Нийгэм
НАМЗХ-ын дэргэдэх “Хан-Уул” клубын нэрэмжит сонирхогчдын футзалны аварга шалгаруулах тэмцээнд “Хүрээ хөвгүүд” баг тэргүүллээ

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Хан-Уул” клубын нэрэмжит сонирхогчдын хөлбөмбөгийн футзалны аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүд буюу 10,11-ны өдрүүдэд “Сүлд” спорт хорооны зааланд болж, шилдэгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнд нийслэл, орон нутгийн хөлбөмбөгийн тэмцээнд тасралтгүй амжилттай оролцдог, үндэсний лигийн болон шигшээ 12 багийн 140 гаруй тамирчин оролцсон байна. Энэхүү тэмцээн нь удахгүй болох Улсын аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорилго болж байгаагаараа онцлог байлаа.
Тэмцээнд “Хан-Уул 1″, “Хан-Уул 2”, “Хүрээ хөвгүүд”, “ЗХ 337”, “Hunters”, “Соёмбо”, “Manchester United”, “Капитрон” “Барсууд” “Ган-Сонор”, хөдөө орон нутгийн “Bluе-Dragon”,“Дархан” багууд оролцсоноос тэргүүн байрт “Хүрээ хөвгүүд” баг шалгарч, шилжин явах цомын эзэн болсон байна. Дэд байрт “Хан-Уул 1”, гутгаар байрт “Ган-Сонор” багууд оржээ.
Мөн “Шилдэг тоглогч”-оор “Хүрээ хөвгүүд” багийн Энхтөр, “Шилдэг хамгаалагч”-аар “Хан-Уул 1” багийн Ган-Эрдэнэ, “Шилдэг мэргэн бууч”-аар “Ган-Сонор” багийн Пүрэвдорж нар шалгарч мөн шилжин явах цомын эзэд боллоо.
“Хан-Уул” клуб нь 2014 онд Хан-Уул дүүргийн 16-аас дээш насны хүүхэд залуучуудын цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхолтой залуучуудын бие бялдарын болон оюун санааны өв тэгш хүмүүжил олгох зорилгоор анх үүсгэн байгуулагдсан спорт клуб юм. 2014 оноос үйл ажиллагаагаа тогтмол явуулж Хан-Уул дүүргийн хөлбөмбөгийн спортод сонирхолтой залуучуудыг дэмжиж ирсэн байна. Тус клуб хүрээгээ тэлж өдгөө хөлбөмбөгийн 40 гаруй залуучууд, сагсан бөмбөг 20 гаруй тамирчид, цэнгээнт бүжгийн 40 гаруй залуучуудаар бүл нэмж нийт 300 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа юм байна.
Шагналыг тус тэмцээнийг санаачлан зохион байгуулсан НАМЗХ-ын дэргэдэх “Хан-Уул” клубын тэргүүн А.Амартүвшин гардуулж, баг тамирчдад баяр хүргэжээ. Тэмцээний ивээн тэтгэгчээр “Шинэ сонголт” ХХК дэмжин ажилласан бөгөөд тэргүүн байр шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл 1,000,000 төгрөг, дэд байр мөнгөн медаль, өргөмжлөл, 800,000 төгрөг, гутгаар байр хүрэл медаль, өргөмжлөл, 600,000 төгрөг, шилдэг тоглогч, шилдэг хамгаалагч, тэгш тоглогч нар тус бүр шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ.
Тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.