Эдийн засаг
“Шатдаг чулуу”-ны зах зээлд Монголын үнэ ингэж өснө

Үйлдвэрлэлийн түүхий эд, бараа бүтээгдэхүүний хандлага, нөхцөл байдлын өөрчлөлтийг ажиглан судалдаг “Fitch Solutions” байгууллагаас гаргасан тайланг өнгөрсөн баасан гаригт “Mining.com” мэдээлжээ. Тус тайланд онцолсон зарим мэдээллээс хүргэж байна.
Энэ онд коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 195 ам.доллараар үнэлэгдсэн хэвээр байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Хятадын Засгийн газрын эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогын нөлөөгөөр АНУ, Хятадын харилцааны хүрээнд гангийн үйлдвэрлэл хүчирхэг байх төлөвтэй байна. Улмаар энэ үйлдвэрлэлийн гол түүхий эд болсон энэ ашигт малтмалын эрэлт ч дагаад “өгсөх” нь.


Австралийн зах зээл нь “татарч” байна
Нийлүүлэгчдийн тухайд Австралийн тал зах зээл нь “татарч” буйгаас уул уурхай болон нүүрсний салбарт компаниуд тэгтлээ хошуурахаа болих талаар ажиглагчид онцолж байна. Ингэснээр Монгол зэрэг коксжих экспортлогч орнуудаас авах Хятадын импорт улам нэмэгдэх хандлага бий болж байгаа юм. Үүнээс гадна “Fitch”-ийн шинжээчдийн таамаглаж буйгаар шатдаг “чулуу”-ны үнэ айсуй хэдэн улиралд дамнан өсөх хандлагатай талаарх өөдрөг төлвийг танилцуулж байна. Учир нь урт хугацаандаа Хятадын гангийн салбар удаашраад байсан төдийгүй Австралийн коксжих нүүрсний эрэлт ч суларсан билээ.
АНУ, Хятадын худалдааны дайны хурцадмал байдлын дүнд Ши Жинпинийн Засгийн газар хүндхэн замыг туулж буй эдийн засгаа дотоодын үйлдвэрлэлийн хүчээр босгож ирэх бодлого баримталж байгаа юм. Ялангуяа, дэд бүтцийн салбарыг онцолж байгаа учир гангийн эрэлт хэрэгцээг дагаад коксжих нүүрсээр ихээхэн “цангах” төлөв ажиглагдаж байгааг шинжээчид хэлж байна.
Энэ салбартаа Хятадад дээгүүр байр эзэлдэг Австрали болон Энэтхэгээс авдаг коксжих нүүрсний импорт жилийн өмнөхөөсөө 11.7 хувиар буурсан байна.
Урт хугацаандаа эрэлт хэрхэн өөрчлөгдөх вэ?
2020 он хүртэл “Fitch”-ийн таамаглаж буйгаар Австралийн коксжих нүүрсний үнэ буурах хандлагатай байна. Хятадын гангийн салбарын дахин сэргэлт үүнд ихээхэн нөлөө үзүүлэх нь. “Fitch”-ийн урьдчилсан таамгаар бол Хятад улс коксжих нүүрсний хамгийн том зах зээл хэвээр байх нь. Цагаан хэрмийн эзэд энэ онд энэхүү “шатдаг чулуу”-ны олборлолтоо 536 сая тоннд хүргэх бол 2028 он гэхэд 551 сая тоннд аваачсанаар салбартаа дэлхийд хоёрдугаарт бичигдэх томоохон олборлогч болох төлөвтэй.
2026 он гэхэд ОХУ коксжих нүүрсний олборлолтоороо Индонезийг давж, дэлхийд гуравдугаарт бичигдэнэ хэмээн шинжээчид таамаглажээ. Тэгэхээр гангийн удааширч буй энэ зах зээлд оройг нь эзэлж явсан Хятад, Австрали, Индонез улс Орос, Энэтхэг, Монгол гэсэн өрсөлдөгчдөдөө хүчээ алгуур алдах ирээдүй хүлээж байна.
Монголын коксжих нүүрсний компаниудын хувьцааны ханш
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай Ухаа худаг уурхайд олборлолтоо явуулж буй Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани коксжих нүүрсний олборлолтоороо Монголд хамгийн томд тооцогддог. 2010 оны тавдугаар сарын 18-нд үүсгэн байгуулагдсан энэ компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гаригийн байдлаар 0.13 Хонг Конг доллар байв. 2014 оны аравдугаар сарын 24-нд энэ үнэт цаас 1.20 Хонг Конг доллар байлаа. Түүнээс хойш энэ хувьцааны ханш дахин өсөөгүй юм.
Овоот, Нүүрстэй зэрэг коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлдэг Монголын “Aspire Mining Limited” компанийн төв нь Австралид байдаг. Энэ компанийн Австралийн хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш өнгөрсөн баасан гаригт 0.020 австрали доллар болжээ. 2014 оны наймдугаар сарын 29-нд энэ хувьцааны ханш 0.050 австрали доллар байсан байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.