Бусад
Ш.Оргил: Амт чанар сайтай хадгалалт даадаг “сэлэнгэ” сортын төмсөө зах зээлд нийлүүлнэ, ирэх намар

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой ярилцлаа.
– Монгол Улс атар газар эзэмшсэний 60 жилийг тэмдэглэнэ, энэ намар. Атар газар эзэмшихийн шанг татсан аймгийн хувьд 60 жилийн түүхээ ард түмэндээ танилцуулах гээд ажил ихтэй байна уу?
Үнэхээр түүхэн цаг үе тохиож байна. Монгол Улс атар газар эзэмшсэний 60 жилийг өргөн хүрээнд, өндөр ач холбогдолтойгоор тэмдэглэх гэж байхад шанг нь таталцсан Сэлэнгэ аймгийн хувьд зүгээр харж суухгүй нь мэдээж. Олон тэмдэглэлт ажлуудыг санаачилан хийж байна. Тэр үеийн МХЗЭ-ийн илгээлтийн эзэд, өнөөдөр ахмад тариаланчид болчихоод сууж байгаа ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, тэднийг алдрыг дуурсгахаас өгсүүлээд ажил их байна. Тун удахгүй Улсын их баяр наадам болно. Манай аймгийн наадам долдугаар сарын 6, 7-нд болно. “Атар-60” -ын хүрээнд улсын цолтой бөхчүүдийг аймагтаа барилдуулж, газар газрын хурдан хүлэг, мэргэн харваачид цугласан наадмыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажилдаа гарцгаасан. Аймгийн ИТХ, ЗДТГ эл арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч, олон олон ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа.
– иргэдээ, өрх рүүгээ хандсан ажлаасаа сонирхуулах уу?
– Өрх бүр ажилтай, орлоготой, үйлдвэрлэгч байж ажлын байрыг олноор бий болгоно. Уул уурхай гэхээсээ илүүтэй хүний хөдөлмөрийг дэмжих нь хамгийн зөв бодлого шүү дээ. Бодлогын хүрээнд дэмжиж байгаа. Заавал мөнгө гэлтгүй бодлогоор их ажил хийж болдог. “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” гэсэн Сэлэнгэ аймгийн уриа байдаг. Энэ зорилгод хүрэхийн тулд иргэд бие биеэ дэмжих ёстой юм. Хүнсний ногоо маань ч ченжүүдийн гарт орж байна. Хаврын тариалалтаа намар хураахаар сургууль, цэцэрлэг эхэлчихнэ. Айл бүрт мөнгөний хэрэгцээ гарч ирэх үеэр тариаланчид маань хүнсний ногоогоо ченжүүдэд 50 төгрөгөөр үнээ буулган, нэг нэгнээсээ өрсөөд өгчихдөг. Энэ нь ямар ч ашиггүй ажиллаж байна гэсэн үг юм. Намар нийлүүлэлт ихсээд үнэ буураад байдаг юм бол тариаланчид маань өөрсдөө саалиа бэлдэхээр саваа бэлд гэж гурав дөрвөн сар зоориндоо хадгалаад буцаагаад үнэтэй зарж ашигтай ажиллах боломж бий. Сум бүр зоорьтой болно. Ногоочдоо дэмжин зоорьний нүхийг нь ухаж өгнө.
– Бүтээн байгуулалтын тухайд?
– Аймгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Сэлэнгэ аймгаас Мандал сум руу тавих 22 км замын ажлыг эхлүүлнэ. Мөн Монгол Улсдаа анх удаа Сайханы хөтөлд шилэн тавцантай 70 метрийн урттай 30 метрийн өргөнтэй гүүр барьж байгаа, түүнийгээ ашиглалтад оруулна. Энэ нь хойд Алтанбулагийн хил маань 24 цаг үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан аялал жуулчлал их хөгжиж байгаа учраас гадны жуулчдад үзүүлж харуулах юмтай болж байна гэсэн үг юм. Энэ бол манай аймгийн иргэдэд зориулсан том дэмжлэг болж байна гэж харж байгаа. Улсаас, аймгаас ч бай бусад сумандаа ч хөрөнгө оруулалтын ажлууд тавигдсан. Миний мэдэхийн хамгийн том хөрөнгө оруулалт орсон жил болж байна гэж харж байна. Мөн хэд хэдэн сургууль, цэцэрлэг барихаар улсын төсөвт тавигдсан.
– Эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлэх нь та бүгдийн хамгийн том зорилт. Энэ талаар?
-Мөн мал аж ахуй, тариаланг тусад нь салгана гэдэг нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулна гэсэн үг юм. Дан газар тариалангаа хөгжүүлээд малчид, мал аж ахуйгаа хайхрахгүй байна гэсэн үг бол биш юм. Сэлэнгэ аймгийн бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн. Бэлчээргүйн улмаас мал нь тариан талбайн бүсэд орж ирэх явдал ихсээд байгаа. Тариаланчдаа гэх үү, малчдаа гэх хэцүү ийм нөхцөл Сэлэнгэ аймагт тулгараад байгаа юм. Үүнийг зохицуулсан тусгай журам гаргаж малчид, тариаланчдын зөрчлийг арилгах ёстой. Манай аймаг энэ жил 1.6 сая толгой мал тоолуулсан. Гэтэл манайх газар тариалангийн бүс нутаг гээд нэгэнт суурьшсан мал сүргээ хөөж гаргалтай биш. Тэглээ ч Засгийн газраас нэг ч малгүй газрыг газар тариалангийн бүс гэнэ гэж тодорхой заагаагүй. Ийм шийдвэрээс маргаан үүснэ. Энэ бол нэг хоёр жилийн дотор шийдэгдэх асуудал биш юм. Манай аймаг саналаа явуулахдаа Засгийн газарт “Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг” болгож тодорхойлж өг гэсэн. Ер нь бэлчээрийн мал аж ахуй бус, фермерийн чиглэлээр хөгжүүлье гэж тооцсон.
– “Сэлэнгэ” сортын төмснийхөө талаар сонирхуулна уу?
–Улсын хэмжээний хүнсний ногооны 60 хувийг бүрдүүлдэг гэж цээжээ дэлдэж, онгирч ярьдаг сэлэнгэчүүд өөрийн гэсэн сортгүй л аймаг. Улаанбаатар хотод сэлэнгийн төмс гээд 1000 төгрөгөөр зардаг. Гэтэл яг ямар нэрийн, сортын төмс вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр бид ерөнхий бодлого гаргаж, газар тариалан, стратегийн онцгой ач холбогдолтой аймгийн хувьд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой. Энэ үүднээс “Сэлэнгэ-5” гэдэг сортын төмсийг төмс үр үржүүлгийн Сэлэнгэ аймгийн Хушаат сум дахь “Элит үр” компанитай хамтран бий болгохоор ажиллаж байна. Энэ сортын төмсийг хөрсгүй орчинд тариалж болох эсэхийг Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнд туршсан. Туршилт амжилттай болсон. Тодруулж хэлбэл, хөрсгүй вакум орчинд улирал харгалзахгүйгээр тариалж болно гэсэн үг. Сэлэнгэ сортын төмс нь амт чанар сайтайгаас гадна хадгалалт даадгаараа онцлог.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.