Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлтээр оролцох инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг ажлын байраар хангах асуудлаар өнөөдөр Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэл хийлээ.
Тус бүтээн байгуулалтын ажлын байрын бүртгэл 2018 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс 15-ныг хүртэл үргэлжилнэ.
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХҮНД ДААЦЫН ЗАМЫН АЖИЛ 71 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга, хурандаа Г.Батсуурь “Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнгөрсөн 98 жилийн туршид улс орныхоо бүтээн байгуулалтад оролцож ирсэн түүхэн улалмжлалтай. Тиймээс бид “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн “Зүүн баян-Таван толгой” чиглэлийн 414.6 километр төмөр замын суурийг угсрах ажлыг хийхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу зэвсэгт хүчний бүрэлдэхүүнээр 77,81 гэсэн дугаартай төмөр замын доод бүтцийг барих анги зохион байгуулагдаж, өнгөрсөн тавдугаар сарын 24-ны өдрөөс Дорноговь аймгийн Мандах сумын нутагт батлагдсан километр зураг төсөвийн дагуу, төмөр замын далан барих ажил эхлэсэн.Тус ажил хоёр жилийн хугацаанд хийгдэнэ. Энэ ажилд Зэвсэгт хүчнээс гадна тодорхой мэргэжлийн хүмүүс зайлшгүй хэрэгтэй.
Үүнээс гадна манай Зэвсэг хүчний бие бүрэлдэхүүн энэ онд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд зориулж Дорнод аймгийн Халх гол сумыг шинэ сум болгох төслийн хүрээнд гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн оролцож, сургууль, дотуур байр, спортын төв гэх мэт барилгын ажил хийж байна.
Мөн Зэвсэгт хүчнээс Сайншандаас газрын тос боловсруулах үйлдвэрийн хооронд хүнд даацын буюу 100 тоннын даацтай 17.5 км хурдтай, 15 метрийн өргөн тусгай зориулалтын зам барих ажил хийж байна. Хүнд даацыг зам барих энэхүү ажил нь одоогоор нийт 71 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна” гэв.
ТУХАЙН ХҮН САХИЛГА БАТТАЙ БАЙВАЛ ЦААШИД МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИНД ОФИЦЕР, АХЛАГЧААР АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан барих ажлыг эхэлсэн бөгөөд шаардлагатай техник, хүн хүч, цэргийн анги байгууллагуудаас гарсан. Харин одоо бид тус бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтэй иргэдийг авахаар төлөвлөж байна. Үүнд иргэдийг нас харгалзахгүйгээр инженер, техникийн 16 төрлийн мэргэжлээр энэ сарын 15-ны өдрийг хүртэл харьяа аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабд бүртгэж, энэ сарын 17-ны өдөр бүртгэлийн мэдээллийг Батлан хамгаалахын яаманд хүлээлгэж өгнө.
Ажилд орох хүсэлтэй хүмүүс мэргэжлийн үнэмлэхтэй, ачаалалт даах, багаар ажиллах чадвартай, гаж муу зуршилгүй байх шаардлагатай.
Тус бүтээн байгуулалтын ажил Монгол Улсын цаг агаарын уур амьсгалтай холбоотойгоор арван нэгдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Бид хоол, хувцас, орон байрыг бид хангаж ажиллана. Цалингийн хувьд тухайн хүн мэргэжлээс хамаарч өөр өөр байх юм. Гэхдээ бид их ажил хийлгэж, бага цалин өгөхгүй. Хөдөлмөрийн хуулийн дагуу үйл ажиллагаа явагдана. Мөн тус бүтээн байгуулалтад гэрээгээр ажиллаж, гэрээнийх нь хугацаа дууссан үед тухайн хүн сахилга баттай, офицер ахлагчийн алба хаах журамд нийцэж байвал цаашид Монгол Улсын зэвсэгт хүчинд офицер, ахлагчаар ажиллах боломжтой. Харин хугацаат цэргийн алба хаагчдийг тангараг өргүүлж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сургалтанд суулган дадлага хийлгэсний дараа тус бүтээн байгуулалтын ажилд оролцуулна.
Санал болгож буй ажлын байрууд:
ИНЖЕНЕРИЙН МЭРГЭЖЛЭЭР:
Авто замын инженер
Гүүр хоолойн инженер
Тоо хэмжээний инженер
Геодези, хэмжилтийн инженери
Материал, чанарын инженер
Лаборант /хөрсний/
ТЕХНИКИЙН МЭРГЭЖЛЭЭР:
Том оврын автомашины жолооч
Бульдозерчин
Автогрейдерчин
Индүүчин, жолооч
Усны машины жолооч
Шанагат ачигчийн жолооч
Өөөрөө буулгагчийн жолооч
Трайллерийн жолооч
Кранчин
Экскаваторчин
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
Иргэний үнэмлэх
Мэргэжлийн үнэмлэх
Төгссөн сургуулийн диплом
Төрийн албан хаагчийн анкет
Гурван хувь цээж зураг