Connect with us

Улс төр

Н.Лүндэндорж: Эрүү шүүлт цаашдаа байх л болчихоод байна

Нийтэлсэн

-

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа энэ үед түүнтэй хууль эрх зүйн орчин, тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг олон асуудлаар ярилцсанаа хүргэе.

-Хууль, шүүхийн байгууллагын нэр хүнд шалдаа уналаа. Нөгөө шинэтгэлийн үр дүн хаачсан бэ?

-Яасан ноцтой асуудлаар эхэлж байх юм. Сонсоход гашуун ч няцаах боломжгүй асуулт байна. Ард түмэн ингэж асуух эрхтэй. Шинэтгэлийн үр дүн муу байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой. Дотоод, гадаад гэх мэт. Шүүхийн тухайд шинэтгэлээр их зүйл амжуулсныг би хаана ч хэлнэ. Би Ерөнхийлөгчид зургаан жилийн ажлаа тайлагнахдаа ч хэлсэн. Шинэтгэл хийгээгүй бол үүнээс долоон дор юм болох байсныг мартаж болохгүй.

Ер нь шүүх нь туг болчихсон улсыг дэлхийгээс хайгаад олохгүй. Гэхдээ шүүхэд асуудал байгаа юу гэвэл байгаа. Өргөс авсан мэт засарна гэж бодох гэнэн хэрэг. Шүүх, банк хоёр нэг л эвгүй эсвэл эерэг мэдээгээр унаж, босож байдаг. Банкийг нэг цуурхал дампууруулж чадна. Шүүгчийн нэг буруу үйлдэл бүхэл бүтэн шүүхийг донсолгоно. Ийм л эмзэг байгууллага. Одоо энэ мөн чанараа харуулж байна. Шүүхийг улс төрчид баллаж байгаа. Буруу хууль гаргана, урхидна, нөлөөлнө, дарамтална, эрх мэдлээ ашиглан боон хясна гэх мэтээр.

Шүүхийн хараат бус байдал хуулиас, нөөцөөс, өөрийн үйл ажиллагаа, хуулийн бусад байгууллагын зөв нийлэмжээс хамаардаг. Үүнийг бид одоо ч ойлгоогүй эсвэл ойлгосон ч хүсэхгүй байна. Бид зөвхөн шүүхийн өөрийн үйл ажиллагааг онцолж ярьдаг, шинэтгэлийг энд дангаар хийх гэж оролдсон. Гэтэл хуулиудыг өөрчилсөн ч олигтой шинэтгээгүй, нөөцийг хангаагүй харин улам борцолсон, хуулийн бусад байгууллагыг шинэчлээгүй үлдээсэн. Үүнээс болж цогц хийх ёстой ажил өрөөсгөл болсон.

Хуулийн байгууллагад шинэчлэл цогцоор хийгээгүйн улмаас эрүүдэн шүүлт үргэлжилсээр, түүнийгээ нуусаар байсан. Тэр ил болонгуут хамтдаа бүгд унасан. Шүүх би хийгээгүй, цагдаа хийсэн гээд яах юм. Түүний цуглуулсан нотлох баримтыг үнэлж хэрэг шийддэг биз дээ. Ийм л юм боллоо. Үүнээс болж хууль шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэл алдарлаа. Эцэст нь улсын үндэс ганхаж байна. Улс, төрд итгэхээ больж байна шүү дээ.

-Эрүүгийн хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлээ биз дээ.

-Шинэчлэл хийсэн боловч тэр нь гар гар дамжсаар сүүлдээ цогц шинжгүй, шинэтгэлийн амин сүнсүүд нь алга болсон. Олон зүйл дээр ухралт хийсэн. Хамгийн сүүлийн муу жишээ, ухралт бол эрүүгийн хэргийг шүүхээс прокурорт буцаадаг болгочихлоо. Цөөнгүй жил судалж, ярьж, шүүмжилж байж зогсоосон. Шүүгчид дэмжиж, ойлгож байсан. Гэтэл эгзгийг олж сэмхэн ухраасан. Өнгөн тал нь хэргийн нарийн учрыг олох, хохирогчийн эрх ашгийг хамгаалах, ял шийтгэл гарцаагүй байх гэх мэтээр зарим шүүгч, улс төрчид тайлбарладаг. Тийм тал байгаа. Гэтэл дотор талд нь ноцтой асуудал нуугдаж байгааг хууль тогтоогчид олж хараагүй. “Тэвнийн чинээ нүхээр тэмээ шиг жавар орно” гэдэг шиг л юм болно доо. Энэ нүхээр хэрэг таргалж ч мэднэ, турж ч мэднэ. Цаана нь нөгөө л муу бүхэн цэцэглэнэ. Бас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дуулиан байна. Ийм хууль баталснаас болоод авлигачдыг шүүх суллачихлаа гээд бөөн шүүмжлэл, бухимдал. Гэтэл тэр хуулийг шүүгч яалтай билээ.

-Прокурорын хуулийг бас шинэчилсэн шиг санана.

-Тэгсэн. Гэхдээ хуучин аргаар, байгууллагын тухай хууль хийсэн байна лээ. Үйл ажиллагааны хууль болж чадаагүй. Хамгийн ноцтой нь социализмын үед зөвлөлт засагт байсан прокурорын ерөнхий хяналтыг бараг сэргээх шахсан байна лээ.

Прокурорын байгуулга хуулийн байгууллагын тогтолцоонд онцгой байр эзэлдэг чухал институт. Гэтэл прокурорын хараат бус байдлыг энэ хуулиар бараг хөндөөгүй. Толгойд нь нэг хоосон лоозон байсан шиг санана. Уул нь энэ асуудал уг хуулийн амин сүнс байх ёстой л доо. Үүнээс болоод эрүүгийн шүүн таслах ажиллагаа хуулиар бус өөр юмаар явах бололцоо, нүх сүв нээгдэж байгаа юм.. Гэтэл эрүүгийн шүүгчийн хараат бус байдлын угтвар нь прокурорын хараат бус байдал гэж дэлхий үздэг. Бид прокурорын хараат бус байдлыг босоо удирдлага гэдгээр нь хаачихдаг. Гэтэл олон улсад босоо удирдлагатай ч, прокурор нь хараат бус байх арга механизмыг олоод хуульчилж байна. Манайд байхгүй, мэдэхгүй. Дээд шатны прокурор чиглэл өгөхдөө заавал бичгээр, хуульд нийцүүлж өгнө. Тэр нь олон нийтэд ил тод байх тухай заалт манай хуульд байна уу гэх олон асуудал бий.

Цагдаагийн байгууллага олон нийтийн хэв журмыг сахиулах үүрэгтэй хууль сахиулагчид. Гэтэл шүүх дээр ирдэг эрүүгийн хавтаст хэргийн материалыг одоо хууль сахиулагчид бүрдүүлж байна. 2009 онд Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Алтанхуяг нэг зөвлөгөөн дээр “Бид цагдаагийн гарт байгаа, үүнийг өөрчлөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй” гэж хэлж билээ. Энэ одоо өөрчлөгдсөн үү. Прокурор хэрэг мөрдөх ажиллагааг хянадаг нэртэй ч гардан оролцоо маш бага. Ялын дүгнэлт бичихдээ хэргийн материалыг шүүгч шиг уншдаг байх жишээтэй. Үүний улмаас шүүхийн ажлыг цагдаа хийдэг гэж ярьдаг болсон. Зүй нь эрүүгийн хэргийг мөрдөн шалгадаг чиг үүрэг бүхэлдээ прокурорын мэдэлд байх ёстой. Үүний улмаас прокурорын байгууллагын бие даасан байдал, прокурорын хараат бус байдлын тухай ярьдаг. Энэ мэт хуулийн байгууллагын тогтолцоо, эрх зүйн зохицуулалтын оновчтой биш байдлаас өнөөгийн олон асуудал үүсэж байгаа. Үүнийг засах оролдлого Тэмүүжинг сайд байх үед нэг босож ирээд тэгээд унасан, унтарсан. Одоо үүнийг боддог хүн алга.

Харин эсрэг бодолтой хүмүүс олон байна. Тэгээд хоосон халаглаад, матрын нулимс унагаад байх жишээтэй. Мэдэхгүй байж болно , арга эвээ олохгүй байж болно. Хүсэл тэмүүлэл, зүтгэл, зөв санаа байх ёстой. Тэгвэл гарц дандаа л байдаг. Монголчууд бид юм зохиох хэрэггүй. Хүн төрөлхтний сайн туршлагыг олж мэддэг, түүний зөв нутагшуулах ухаан боловсрол бидэнд дутаад байна. Хүн мэдлэг, мэдээлэл дутуу бол байгаа хуучин дээрээ л эргэлдээд байдаг. Сүүлдээ бүр коммунизмаа эргэн дурсаж санаж, ул болсон зүйлийг сэргээхэд хүрээд байна. Энэ бол дэлхийн хэмжээний мэдлэг, мэдээлэл дутуутай холбоотой. Коммунизмд хайртайдаа биш байх.

Эцэст нь хэлэхэд, шинэтгэлийг нийт хуулийн байгууллагын тогтолцоонд нь цогцоор хийгээгүй доголон, эрэмдэг зэрэмдэг болгосон нь шинэтгэлийн үр дүнд шууд нөлөөлсөн. Нөгөө талаас хууль шүүхийн байгууллагын хэрэглэдэг хуулиудыг өөрчилсөн ч, шинэчилж чадсангүй. Өөрчлөлт болгон шинэтгэл биш шүү. Уул нь анх цогцоор хийх санаа сэдэл, бодлого гарч эхэлсэн ч улс төрчид түүнийг зогсоосон. Шүүхтэй хамт хуулийн бусад байгууллагын шинэтгэлийн зэрэгцүүлэн хийгээгүй. Ухарсан, эргэж буцсан. Гэтэл шүүхийн шинэтгэлийг хуулийн байгууллагын тогтолцоотой нь, хэрэглэдэг хуулиудыг нь тогтолцоотой уялдуулж хамт хийхээс гадна хуулийн сургуулиудтай хамтад нь хийдэг юм байна..

-Энэ хавар шинэтгэлийн тухай бус, харин эрүү шүүлтийн тухай мэдээ нийгмийг цочроолоо. Юу яасан шинэтгэл гэж хүмүүс ярьж, асууж, бухимдаж байна.

-Асуулт зөв өө. Хаваржин эрүүдэн шүүлтийн тухай ярилаа. Улс төрчид өөрсдийн ажлын булхаагаа өөрсдөө гаргалаа. Энэ сайн хэрэг. Өөр хүн хэлбэл хүлээж авахгүй, харин ч оролдоод эхэлнэ. Мэхт мэхэндээ гэдэг бил үү. Олон нийт анхааралдаа авлаа. Энэ бас л дээр хэлсэн шинэтгэлийг тогтолцоогоор иж бүрэн хийгээгүйтэй холбоотой. Энэ нь улстөрчдийн амбиц, төрөөс төрсөн тэрбумтнуудын захиалга байсан гэж ярьдаг. Үнэн байх.

Хуулийн байгууллагын шинэтгэлийг зориуд зогсоосон шүү дээ. Эрүүдэн шүүлт хийсний хариуцлагыг шүүх хүлээхгүй гэлтэй биш. Хэн хийдгийг ард түмэн тэр болгон мэдэхгүй шүү дээ. Шууд биш гэхэд шүүх дам хүлээхээс өөр аргагүй.

Ер нь энэ эрүүдэн шүүлт Манжийн эзэрхийллийн үеийн 9 эрүү шүүлтээс нэр томьёо ч, үйлдэх арга ажиллагаа, санаа сэдэл нь тасралгүй өнөөдрийг хүрчээ. Гэтэл үүнийг таслан зогсооход хуулийн байгууллагын шинэтгэлийн зорилго оршиж байсан юм шүү. Гэтэл яагаад хуулийн байгууллагын шинэтгэлийг зогсоов гэсэн асуултыг ярихгүй байгаа билээ.

Хүний эрхийн үндэсний комиссын 18 удаагийн тайланг судалж үзвэл эрүү шүүлт тасралтгүй байсаар ирсэн юм билээ. Жишээ нь, 2006 оны тайланд хоригдож байсан хүнийг 5 см-ийн банзаар биеийн бүхий л газар цохиж, хөдөлж чадахгүй болохоор нь шалан дээр ус асгаж, нүцгэн биеэр хэвтүүлж, асгасан усандаа тог залгаж, гүйдлээр цохиулж, гялгар уут болон шүдний сойзны иш шатааж, нүцгэн бие дээр дусааж байсан тэр ул мөр одоо ч үлдсэн гэж бичсэн байсан.

Тухайн үед би түүнийг уншаад зүрх зүсэгдэх шиг болж байв. Гэтэл энэ байдал одоо ч засагдаагүйг энэ хаврын үйл явдлууд гэрчиллээ. 2018 оны тайланд хилс хэрэг хүлээлгэх зорилгоор нэг иргэнийг шал долоолгож, толгой дээр гишгэж, баруун гарын долоовор хурууг бахиар хавчиж байгаад төмрөөр цохисон гэж хүний эрхийн комисст М.Э гаргасан гомдолдоо дурдсаныг тайланд оруулсан байна лээ. Нөгөө Үндсэн хууль, хүний эрх, хууль ёс хайчсан. Энэ бүхэн хуулийн байгууллагыг шинэтгээгүй, түүний буруу тогтолцоотой шууд холбоотой. Гэтэл тэдгээр тайланг УИХ хэлэлцээд засах үүргийг Засгийн газарт өгөөд л байсан. Засаагүй л байна. Тийм учраас хуулийн байгууллагын тогтолцоогоо дахин эргэн харах нь хүний эрхийн асуудал, монгол хүний амьд явах эрхийн асуудал болсон байна.

Гэтэл эрүүгийн хууль тогтоомжоо саяхан шинэчилсэн байдаг. Бараг бүрэн хэрэгжүүлж амжаагүй шахам байгаа. Буруу, дутуу хийхийн гай, хор энэ. Тэгэхлээр эрүү шүүлт цаашдаа байх л болчихоод байна. Тогтолцоо засахгүйгээр шударга сайн хүн олоод засна гэх байх л даа. Тэр бол үлгэр. Зөв тогтолцоо, зөв чиг үүрэг, хяналтыг тогтоодог. Тэр зөв коридор буюу тогтолцоо хууль ёсыг сахиулах үндэс болдог. Амьдрал их л сургамж өгч байна даа. Үүнийг ухаарч авах оюун бодол, зориг, алсын хараа байна уу.

-Шүүгчийн хариуцлага муу байгаа талаар шүүмжлэл их өрнөж байна. Хариуцлагатай байлгах арга хэмжээг багц хуульдаа тусгаж чадаагүй юм уу?

-Хариуцлагатай байдлыг бэхжүүлэх талаар багц хуульд олигтой зохицуулалт оруулж чадаагүй нь үнэн. Тэр үед мэдлэг, мэдээлэл хомс байсан. Ганц монгол бус дэлхий шүүгчийн хариуцлагыг 200 жил мартсан юм шүү. Одоо хариуцлага ярих цаг үнэхээр болсон. Хэтрээд байгаа юм бас бий. Цалин нэмсэн, түүнийг дагаж ажил албандаа хариуцлагатай ханддаг нэгэн байхад тэгэхгүй тэгэх ёстой юм шиг ханддаг нэгэн бас байна. Шүүх, шүүгчийн хариуцлага гэхээр манайхан шүүгчид шийтгэл ногдуулах л гэж ойлгоод байдаг. Энэ бас тийм биш.

Шүүгчийн хариуцлагатай байдал гэдэгт гурван бүлэг зүйл ордог. Нэгдүгээрт, шүүгчийн шийдвэр шүүхийн шат шатаар хянагдаж, хүчингүй болж, өөрчлөгдөж байгаа нь нэг хариуцлага мөн. Үүнээс шүүгч нэг мэдрэмж, зовиур, шаналал, сургамж авч байдаг. Хоёрдугаарт, шүүгч шийдвэрээрээ талууд, бусад эрх мэдэл, нийгмийн өмнө хариуцлага хүлээж байдаг. Сайн муугаараа цоллуулж, нүүрээ улаалгаж, нүдээ бүлтэлзүүлж байгаа хэрэг шүү дээ. Эндээс бас хүн юм чинь зовиур шаналал зэрэг нэг мэдрэмж авна. Ийм хоёр төрлийн буюу мэдрэмжийн хариуцлага хүлээж байгаа. Энэ хоёр манайд байгаа. Гуравдугаарт, сахилгын болон ёс зүйн хариуцлага хүлээнэ. Энэ манайд байгаа юу гэвэл байгаа.

Харин үр нөлөө муу байгаа. Үр нөлөө муу байгаа ахиад л хууль тогтоомжтой холбоотой. Жишээ нь, сахилгын болон ёс зүйн хариуцлагыг хууль тогтоомжоор ялгаагүй, хариуцлага тооцох ёстой үйлдэл, эс үйлдэхүйг олж хуульчилж чадаагүй, шүүгчийн алдаа оноог олж илрүүлэх байгууллагад эрх хэмжээ, зөв процесс тогтоож өгөөгүй, шүүхийн хяналтын давс хужрыг хэтрүүлж, шүүх шүүгчээ хамгаалах аргыг хуульчлаад өгчихсөн, түүнийг нь Үндсэн хуулийн Цэц хүртэл давхар баталгаажуулсан гэх мэт түмэн буруу байгаа. Ингээд бодохоор хууль тогтоомжоос маш их зүйл хамаарч байгааг манай хууль тогтоогчид ойлгоосой. Өөрийн гэмийг өрөөлд тохоод байж болохгүй. Хууль тогтоомж санаачлахаараа холбогдох байгууллагаас санал авдаггүй, авсан нь түүнийг ажил хэрэгчээр судалж тусгадаггүй. Жишээ нь, би шүүхээс хэрэг прокурорт буцаах тухай хуулийн өөрчлөлтийг нэг сэтгүүлчээс сонссон. Шүүх, шүүгчтэй шууд холбоотой хуулийг өөрчлөхөд шүүхээс заавал албан ёсоор санал авна гэсэн олон улсын эрх зүйн хэм хэмжээ хүртэл бий шүү.

-Шүүхийн шинэтгэл цаашид тасралтгүй үргэлжлэх процесс байх л даа. Одоо эн тэргүүнд тулгамдсан, шийдлээ хүлээсэн зөвхөн нэг зүйлийг Та хэлэхгүй юү.

-Төсвийн хомсдол. Үүний хор уршиг маш их. Муу шийдвэр, үйлчилгээний доголдол, авлига гээд тоочоод байвал урт жагсаалт гарна. Шүүх ядуурах нь улсад аюултай. Үндэсний аюулгүй байдалд хортой. Эдгээр нь хоосон үзэл санаа, хэллэгийн жорган биш шүү. Бодитой юм. Сүүлийн 5 жилд жил бүр хөрөнгө оруулалт 0 дүнтэй байсан шүү. Шүүхийн төсвийг ингэж удаа дараа хүрэлцэхгүй хэмжээгээр хуваарилахыг шүүх эрх мэдлийг зориуд хүчгүйдүүлсэн, үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг зөрчиж, нийтийн ашиг сонирхлыг хөндөж, ардчилсан нийгмийн суурийг ганхуулсан гэж үзэж үндсэн хуулийн шүүхэд өгөх бололцоотой. Ийм практик дэлхийн улсуудад бий. Өөр одоо яалтай нь билээ.

Улсын эдийн засгийн хүнд байдлыг бодож, жил бүр бас горьдож олон жил хүлээсэн. Одоо хүлээлт дууссан. Дээр нь сангийн сайд нь шүүхийн байрыг булааж авна гээд гүйж явна гэнэлээ. Энэ арай хэрээс хэтэрнэ. Үндсэн хууль зөрчиж байгаагаа тэр хүн мэдэхгүй байна. Мэдрүүлэх цаг ирнэ биз дээ. Одоо ингээд өөр сэдэв ярих уу. Буцах бүсгүйд үнээ тугал нийлэх хамаагүй гэгчээр одоо л нэг их юм ярьж гэнэ гээд амьтан хүн харааж загнаад байх байх.

-За тэгье дээ. Уул нь одоо л ам халж байсан юм. Тантай Үндсэн хуулийн өөрчлөлт, парламентын засаглалын талаар ярилцахаар асуулт бэлтгэсэн байгаа. Эхний асуулт нь парламентын тогтолцоо гэж дарга нар, ялангуяа Их Хурлын гишүүд их ярих юм?

-Сурах бичигт байдаг ойлголт. Сонгодог гээд л зарим нь ярьдаг. Юугаа л яриад байгаа юм бүү мэд. Ер нь Засгийн газрыг байгуулах, хариуцлага хүлээлгэхэд парламентын эрх мэдэл харьцангуй өндөр байдаг тогтолцоог хэлдэг. Гэхдээ Засгийн газрын тэргүүн, сайд нарыг толгой дараалан парламент томилдог тогтолцоо гэж ойлгож болохгүй. Манайд тэгж байгаа болохоор ерөөс тийм байдаг гэж ойлгодог хүн олон. Онол нь болоод нийтлэг практик нь тийм биш юм. Энэ бол манай тогтолцооны нэг том гажиг. Асуудал, бэрхшээлийн нэг шалтгаан энэ мөн.

-Яагаад тэр билээ?

-Засгийн газар чинь улс орныг удирдах үүрэгтэй. Энэ үйл ажиллагаанд багтахгүй юм гэж байхгүй. Цалин пүнлүү, сургууль, цэцэрлэг, зам харгуй, шинжлэх ухаан боловсрол гээд үргэлжилнэ. Хамгийн наад зах нь татвар төлөгчдөөс авсан мөнгөө улс орны тулгамдсан асуудлыг зэрэглэж, төлөвлөж, улсад хэрэгтэй, өнөөдөр ашиг тусгүй юм шиг атлаа ирээдүйд нийгэмд хэрэгтэй зүйлд зориулах эрх мэдэл засгийн газарт байх ёстой.

Гэтэл оруулсан төсвийг задлах эрхтэй, дуртай үедээ огцруулах боломжтой, толгой дараалан ам өчгөө өгөн байж томилогдсон томилгооны хараат байдал нь гүйцэтгэх эрх мэдлийг зоримог шийдмэг, асуудлыг алсыг харж, төлөвлөж шийдэх бололцоогүй болгодог. Жижиг мажоритар тогтолцооны эрх ашигт үйлчлэхээс өөр аргагүйд хүргэдэг.

Гэтэл Адам Смит 220 жилийн өмнө Үндэстний баялаг зохиолдоо төр нийгэмд дээд зэргийн ашигтай, гэхдээ тухайн хүн эсвэл хэсэг бүлэг хүний зардлыг ашгаараа нөхөхгүй тийм олон нийтийн ажлыг эрхлэн гүйцэтгэх ёстой гэж хэлснийг энэ урт хугацаанд хэн ч үгүйсгэж чадаагүй, харин ч хүлээн зөвшөөрч, ухаарч, хэрэгжүүлэхийг зорьж, Үндсэн хуульдаа санхүү эдийн засгийн бүлэг нэмж чиг зүгээ гаргаж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэг этгээд ашиг тус олох зорилгогүй, тухайн нөхцөлд алдагдалтай байсан ч нийгмийн ач тус нь ямагт их байх бүтээн байгуулалтын ажлууд гэсэн үг л дээ. Ийм ажлыг Монгол Улс хийж чадахаа больсон.

-Тэгэхлээр манай улс дахь парламентын тогтолцоо асуудалтай байгаа хэрэг үү. Тэгвэл ямар байх ёстой юм?

-Бид энэ асуудлыг олон жил бас муугүй судалсан. Эхний үед олон хүн ойлгодоггүй байсан. Одоо олон хүн ойлгодог боллоо. Түүний үр дүнд Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөл оруулах нэг үндэслэл үүнтэй холбогдож байгаа.

-Та Парламентын тогтолцоог Засгийн газар байгуулахад парламентын эрх мэдэл харьцангуй өндөр байдаг гэж дээр хэллээ. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-Өндөр байна гэдэг нь Засгийн газрыг бүрдүүлэхэд парламентын олонхоос ерөнхий хамааралтай байна гэсэн үг. Бид шууд хамааралтай болгосон нь Засгийн газраа хүчгүйдүүлсэн. Хариуцлага хүлээх чадваргүй болгосон. Онолын хийгээд нийтлэг жишиг нь Ерөнхий сайдаа парламентаас тодруулдаг. Тодруулдаг гэдэг нь сонгодог, томилдог эсвэл Ерөнхийлөгч нь томилдог гэсэн үг. Ерөнхий сайд нь сайд нараа томилж, чөлөөлдөг. Ерөнхий сайдыг огцруулах, парламент тарах хоёр харилцан уялдсан байх ёстой. Энэ нь парламентын тогтолцооны нэг чухал механизм. Тэгж байж засаг төр тогтвортой байдаг. Үүнийг одоогийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулж чадаагүй.

-Энэ юу гэсэн үг вэ. Тодруулахгүй юу?

-Ер нь аливаа улсын нэг зовлон бол Засгийн газраа хянах байдаг. Түүнд бодит эрх мэдлүүд их байдаг учраас зовлонтой. Хянах ч ёстой. Харанхуй бүдүүлэг, боловсролгүй хүмүүс сайд болбол бүүр ч хэцүү, үр дагавар их. Нөгөө талаас засгийн газар парламентаас “дам” төрсөн учраас засгаа эрхшээлдээ байлгах, дуулгавартай байлгах сонирхол парламентад бас бий. Энэ бол парламентын тогтолцооны бас нэг сул тал, зовлон. Тэр нь сонгуулийн, намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн том үг хэлээр илэрч, засаг руу анхаарал хандуулдаг. Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр ерөнхийдөө олон түмэнд таалагдах тал руугаа хэвийсэн байдаг нь нууц биш.

Гэтэл Засгийн газар улсаа бодох уу, намын популист хөтөлбөрт захирагдах уу гэдэг сонголтод хүссэн хүсээгүй тулдаг. Улсаа бодоод зүтгэвэл парламентын олонх огцруулах эрсдэлтэй тул түүнээс хамгаалах институт нь Ерөнхийлөгч болдог. Хэрэв намаар явцуурч улсаа бодсон засгийг огцруулах гэвэл Ерөнхийлөгч парламентыг тараах эрхээ эдлэх тул парламент хүсэл зоригоо татахаас өөр аргагүй болдог. Үүнийг л хэлээд байгаа юм. Манайд ийм механизм байхгүй учраас өнгөрсөн он жилүүдийн гашуун түүх үргэлжилсээр байна.

-Засаг тогтворгүй байгаа тухай олон жил ярьсан. Үнэндээ ч 1.9 жилийн настай байсан гэсэн судалгаа байгаа. Тийм учраас уг зохицуулалтыг нэмэлт, өөрчлөлтөд тусгах ёстой асуудал байсан юм биш үү.

-Уг нь тийм. Гэхдээ энд нэг асуудал бий. Тэр нь Ерөнхийлөгчийн институт төрийн эрх мэдлийн аль салаанд байх тухай асуудал манайд шийдэгдээгүй. Үндсэн хуулиас болон органик хуулиудаас хайгаад олохгүй. Одоо хэн ч мэдэхгүй. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог, түүний улмаас Ерөнхийлөгч өөр намаас, өөр мөрийн хөтөлбөртэй хүн сонгогдох бололцоотой. Тиймээс парламентын олонх Ерөнхийлөгч хоёр нэг бодлогод зангидагдахгүй байх бололцоотой. Нам дотроосоо Ерөнхийлөгч байсан ч болохгүй байсныг бид мэднэ. Тэр нь хүний асуудал биш, Тогтолцооны л асуудал байсан. Үүний улмаас засаг байгуулах, парламентын улс төрөөс засгийн газрыг хамгаалах бодит эрх хэмжээ ерөнхийлөгчид олгогдоогүй. Энэ шалтгаанаар дээр хэлсэн хяналт, тэнцвэрийн механизмыг хэрэгжүүлэх бололцоогүй байгаа.

-Энэ парламентын тогтолцоог шүүмжилдэг, Ерөнхийлөгчийн улс болох нь дээр гэсэн яриа хэлэлцүүлэг одоо ч байсаар л байна. Таны байр суурийг сонсъё.

-Зарим хүн сонгодог парламентын засаг гээд л ярьдаг юм билээ. Энэ бол буруу хэллэг болов уу. Мэргэжлийн бус яриа байх гэж боддог. Тохирсон улсдаа “сонгодог” болохоос ерөөс сонгодог загвар гэж байхгүй. Монголд хэр зэрэг тохирсон бэ гэж асуувал өөр хэрэг. Тохирно гэдэг нь олон намын хүчтэй, тогтвортой тогтолцоо бүрдсэн үү гэдэгтэй шууд холбоотой. Үүнийг дан тоон талаас харж болохгүй. Чанарын талаас харах хэрэгтэй.

Тодруулбал, тэдгээр улс төрийн намын нийгмийн бааз хэрэг зэрэг ялгаран хуваагдсан, хэр зэрэг итгэл үнэмшилтэй болсон, тууштай дэмжих хандлага нь тогтвортой эсэх зэрэг шалгуураар харж болно. Олон намын хүчтэй, тогтвортой тогтолцоо нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог хүссэн хүсээгүй дагалдуулдаг. Пропорциональ тогтолцоо парламентын улсын салшгүй шинж гэхэд бараг болно. Тэгж байж тэр намуудад хуваагдсан байдлаа парламентад оруулж ирж засаг төрөө барих утгатай.

Гэтэл монголд 33 нам бүртгэлтэй атлаа сонгуульд орж, мандат авдаг нь хэд билээ. Дээр нь том намууд жижиг намуудыг сонгуулийн босгоор амь оруулах ямар ч сонирхолгүй. Пропорциональ тогтолцоог авах бүү хэл холимог тогтолцоог авч үр шимийг хүртсэн атлаа манай улсын Үндсэн хуульд нийцэхгүй гээд Цэцээр дүгнэлт гаргуулчихсан. Тэгсэн атлаа дээр доргүй манай улс парламентын тогтолцоотой гэж ярьдаг. Байдал нэг иймэрхүү ороо бусгаа.

Гэсэн хэдий ч одоо энэ тогтолцоог өөрчлөх тухай бус мөн чанарыг зөв ухаарч засаж сайжруулахаас өөр арга үлдээгүй биз ээ.Энэ тогтолцоонд давуу болон сул талын аль аль нь бий.

-Давуу тал нь юу байна.

-Ард түмнээс шууд мандаттай төлөөлөгчид төрийн бодлогод нөлөө ихтэй. Эрх мэдлийн төвлөрлөөс сэргийлсэн, үзэл бодлын уралдаан, олонх дахь цөөнхийн хяналт гээд сайн талууд бий. Дашрамд хэлэхэд шууд мандаттай гэдэг нь сонгогдох нь арга нь тойрог хэлбэртэй болохоос мандатын хүчин чадал нь улсын хил, хүн амаар л хязгаарлагдаг гэсэн үг. Үндсэн хуулийн 23.1-д УИХ-ын гишүүнийг ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гээд тойргийн төлөөлөгч биш шүү гэдгийг тодорхой заасан.Тийм учраас тэр тойргоос төлөөлөлтэй, төлөөлөлгүй гэсэн яриа байх ёсгүй гэж би боддог. Сул тал нь улс төрийн нам их хүчтэй. Төрийг булаачих гээд байдаг. Өмнө нь 70-80 жил булаалгасан. Одоо харин булаалгасан уу үгүй юу ?

-Таны бүрэн эрхийн хугацаа дуусаж байна. Цаашид ямар төлөвлөгөөтэй байна.

-Хийх ажил зөндөө байна. Чөлөөнд гарсан ч Академик эрх чөлөөгөө эдэлж, дуу хоолойгоо гаргасаар байх болно. Гэхдээ цагийн юм цагтаа гэдгийг тооцож, залуу үедээ саад болохгүй байхыг бас хичээнэ. Судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа эрчимжүүлнэ. Их сургуульдаа лекцээ уншина. Мэдсэн, сурсан зүйлээ улс нийгэмдээ дамжуулна.

Шүүхийн ерөнхий зөвлөл 1993 онд байгуулагдаад есөн даргын нүүр үзсэн. С.Батдэлгэр нэг 5 жил энэ албыг давхар хашсан. Бусад дарга нар нь зургаан сараас гурван жил хийсэн байдаг. Нямдорж нэг хоёр жил давхар хашсан. Би 6 жил энэ албыг хашлаа. Итгэл хүлээлгэсэн шүүгч нар, үе үеийн төрийн тэргүүн нартаа талархаж байна. Шүүхэд сайн мөр үлдсэн гэдэгт огт эргэлзэхгүй байна. Сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц. Дашдондов гуай нэг номоо “Балтаар цохисон ч балрахгүй үнэн” гэж байдаг гэж нэрлэсэн шиг шүүхэд миний багийн хийсэн ажил мөддөө балрахгүй байхаа. Цаг хугацаа бас харуулна. Сошиалаар хараагчид бус шүүгч, шүүхийн ажилтан нар юу хийснийг, юуг хийж чадаагүйг илүү бодитой дүгнэнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Шүүхийн Ерөнхий Зөвлөл

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар нар 2025 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан  “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад оролцлоо.

Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын өдрийг угтсан энэхүү арга хэмжээнд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, Европ, Ази, Латин Америкийн найрсаг орнуудын парламентын төлөөлөгчид болон түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцов. Чуулга уулзалт салбар болон өргөтгөсөн хуралдаануудаар зохион байгуулагдаж, өргөтгөсөн хуралдааныг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нээсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнөөдөр бид Волгоград баатар-хотод чуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. 200 өдөр, шөнө үргэлжилсэн Сталинградын тулалдаан Аугаа их эх орны дайн болон Дэлхийн II дайны үр дүнг тодорхойлсон эргэлтийн цэг хэмээн тодотгож, дэлхий дахинаа энх тайван тогтоох үйлсэд орон орны оруулсан баатарлаг гавьяа, хувь нэмрийг онцлон, түүхийг гуйвуулахгүй байх нь зүйн хэрэг гэв. Тэрбээр, дайны жилүүдэд монголын ард түмний оруулсан хувь нэмэр үнэлэгдэшгүй байсныг цохон тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тус чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдааны үеэр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, дэлхий дахины тэр дундаа оросын ард түмний түүхийн нэг гол үйл явдал нь  1941-1945 онд болсон Аугаа их эх орны дайн юм. Тэртээ 80 жилийн өмнө болсон энэхүү дайны түүхийг оросын ард түмэн санан дурсаж, дайнд амь үрэгдсэн сая сая эх орончдынхоо алдар гавьяаг бахархан мөнхжүүлсээр ирсэн.

Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улс дайны туршид ЗХУ-ын холбоотон улс нь байж, “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, галт тэрэгний зургаан удаагийн цуваагаар тусламж хүргүүлсэн. Үүнд, мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, мөн нэхий дээл, эсгий гутал болон алт, үнэт эдлэл болоод бусад бэлэг сэлт байснаас гадна монголчууд 517 мянган агт морьд нийлүүлсэн.

Сталинград (эдүгээ Волгоград баатар-хот) хотын дэргэд болсон ширүүн тулаанд монголын ард түмнээс илгээсэн дулаан хувцастай улаан армийн цэргүүд Дэлхийн II дайны цаашдын хувь заяаг бүрэн эргүүлж чадсан юм. Дайн дуусахтай зэрэгцэн Монголчуудын энэ их ач тусын хариуд Зөвлөлт Холбоот Улс Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн бусад улс гүрнээр хүлээн зөвшөөрүүлж, 1961 онд НҮБ-ын гишүүн орон болоход чухал нөлөө үзүүлсэн гэдгийг монголын ард түмэн үргэлж санаж, талархдаг. Өвөг дээдсийн маань “Аугаа их өв”, өнөөдрийн харилцан итгэлцэл, бидний хойч үеийн “Хамтын ирээдүй” нь мөнхийн хоёр хөршийн эрх тэгш, гүн бат найрамдал мөнхжин орших болтугай гэлээ.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтын үеэр “Сталинградын тулалдааны баатрууд” түүх-дурсгалын цогцолбор дахь мөнхийн галд цэцэг өргөх ёслолд оролцсон юм.

“Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтын хаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар оролцож, зочид, төлөөлөгчдөд хандан үг хэлсэн. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Беларусь, Оросын Холбооны Парламентын Ассамблейн дэргэд Түүхэн дурсамжийг хамгаалах байнгын хороо байгуулахыг санал дэвшүүлж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Засгийн газар хуралдаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар:

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилтийн талаар
  • Татварын реформын талаар
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
  • Нийгмийн даатгалын реформын талаар
  • Эрчим хүчний салбарын реформын талаар зэрэг 24 хэлэлцэх бөгөөд танилцах юм байна.
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.30/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Төсвийн байнгын хороо · Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/

· Бусад

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Хууль зүйн байнгын хороо · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./

· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл

· Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайлан

· Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

11.30 “Их Эзэн Чингис хаан”
3 Төрийн байгуулалтын байнгын хороо · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

· Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
4 Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо · Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

15.00 “Их засаг”
5 Эдийн засгийн байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/

· Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшлийн болон “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах бэлтгэл ажлын явц, хөрөнгийн үнэлгээний талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг сонсох

15.30 “Их Эзэн Чингис хаан”
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
1 Хууль зүйн байнгын хороо Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага 09.00 “Их засаг”
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм39 минут өмнө

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 3 түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм41 минут өмнө

Энэ зун орон сууцны халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа

Нийгэм1 цаг өмнө

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд!

Нийгэм1 цаг өмнө

“Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа

Улс төр1 цаг өмнө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Эдийн засаг1 цаг өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23204 төгрөг болжээ

Нийгэм2 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийгэм3 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ

Нийгэм3 цаг өмнө

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Энтертайнмент3 цаг өмнө

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ

Улс төр3 цаг өмнө

Засгийн газар хуралдаж байна

Энтертайнмент3 цаг өмнө

Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарав

Нийгэм4 цаг өмнө

Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно

Улс төр4 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Улс төр4 цаг өмнө

АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Нийгэм1 өдөр өмнө

Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийгэм1 өдөр өмнө

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Нийгэм1 өдөр өмнө

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq-2025”-ын эхний гараанд түрүүлэв

Нийгэм1 өдөр өмнө

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Улс төр1 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Нийгэм1 өдөр өмнө

Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна

Улс төр2 өдөр өмнө

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

Нийгэм2 өдөр өмнө

Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим