Нийгэм
Хармагтайн ордод нэмэлт судалгаа хийж байна

Хармагтай ордод нэмэлт хайгуул хийжээ. Энэ тухай төслийн эзэмшигч Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Тус компани энэ оны эхний улиралд 3618.5 метрийн өрөмдлөг хийсэн байна. Өрөмдлөгийн үр дүн эерэг гарсан тул одоогоор нэмэлт судалгаа хийх ажил өрнөж эхэлжээ. Түүнчлэн тус компанийн бэлэн мөнгөний үлдэгдэл дээрх хугацаанд 3.1 сая австрали доллар байгаа юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт “Энэ орд Оюутолгойтой төстэй. Зэсийн хувьд ч эрдэсжилт сайтай зах зээлд өрсөлдөхүйц болох нь шинжилгээгээр батлагдсан. Мөн агуулга сайтай хүдрийн ил уурхай ажиллуулах боломжтойг хайгуулын явцад улам бүр баталгаажуулаад явж байна. Газрын гадаргад ойр, олборлоход хялбар байрлалд орд байгаа учраас зардал бага байх төлөвтэй. Манай компанийн зүгээс шинэ ордыг ашиглах боломжуудаас гадна уул уурхайн салбар өгөөжөө өгч болох дэд бүтцийн асуудалд анхаарлаа хандуулдаг. Монгол Улсын хувьд зэс, хүдрийн олборлолт үр ашигтай байх боломжтой бүс нутагт тооцогддог. Тэгэхээр ордын ашиглалт амжилттай байх нь харагдаж байгаа” гэжээ.
Нэмж мэдээлэхэд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог Хармагтайн орд Оюут улаан, Шар чулуут хэмээх хоёр ордыг хамардаг. Оюутолгойн ордоос хойд зүгт 120 километр зайд байрладаг. Ордын нөөцийг Австралийн Жорк стандартаар 680 мянган тонн зэс, 70 тонноос багагүй алт, 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тодорхойлсон. Хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тонн тутамд 0.59 грамм алт байдаг. Анх 1974 онд бүлэгчилсэн зураглалын явцад энэхүү ордын хүдрийн нөөцийг илрүүлсэн байна. Үүний дараа 1980 онд “Цагаан суварга” хайгуулын экспедици хайгуул явуулж, 484 мянган тонн зэс, 193 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоож байжээ.
Тухайн үеийн Техник эдийн засгийн үндэслэлээр жилд 3.5 сая тонн хүдэр боловсруулж, хөрөнгө оруулалтаа гурван жил найман сарын хугацаанд нөхөх боломжтой хэмээн үзсэн. Тус ордын тусгай зөвшөөрлийг 6.6 мянган га талбайд Ашигт малтмалын газрын даргын 2010.09.03-ны №393 тушаалаар олгосон юм. Харин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны долдугаар сарын 14-ний өдрийн ХХ-10-02 дүгнэлтээр 38 тонн алт, 348 мянган тонн зэсийн нөөцтэй гэж бүртгэж авсан байна. Тус алт, зэсийн ордыг 2013 оны есдүгээр сарын 27-нд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Оюут-Улаан” ХХК ашиглахаар тусгай зөвшөөрөл авсан байдаг.

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм6 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Эдийн засаг5 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм7 цаг өмнө
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна
-
Нийгэм5 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Улс төр7 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо