Энтертайнмент
“Яг түүн шиг” шоуны дуэт ялагч Б.Халиун, Т.Бархүү
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын дөрөв дэх дугаарын ялагчаар дуучин Б.Халиун, жүжигчин Т.Бархүү нар хослон ялагч болж, зургаан сая төгрөгөөр шагнууллаа.
Өнгөрөгч ням гаригийн дугаараар шилдэг найман оролцогч анх удаа хос болж, дуэт үзүүлбэрийг үзүүлснээрээ онцлог байлаа. Тодруулбал, дуучин П.Баярцэнгэл Г.Сүндэрмаа нар хамтран реппэр, продюсер Pitbull, Мarc Anthony-гийн дүрд хувирч, 2011 онд гарч байсан “Rain Over Me” дууг дуулсан бол загвар өмсөгч С.Сарнай дуучин Б.Нацагдорж Suzi Quatro, Сhris Norman нарыг яг түүн шиг дуурайж, үзэгчдийг 1978 онд авчирч чадсан юм.
Харин дуучин Б.Маралжингоо дуучин Б.Амархүү хамтдаа Shakira, Beyonce болж, бэлхүүсний бүжгийг тун чадварлаг бүжиглэсэн бол дуучин Б.Халиун жүжигчин Т.Бархүүтэй хослон Аdam Levine, Rihanna-гийн дүрд хувирч, тун ширүүн өрсөлдөөнийг өрнүүллээ. “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогчид дараагийн дугаарт нэг нэгээрээ дэлхийн болон монголынхоо алдартай уран бүтээлчдийг дуурайхаар баззер таараад байгаа билээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.