Бусад
Ш.Оргил: Сайханы хөтөлийн шилэн гүүрийг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Амуу буудайн эх нутаг гэдгээрээ алдаршсан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш. Оргилтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Учир нь энэ онд Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгаа юм.
-Газар тариалан голлон хөгжүүлсэн аймгийн хувьд энэ жил тохиож байгаа Атрын 60 жилийг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа байх?
-Сэлэнгэ аймаг энэ жилийг “Бүтээн байгуулалт өрхийн аж ахуй”-н жил болгон зарласан. Үүний хүрээнд иргэдийг өрхийн үйлдвэрлэл буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь орон нутгийн зүгээс дэмжин ажиллаж байна. Тухайлбал, 500 соорт газар тариалалт эрхэлдэг иргэнд хүнсний ногоогоо нэмж тарих, түүнийгээ боловсруулах, хадгалах зэрэг тулгамдсан асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийлж байна. Бид Цагаан сараас хойш бүх ажлыг Атрын 60 жилтэйгээ холбон явуулж байна. Энэ асуудалд Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас энэ ойд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа. Одоогоор аймгийнхаа үндэсний их баяр наадмыг ирэх сарын 6, 7-нд зохион байгуулж, атрын 60 жилийн ойн баярын хүрээнд улсын цолтой бөхчүүдийг аймагтаа барилдуулж, газар газрын хурдан хүлэг, мэргэн харваачид цугласан наадмыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа хийж байгаа.
-Одоогийн байдлаар танай аймагт ямар, ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна вэ?
-Улсын төсвийн болон аймгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум руу 22 км засмал зам тавихаар болсон. Төсөв нь шийдэгдээд тендер нь зарлагдаад явж байна. Мөн Сайханы хөтөл рүү найман км хатуу хучилттай засмал зам шинээр тавигдаж байна. Мөн Сайханы хөтлийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метрийн урттай, 30 метрийн өндөртэй шилэн тавцантай гүүрийг барина. Энэ бүтээн байгуулалтыг би Монголдоо анхдагч гэж үзэж байгаа. Шилэн тавцантай гүүрийг Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээндээ Сэлэнгэ аймгийн Тамгын газартай хамтарсан хөрөнгө оруулалтаар хийж байна. Энэ мэтчилэн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй өрнүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
-Шилэн гүүрний ажил хэдэн хувьтай явж байгаа вэ. Хэзээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байна?
-Шилэн гүүрийг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Одоогоор зам засварын ажил явагдаж байгаа.
-Тариалалтын явц хэдэн хувьтай байна?
-Сэлэнгэ аймаг 17 сумтай. Үүний 16 нь газар тариалангийн бүс нутагт тооцогддог. Тэр ч утгаараа Монгол Улсынхаа үр тарианы 50-60 хувийг дангаараа хангадаг. Сумдад бол тариалалт жигд явагдаж байна. Атрын 60 жилээ өндөр их ургацтай, угтахын тулд иргэн бүр хичээнгүйлэн ажиллаж байна. Мөн хадгалалт сайтай, амт чанартай, хурдан болдог “Сэлэнгэ-V” гэх соортын төмсийг Улсын аварга “Элит үр” гэх компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад, зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнийгээ нутгийн брэнд болгохоор төлөвлөж байгаа.
-Газар тариалангийн бүс нутагт тулгамддаг гол асуудал нь бэлчээрийн мал аж ахуй байдаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Газар тариалангийн бүс нутаг гэдэг нь эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан явуулахыг хэлдэг. Тэрнээс биш дан газар тариалангаа хөгжүүлээд малчид, мал аж ахуйгаа хайхрахгүй байна гэсэн үг бол биш юм. Энэ бол нэг жилийн дотор шийдэх асуудал биш. Магадгүй 5, 10 жилийн дараа малчид тариаланчид маань хоорондоо зохицож байж, бэлчээрийн мал аж ахуй Сэлэнгэ аймагт байхгүй болно. Ингэхээр малчид тариаланчид хоорондоо нэгэндээ тэжээлээ тавьж өгөөд, хоорондоо хэрхэн хамтарч ажиллаж байна вэ гэдгээс шалтгаална. Жишээ нь, арван үхрийг фермерийн хэлбэрээр эрчимжүүлээд явах нь зуун үхэр хариулснаас илүү үр шимтэй байна. Засгийн газар ч гэсэн маш нарийн дүрэм журмыг баталж өгөх хэрэгтэй байгаа юм.
-Сэлэнгэ аймагт үр тариа хадгалах нөөц газар хэр хүртээмжтэй байдаг вэ?
-Хангалттай нөөцтэй. Хадгалалтын тал дээр манай аймагт ямар ч асуудал байхгүй.
Т.Од

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.