“Хөдөө аж ахуй” гэдэг үг “монголчуудын амьжиргаа” гэж давхар ойлгогддог байсан цаг саяхан. Харин одоо “хөдөө аж ахуй” гэхээр хөгжүүлэх гэж үйлээ үзэх ёстой, эсвэл татаас урамшууллаар “угжиж” дэмжсэн нэр зүүдэг салбар болжээ. Нөөц бололцоо өчнөөн байдаг тухай дурдах нь илүүц байх. Харин энэ удаад улсаас хөдөө аж ахуйн салбарт ямар урамшуулал олгодог талаарх мэдээллийг хүргэе. Хөдөө аж ахуйн салбарт зургаан төрлийн урамшуулал улсаас олгодог. Эдгээр урамшуулалд энэ онд 56 тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь манай улсын 2019 онд нүүрсээ зарж олох мөнгөний тал нь гэсэн үг юм. Эдгээр урамшууллыг нэг бүрээр нь харъя.
Нэгдүгээрт, шинээр олгож эхэлж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний урамшуулал. Өнгөрсөн оноос эхлэн стандартад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчид энэ урамшууллыг олгож байгаа. Энд дөрвөн тэрбум төгрөгийн урамшууллыг малчдад олгоно. Нийт 66 сая малтай. Жилд 20 сая төл хүлээн авч байгаа хэдий ч хотын хүн ам цэвэр сүүний хомсдолтой байгаа. Тиймээс нийслэлийн хүн амын сүүний хэрэглээг нэмэхэд энэ урамшуулал дөхөм гэж үзсэн.
Хоёрдугаарт, улаанбуудайн урамшуулал. Үүнд энэ онд 12.9 тэрбум төгрөгийг зарцуулна. Өөрөөр хэлбэл, гурилын үйлдвэр, Улсын нөөцийн санд буудай нийлүүлсэн тариаланчид эл урамшуулал очно. Ингэхдээ I-III ангилалд тонн тутамд 60 мянган төгрөг, IV ангилалд тонн тутамд 50 мянган төгрөг өгдөг. Улаанбуудай бол стратегийн чухал бүтээгдэхүүн учир нь хүн амын хоол хүнсний гол хэрэглээний нэг.
Гуравдугаарт, мах бэлтгэхэд олгох зээлийн хөнгөлөлт. Жил бүр улсаас нөөцийн мах бэлтгэдэг. Ингээд түүнийгээ хаврын цагт зах зээлийн үнээс хямдаар худалдаалдаг. Үүнийг тодорхой аж ахуйн нэгжүүд бэлтгэн нийлүүлэх зарчмаар явдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд олгох зээл гэсэн үг юм. Ингэхдээ арилжааны банкны зээлийн 8-10 хувиар хөнгөлөлт үзүүлдэг. Энэ жил манай улс махаа гадагшаа зарсан хэмжээ нэмэгдсэн. Ингээд дотоодод хомсдол үүсэж, үнэ өссөн. Тэр үед зах зээлийн үнээс хямд борлуулагдаж буй нөөцийн маханд иргэд дараалал үүсгэж, картын барааны үе ирлээ гэх бухимдал ч нийгэмд бий болсон.
Дөрөвдүгээрт, ноосны урамшуулал. Энэ онд 22.6 тэрбумыг олгож байгаа. Уг урамшуулалд малчид ам сайтай байдаг. Учир нь орлогын эх үүсвэр нь улирлын чанартай бас хөдөлмөр нь үнэгүйдсэн малчдын санхүүнд энэ урамшуулал ихээхэн нэмэртэй. Мөн зах зээлд үнэгүйдсэн ноосыг багахан ч гэсэн үнэ цэнэтэй болгож буй. Урамшууллыг нарийн, нарийвтар хонь тэмээний ноосонд кг тутмад нь 2000, бүдүүн, бүдүүвтэр ноосонд кг нь 1000 төгрөгийн урамшуулал олгодог.
Тавдугаарт, арьс ширний урамшуулал. Боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан шаардлага хангасан арьсанд олгодог. Бод малын арьс ширхэг нь 15 мянга, бог малынх гурван мянган төгрөг. Энэ онд уг урамшуулалд 11.8 тэрбум төгрөг өгнө.
Зургаадугаарт, жимс, жимсгэний тариалангийн урамшуулал. Үүний хүрээнд жимсний аж ахуйн эрхлэгч тав хүртэлх жилийн хугацаанд банкнаас хүүгүй зээл авах боломжтой.