Нийгэм
Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таних вэ?
Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зөвлөмжийг гаргажээ.
Хатгалгаа гэж юу вэ?
Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ.
Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн хамгаалах вэ?
- Хүүхдээ төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм.
- Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.
Хатгалгаагаар өвчлөх эрсдлүүд:
- Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг.
- Хүүхдийг хэт бэгнэж гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна.
- Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.
Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
- Товлолын дагуу вакцинуудыг хүүхдэдээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
- Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Тиймээс гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэх нь зүйтэй.
- Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.
Хатгалгаа өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга:
- Ханиалгах
- Халуурах
- Нус гоожих
- Тайван бус болох
- Хоолонд дургүй болох
- Заримдаа амьсгаадах
- Цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнийг ХАНИАД ШУУХИНАА гэж үздэг.
Дээрх шинжээс гадна амьсгал олширох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал УУШГИНЫ ХАТГАЛГАА гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандаарай.
Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ?
Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг АМЬСГАЛ ОЛШИРОХ гэнэ. Үүнд:
- 2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон
- 2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон
- 12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.
Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой. Унтаж байхад нь тоолбол бүр сайн.
Секундын зүүтэй юм уу эсвэл электрон цаг ашиглана.
Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж үзээрэй. Амьсгал авахад нь хэвлий төмбийж, гаргах үед нь цааш болох бөгөөд үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаарах хэрэгтэй.
Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ. Хэрэв хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ЯАРАЛТАЙ хандаарай.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.