Эдийн засаг
ЖДҮХС-гаас зээл олгох нөхцөлүүд

ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч (ЖДҮЭ) нарт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл олгох журмыг шинэчлэн баталжээ. Журмыг ХЗДХЯ бүртгэж авсанаар хүчин төгөлдөр болжээ. Ийм учраас уг журмын дагуу ЖДҮЭ иргэн, аж ахуйн нэгжээс 5 дугаар сарын 27 (даваа гаригаас)-оос эхлэн тус сан төсөл хүлээн авах ажээ. Амжиргаагаа залгуулах аж ахуй эрхлэгч танд зориулагдсан ЖДҮХС-гаас зээл олгох журмын иргэн, аж ахуйн нэгжид өгөөжтэй байх зарим нөхцөлийг танд хүргэх нь зөв гэж үзлээ.
Тус сангаас 2018 он УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий этгээд (эхнэр хүүхэд) 500 саяас нэг тэрбум 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй авсан тухай мэдээлэл цацагдаж байсан юм. Гэвч энэ талаар ямар нэг хариуцлага хүлээсэн УИХ-ын гишүүн одоогоор байхгүй. Тэгвэл шинэ журмаар Төрийн өндөр албан тушаалтан тэдний гэр бүр, үр хүүхдийг тус сангаас зээл авахыг бүрэн хориглосон байна.
Зээллэг олгох хэлбэр, хэмжээ
Зээлийг Арилжааны банк / “цаашид “Банк” гэх/-аар дамжуулах болон сангаас шууд олгоно. Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг, дээд хэмжээ 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг хуртэл, Дэд хорооны хурал (орон нутагт)-аар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000/ хорин сая/ төгрөг, дээд хэмжээ 200,000,000 /хоёр зуун сая/төгрөг хүртэл байна.
Харин сангаас шууд зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000 /хорин сая/, дээд хэмжээ 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг хүртэл байна гэжээ.
Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд
- төслийн товч агуулга
- иргэн, хуулийн этгээдийн нэр
- үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил, иргэн, хуулийн этгээдийн албан ёсны хаяг, төсөл хэрэгжих байршил
- нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн эх уусвэрээс санхүүжүүлэх 30 хувиас доошгүй хөрөнгийн хэмжээ
- үйлдвэрлэл, үйлчилгээ болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл
- одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл
Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд
- үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа
- түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц
- үйлдвэрлэлийн хучин чадал
- хэрэгжүүлэх төслийн тоног төхөөрөмжийн жагсаалт
Удирдлага болон хүний нөөцийн тухай мэдээлэлд
- бүтэц, орон тоо
- ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар
- шинээр бий болгох ажлын байрны тоо
Зах зээлийн судалгаанд
- зах зээлийн төлөв байдал
- SWOT шинжилгээ
- хэрэглэгчдийн тодорхойлолт
Эдийн засгийн тооцоонд
- үндсэн уйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний нийт орлого
- борлуулалтын орлогын тооцоо
- үйлдвэрлэлийн зардлын тооцоо
- бүтээгдэхүүний өртгийн тооцоо
- бүтээгдэхүүний нэгжийн борлуулалтын төлөвлөгөө
- үйлдвэр, үйлчилгээ, худалдааны ур ашгийн тооцоо
- төслийн өгөөж, өртгийн тооцоо
- төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо
- зээлийн зарцуулалтын тооцоо
ЖДҮЭ иргэний төсөлд хавсаргах материалууд
- зээлийн өргөдөл /сангаас баталсан загварын дагуу/
- иргэний унэмлэхийн хуулбар /цахим лавлагаа/
- оршин суугаа хаягийн тодорхойлолт
- зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал
- барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар
- хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь
- татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийн хуулбар
- жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ /тодорхойлолт/
- төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шуухийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
- харилцдаг татварын байгууллагын татварын өргүй талаар тодорхойлолт
Төсөл сонгон шалгаруулалт зарлах, хүлээн авах
Сан нь улсын хэмжээнд төсөл хулээн авах зарыг өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх үүргийг хүлээнэ. Тус зард төсөл хүлээн авч эхлэх, дуусах хугацаа, байршил, зээлийн нөхцөл, холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллийг тусгана. Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь тухайн орон нутагт хэрэгжих 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс 200,000,000 /хоёр зуун/ сая хуртэл төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг цаасан хэлбэрээр хүлээн авна. Сан нь орон нутагт болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 20,000,000 /хорин сая/ тегрегеес 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг хүртэл санхүүжилт хүссэн төслийг цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна. Хэрэв цахимаар болон цаасан хэлбэрээр нэгэн зэрэг ирүүлсэн тохиолдолд цаасан хэлбэрийг судална.
Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь төсөл хулээн авахаас хуанлийн 10-аас доошгүй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана. Төслийг хуанлийн 14 хоногийн турш хүлээн авна.
Төсөл сонгон шалгаруулах үе шат
Сангаас шууд олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар онооны системээр үнэлнэ.Төслийн иж бүрдлийг шалгах ба иж бүрдлийг бүрэн хангасан төслийг дараагийн шатанд шилжүүлнэ. Төслийн судалгааг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70- аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлнэ. Төсөлд нарийвчилсан судалгааг хийж, 100 хуртэл оноогоор дугнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг хорооны хурлаар хэлэлцүүлнэ.Төслийг хорооны хурлаар хэлэлцэж, гишүүн тус бүр 100 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргана. Хороо нь үе шат бүрт авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлнэ. Гэхдээ зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан эхний ээлжинд санхүүжүүлэх төслүүдийг жагсаалтаар батална. Дараа нь шалгуур үзүүлэлт хангаагүй, барьцаа хөрөнгө хүрэлцээгүй зэрэг шалтгааны улмаас эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт мөн батлах ажээ. Эдгээр нөхцөлийг таны төсөл хангасан тохиолдолд ЖДҮХС-аас зээл авч болно. Хэрэгжүүлэх төслийн өртгийн 30 хувийг та өөрийн мөнгөн хөрөнгөөр бүрдүүлнэ. Үлдэгдэл санхүүжилтийг тус сангаас зээлээр авах боломжтой болох бололтой.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.