Бусад
Ш.Оргил: Ард иргэдтэйгээ хамтраад бүтээн байгуулалтыг олноор нь өрнүүлж үлдэх юмтай байх нь чухал
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт ажил үйлс, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Аймгийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ аж амьдралд анхаарч, энэ оныг өрхийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих жил болгон зарласан. Мөн атрын анхны шанг татсан аймгийн хувьд Атар газар эзэмшсэний 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гээд ярих зүйл олонтой, хийх ажил ихтэй жил болж байна. Ингээд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой аймгийн ажил үйлсийн талаар ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу Та. Аймгийн даргын ажил тодорхой төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд хийгддэг. Энэхүү гаргасан үйл ажиллагааны хөтөлбөр бол таны бүрэн эрхийн хугацааны чинь гол чиглэл байгаа болов уу. Хөтөлбөрийн үр өгөөж, хэрэгжилтийн явцын талаар яриагаа эхлэх үү?
-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эрхэм зорилгоо зүгээр ч нэг “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” гэж биччихээгүй юмаа. Сэлэнгэ нутгаа хөгжүүлэхэд иргэн бүрийн, айл бүрийн оролцоо хамтын сэтгэл, зүтгэл чухал юм шүү гэдэг санааг л энэ уриагаараа илэрхийлсэн.
Миний хувьд үндсэн хугацааны ажлынхаа талаас илүү хувийг нь ардаа үлдээсэн байна. Энэ хугацаанд бид бүхэнд хийж чадсан гэх ажлууд ч байна, хийхээр зорьж байгаа зүйл ч их байна. Мөн янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалаад амжихгүй болох магадлалтай ч ажлууд бас байна. Гурван бүлгийн 197 зорилт, заалт бүхий аймгийнхаа дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр аймгийн ИТХ-аараа хэлэлцүүлж, цаашид анхаарах асуудлуудаа тодотгож авдаг. Манай сумдаас сонгогдсон аймгийн Төлөөлөгчид маань их идэвх санаачилгатай шүү, уулзах бүртээ л сумандаа, тойрогтоо тийм ч ажил хиймээр байна, ингэмээр байна гээд явж байдаг. Тэр бүрийг дэмжээд хамтраад ажиллах хүсэл байв ч аймгийн төсөв хөрөнгө даанч хязгаартай юм даа. Одоо ч тэгээд хууль, дүрэм илүү нарийн болж, асуудлыг эрэмбэлэх, иргэдийн санал их авсан байх, тухайн жилийн төсөв төлөвлөгөөнд туссан байх гээд л.
–Аймгийн хэмжээнд 2019 оныг “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх” жилээр зарласан. Зарласан жилийн хүрээнд бодит ямар ажлууд хийв, төлөвлөсөн зүйл юу байгаа вэ?
-2019 оны тухайд бид ярилцаж иргэдээсээ санал авч байгаад “Бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх жил” болгон зорилт дэвшүүлсэн. Миний нэг хэлэх дуртай үг байдаг юм. Сэлэнгэ аймгийн “Айл бүр нь ажилсаг, өрх бүр нь үйлдвэрлэгч” гэж. Манай аймагт бол уг хүн нь туйлын залхуу л биш бол яагаад ч хоосон хонох учиргүй. Хашаандаа ногоо, жимсээ тариад идэж болно, гахай, тахиа, зөгийн аж ахуй эрхлээд амьдралдаа тус нэмэр болгоод явж болж байна, гэх мэтээр бидэнд боломж зөндөө бий.
Өөрийн өмчлөлийн хашаандаа өөрсдийнхөө аж амьдралыг хэнээс ч хараат бусаар өөд нь татаад өнгөтэй, өөдтэй явж байгаа өрх айлууд зөндөө бий. Одоо бүр зохион байгуулалтад ороод бүлэг, хоршоо болоод өргөжиж хөгжөөд явж байна. Эдгээр хүмүүстээ аймаг, орон нутгийн түвшинд бодлогоор яаж тус болох вэ гэж сэтгэлээ чилээж явна. Тухайлбал, 500 сот газар тариалалт эрхэлдэг иргэнд хүнсний ногоогоо нэмж тарих, түүнийгээ боловсруулах, хадгалах зэрэг тулгамдсан асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийлж байна.
-Ардын хувьсгалын ялалтын уухай хадсан 100 жилийн ойтой давхцан Сэлэнгэ аймгийн маань 90 жилийн ой ирэх 2021 онд тохионо. Их ойн хүрээнд төлөвлөсөн ажлын талаар?
-Сэлэнгэ аймгийг анх 1931 онд байгуулсан түүхтэй. 90 жилийн хугацаанд Сэлэнгэчүүд бид ямар ямар амжилтад хүрэв, цаашид яаж ажиллавал улсынхаа хөгжилд тус нэмэртэй байх вэ гэдгээ өнөөдөр бид ярилцаж хөгжлийнхөө тооцоо төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Аймаг төдийгүй айл өрхүүд хүртэл хол, ойрын хөгжлийн төлөвлөгөөтэй ажилладаг болсон байна өнөө үед. Тиймээс бид “Сэлэнгэ аймгийн тогтвортой хөгжлийн зорилт-2030” бодлогын баримт бичгийг энэ онд аймгийн ИТХ-аараа хэлэлцүүлж батлуулна.
Ирээдүйн 10 гаруй жилээ тооцож, томъёолж байгаа болохоор тооцоо судалгаа, иргэд, эрдэмтдийн санал бодлыг шингээх гээд урьдчилсан ажил ихтэй байгаа. Өнгөрсөн 2018 онд суурь судалгаа тооцоог боловсруулах ажилд гол анхаарлаа хандуулсан. 2011 онд одоогийн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат аймгийн даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа 80 жилийн ойг их сайхан зохион байгуулсан байдаг. Тухайлбал: Зүгээр л нэг уулын толгой байсан энгэрийг их сайхан тохижуулж “Гэрэлт цогцолбор” болгосон нь одоо ч ач холбогдлоо алдаагүй, аймагт ирсэн аялагч, амрагчид, аймгийн маань иргэд ч өөрсдөө чөлөөт цагаараа гарах дуртай газар болж чадсан. Мөн аймгийнхаа баяр наадмыг тэмдэглэдэг цэнгэлдэх хүрээлэн байна. Тиймээс бидэнд түүхт 90 жилээ аймгийнхаа хэмжээнд өргөн дэлгэр сайхан тэмдэглэх үүрэгтэй юм. Ой тэмдэглэх нэг хэрэг, харин ойгоо угтаж, ойдоо зориулан ард иргэдтэйгээ хамтраад бүтээн байгуулалтыг олноор нь өрнүүлж үлдэх юмтай байх нь чухал гэж боддог.
-Монгол Улсынхаа хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй Сэлэнгэчүүд бүтээн байгуулалт болоод бүх ажил хөдөлмөрөө атрын их ойн хүрээнд хийж хэрэгжүүлж байна. Ойн хүрээнд хийж байгаа ажлаасаа, зориулсан бүтээл юу байна?
-Энэ чухал ойд Сэлэнгэчүүд бид манлайлан оролцох ёстой гэж бодож байгаа, тэр ч утгаараа ойг аймгийнхаа хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг гарган хийх ажлын төлөвлөгөөтэй ажиллуулж байна. Энэ ажлын хүрээнд хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан “Атрын нутгийн амар мэнд” нэвтрүүлгийг МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулсан. Энэ нэвтрүүлэгт атрын анхны аянаас эхлээд өнөөдрийг хүртэл энэ салбартаа ажиллаж байгаа алдартан гавьяатан, баатрууд, иргэдээ оролцуулсан. Одоо энэ салбарт ажиллаж байгаа иргэдийнхээ хөдөлмөрийн үр шимийг төрдөө үнэлүүлэх, цаашлаад тариалангийн гол бүс нутаг болох зарим сумаа төрийн дээд одон медальд тодорхойлох, энэ салбартаа цаашид анхаарах, шийдвэрлэх асуудлууд гээд олон ажил биднийг хүлээж байна.
2019 оны намар арвин их ургац хурааж ойдоо бэлэг барих нь манай тариаланч механикжуулагчдын маань гол зорилт юм. Бид Цагаан сараас хойш бүх ажлыг Атрын 60 жилтэйгээ холбон явуулж байна. Энэ асуудалд Сэлэнгэ аймгийн ИТХ, ЗДТГ-аас өндөр ач холбогдол өгч байгаа. Одоогоор аймгийнхаа үндэсний их баяр наадмыг ирэх сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулж, атрын 60 жилийн ойн баярын хүрээнд улсын цолтой бөхчүүдийг аймагтаа барилдуулж, газар газрын хурдан хүлэг, мэргэн харваачид цугласан наадмыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж,бэлтгэл ажлаа хийж байна.
Цаашид аймгийн аварга малчин гэхээсээ илүүтэйгээр аймгийн аварга фермер гэсэн чиглэл рүү малчдаа ажиллуулах болно
-Таныг аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа энэ үед Сэлэнгэ аймгийн олон жилийн хүсэл, шаардлага байсан “Тариалангийн бүс нутаг” болох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраар гаргуулсан явдал байх гэж бодож байна?
-Тийм шүү. Энэ их олон жил яригдсан асуудал. Аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа дарга бид нар ажил аваад хамгийн анхны гол зорилт энэ байсан. Сумдад ажиллаж байхад тариаланчид, малчдын хоорондын маргааны гол сэдэв нь. Мэдээж малчид өөрсдийнхөө, тариаланчид өөрсдийнхөө эрх ашгийн өмнөөс л ярина. Гэхдээ одоо энэ асуудал бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болохгүй. Засгийн газар бодлогын түвшинд шийдвэрээ гаргасан. Одоо бид аймагтаа шийдвэрээ гаргаж ажиллана. Тариалангийн бүс нутаг боллоо гээд бүх малтай иргэдээ аймгаасаа нүү гэж болохгүй, манай ахмад тариаланчид нэгдэл нийгмийн үед удирдах ажил хашиж явсан хүмүүс хэлдэг юм, Сэлэнгэ аймаг 700-800 мянган мал байх л бэлчээрийн даацтай гэж. Одоо тэгтэл даруй нэг дахин өсөөд 1.5 сая малтай болчихоод байгаа, харин сүүлийн жилүүдэд огцом өсөхгүй энэ багцаандаа тогтвортой байгаад байна. Нэг хэсэг механик өсөлт их байсан, ялангуяа баруун зүгийн аймгуудын төвийг чиглэсэн нүүдэлд их өртсөн. Одоо бид Тариалангийн бүс нутаг гэсэн шийдвэртэйгээ уялдуулаад эрчимжсэн мал аж ахуй буюу суурин болон хагас суурин маллагаатай, ашиг шим сайтай мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг бүх шатандаа зохион байгуулж, бусад аймгуудаа таваарлаг мал ялангуяа эцэг малаар хангах бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Жил бүрийн эхэнд улс, аймгийн аварга малчид гээд олон малчдыг шалгаруулж шагнаж урамшуулж байна. Манай аймгийн хувьд цаашид аймгийн аварга малчин гэхээсээ илүүтэйгээр аймгийн аварга фермер гэсэн чиглэл рүү малчдаа ажиллуулах болно. Сэлэнгэд заавал хэдэн мянган малтай байх албагүй, таваарлаг ашиг шимтэй цөөхөн малтай иргэдээ аймаг түлхүү дэмжиж бодлогодоо хамруулна. Тиймээс бид аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартаа үүрэг өгөөд байгаа, ферм гэж ямар малчин, аж ахуйн нэгжийг хэлэх вэ гэдэг шалгуур үзүүлэлтийг боловсруулж батлуул гэж. Тэгэхгүй бол банз, тоосгоор ферм гээд байшин сав барьчихаад мал нь нөгөө л бэлчээрийн хэдэн үхэр хашаад би фермер гээд байх нь учир дутагдалтай. Наад зах нь сүргийн бүтцээ сайжруулах талд сайн ажилласан байхаас эхлээд малын тарилга туулгаа, нэг малаас авах ашиг шимийг тогтоож өгсөн болзлууд байх хэрэгтэй.
Социализмын үед манай аймагт сүү, махны үхрийн олон фермүүд үйл ажиллагаа явуулж байсан, тэнд ажиллаж байсан дадлага туршлагатай хүмүүс буюу боловсон хүчний нөөц сайтай, ногоон тэжээл, дарш бэлтгэх тариалангийн газар нь байна, тэгэхээр эрчимжсэн мал аж ахуй Сэлэнгэ аймагт хөгжихөд хүндрэлтэй асуудал харьцангүй багатай гэж ойлгож байгаа. Бусдад үлгэрлэл болохуйц сайхан аж ахуй байгуулаад ажиллаж байгаа иргэд, компаниуд байна. Тухайлбал Зүүнбүрэн суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Алтан тариа” ХХК-ийг хэлж болно.
-Сэлэнгэ аймаг маань үзэсгэлэнт сайхан байгальтай. Үүнийгээ ашиглаад аялал жуулчлалыг аймагтаа хөгжүүлэх чиглэлд нэлээд дорвитой алхмыг хийж байгаа хүн гэж таныг харж байна. Тухайлбал Монгол Улсад анхны шилэн гүүрийг хадан хясаанд барьж байгуулах ажлыг санаачлан хийхээр эхлүүлээд байгаа. Зарим хүмүүсийн сэтгэл оюунд үлгэр мэт санагдаж байгаа. Энэ талаараа . . .?
-Ёстой л нөгөө сайхан бүхний төгс зохицол бүрдсэн нутаг гэвэл л манай аймгийг хэлэх байхдаа, манай нутагт алт, эрдэнэсээс эхлээд самар, жимс, ан амьтан бүх зүйл байна. Энэ их боломжоо бид зөв ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж боддог. Сайхныг нь магтан шагшаад зүгээр хараад суугаад байх цаг биш.
Өнөөдөр, тэр давуу талаа ашиглаж яаж хурдан хөгжиж, Сэлэнгэ аймгийн аль ч суманд иргэд нь сэтгэл хангалуун сайхан амьдарч болох вэ гэдгийг манай сумын Засаг дарга нар ч бас харах ёстой. Аймаг маань 17 сум 6 тосгонтой, 6 тосгон нь зарим сумаасаа ч их хүн ам, эдийн засагтай. Тэгэхээр 23 сумтай гэж ойлгож болохоор байгаа юм. Аймаг, сумын төр захиргааны шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа бидний эрхэм зорилго бол энэ 23 суурьшлын бүс нутагт ажиллаж байгаа иргэд сэтгэл тэнүүн сайхан байх боломжийг бүрдүүлэхэд иргэдтэйгээ хамтран ажиллаж байж амжилтад хүрэх болов уу. Жишээ нь манай аймагт ирсэн хэн бүхний очих дуртай, заавал очдог Сайханы хөтөл гээд байна, бид Сайханы хөтөлд хоёр хадыг холбосон шилэн гүүр барьж ашиглахаар төлөвлөсөн. Тэгж байж тэр Сайханы хөтөл гэдэг газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна, өөрөөр хэлбэл зориод очсон бүхэнд үзүүлэх сонирхуулах юмтай байж гэмээ нь тэр хүнээс мөнгө авч үлдэнэ. Тэгэхгүй зүгээр нэг уулын оройд, хадан дээр гаргаад мөнгө өг гээд байлтай биш, тэрийгээ дагасан хоол ундны асуудлууд гээд бүх л зүйл нь шийдэгдэх юм. Тиймээс зөвхөн газар тариалан, ашигт малтмал гэхгүйгээр байгаль экологидоо ээлтэй энэ мэтийн салбараа анхааралдаа авч аялал жуулчлалын чиглэлээр хийхээр төлөвлөсөн зүйл их байгаа. Хойд хил 24 цаг болсноос хойш хойд хөршийг чиглэсэн урсгал мэдэгдэхүйц нэмэгдсэн. Нэг хүн хамгийн багадаа 500.0 мянган төгрөгтэй явж байгаа гэсэн судалгаа ч байдаг. Тэрнээс нь ядаж 100.0 мянгийг нь аймагтаа үлдээвэл энэ салбар аяндаа л хөгжөөд ирнэ. Мөн Сайханы хөтөлийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метрийн урттай, 30 метрийн өндөртэй шилэн тавцантай гүүрийг барина. Энэ бүтээн байгуулалтыг би Монголдоо анхдагч гэж үзэж байгаа. Шилэн тавцантай гүүрийг Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээндээ Сэлэнгэ аймгийн Тамгын газартай хамтарсан хөрөнгө оруулалтаар хийж байна. Энэ мэтчилэн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй өрнүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Шилэн гүүрийг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Одоогоор зам засварын ажил хийж байгаа.
-Ер нь сүүлийн хэд хэдэн хурал зөвлөгөөнд суугаад харж байхад та сахилга, хариуцлагыг сайжруулах тал дээр нэлээд ширүүн дуугарч харагдсан?
-Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг хариуцлагын жил болгон зорилт дэвшүүлж улсын хэмжээнд олон ажлыг өрнүүлсэн. Би аймгийн Засаг даргаар томилогдоод хамгийн анхны гаргасан шийдвэр бол ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлагыг сайжруулах 05 тоот албан даалгавраа 2017 онд гаргаж бүх төрийн байгууллагад хүргүүлж, үүрэгжүүлж байлаа. Сахилга хариуцлагыг хувь хүнээс өөрөөс нь хамааралтай асуудал гэж ойлгодог. Хамгийн наад зах нь цаг баримталж сурах хэрэгтэй. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа ямарваа нэг хурал, зөвлөгөөн, сургалт, семинар товлосон цагтаа эхлээд төлөвлөсөн цагтаа өндөрлөдөг. Би хувьдаа нэг цаг хэлж тэр олон хүнийг цуглуулчихаад өөрөө алга болоод олон цагаар хүлээлгээд байхыг хүсдэггүй, надад тийм ч хүмүүжил байхгүй, харин ч 5 минутын өмнө ороод сууж байхыг боддог. Сахилга хариуцлага ярихаар бүх зүйл гэнэт өргөс авсан юм шиг сайхан болчихно гэж байдаггүй юм байна. Сумдад, зарим төрийн байгууллагуудад хандсан, зарим удирдлагуудад хандсан иргэдийн өргөдөл гомдол, санал шүүмжлэл ирдэг, тэр бүхэнд бид хуулийн дагуу л шийдвэрлэж ажиллахыг зорьж байна.
Төрийн ямар ч шатанд ажиллаж байгаа албан хаагчдад ажилдаа ч тэр, үйлчлүүлж байгаа иргэндээ ч тэр аль алинд нь чин сэтгэлээсээ ханд, ядарсан зүдэрсэн, настай хүн ороод ирвэл ядаж тосож аваад сайхан инээгээд харьц, тэгвэл тэр хүн ажил нь 100 хувь бүтээгүй байсан ч сэтгэл сайхан таны өрөөнөөс гарах болно гэж захиад байгаа. Одоогийн төрийн албаны нэр хүндийг нийгэмд унагаад байгаа нэг гол дутагдал бол ажлаа мэдэх нь байтугай, өөрийгөө ч сайн мэдэхгүй нөхдүүд төрийн албанд орчоод иргэдэд дээрэлхүү, онгироо зангаар хандаад байгаа юм. Цаашдаа энэ байдалтай би залуу хүний хувьд эвлэрэхгүй. Ийм төрийн албан хаагчидтай бид хамтран ажиллаж чадахгүй гэдгээ энэ ярилцлагаар онцлоод хэлмээр байна.
Өвдсөн, сандарсан хүмүүс л эмнэлэгт ханддаг.
Тийм ч учраас энэ салбарт илүү анхаарах ёстой юм байна гэж боддог
-Та ажилдаа томилогдсоноос хойш аймгийнхаа эрүүл мэнд, спортын салбарт нэлээд их хөрөнгө хаясан бодлого шийдвэрүүдийг гаргаж байх чинь . . . ?
-Миний бодож явдаг зүйл байдаг, юу вэ гэхээр жаргалтай, сайн сайхан яваа хүмүүс тэр бүр эмнэлгээр яваад байхгүй шүүдээ. Өвдсөн, сандарсан хүмүүс л эмнэлэгт ханддаг. Тийм ч учраас энэ салбарт илүү анхаарах ёстой юм байна гэж боддог. Энэ ч утгаараа ажлаа авснаас хойш гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн байгууллагуудын хөрөнгө, улс, аймгийн төсвийн нэлээдгүй хэсгийг эрүүл мэндийн салбарын орчин нөхцөл, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх сайжруулахад зарцуулж байна. Хоёр гурван жилийн өмнөхийг бодвол одоо аймгийн Нэгдсэн эмнэлгийн үүдээр ороход арай өөр орчин угтах байх. Эмч, эмнэлгийн байгууллагынхантай уулзахдаа нэг л зүйлийг захиж байгаа, зан харьцаандаа анхаар гэж. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Хэдий тэр иргэний хүсэлтийг бүрэн гүйцэлдүүлээд гаргаж чадахгүй ч сайхан харьцаа, сайхан хандлагаар зөвлөөд тайлбарлахад л тэр өвдөж шаналж яваа иргэнд сайхан мэдрэмж төрдөг. Ялангуяа эмч хүний үг, үйлдэл бүхэн хүний амь настай холбоотой үр дагавар дагуулж байдаг.
Спортын салбарт анхаараад байгаа шалтгаан нь мөн л эрүүл мэндтэй холбоотой. Ямар нэгэн спортоор хичээллэх нь эрүүл байх, эрүүл аж төрөхийн үндэс гэдэг. Нөгөө талаар спорт өөрөө хүнийг тэвчээртэй, зорилго тэмүүлэлтэй болгодог. Би өөрөө багадаа чөлөөт бөхөөр хичээллэж гавьяат тамирчин Д.Оюунболд багшийн шавь нь болж явлаа, дараа нь сагсан бөмбөг сонирхох болсон, одоо ч хааяа найзуудтайгаа нэг сайхан тоглож хөлсөө гаргах дуртай. Одоо залуусаа өөр өөрийн сонирхолтой спортын төрлөөр хичээллээсэй гэж хүсдэг. Дотоод, гадаадын уралдаан тэмцээнд явахдаа хандаж дэмжлэг, тусламж авсан иргэд, залуус маань ихэвчлэн ганзага дүүрэн ирж буцаад бидэнд баярласан талархсан сэтгэгдлээ илэрхийлэх нь их сайхан санагддаг. Сэлэнгэ аймаг бол хилийн аймаг, иймээс аймгийн гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, энэ хүрээндээ уламжлалт гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ түншлэлийг эрэлхийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай аймаг ОХУ, БНХАУ, Япон, Кувейт, Энэтхэг, Турк, АНУ, ХБНГУ, БНСУ-ын муж хотууд, Монгол дахь Элчин сайдын яамдтай, төсөл хөтөлбөрийн газруудтай идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж байна.
-Дарга, удирдагч хүний өмнө асар том хариуцлага байдаг болов уу. Энэ талаар та юу хэлэхсэн бол?
-Тэгэлгүй яахав, Монгол Улсдаа анхны төрийн 3 одонт аймаг, мөн 9 удаа улсын тэргүүний аймгаар шалгарч байсан гээд амжилт арвинтай аймгийнхаа ажил үйлсийг өөдрөг байлгахын төлөө хичээж үе үеийн дарга нар, ахмадуудынхаа заавар зөвлөгөөг ажилдаа тусгаж, мөн орчин цагийн хэрэгцээ шаардлагаас хоцрохгүй байхыг хичээдэг. Аймгийн Засаг дарга гэдэг албан тушаалд хамааралгүй салбар гэж нэгээхэн ч үгүй, эдийн засаг, нийгмийн бүхий л салбараа ижил тэнцүү авч явах, тулгамдаж буй чухал ажил асуудлуудыг тухай бүр нь шийдэх гээд зүтгэж л байна. Би аймгийн Засаг дарга гээд л өрөөндөө суугаад байхыг боддоггүй. Манай хуучны сайхан үг байдаг даа, суусан цэцнээс явсан тэнэг гэж, явж хүмүүстэй уулзаж байж л ажил төрлөө бүтээх, шинэ санаа олж аймаг, орон нутагтаа тохиромжтойг нь ажил болгохыг боддог.
–Энэ онд ямар бүтээн байгуулалт хийж байгаа талаар танилцуулахгүй юу?
–Аймгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Сэлэнгэ аймгаас Мандал сум руу 22 км зам тавьж байгаа. Мөн Монгол Улсдаа анх удаа Сайханы хөтөлд шилэн тавцантай 70 метрийн урттай 30 метрийн өргөнтэй гүүр барьж байна. Энэ нь хойд Алтанбулагийн хил маань 24 цаг үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан аялал жуулчлал их хөгжиж байгаа учраас гадны жуулчдад үзүүлж харуулах юмтай болж байна гэсэн үг юм. Энэ бол манай аймгийн иргэдэд зориулсан том дэмжлэг болж байна гэж харж байгаа. Улсаас, аймгаас ч бай бусад сумандаа ч хөрөнгө оруулалтын ажлууд тавигдсан. Миний мэдэхийн хамгийн том хөрөнгө оруулалт орсон жил болж байна гэж харж байна. Мөн хэд хэдэн сургууль, цэцэрлэг барихаар улсын төсөвт тусгуулсан.
2021 онд Ардын хувьсгалын 100 жил, Сэлэнгэ аймгийн 90 жилийн түүхэн ой тохионо. Бид аймгийн ИТХ-раа ойгоо угтсан бүтээлч ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2019 онд улс, аймаг, орон нутгийн төсөв, хөрөнгөөр 28.0 мянган хүн амтай Мандал сумыг Алтанбулаг-Улаанбаатарын чиглэлийн хатуу хучилттай замтай холбохоос эхлээд олон томоохон бүтээн байгуулалтуудыг аймагтаа хийнэ. Улсын төсвийн болон аймгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ажлууд хийж байна.
-Сэлэнгэ улсын газар тариалан, үр тарианы 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг онцлогтой аймаг. Энэ ч утгаараа Сэлэнгэ брэндийн нэрийн сортын төмстэй болно гэж та ярьж байсан. Энэ ажил хэр урагштай явж байна вэ?
–Улсын хэмжээний хүнсний ногооны 60 хувийг бүрдүүлдэг гэж цээжээ дэлдэж, онгирч ярьдаг ч Сэлэнгэ нэрийн төмсний сортгүй л аймаг. Улаанбаатар хотод Сэлэнгийн төмс гээд 1000 төгрөгөөр зардаг. Гэтэл яг ямар нэрийн, сортын төмс вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр бид ерөнхий бодлого гаргаж, газар тариалан, стратегийн онцгой ач холбогдолтой аймгийн хувьд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой. Тиймээс “Сэлэнгэ-5” гэдэг сортын төмсийг, төмс үр үржүүлгийн Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байрлалтай “Элит үр” компанитай хамтран хөрсгүй орчинд тариалдаг, сортын амт чанар сайтай, чаналт, хадгалалт даадаг Сэлэнгэ брэндийн төмстэй болно. Хөрсгүй вакуум орчинд, Дарханы хүрээлэнд нутагшуулан, туршиж байгаа.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө