Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль үйл ажиллагаа явуулах байргүй болж, хүүхдийн эрх зөрчигдөж буй талаар тус сургуулийн багш нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
133 дугаар сургууль нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаагаа явуулдаг. Ингэхдээ тус хороонд байрлах “Монгол тэмүүлэл лаборатори” сургуулийн байранд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН БАЙРТАЙ БОЛЪЁ ГЭХЭЭР ГАЗРЫН АСУУДАЛ ШИЙДЭГДЭЖ ӨГӨХГҮЙ АСУУДАЛ ҮҮСГЭЭД УДАЖ БАЙНА
Тус сургуульд тулгамдаж буй асуудлын талаар Сургуулийн бага боловсрол хариуцсан сургалтын менежер Ч.Энхцэцэг “Манай ерөнхий боловсролын 133 дугаар сургууль 2017-2018 оны хичээлийн жилд анх ашиглалтад орсон. Анх байгуулагдахад “Монгол тэмүүлэл лаборатори” сургуулийн нэг хоёрдугаар давхрыг өөрийн сургуультай болтлоо эзэмшиж бай гэсэн. Тухайн үед 866 суралцагчтайгаар хоёр ээлжээр хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд 1,540 суралцагчтай болж дөрвөн ээлжээр хичээллэж байна.
“Монгол тэмүүлэл лаборатори” сургуулийн байранд хоёр жил үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан.
Шинээр барих сургуулийн барилгын төсөвт 6.6 тэрбум төгрөг тавигдаж шийдэгдсэн. Мөн тендер нь зарлагдаад барилгын компани нь хүртэл шалгарчихсан. Тэгээд шинэ хичээлийн байртай болъё гэхээр газрын асуудал шийдэгдэж өгөхгүй асуудал үүсгээд удаж байна. Уг нь хотын дарга, УИХ-ын дарга газар дээр нь очиж ажиллаад нөхцөл байдалтай танилцаж, долоо хоногийн дотор газрын асуудлыг шийдэж өгнө гээд явсан.
Ингэж хэлснээс нь хойш сар гаруй хугацаа өнгөрсөн боловч асуудал шийдэгдээгүй, арга хэмжээ аваагүй байгаа учир бид өнөөдөр хүүхдүүдийнхээ төлөө мэдээлэл хийхэд хүрч байна.
Дээрээс нь ирэх хичээлийн жилд 698 суралцагч шинээр нэмэгдэж, нэгдүгээр ангид элсэн орно. Хүүхдүүд маань суралцах хичээлийн байргүй болох гээд байна. Тиймд сургуулийн газрын асуудлыг хурдан шийдэж, хурдан бариулах арга хэмжээ авахыг холбогдох хүмүүсээс нь шаардаж байна” гэв.
26 ДУГААР ХОРООНД 133 ДУГААР СУРГУУЛИАС ӨӨР УЛСЫН СУРГУУЛЬ БАЙДАГГҮЙ
133 дугаар сургуулийн захирал С.Дэжидсүрэн “Бид хавраас хойш түрээсийн байр хайсан. Гэвч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд түрээс өндөртэй байдаг. Ойролцоогоор нэг ангийн түрээсийн байранд сард гурван сая таван зуун мянган төгрөг төлнө гэсэн үг. Бидэнд энэ их хөрөнгийг шийдэх боломж байхгүй. Мөн 26 дугаар хороонд 133 дугаар сургуулиас өөр улсын сургууль байдаггүй. Хэрвээ газрын асуудлыг хурдан шийдэж, сургуулийн барилгыг хурдан барихгүй бол олон хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гээд байна шүү дээ” гэв.
БСШУСЯ СУРГУУЛИУДАА СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНЭЭР ХҮРТЭЛ ХАНГАЖ ЧАДДАГГҮЙ
Гэрэл зургийг MPA.mn
133 дугаар сургуулийн Үйлдвэрчний хороон дарга Д.Өсөхцэцэг “Хотын төвд байгаа сургуулиуд ямар асуудалтай байгааг мэдэхгүй яваад байх юм. Өнөө маргаашийн дотор энэ асуудлыг төрийн гурван өндөрлөг шийдэж өгөхгүй бол болохгүй. Үнэндээ хуульд маш олон заалт эрх үүрэг байдаг боловч бодит байдал дээр БСШУСЯ сургуулиудаа сургалтын хэрэглэгдэхүүнээр хүртэл хангаж чаддаггүй. Манай сургуулийн биологийн ангид ганц ширхэг микроскоп ч байхгүй, химийн ангид хуруу шил ч байхгүй хичээлээ явуулдаг. Хэдэн оны сургалтаар хэдэн жил сургалт явуулах гэсэн юм. Бид нар самбар шохойгоор л сургалтаа явуулж байна. Хэдэн багш нар нь сайн дураараа нэгдээд эцэг эхтэйгээ хамтраад болж бүтэхээрээ хичээлээ заагаад хүүхдүүдээ сургаж байна.
Үнэнийг хэлэхэд улс төрийн өндөр албан тушаалтнууд ард түмний хүүхдүүдийн эрх ашиг, багш ажиллагсдын эрхээр хэдий болтол ингэж шоу хийх гэсэн юм. Хангалттай ш дээ. Боловсролын систем сонгууль дөхөхөөр л дандаа хохирч байдаг. Бид нар улс төрийн тоглоом болж болсон” хэмээн хэллээ.