Эдийн засаг
Олон улсад нефтийн үнэ буулаа. Монголд хэзээ буух вэ?

Өнгөрсөн сарын эхээр 71 ам.доллар байсан брент газрын тосны үнэ 62 ам.доллар руу уруудлаа. Брентийн ханш өнгөрсөн сарын 29-нд буюу тав, зургаахан хоногийн өмнө 69 ам.доллар байв. Сүүлийн дөрвөн хоногт огцом унаад байгаа юм. Шатахуун импортлогчид шатахуунаа түрүү сарынх ньсүүлийн 25 хоногийн дунджаар тооцож хойд хөршөөс худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл энэ сард худалдаж авах шатахууны үнээ тавдугаар сарын сүүлийн 25 хоногийн дунджаар тооцдог гэсэн үг. Ингэж тооцохоор тавдугаар сарын шатахууны дундаж ханш 70 ам.доллар болж байна. Харин дөрөвдүгээр сарын дундаж үнэ 71 ам.доллар байж. Тодруулж хэлбэл энэ сард импортлогчдын худалдаж авах шатахууны үнэ өмнөх сараасаа нэг ам.долларын зөрүүтэй гарах нь. Импортлогчид энэ сард худалдаж авах шатахуунаа дараа сард худалдаанд гаргана. Тэгэхээр наадмын үеэр лав шатахууны үнэ мэдрэгдэхүйцээр буухгүй нь тодорхой байна. Харин сүүлийн өдрүүдэд огцом унаж буй нефтийн ханшийн уруудал энэ янзаараа үргэлжилбэл импортлогчид долдугаар сард авах шатахуунаа илүү хямдаар импортлох боломжтой болно. Энэ тохиолдолд олон улсын зах зээл дээрх нефтийн ханшийн бууралт ирэх наймдугаар сард Монголын хэрэглэгчдэд мэдрэгдэх юм.
Дэлхийн зах зээл дээрх нефтийн ханшийн уналт 60 ам.доллар, бүр цаашлаад 55 ам.доллар хүртэл уруудаж магадгүй гэсэн таамаг дуулдаж байна. Ингэж хямдарвал жилийнхээ шатахууны хэрэглээг “хэжлэх” боломж бий. Эдийн засагч, шинжээч Г.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр манай сонинд өгсөн ярилцлагадаа “Монгол Улс өнгөрсөн жил 1.1 тэрбум ам.долларын шатахуун авсан. Бүтэн жилийнхээ хэрэгцээг ханшийн өсөлтөөс хамгаалъя гэвэл шатахуун худалдаж авч буй мөнгөн дүнгийнхээ дор хаяж 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гаргах хэрэгтэй болно. Дэлхийн аль ч улсад хэзээ ч 100 хувиар хэжинг хийдэггүй. Учир нь ирээдүйг хэн ч 100 хувь таамаглаж чадахгүй. Тэр утгаараа хамгийн ихдээ 50 хувиар л хэжинг хийдэг. Иргэдийн амьдралд чухал нь Аи-92. 92-ыг тусад нь тооцохоор худалдаж авах мөнгө маань 300 сая ам.доллар л болно. Энэ мөнгөн дүнгийн 50 хувь нь гэхээр 150 сая ам.доллар. 150 сая ам.долларын 10 хувь гэхээр 15 сая ам.доллар. Ингэхээр бүр боломжийн болчихож байгаа юм. Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр бага байхад ийм мөнгө гаргаад хэжинг хийчихвэл иргэдийнхээ эдийн засагт тусалж байгаа маш том ажил болно” хэмээн онцолж байсан юм. Түүнтэй ярилцлага хийх үед нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр 74 ам.доллар байсан бол одоо 55 ам.доллар руу ч уруудаж мэдэх нөхцөл үүсээд байна.
Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ 55 руу уруудлаа гэхэд удаан хугацаанд хямд төсөр байхгүй гэсэн таамаг бас бий. Нэг талаас худалдааны дайн хурцдаж дэлхийн улс орнуудын эдийн засаг саармагжих магадлал өндөр байгаа. Энэ байдал эрэлтийг унагаж газрын тосны үнийг бууруулах шалтгаан болох нь ойлгомжтой. Гэвч нөгөө талд АНУ, ОХУ, ОПЕК-ийн геополитикийн тоглолтууд шатахууны үнэд савлагаа үүсгэсээр буй. Тодруулж хэлбэл худалдааны дайны хурцадмал байдал шатахууны үнийг буухад нөлөөлөх ч Трамп, Путин, Бен Салманы геополитикийн тоглолтууд ханшийг буцаагаад өсгөх хангалттай шалтаг болж мэднэ. АНУ Ираны эсрэг хоригоо чангалсаар байгаа. Иран хариуд нь “Бидэнд хатуу хандаад байвал дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 19 хувийг урсгадаг Ормудын хоолойг хаана” гэсэн мэдэгдэл хийж суугаа. Ханш бууж буй энэ үед Ормудын хоолойг хаачихвал эрэлт ихэсч, нийлүүлэлт татарч, газрын тосны үнийг эргээд өсгөх эрсдэлтэй. Мэдээж занараас хямд өртгөөр шатахуун гаргах технологийг атгасан АНУ зүгээр суухгүй. Нийлүүлэлтээ нэмэх тоглолт хийх нь бас тодорхой. Нөгөө талд ханш удаан хугацаанд унах нь ОПЕК-т ашигтай биш гэсэн бодит үнэн бий. Газрын тосны ханш 60-55 ам.долларын хооронд удаан хугацаанд хэлбэлзвэл ОПЕК-т ашиггүй. ОПЕК-ийн хувьд алдагдал хүлээгээд зүгээр суухгүй нь тов тодорхой. Нефийн ханшийг өсгөхийн тулд нийлүүлэлтээ танах арга хэрэглэж таарна. Ингээд харахаар газрын тосны үнэ буух ч гэлээ, үнэ буусан таатай үе удаан үргэлжлэхгүй нь тодорхой байна. Тэгэхээр газрын тосны үнэ буух энэ агшныг ашиглаж “хэжинг”-ийн аргыг ашиглах боломж Засгийн газарт байна. Засаг энэ үед ухаан сийлж дэлхийн улс орнууд, компаниудын ханшийн эрсдлээс хамгаалах зорилгоор ашигладаг “хэжинг”-ийг хийвэл бензиний үнийн өсөлтөөс айхгүй амьдрах боломж иргэдэд бий.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.