Эдийн засаг
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ

Дэлхийн түүхий эдийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт буюу экспортын хэмжээгээр Австрали, АНУ, Канад, Монгол, ОХУ, Мозамбик улсууд тэргүүлж байна. Австралийн аж үйлдвэрийн тоймд нийтлэгдсэн мэдээллээс харвал дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлтийн нийт 8 хувийг Монгол Улс экспортложээ.
Харин худалдан авагч, импортлогчийн хувьд Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Европын холбоо, Тайвань тэргүүлдэг
Нийлүүлж байгаа зах зээл, газар зүйн байршил, зах зээлд эзэлж буй хувь хэмжээний хувьд ОХУ манай улстай тун ойролцоо түвшинд байна. Тодруулбал дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн нийт 7 хувийг хойд хөрш хангасан дүн мэдээ байна. Гэсэн ч оны эхний таван сарын байдлаар ОХУ-аас Хятад улсад экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 29%-иар нэмэгджээ. Цаашид дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөв, худалдааны дайн, гангийн эрэлт хэрэгцээ зэрэг олон хүчин зүйлээс хамаарах хэдий ч Хятад улсын зах зээлд эзлэх нүүрсний экспортын төлөө өрсөлдөөн амаргүй болох төлөвтэйг эдийн засагчид онцолжээ. Дэлхийн банкны эдийн засагчдын гаргасан тайланд Хятадын өсөлтийг 2018 онд 6.6 хувь байсан бол 2019 онд 6.2%, 2020 онд 6.0%-д хүрч саарна гэж таамаглажээ. Урд хөршийн эдийн засаг саарахын хирээр үйлдвэрлэл багасах буюу эрдэсийн бүтээгдэхүүний худалдан авалт багасах уу гэсэн асуулт урган гарч ирж байна. Тэгвэл Дэлхийн гангийн холбооноос гаргасан мэдээлэл бидэнд сайн мэдээ болж ирж байна.
Өнгөрсөн 4-р сарын дүнгээр Хятад улсын импортолсон коксжих нүүрсний биет хэмжээ 7.43 сая тоннд хүрч өмнөх сараас 21%-иар өссөн. Ийнхүү коксжих нүүрсний хэрэглээ өсөж байгаа нэг гол шалтгаан бол гангийн үйлдвэрлэл ажээ. Хятад улсын түүхий гангийн үйлдвэрлэл өнгөрсөн 4-р сард 85.03 сая тоннд хүрч өнгөрсөн жилийн мөн үеийн үйлдвэрлэлээс 12.7%-иар өсчээ. Дэлхийн нийтийн түүхий гангийн үйлдвэрлэл 4-р сард 156.7 сая тн-д хүрч 6.4%-иар өссөн гэдгийг Дэлхийн Гангийн Холбооноос мэдээлжээ.
Өнгөрсөн жилийн хувьд нийт экспортын 41 хувийг нүүрсний экспорт дангаараа бүрдүүлсэн байна. 2018 онд нийт 2.4 тэрбум ам.долларын 31.3 сая тонн нүүрсийг Монгол Улс экспортолсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Монгол Улсын зүгээс нүүрсний экспортыг нэмэгдүүлж 42 сая тн хэмээн тооцоолоод төсөвтөө тусгаад буй.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.