Эдийн засаг
Шатахууны үнийн зөвлөл сүүлийн хагас жилд нэг ч удаа хуралдсангүй

Шатахуун импортлогчид жижиглэнгийн үнээ удаа дараа нэмсэнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийжээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд АИ-92 төрлийн шатахууны үнэ нэг литр нь 1,819 төгрөг байсан бол энэ сарын 28-нд 1,980 төгрөг болж өссөн. Энэ нь Оросын “Роснефть” компаниас манайд нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой хэмээн шатахуун импортлогчид тайлбарласан. Гэтэл шатахуун импортлогч 17 компаниас тус газарт ирүүлсэн жижиглэнгийн үнийн мэдээлэл, өртөг болон ашиг, алдагдлын тооцооллоос үзэхэд гадаад хилийн үнэ өссөн ч жижиглэн борлуулалтын үнийг 97-161 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл үүсээгүй байна гэж ШӨХТГ-аас үзжээ.
Өөрөөр хэлбэл, компаниудын үйл ажиллагааны зардлыг хянаж үзэхэд, АИ-92 төрлийн шатахуун литр тутамдаа 30-100, дизель түлш литр тутамдаа 270-289 төгрөгийн ашигтай байхад жижиглэн борлуулалтын үнийг нэмэгдүүлсэн гэдэг нь тогтоогдсон байна.
Энэ хүрээнд Засгийн газар болон салбарын яам, агентлагаас яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн саналаа Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нарт хүргүүлжээ. Тухайлбал, аж ахуй эрхлэгчдээс ирүүлсэн өртгийн тооцоололд үйл ажиллагааны зардал нь тухайн компанийн бүтцээс хамааран харилцан адилгүй байдаг аж.
Гэтэл Засгийн газраас шатахуун, түлшний жижиглэнгийн үнийн зохицуулалтыг хийхдээ Сангийн яамны тооцооллыг үндэслэсээр иржээ. Сангийн яам шатахуун импортлогчдын үйл ажиллагааны зардлыг тооцохдоо компани тус бүрийн үйл ажиллагааны зардлын дүнгээр тооцдоггүй, нэг литр шатахуун борлуулахад гарах үйл ажиллагааны зардлыг 225 төгрөгөөр, зээлийн хүүг 18 хувиар тооцдог байна. Тиймээс салбар хариуцсан эрх бүхий байгууллагууд компани тус бүрийн санхүүгийн тайланд нарийвчилсан тооцоо хийж, өртгийг нь бодитоор тооцох шаардлагатай гэж үзжээ.
Мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газраас шатахууны үнийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд Монгол Улсад импортолж буй газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ, валютын ханшны өөрчлөлттэй уялдуулан татварыг нэмэх, бууруулах, тэглэх хүртэл зохицуулалтыг авч хэрэгжүүлж ирсэн байдаг. Хамгийн сүүлд өргөн хэрэглээний А-80, АИ-92 төрлийн шатахууны татварыг тэглэх хүртэл арга хэмжээ авсан ч аж ахуй эрхлэгчдийн зүгээс шатахууны үнийг удаа дараалан нэмэгдүүлсээр байгаа юм. Иймд татварын зохицуулалтад хамрагдаж буй компаниудтай гэрээ байгуулж, зөвхөн жижиглэнгээр худалдаалж байгаа худалдаа эрхлэгчдэд татварын зохицуулалтыг олгодог болохыг зөвлөсөн байна.
Үүнээс гадна “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн үйл ажиллагааг тогтмол болгох, ажлын зохион байгуулалтыг сайжруулах санал гаргажээ. Тухайлбал, энэ он гарсаар шатахуун импортлогчид жижиглэнгийн борлуулалтын үнээ өнгөрсөн сард хоёр удаа, энэ сард нэг удаа нэмэгдүүлснээр шатахууны үнэ дээд тал нь 204 төгрөгөөр нэмэгдсэн.
Энэхүү үнийн өсөлттэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийг яаралтай хуралдуулж, шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хамтарсан зөвлөлийн ахлагч Д.Сумъяабазар, Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа хүргүүлжээ. Гэвч үнийн зөвлөлийг өнгөрсөн оны аравдугаар сарын 18-наас хойш өнөөдрийг хүртэл хуралдаагүй байгаа аж.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.