Татварын багц хуулийн өөрчлөлттэй уялдан Худалдан авах ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Уг хуулийг хамгийн бага үнийн санал өгснийг сонгон шалгаруулдгаас нь эхлээд оролцогч аж ахуйн нэгжүүд шүүмжлэлтэй ханддаг билээ. Ингэж хамгийн хямд төсөр үнэ санал болгосныг нь сонгосноор чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдэхэд хүрдэг нь нууц биш.
Худалдан авах ажиллагааны тухай хуульд одоогоор доорх өөрчлөлт орж байгаа бөгөөд энэ сараас мөрдөгдөж буй.
Шударгаар татвараа төлөөд явж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн, татвараас зайлсхийдэг аж ахуйн нэгжүүдэд тооцох хариуцлагыг чангаруулж байгаа заалтыг оруулжээ. Тендерийн тухай хуулиар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс авдаг татварын хувь хэмжээг буулгах, жижиг нь нэг, томчууд нь дөрвөн удаа тайлан гаргадаг болгох, зардалд орох хувь хэмжээг нь нэмэгдүүлэх гэсэн өөрчлөлтүүдийг дурдаж болно.
Тендерийн хар жагсаалтыг гаргана
Худалдан авах үйл ажиллагаан дээр хамгийн гол нь өрсөлдөөнийг бий болгож, улмаар өрсөлдөөнд ямар компаниуд орж, шийдвэр яаж гарав гэдэг хэсгийн мэдээллийг ил болгох шаардлагатай байгаа. Олон нийтэд нээлттэй болгох уу, эсвэл тендерт орсон компаниудад ил болгох уу гэдэг асуудал байгаа. Үүнийг шинэ хуулиар журамлаж өгч байна.
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих заалтуудыг оруулж өгч байгаа. Мэдээж, хамгийн хямд үнэтэйг нь сонгодог учраас техник, чанарын асуудал нь орхигддог. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар техникийн шаардлагыг хангасан байх, хамгийн бага үнэтэй байх гэсэн хоёр тусдаа хоёр заалт үйлчилж байгаа. Гэтэл шалгаруулахдаа хамгийн бага үнэтэй гэсэн заалтаа бариад явчихдаг учраас шинэ хуульд чанар, стандарт, техникийн шаардлага хангасан байна, хамгийн хямд үнэтэй гэсэн хоёр заалтыг нэг заалтад нэгтгэн оруулж өгсөн байна.
Дээр нь тендер авчихаад ажлаа хугацаанд нь хийдэггүй, эсвэл бага үнээр авчихаад үнийг нь өсгөдөг, чанаргүй гүйцэтгэдэг компануудын жагсаалтыг ил зарладаг болохоор хуульд өөрчлөлт оруулж байна. Энэ бол нэг талаас ил тод болж байгаа зүйл,нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж буй нэг хэлбэр.
Тендер хариуцсан агентлаг шинээр байгуулна
Төрийн яамд уг нь чиг үүргийн хувиар бодлого гаргадаг газар. Гэтэл тендер, лиценз зөвшөөрөл өгч, эргээд энэ нь авлигын нэг шалтгаан болсоор байна. Хамгийн сүүлд гэхэд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан албан тушаалтан 100 орчим сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байна.
-Тиймээс яамдыг тендерээс салгахаар тусгасан. Яамд нь тендер зарлахаар эргээд баахан тендерийн маргаан гарч бодлого боловсруулах ёстой ажилтнууд шүүх хуралд суусаар таардаг тохиолдол олон байгаа юм. Тэгэхээр тендер хариуцсан нэг агентлаг байгуулахаар зааж оруулж өгсөн. Худалдан авах ажиллагааны тусгай агентлаг байгуулагдаж, үйл ажиллагаа, худалдан авалт нь ил тод, олон нийтийн оролцоог хангасан, цахим худалдан авалтыг зохион байгуулах юм. Урьд нь тусдаа ийм агентлаг байж байгаад 2016 онд татан буугдсан.Одоо бол хавсрага маягтай ажиллаж байгаа аж.
Цахим тендерт оролцож чадахгүй байна гэсэн гомдол байна
Цахим шалгаруулалтын шинэ тогтолцоог учир дутагдалтай гэж зарим компаниуд үзэж байгаагаа илэрхийлж байна. Тендерт оролцох хариуцлагатай ажлыг заавал цахимаар явуулахаар мэдээллийн технологийн мэдлэг хомс хүмүүст тохиромжгүй гэлээ.Хуучнаар Худалдан авах ажиллагааны газарт Нэг цэгийн үйлчилгээний төв байсаар байгаа хэдий ч мэргэжилтнүүд нь цахимаар ханд хэмээн мэдээлэл өгдөггүйг хэлж байна. Уг нь цахим тендерийн тухай нарийн мэдээллийг www.e-tender.mn, www.meps.gov.mn сайтаар орж авч болно гэдэг ч “цаастай ноцолдож сурсан” хүмүүст энэ нь төвөгтэй ажиллагаа гэнэ. Цахим тендер шалгаруулалт шинэ тогтолцоо учраас аж ахуйн нэгж, иргэдэд бүрэн мэдээлэл өгөх шаардлагатай бололтой.
Иргэдийн хяналт тавих эрх худлаа юу?
-Иргэдийг тендер сонгон шалгаруулалтад орж хяналт тавих эрхийг бүрдүүлнэ гэж заасан байсан. Энэ хэрэгжиж чадаж байгаа болов уу.
Сум дүүрэгт олон нийтийн оролцоотой худалдан авалтын ажиллагааг хийж байгаа гэж хариуцсан албан тушаалтан хэлсэн. Энэ нь 20 сая хүртэлх төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг олон нийтийн оролцоотой худалдан авалт хийдэг аж. Ингэснээр иргэн тухайн дүүрэгтээ өрнөж байгаа барилга, бүтээн байгуулалт, засварын ажлыг хянаж, санал бодлоо хэлэх эрхтэй гэдэг ч ийнхүү хяналтаа хэрэгжүүлсэн иргэн тааралдсангүй.