Олон нийтийн сүлжээгээр тарсан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан фэйсбүүк хуудсын талаар иргэдээс ирсэн гомдлыг үндэслэн цагдаагийн байгууллагаас “Дархан монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын оффист шалгалт хийжээ.
Уг шалгалтын үр дүнгийн талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Даш нар мэдээлэл хийлээ.
“ОНЫ ЭХНИЙ ДӨРВӨН САРЫН БАЙДЛААР ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ГҮТГЭСЭН, ГУТААН ДОРОМЖИЛСОНТОЙ ХОЛБООТОЙ 1,800 ГАРУЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ИРСЭН”
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу фэйсбүүк дэх хуудсуудыг шалгаж байгаа. Энэ хүрээнд тодорхой дугаартай зөрчлийн хэргийг шалгах явцдаа “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын хуудсыг ажиллуулдаг оффист хуулийн дагуу шалгалт хийсэн. Ингээд зарим компьютер, процессорыг хураан авч, өнөөдөр тус төрийн байгууллагын төлөөллийг байлцуулаад шалгалаа. Урьдчилсан байдлаар энэ байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байгаа юм байна гэж тогтоогоод байна.
Аливаа хэрэг зөрчлийг шалгахад, шуурхай явахад зарим нэгэн алдаа дутагдал гардаг. Энэ дагуу зарим эд хөрөнгө хохирсон, хүмүүстэй сайндаж муудсан асуудал гарсан. Үүнд цагдаагийн байгууллагын нэг албаны даргын хувьд би гаргасан жижиг гэлтгүй алдаа дутагдалд “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ынхнаас уучлалт гуйж байна.
2019 оны эхний дөрвөн сарын байдлаар олон нийтийн сүлжээнд гүтгэсэн, гутаан доромжилсонтой холбоотой 1,800 гаруй гомдол, мэдээлэл ирсэн. Энэ төрлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн 6.21-д заасны дагуу шалгаж байгаа” хэмээн ярилаа.
Харин “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Даш “Цагдаагийн байгууллагад баярлалаа. Манай байгууллагыг хуулийн дагуу ажилладагийг тогтоож өгсөнд баярлаж байна.
Манайхыг яг адилхан дуурайсан, ижил харагддаг хуурамж хуудас олон байдаг юм байна. Тэдгээр хуудсуудаар гарсан мэдээлэлтэй холбоотойгоор иргэд гомдол гаргасан гэдгийг манай мэдээллийн сантай харьцуулан тулгаад тогтоосон” гэв.
Гүтгэлэг мэдээлэл тараадаг хуурамч хаягуудтай тэмцэх чиглэлээр цагдаа болон “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан хамтарч ажиллахаар санамж бичиг байгуулах болсоноо хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.