Улс төр
Д.Оюунхорол: Итгэлийн зээл бол өрхийн болон бичил бизнесийн гарааг дэмжих зорилготой төрийн бодлого
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Итгэлийн зээлийн хууль баталж, бага хувийн хүүтэй, барьцаагүй зээл олгох талаар иргэд их сонирхож байна. Итгэлийн зээлийн хуулийн төслийг УИХ-д хэзээ өргөн барих вэ?
-2016 оны МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтад “Итгэлийн зээл”-ийг олгож өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээр тусгасан.
Дээрх заалтуудын хэрэгжилтийг хангах үүднээс УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг болон мэргэжлийн багаас бүрдсэн дэд ажлын хэсэг байгуулагдан богино хугацаанд маш сайн ажиллаж хуулийн төслийг боловсруулсан.
Хуулийн төслөө МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлснээс гадна Хууль тогтоомжийн хуулийн дагуу Засгийн газраас болон холбогдох ТББ-уудаас санал авахаар албан тоот явуулсан байгаа. Засгийн газар болон бусад байгууллагуудаас санал ирэнгүүт бид УИХ-д өргөн барина.
-Энэхүү хуулийг гаргах үндэслэл, шаардлага нь юу вэ?
-Өнөөдөр гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч, ажилгүй гурван хүн тутмын хоёр нь 45-аас доош насны бие эрүүл, ухаан саруул иргэн байна. Монголын хөгжлийг сэвхийтэл татах учиртай залуус маань өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээнд багтаж амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой байна. 2011 оны эдийн засгийн өсөлт 17.6 хувийн огцом өсөлттэй үед ч гурван хүн тутмын нэг нь ядуу, ажилгүйдлийн түвшин 7.1 хувьтай байсан.
Гэтэл 2018 оны хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.5 хувь, гурван хүн тутмын нэг нь ядуу, ажилгүйдлийн түвшин 7.5 хувь байсаар байна. Монгол Улс 30 орчим жил ажилгүйдэл, ядууралтай тэмцэж ирсэн ч бодитой үр дүн өгөхгүй байна.
Орлогын тэгш бус хуваарилалт улам газар авч иргэд улам бүр бухимдсаар байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, өрхийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн төрөл бүрийн хөтөлбөрүүдийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлүүд олон байдаг ч эзэндээ очиж чадахгүй байна. Гол шалтгаан нь тэдэнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгө байдаггүйд байгаа юм.
Иймээс энэ хуулийн төсөл нь Монголын төр иргэддээ нэг удаа итгээд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр өрхийн бичил бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл олгож өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой л үйлчилгээг бий болгох явдал юм. Өрхийн орлого нэмэгдсэнээр улсын эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөө үзүүлж, ажилгүйдэл, ядуурал тодорхой хэмжээнд буурч тухайн орон нутгийн тогтвортой хөгжилд дэмжлэг болох эерэг нөлөөтэй гэж харж байгаа.
Мөн зээл олголтоор хөшүүрэгдэн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар өрхийн болон хувь хүний хөгжил, санхүүгийн сахилга батыг төлөвшүүлэх олон талын ач холбогдолтой.
-Хуулийн төслийг баталбал, итгэлийн зээлийг хэн ч авах боломжтой юу. Шалгуур үзүүлэлтүүд нь юу байгаа бол?
-Хуулийн төслөөр зээл хүсэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай, зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй, өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэх бизнес төлөвлөгөөтэй 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна.
Үүнээс гадна санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад хамрагдсан байх бөгөөд орлогын тогтвортой эх үүсвэртэй гуравдагч этгээдээр батлан даалт гаргуулах шаардлагыг тавьж байгаа. Хууль батлагдсаны дараа бид журмаар нарийн зохицуулалт хийж бүрдүүлэх материалын жагсаалт гаргана.
-Санхүүгийн ямар байгууллагаас итгэлийн зээл хүсэх боломжтой вэ?
-Төсөлд арилжааны банкаар дамжуулан олгоно гэсэн байгаа. Итгэлийн зээлийг “өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл тул төрөөс үүсгэн байгуулагдсан Төрийн банкаар дамжуулан олгохоор төлөвлөж байна. Төрийн банк нь 500 гаруй салбар нэгжтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа банк.
-Нэг иргэн итгэлийн зээлийг дахин авч болох уу?
-Итгэлийн зээлээ хугацаандаа төлсөн хэн боловч дахин зээл хүсэх эрх нь нээлттэй.
-Зээлээ хугацаанаас нь өмнө төлөх боломжтой юу?
-Мэдээж зээл аваад, үр ашгаа өгсөн тохиолдолд тухайн зээлдэгч хугацаанаасаа өмнө зээлээ төлөх боломжтой. Дараа нь зээл авах хэн нэгэнд тэр санхүүжилт хэрэгтэй шүү дээ.
-Ипотекийн болон бусад зээлтэй хүмүүс энэ зээлийг авах боломжтой юу?
-Хугацаа хэтэрсэн өр зээлгүй байгаад хуулийн шаардлага хангаж байвал болно.
-Төсөлд итгэлийн зээлийг хэзээнээс олгохоор тусгасан бэ?
-Итгэлийн зээлийн хуулийг энэ хаврын чуулганд багтаан өргөн барина. Энэ ондоо багтаан баталчихвал 2020 оноос олгож эхлэх болов уу.
-Санхүүгийн эх үүсвэрийг нь хэрхэн шийдэх вэ?
-Төрийн тусгай сангууд, улсын төсвөөс 200-300 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар тооцоолж байгаа.
-Төрд ийм хэмжээний мөнгийг зээлээр олгох боломж байгаа юм уу?
-Олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, Засгийн газраас гаргасан бонд, Засгийн газрын тусгай сан, улсын төсөв, бусад эх үүсвэрээс бүрдүүлнэ гэхээр бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
-Хэдэн төгрөг хүртэлх зээл авч болох вэ. Зээлийн хэмжээг ямар үндэслэлээр тогтоож байгаа вэ?
-Эрхлэх бизнесийнхээ хүрээнд хэрэгцээндээ тулгуурлаад иргэд 5, 10, 15 сая төгрөг гээд өөрт шаардлагатай хэмжээгээрээ хүсэлтэй гаргаж зээл авч болно. Харин ажлын хэсэг ярилцаад эхний ээлжид дээд хязгаарыг 20 сая төгрөг байхаар саналаа оруулсан. Зээлийн сангийн судалгаанаас үзэхэд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20 сая дотор зээл авсан байна. Итгэлийн зээлийн дээд хязгаарыг 20 сая төгрөг гэж тооцоход нийт зээлдэгчдийн 90 хувь буюу давхардсан тоогоор гурван сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, хүү багатай, барьцаагүй зээл авах боломж бий болохоор байгаа.
-Зээлийг ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй олгох вэ?
-Жилийн гурван хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай олгох санал оруулаад явж байна.
-Инфляцыг улам хөөрөгдөх юм биш биз дээ?
-Итгэлийн зээл нь хэрэглээний зээл биш монгол иргэнийг ажилтай орлоготой болгоход чиглэсэн бизнесийн зээл учраас инфляцыг хөөрөгдөнө гэж үзэхгүй байна
-Итгэлийн зээлийг зорилтод бүлгийнхэнд олгоно гэж байгаа юм билээ. Зорилтот бүлэгт ямар хүмүүсийг хамруулж байгаа вэ?
-Зорилтот бүлэг гэж үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд санхүүгийн дэмжлэг, эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байгаа тийм өрхийн болон бичил бизнес эрхлэгч иргэнийг хэлж байгаа юм. Аж ахуйн нэгж энэ зээлд хамаарахгүй.
-Санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад хаана хамрагдах вэ?
-Хуулийн төсөлд энэ асуудлыг журамлахаар зохицуулсан байгаа. Ер нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ, Олон улсын байгууллагуудтай хамтран иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэл нэлээд ажил хийдэг, сургалт зохион байгуулдаг. Тиймээс иргэдийг төслөө үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд зориулан богино хугацааны сургалтууд явуулах боломжтой гэж харж байгаа.
Мөн Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2002 оны зургаадугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Тогтвортой амьжиргаа” төслийн зээлийн гэрээний хүрээнд Бичил санхүүгийн хөгжлийн санг байгуулж тус сан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.
Энэхүү Бичил санхүүгийн хөгжлийн сан олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үндэсний кампанит ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг тул энэ үйл ажиллагааг бас хамтран зохион байгуулах боломжтой байх гэж үзэж байгаа.
-Зээлийг зориулалтын бусаар ашиглах магадлалтай шүү дээ. Хэрхэн хянах вэ?
-Зээл олгож байгаа банк өөрөө тухайн зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналтаа тавиад явна.
-Зээлээ хугацаанд нь төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх бол?
-Итгэлийн зээлийг хугацаанд нь эргэн төлөөгүй иргэний зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд 20 жилийн хугацаанд хадгална. Энэ нь өөрөө тухайн иргэн дахин ямар ч зээлэнд өөрийгөө хамруулах боломжгүй болгож байна гэсэн үг юм. Мөн зориулалтын бусаар зарцуулсан нөхцөлд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор байгаа.
-Барьцаагүй зээл олгохоор эргэн төлөгдөх хөшүүрэг нь юу юм бэ?
-Орлогын тогтвортой эх үүсвэртэй гуравдагч этгээд батлан даалт гаргахаар хуулийн төсөлд тусгаж өгсөн. Өрхийн нэг гишүүн зээл хүссэн тохиолдолд өрхийн өөр нэг гишүүн болон өөр хэн нэгэн батлан дааж болно. Тэр батлан дааж байгаа хүн нь харин орлогын тогтвортой эх үүсвэртэй байх ёстой.
-Итгэлийн зээлийн эрсдэлийг хэн хариуцах вэ?
-Энэ төрөөс санхүүжих бодлогын бага хүүтэй зээл. Дэлхийн жишгийг харахад хамгийн эргэн төлөлт сайтай зээл байдаг. Тухайн зээлдэгч төлж чадахгүйд хүрвэл батлан даагчаас нөхөн төлөх үүргийг хүлээнэ.
-Өрхийн аж ахуй, бичил бизнес хийж байгаа хүмүүсийг хэрхэн тодорхойлж мэдэх бол?
-Арилжааны банк нь өөрийнхөө журмын дагуу зээл хүсэгч иргэнийг судална. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргаж, тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болсон боловч үнэхээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг хэрэгтэй тэр айл өрх болон бичил бизнес эрхлэгчдийг тодорхой, сайн судалж энэхүү итгэлийн зээлийг олгох ажлыг хийх ёстой.
-Зээл авсан иргэн зээлээ эргүүлэн төлж чадахгүй асуудал үүсвэл яах вэ?
-Хариуцлагын асуудал яригдана. Бусад зээлийн нэгэн адил зарчмаар зээл олгосон арилжааны банк хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.
-Иргэд барьцаагүй зээл авчихаад эргэн төлнө гэдэгт та хэр итгэлтэй байгаа вэ. Таны бодлоор энэ зээлийн үйлчилгээнээс хэр үр дүн гарах бол?
-Эд хөрөнгийн барьцаа тавиагүй ч “Итгэл”-ээ барьцаалж байгаа. Мөн ойр дотны чинь хүн таныг зээлээ төлөхгүй бол би өмнөөс нь төлнө гэсэн батлан даалт гаргана. Хамгийн их итгэсэн хүний итгэлийг алдахгүйн тулд хүн ер нь их хичээнэ дээ. Үүнээс гадна зээл хүсэгч заавал санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад суусан байх шаардлага тавьж байгаа. Энэ бас санхүүгийн хариуцлагыг ойлгуулах чухал үүрэгтэй.
Санхүүгийн боловсролгүйгээс өөрийгөө хохироох, илүү зардалд унах, орлого, зарлагын харьцаа алдагдах, зээлийн мэдээллийн санд муугаар хадгалагдах, бизнесээ хаах зэрэг нөхцөл байдалд хүрдэг. Итгэлийн зээл бол зорилтот бүлэгт чиглэсэн, өрхийн болон бичил бизнес эрхлэх, гарааны нөхцөлийг дэмжих зорилготой бодлогын зээл юм. Үүнийг зөв, шударга, ухаалаг хэрэгжүүлж чадвал олон айл өрх ядуурлаас гарч, ажил орлоготой болж, улсын эдийн засгийн бааз суурь өргөжих нөхцөл бүрэлдэнэ.
Ийм замаар бичил бизнес эрхлэгчид өргөжиж, өөрсдийнхөө асуудлыг шийдэх төдийгүй айл хөршийнхөө, улмаар орон нутгийнхаа ард иргэдийн хэрэгцээг хангаж, цаашлаад бүс нутаг, улс орныхоо эдийн засагт эерэг нөлөөлдөг энэ үзэгдлийн ард бидний эргэлзэж гайхаад дэмжээд бас хардаад байгаа итгэлийн зээл л хөгжлийн эх сурвалж нь болж байгаа улс орон цөөнгүй байна.
-Олон улсын туршлагыг судалсан гэсэн. Энэ зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн улс орны үр дүнгийнх нь талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ санаачилга, үзэл санааны хэрэгжилтийн суурин дээр “Орон нутгийн эдийн засгийн хөгжил” (Local Economic Development) нэртэй, өдгөө ихэд моодонд орж байгаа онол хүртэл бий болж, дэлхийн улс орнууд туршиж амжилтад хүрсээр байна.
Жишээ нь, Өмнөд Солонгос Улсад 1970-аад онд тухайн үеийн ерөнхийлөгч Солонгосын эдийн засгийн орчинг шинэчлэх зорилгоор Saemaul Undong буюу “Шинэ тосгон” нэртэй төсөл, санаачилга гаргаж, аж үйлдвэржилт хурдацтай хөгжиж байсан хот суурин газрын амьжиргааны түвшин, ядууралд өртсөн жижиг тосгод хоорондын ялгааг арилгах, амьдралын үндсэн нөхцөл, орчныг сайжруулахад төвлөрч байсан бол хожим төслүүд нь орон нутгийн томоохон асуудлыг шийдэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх загвар болж хөгжсөн гэдэг.
Манай хөрш ОХУ болон БНХАУ-д бага хүүтэй, барьцаагүй зээлийн бүтээгдэхүүнийг төрийн дэмжлэгтэйгээр иргэддээ олгож, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх стратегийг баримталж байна. Ялангуяа ОХУ-д 2013 оноос хойш бичил зээлийн зах зээл хурдацтай хөгжсөн.
Бичил бизнес эрхлэгчдэд жижиглэнгийн зээл олгож эхэлснээсээ хойш бараг тав дахин өссөн нь хүлээгдэж байсан хүлээлтээс ч илүү үр дүнд хүрсэн гэсэн судалгаа бий. Өнөөдөр 2,400 гаруй бичил санхүүгийн байгууллагаар дамжуулан 10 сая орчим иргэнд зээл олгожээ. Энэ арга хэмжээг зарим судлаачид барууны эдийн засгийн хоригийг хохирол багатай давах нэг чухал нөхцөл болсон гэж дүгнэх нь бий.
-Сүүлийн жилүүдэд БНХАУ энэ төрлийн зээлийг дэмжээд иргэдээ ядуурлаас гаргаад байна уу?
-БНХАУ-ын төрөөс бичил зээлийн бодлогыг түлхүү дэмжиж байна. Ашгийн бус байгууллагууд, Засгийн газрын хөтөлбөрүүд, бичил зээлийн компаниуд, арилжааны банкууд, хөдөө тосгоны зээлийн хоршоодоор дамжуулан 2012 оноос хойш 6,000 гаруй бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай байсан бол өнөөдрийн байдлаар хэдэн мянга дахин нэмэгдсэн байна.
Тэгэхлээр бидний итгэлийн зээл нэртэй энэхүү бичил зээл зорилтод бүлгийг дэмжих төдийгүй улс орны эдийн засгийн хөгжлийг тэтгэх, солонгоруулах, дороос ургаж тэлэх нөхцөлийг бүрдүүлдэг бодлогын чухал шийдэл гэж харж болно.
-Энэ төрлийн зээлийг санаачлагч нь Нобелийн шагнал хүртсэн гэсэн үү?
-Бангладеш Улсын залуу эдийн засагч, доктор Мухаммед Юнус 1976 онд Итгэлийн зээлийн төслийг анх санаачилж эхлүүлсэн. Уг төсөл нь 1983 онд ядуу, бага орлоготой иргэдэд зориулагдсан банк болтлоо өргөжиж 100 мянган иргэнийг ядуурлаас гаргасан туршлагаараа Нобелийн шагнал хүртсэн гэдэг. Энэхүү санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, зорилтот зах зээлээ тодорхойлж, үнэлгээ, шалгуур, зээл олгох, буцаан төлүүлэх өөрийн гэсэн өвөрмөц системийг бий болгосон чадсан байдаг.
Өмнөд Африкт хэрэгжүүлсэн ядуурлыг бууруулах олон хөтөлбөрүүдийн нэг нь 2005 онд Сэргээн босголт, хөгжлийн хөтөлбөр нэртэйгээр Микро эдийн засгийн шинэчлэлийн стратегийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү стратеги нь газар зүйн тархалт, интеграцчилал, эдийн засгийн хараат бус байдал, санхүүгийн боловсрол, хувь хүний ур чадварын хөгжил зэрэгт төрийн оролцоотойгоор дэмжлэг үзүүлж, хүн амын олон тулгамдсан асуудлыг шийдсэн мэдээ бий.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна