дан ганц биднээс хамаарах биш болж хувирсан гэдгийг манай улс төрчид ойлгох хэрэгтэй. “Оюутолгой” төслийн хүрээнд үндсэн гурван гэрээ байгуулсан. Энэ гэрээнүүдэд учир дутагдалтай заалтууд байвал түүнийг нь засаж сайжруулах л асуудлыг ярих ёстой. Нэгэнт эхлүүлсэн төслийг бид зогсоох нь эрх зүйн болон эдийн засгийн хувьд тохиромжгүй.
-“Оюутолгой”-н гэрээг цуцалвал бид юу алдах вэ?
-“Оюутолгой” Монгол Улсын эдийн засагт өөрийн гэсэн байр суурь олсон том төсөл. Өнөөдөр Монгол Улсыг гадаад зах зээлтэй холбож байгаа хамгийн том төсөл бол Оюутолгой. Бидний сүүлийн 30 жилд эхлүүлж чадсан хамгийн том хэлцэл. Энэ хэлцлийг дэлхий нийтээрээ харж, ажиглаж байна. Цаашлаад уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эсэх нь энэ төслөөс шууд шалтгаална. Өнөөдөр улстөрчид “Оюутолгой” төслийг улс төржүүлэхгүйгээр, гэрээг сайтар уншиж танилцаад, юуг өөрчилж, сайжруулвал манайд ашигтай вэ гэж асуудалд хандах хэрэгтэй. УИХ-аас гарсан ажлын хэсгийн дүгнэлтээр эерэг, сөрөг дүгнэлтүүд гарсан байж болно. Сөрөг дүгнэлтүүдийг засаж сайжруулахдаа олон улсын эрх зүйн хэм хэмжээг барьж, гэрээг засах бодит боломжууд нь юу байна вэ гэдгийг урьдчилан тодорхойлохгүйгээр гэрээг өөрчилнө гэж шууд хэлэх нь буруу. Гэрээг цуцална гэж хэлэх нь бүр ч утгагүй. Гэрээнд хоёр талын эрх үүрэг маш тодорхой тусгагдсан. Гэрээг ямар тохиолдолд цуцлах вэ? Хэрэв хоёр талд үл ойлголцол үүссэн тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Лондонд төвтэй Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэх мэт бүх талаас нь маш тодорхой заасан байдаг. Тиймээс бид бодит нөхцөл байдлаа зөвөөр харж, боломжийн хэмжээнд гэрээг сайжруулах, цаашлаад гэрээний хэрэгжилтийг хангах, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд л илүүтэй анхаарах шаардлага байна.
Бид дэлхийтэй дэлхийн хэлээр л ярина. Түүнээс биш хэт их улс төржилтөөр хандаж, ард түмнээс оноо авах гэсэн байдлаар “Оюутолгой”-н гэрээнд хандвал бид алдана уу гэхээс хожихгүй. Засгийн газар, УИХ олон улсын хэм хэмжээ, нөхцөл байдалд тохируулан бодлого шийдвэрээ гаргах ёстой.
Нөгөө талаар үндсэндээ уул уурхайн салбар манай улсын эдийн засгийг чирч байгаа. Гадаад зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнэ өсөхөд төсвийн орлого нэмэгдэж, төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдэх боломж бүрддэг. “Оюутолгой” төслийг зогсооно гэж ярьж байгаа улстөрчид болгоомжгүй, болчимгүй үйлдэл хийж байна гэсэн үг. Эхлээд гэрээгээ сайтар унших хэрэгтэй.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.