Нийгэм
П.Батчулуун: Эд эрхтнээ бусдын амь насыг аврахад зориулах нь буяны дээд буян, өглөгийн дээд өглөг
Эрхтэн шилжүүлэх тухай хууль батлагдаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуунтай ярилцлаа.
-Эрхтэн шилжүүлэх тухай хууль хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэчнээн хүнд эд, эрхтэн шилжүүлэн суулгав?
-Манай алба байгуулагдаад нэг жил хоёр cap болж байна. Энэ хугацаанд манай албаны таван хүн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хуулийн хүрээнд зохицуулах үйл ажиллагааг шийдвэрлэж байхын тулд нэлээн ажил хийлээ. 2018 онд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгүүдэд тархиндаа цус харвасан, тархинд нь гэмтэл үүссэн донор болж болохоор 70 гаруй хүмүүсийг илрүүлсэн.
Эдгээрээс бид 2018 ондоо дөрвөн донорын гэр бүлтэй уулзаж зөвшөөрөл авсан. Зургаан гэр бүлээс татгалзсан хариу авсан. Зөвшөөрөл авсан дөрвөн донорын нэгээс эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн. Хоёр бөөрийг шилжүүлэн суулгах эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт амжилттай хийсэн. Он гарсаар тархиндаа гэмтэл авсан, цус харвасан дахин тавь гаруй хүмүүс бүртгэгдэн, үйл ажиллагаа явуулаад найман донорын гэр бүлтэй уулзсан. Тэдний зургаан гэр бүлээс нь зөвшөөрөл авсан.
Үлдсэн 4-5 хүн донорын шалгуурт тэнцэхгүй болж таарсан. Он гарсаар бид дөрвөн хүнд бөөр, хоёр хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг тархины үхжилттэй донороос амжилттай хийсэн.
-Тархины үхэлд хүргэх шалтгаанууд юу байна?
-Ихэнх тохиолдолд гэмтлийн улмаас болон даралт ихсэх өвчнөөс болж тархинд нь цус харвалтаас болж тархины үхэлд хүрдэг. Гэмтэл гэдэг өөрөө зуурдын асуудал. Тархинд цус харвах нь даралт ихсэх өвчнөөс шалтгаалж байгаа. Зүрх судасны өвчин, даралт ихсэх нь тархинд цус харвах өвчний гол шалтгаан болдог. Энэ нь нас баралтын нэгдүгээрт орж байна.
Мөн элэг, ходоодны хавдар, амьсгалын замын өвчин, хоол боловсруулах замын өвчин, бөөр шээс ялгаруулах замын өвчин зэрэг нь нас баралтаараа ч, өвчлөлөөрөө ч Монгол Улсад тэргүүлж байгаа. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэвэл жил бүр осол гэмтэл, тархинд цус харвалт буурахгүй байгаад л байна. Тархинд цус харвалт 2,000-аас буухгүй байгаа.
Сүүлийн жилүүдэд 2,200- 2,400 болж нэмэгдсэн гэсэн харамсалтай статистик мэдээлэл байгаа. Осол гэмтлээс болоод жил бүр 500-600 хүн нас барж байна гэсэн харамсалтай тоо бас бий. Тэгэхээр элэг, бөөр, зүрхний дутагдалд ороод байгаа цуллаг эрхтний эмгэгийн төгсгөлийн үе шатанд орсон өнөө маргаашаа хүлээж буй эрхтэн шилжүүлэх эмчилгээнээс өөр эмчилгээгүй болсон хүмүүс манайд маш олон бий.
Эрхтэн шилжүүлэн суулгах албаны хүлээх жагсаалтад бөөр шилжүүлэн суулгах 204 хүн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах шаардлагатай тавин хүн, Хавдар судлалын үндэсний тев дээр элэг шилжүүлэн суулгах 50 гаруй хүн бичигдсэн байгаа. Гэтэл цаана нь элэгний хавдар, хатуурлаар нас барж буй болон гемодеализийн эмчилгээ буюу хиймэл бөөрний эмчилгээ хийгдэж байгаад хүлээх жагсаалтад явж байгаад нас барж буй маш олон хүн бий. Тэгэхээр хэрэгцээ буюу эрхтэн шилжүүлэн суулгах хүмүүсийн тоо их байна.
Түүний зэрэгцээгээр олон хүн тархиндаа гэмтэл авсан, цус харваж тархины үхэлд хүрсэн хүмүүс байгаа юм. Харамсалтайгаар, золгүй байдлаар тархины үхэлд хүрч, түүнийг нь анагаахын шинжлэх ухааны тусгай сорил, оношилгоогоор баталсан үед бусдын амь нас эрүүл мэндийг аврахад зориулж болох юм гэдгийг хэлэх гээд байгаа юм.
-Танай албаны гол зорилго тэгэхээр эрхтэн шилжүүлэх донор олж хэрэгцээтэй хүмүүст нь шилжүүлэн суулгах эмчилгээг хийх ёстой гэсэн үг үү?
-Бид Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон зарим дүүргийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна. Эдгээр эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгуудад тархинд нь цус харвасан донор болох боломжтой эмчлүүлэгчийн гэр бүлтэй уулзаж бодит байдлыг танилцуулж донорын тухай хуулийн дагуу Эрхтний донор болох хүсэлтийг тавьдаг.
Үүний тулд нэлээд сайн ярилцаж, зарим үед тайлбарлаж, учир холбогдлыг ойлгуулах нь түвэгтэй ч ажил үүргийнхээ дагуу л хийдэг л дээ. Зөвшөөрөл өгч байгаа гэр бүл бол буяны дээд буян үйлдэж буй хэрэг. Тухайн хүнийхээ хойт насны зам мөрийг тэгшилж, буян үйлдэж буй гэж би ойлгодог. Нэгэн монгол залууд , бүсгүйд шинээр амьдрах боломж, шинэ амьдралыг бэлэглэдэг. Нэг гэр бүлд элэг бүтэн амьдрах боломж өгч байна. Энэ бол агуу их өгөөмөр хайр халамж, гүн туслалцаа юм. Үгээр тайлбарлаж хэлэхийн аргагүй.
-Тархины харвалттай өвчтөн бүр донор болох шалгуурыг хангадаггүй байх?
-Хэдийгээр тархины харвалттай, цаашид амьдарч чадахгүй болсон хүмүүсийн гэр бүл буян үйлдэж эд эрхтнийг донор болгон өгье гэдэг боловч нарийн шалгуурыг давах нь хязгаарлагдмал. Яагаад гэвэл өөрөө суурь өвчтэй, В,С вирустэй, бусад халдварт өвчтэй, элэг нь өөхжилттэй гэх мэт өвчлөлөөс болоод донор болохыг зөвшөөрсөн боловч эрхтэн шилжүүлэн суулгах боломжгүй болдог.
-Донор болох боломжтой нь тогтоогдсон ч гэр бүл нь зөвшөөрдөггүй шалтгаан юу вэ?
-2018 онд 70 гаруй тохиолдол, 2019 онд тавь гаруй бүртгэгдсэн гэж түрүүн хэлсэн. Эдгээр тохиолдлыг судлаад гэр бүлтэй нь уулзаад зөвшөөрөл авах гээд хүсэлт тавихаар хүмүүс ер нь донорын тухай хуулийн талаар бага зэргийн ойлголттой болсон байна. Тэгээд ойлгож байна, энэ бол буянтай хэрэг гэдэг боловч хоорондоо ярилцаад зөвшилцөөд эргээд бидэнд хариу хэлэхдээ “Бид лам багшаасаа, бөөгөөсөө асуулаа. Хоорондоо ярилцаад энэ хүндээ мэс хүргэхгүй байя гэж шийдлээ” гэдэг.
Үүнийг би сургаал ном айлдаж байгаа лам багш нь бас маш том буян үйлдэж буй хэрэг гэдгийг зөв тайлбарлаж ойлгуулаасай гэж боддог. Бурхны номонд нас барсан хүнийг юу гэдгийг ярилцаж, зөвшилцөж олон лам багш нараас асууж үзсэн л дээ. Шинжлэх ухаанаар бол тархи нь эргэлт буцалтгүйгээр үхэлд хүрч, хэзээ ч сэргэшгүй болсон нь биологийн үхэл гэж үздэг.
Бурхан шашны номонд бол хүн хоёр биеэс бүрддэг. Нэг нь бол оюуны бие буюу сүнсэн бие. Нөгөөх нь махан бие буюу бодь бие гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр нэгэнт хүний тархи үхээд сүнс нь биеэс гараад явсан тохиолдолд махан бие нь үлддэг. Махан биеийг бусдын сайн сайхны төлөө, амь насыг аврахын тулд зориулж болно гэж номлодог юм байна л даа. Учир нь дээр үеэс нас барсан хүнийг ил задгай тавьдаг байжээ. Тойруу замаар чоно, нохой, шувуу хооллох гэсэн үг. Энэ нь чоно зэрэг зэрлэг хээрийн амьтад айл амьтны хонь мал идэхгүй, тэр амьтны амь насыг аварч байна гэсэн утга учиртай.
Түүгээр ч барахгүй бурхны номонд бурхан багш өөрөө өөрийнхөө мэлмийг аваад шавьдаа өгч байсан. Шавь нь нүд сохорчихсон байж. Өлсгөлөн бар турж үхэх гэж байхад нь өөрийнхөө биеийн хэсгээс огтолж өгөөд тэжээж байсан гэхчилэнгээр бурхан багшийн тухай үлгэр домог байдаг юм билээ. Энэ номлолыг хүмүүст зөв ойлгуулж, тэр хүний хойт насанд ямар их буян хурахыг тайлбарлан таниулж өгч байгаасай гэж бодож байдаг. Тэгэхээр энэ бол буяны дээд буян, өглөгийн дээд өглөг юм даа л гэж боддог доо.
-Тархи нь үхэжсэн хүмүүсийн хэчнээн хувь нь донор болох боломжтой байдаг вэ?
-Үүнийг нарийн тооцоолж гаргаж үзээгүй. Донор болгох шалгуур өөрөө асар өндөр. 65-аас дээш настай хүнийг донор болгохгүй гээд л эхэлнэ. Монгол Улсад жилд дунджаар 80 гаруй мянган хүн нас барж байна. Хүн болгон донор болох бололцоотой биш. Энэ нь бурхнаас заяагдсан буяны өгөгдөл гэж би хэлнэ. Тухайн хүн харамсалтайгаар нас барж буй хэдий ч бусдад буян үйлдэх, сонгогдсон шалгарсан хүн юм. Энэ бол тэр болгон хүнд заяах хувь тавилан биш.
Гэтэл тэр хүний гэр бүлийнхэн нь мэс хүргэхгүй гэдэг ганцхан шалтгаанаар татгалзаж байгаа. Донорын тухай хуулийн 13.2 дугаар заалтад Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн хүн амьд ахуйдаа донор болохыг зөвшөөрөх заалт орсон. Тэгэхээр 25 насанд хүрсэн иргэн бүр өөрийн гэрээслэлийг үлдээж болно. Гэрээслэл үлдээх маягт бүх зүйл нь бэлэн болчихсон. Хэвлэлтэд өгөхөөр бэлдээд байна. Эмнэлгүүдээр удахгүй тараана. Дэлхийн ендөр хегжилтэй орнууд болох Япон, АНУ зэрэг нь донорын карт гэж байдаг. Бид тийм карт хийж тараах ажлыг эхлүүлээд явж байгаа.
-Донорын эд эрхтэнг авч буй өвчтөн төлбөр төлдөг вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах төвөөс эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд ямар нэгэн мөнгөний хөшүүрэг болон урамшуулал авч болохгүй гэж заасан. Хэрвээ мөнгөний асуудалд орооцолдох юм бол хүний эд эрхтний наймаа, хүний наймааны асуудал үүснэ. Мөнгөтэй холбогдсон юм болгон л бохир болчихдог шүү дээ. Тэгэхээр мөнгөнөөс ангид байлгая, хүний сайн санааны үүднээс авлагагүй өглөг байлгая, бусдын сайн сайхны төлөө эд эрхтнээ зориулж байх их буян үйлдэхийг л уриалж буй юм.
-Цаашид донорыг дэмжихээр ямар ажлууд төлөвлөөд байна?
-Бид эрхтэн шилжүүлэх сайн үйлсийн талаар олон газар сургалт, сурталчилгаа хийгээд явж байна. Зургаадугаар сарын 29-нд гадаадын эрдэмтэдтэй хамтран Д.Сүхбаатарын талбай дээр донорын үйл хэргийг дэмжсэн “Амьдрал бэлэглэе” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Донорууддаа хүндэтгэл үзүүлнэ.
-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс нөхөн төлжилт хэр байдаг вэ. Эргээд ажил төрлөө хийгээд явахад хүндрэл гардаг уу?
-Бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 88 хувь нь, элэг болон зүрх шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 56 хувь ажилдаа эргээд ордог гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан байдаг. Монголд эрхтэн суулгуулсан хүмүүсийн амьдралын чанар эрс сайжирч, бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 99 хувь нь нэг жил амьдарч байгаа. Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт элэг суулгуулсан хүмүүсийн 93 хувь нэг жил амьдарч байна.
Хавдар судлалын үндэсний төвд суулгуулсан хүмүүсийн 90 хувь нь, ясны чөмөг шилжүүлэн суулгуулсан хүмүүс 100 хувь нэг жил амьдарч байгаа нь бидний ажлын үр дүнг харуулж буй байх. Мөн эрхтэн шилжүүлэн суулгуулаад гурав, таван, арван жил амьдарч байгаа нь энэ эмчилгээний үр дүн ямар сайн байгааг харуулж байна. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд маань өөрсдийнхөө үүргийг сайн биелүүлж байгаа. Илүү их сайн үйл бүтээхийг төр засаг,ард иргэд маань дэмжин ажиллахыг хүсэж байна.
-Энэхүү эмчилгээний ирээдүйн хөгжил ямархуу байх бол?
-Энэ талаар би маш их өөдрөг үзэл бодолтой байгаа. Энэ дэлхийн олон эрдэмтэд судалсаар байгаад хүн гэдэг амьтан энэ ертөнцөд заяахдаа өөрийнхөө нөөц буюу запас эд материалтайгаа ирдэг гэдгийг тогтоосон. Тэр бол Үүдэл Эс буюу Stem Cell юм. Энэ бол ирээдүйн XXI зууны Анагаах ухааны гайхамшиг.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм16 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр16 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр16 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа