Бусад
“Төмөр замаа даруй барихгүй бол ОХУ-д нүүрсний зах зээлээ алдана”
“Coal Mongolia” чуулга уулзалт ес дэх жилдээ зохион байгуулагдлаа. Чуулганы гол сэдэв өнөөх л тээвэрлэлт, төмөр зам гээд дэд бүтцийн асуудал. Үр дүн нь сайн харагдахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Үндсэндээ хөрөнгө оруулагчид монголчуудын төмөр зам барих ярианаас залхаж байх шиг?
-Тийм ээ. Таны хэлсэнтэй санал нэг байна. Жил жилийн чуулганаар яригддаг биелэгдэшгүй ярианы нэг нь үндсэндээ энэ. Төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бушуухан бариад өгөөч ээ гээд ярих нь бараг галзуу, солиотой хүмүүсийн яриа мэт болчихсон. Шийдүүлэх асуудлууд маань шийдэгдэхгүй байгаа болохоор жил бүр “Coal Mongolia” чуулга уулзалтыг зохион байгуулдаг гэж хэлж болно. Бидний шийдүүлэхийг хүсч байгаа зүйл бол мэдээж дэд бүтцийн хөрөнгө оруулалт шүү дээ. Гэхдээ оновчтой хөрөнгө оруулалт хүсэж байна. Нэн түрүүнд хамгийн ихээр худалдаж авах зах зээл рүүгээ төмөр замаа тавих буюу Тавантолгойгоос Гашуунсухайтын төмөр замыг эхний ээлжид барьж ашиглалтад оруулах шаардлага байгаа юм. Ингэж байж манай улсын нүүрсний салбар өсч өндийнө Нөгөөтэйгүүр бидний “мөрөөдөл” гэж хэлж болох гуравдагч зах зээл рүү нүүрсээ экспортолсноор улсдаа ахиу татварыг манай салбар төлөх боломж бүрдэнэ. Хэрэв ойрын хоёр жилийн дотор манайх төмөр замаа барихгүй бол бид ОХУ-д нүүрсний зах зээлээ алдах эрсдэл ойрхон байна. Саяхан “Bloomberg” телевизээр ОХУ манай улсад 20 тэрбум ам.долларыг зөвхөн нүүрсний дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийнэ гээд зарлачихлаа. Түүнчлэн 120-200 сая тонноор нүүрсний экспортоо нэмэгдүүлж, дэлхийд нүүрсний экспортын зах зээлд ОХУ номер нэг тоглогч болно гэдгээ зарлалаа. Энэ нь хойд хөршийн хувьд бодитоор манай улсын эдийн засагт үзүүлэх аюул занал мөн үү гэвэл мөн. Яагаад гэвэл бид нүүрс, зэсийн эдийн засагтай улс. Хоёр баганын маань нэгийг нь булаагаад авчихвал ганхаж унана.
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалынхаа үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах хүрээнд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. ОХУ-ын Засгийн газраас хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг УБТЗ”ХНН-ийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо мөн илэрхийлсэн. Уул уурхайн судлаачдын хувьд уг айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэв?
-Айлчлалын талаар хэвлэлүүдээс авсан мэдээллээс харахад “ОХУ эрчим хүчний хувьд бид танай байнгын нийлүүлэгч байна” гэдгээ хэллээ. Энэ нь цахилгаан, эрчим хүчний системийн хувьд ОХУ та нарт байнга эрчим хүчээ нийлүүлнэ, та нар цахилгаан станц барих хэрэг байна уу гэж бараг хэлсэнтэй адилхан. Хоёрдугаарт, В.Путин Ерөнхийлөгчийн айлчлалтай давхцуулаад 20 тэрбум ам.долларыг зөвхөн нүүрсний дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийнэ гээд ОХУ зарласан нь Монголыг нүүрсний зах зээлээс богино хугацаанд шахна гэсэн дарамтыг үзүүллээ л гэж би хувьдаа дүгнэж байна. Айлчлал хоёр улсын харилцаа, геополитикийн хувьд ач холбогдолтой байж магадгүй ч эдийн засгийн хувьд төдийлөн ач холбогдолтой айлчлал болсонгүй гэж дүгнэж байна.
-Хоёулаа үндсэн сэдэв рүүгээ оръё. Өнөөдөр манай улсын нүүрсний салбарын нөхцөл байдал ямар байна вэ?
-Түүхий нүүрсэнд экспортын татвар тавих цаг нь болжээ. Тэгж байж бид дараагийн шатандаа гарах ёстой. Экспортын 20 гаруй уурхай ажиллаж байна. Тэд нийт 40 сая тонн нүүрс олборлож, 36 сая тонн нүүрс экспортолж байгаа. Нийт олборлох төслийн хүчин чадлынхаа 36 хувийг л ашиглаж чадаж байгаа. Тэгэхээр цаашид нүүрсээ баяжуулж, илүү нэмүү өртөг шингээж гаргах юм бол Монгол Улсын эдийн засагт орох татвар өндөр болно. Бага хэмжээтэй нүүрсийг өндөр үнээр зарах гэсэн санаа. Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс өмнөд хөршийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж, 1.2 их наяд төгрөгийн татвар бүрдүүлэх зорилт тавьсан. Түүхий нүүрсээ ихээр гаргах бус аль болох багасгаж, оронд нь баяжуулсан нүүрсээ өндөр үнэтэй зарж чадвал заавал 42 сая тонн нүүрс экспортлохгүйгээр 30 сая тонн нүүрс зарахад 1.2 их наяд төгрөгийг давуулан татварт төвлөрүүлэх бүрэн боломжтой. Харьцуулаад харахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК түүхий нүүрсээ 68-70 ам.доллароор зарж байхад хажууд нь “Энержи ресурс” компани нүүрсээ угаагаад 175 ам.доллараар зарж байна. Энэ хоёр компанийн улсад төлөх татвар үлэмж зөрүүтэй. Тэгэхээр цаашид нүүрсээ баяжуулж гаргах нь чухал.
Экспортын түүхий нүүрсэнд татвар зоригтой тавьж, баяжуулах үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэй. “Энержи ресурс” компаниас гадна 1-2 сая тонн нүүрс угааж, боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрүүд цөөнгүй баригдлаа. Нүүрсний салбарын хөгжлийн дараагийн шатаа дэмжихийн тулд түүхий нүүрсэнд экспортын татвар тавих цаг нь болжээ гэж харж байна.
-Нүүрсний зах зээлийн үнэ цаашид яах вэ. Ямар таамаглалууд байна?
-Өнгөрөгч дөрөвдүгээр сард “Сoal Mongolia”-2019 чуулганы урьдчилсан зохион байгуулалт Бээжинд болж “Дэлхийн коксжих нүүсний зах зээл ба нөөц” сэдэвт хурлыг нүүрсний судалгааны Хятадын томоохон компанитай хамтран зохион байгуулсан. Дөрвөн сард яригдсан прогнозоор бол ойрын нэг жилдээ ялангуяа коксжих нүүрсний зах зээл тогтвортой байна. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт түүнээс улбаалсан бусад аж үйлдвэрийн салбарууд дахь коксжих нүүрсний хэрэглээг нэлээд нарийн тооцож гаргасан байсан. Эрэлт, нийлүүлэлт 0.5 хувийн зөрүүтэй байхаар тооцоолсон. Манай гол бүс нутаг Тяньши, Бугатад нэг тонн баяжуулсан нүүрс 250 ам.доллар орчим байгаа. Энэ үнэ нь ойрын нэг жилдээ тогтвортой байна гэсэн үг. Тэгэхээр зах зээлд үнэ талаасаа тогтвортой байна.Төрийн өмчит компани нь энэ бололцоог ашиглахгүй, хувийн хэвшил нь тултал нь ашиглаж байгаа.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НҮҮР БУРУУЛААГҮЙ. ЗӨВХӨН ШИЙДЭЛ ХҮЛЭЭЖ БАЙНА.
-Сүүлийн үед Засгийн газар хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж хэд хэдэн компанийн лицензийг цуцалсан. Төрийн бодлого, шийдвэр салбарт хэрхэн тусаж байна вэ?
-Хууль бус, нинжа маягийн уурхайтай, татвар, эрхзүйн орчноо мөрдөж ажилладаггүй, хариуцлагагүй алтны компаниудтай У.Хүрэлсүх Ерөнхий сайд тэмцэл хийж байгааг дэмжиж байгаа. Нөгөө талаар үнэхээр хариуцлагатай уул уурхайг дэмжье гэж байгаа бол хариуцлагатай компаниудаа төр нь дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй. Уул уурхайн салбар дахь дэд салбарууд хэр нэр хүндтэй байгаа талаарх судалгааг би өөрийнхөө твиттер хаягаар явуулсан. Уур уурхайн аль дэд салбарыг зогсоохыг та дэмжих вэ гэж асуухад, судалгаанд оролцогчдын 78 хувь нь алтны салбарыг, 10 хувь нь нүүрсний салбарыг, дөрвөн хувь нь зэсний салбар гэж хариулсан. Эндээс харвал нэр хүнд хамгийн муутай нь алтны салбар байгаа юм. Дотор нь задлан шинжилгээ хийгээд үзвэл олгогдсон бүх хайгуулын болон ашиглалтын лицензийн 50 гаруй хувь нь алтных. Тэгсэн хэрнээ алтны салбараас улсад төлөх татвар нь дөрвөн хувьд ч хүрдэггүй.
2018 оны гүйцэтгэлээр улсад 2 их наяд орчим төгрөгийн татвар уул уурхайн салбараас бүрдсэний алтны салбар 80 тэрбум төгрөг хүрэхгүй татвар төлсөн. Гэтэл нүүрсний салбар дангаараа 1.2 их наяд төгрөгийн татвар төлсөн. Ингээд харьцуулаад харвал бид цаашдаа аль уул уурхайг хөгжүүлэх вэ гэдгээ бодох цаг нь болжээ.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Цаашид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс Монгол Улсын хууль, тогтоомжийг хүндэтгэж, хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлж, орон нутагтай хамтран ажлын байрыг нэмэгдүүлсэн уул уурхайн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж ажиллах болно. Харин Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аливаа уул уурхайн үйлдвэрлэлтэй хатуу тэмцэнэ гэдгээ хэллээ. Үүнийг уул уурхайн салбарын судлаачийн хувьд баяртай хүлээж авч байна. Гэхдээ хариуцлагагүй нөхдүүдэд хариуцлага тооцно гэж сэлэм эргүүлж байгаад хариуцлагатай зарим нэгийгээ давхар битгий сэлэмдчихээсэй гэсэн болгоомжлол байгааг нуухгүй.
-Хөрөнгө оруулагчидМонголын коксжих нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой. Гэхдээ Монголын уул уурхайн салбарт авч буй төрийн бодлогод хөрөнгө оруулагчид санаа зовниж байгааг гаднынхан хэлж байна. Ер нь бодит байдалд компаниуд хөрөнгө оруулалт татахад хэр хүндрэлтэй байна вэ?
-Хөрөнгө оруулагчид шинээр үйлдвэр, уурхай худалдаж авах гэхээсээ илүүтэй ханган нийлүүлэлт, бэлтгэл нийлүүлэлт хийж байгаа компаниудад хөрөнгө оруулалт хийх сонирхол их байна. Яагаад гэвэл манай дотоодын нүүрсний олборлолт жилээс жилд өсч байгаа нь үүнийг дагасан тоног төхөөрөмж, шинэ технологи нийлүүлдэг зэрэг энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг Монголын компаниудад нь хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн. Нүүсний салбараас хөрөнгө оруулагчид нүүр буруулаагүй. Зөвхөн шийдэл хүлээж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хэзээ баригдаж дуусах уу, хэзээ баяжуулах үйлдвэрээ барих уу, хэзээ IPO хийх үү зэрэг шийдлийг хөрөнгө оруулагчид хүлээж байна.
-Австралийн нүүрс Хятадын зах зээлд нийлүүлэгдэхдээ чөлөөт худалдааныхаа гэрээний хүрээнд ямар нэгэн татваргүй байдаг. Харин Монголоос Хятад руу нийлүүлж байгаа коксжих нүүрсэнд гурван хувийн татвар, ногдуулдаг. Уг нь төр зохицуулаад БНХАУ-тай хөнгөвчилсөн худалдааны гэрээ хэлэлцээр хийх ёстойг “Coal Mongolia”-2019 чуулганы оролцогчид хөндөж байсан. Энэ мэт уул уурхайн салбараа дэмжих гадагшаа бодлого хангалтгүй байгаатай та ч гэсэн санал нийлэх байх?
-Тийм ээ. Энэ талаар Монголын төр засгийн нөхдүүдээс хийж байгаа нэг ч ажил байхгүй. Үндсэндээ зөнгөөр нь хаячихсан гэж хэлж болно. Төрийн хийж чадаж байгаа зүйл нь нүүрсээ түүхийгээр нь маш ихээр гарга гэсэн бодлого хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ хүний амь насыг огт тоохгүй. 2014 онд баталсан Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг төрийн компани нь өөрөө зөрчиж байгаа нь асуудалтай. УИХ-аар баталсан уг бодлогод баяжуулах үйлдвэр байгаа бол нүүрсээ заавал баяжуулж гаргана гэж тусгасан. Гэтэл энэ бодлого өнөөдөр базаад хаясан цаас болж хувирч, зарим УИХ-ын гишүүн мэдэх ч үгүй явж байгаа байх. Жишээ нь төрийн өмчит компани “Эрдэнэс Тавантолгой” ХК дээрх бодлогыг огт хэрэгжүүлдэггүй. Нөгөө талаасаа хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье гэвэл уул уурхайн компаниудын мэдээлэл ил тод байх ёстой. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын 2.5 сая иргэний хувьцааг удирдаж байгаа ийм компани атал Шилэн данс хөтөлдөг байх ёстой. Сүүлийн хоёр жил буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Ганхуяг гэдэг нөхөр очоод Шилэн дансыг хаасанд харамсаж байгаа. Ийм засаглалтай компанид цаашид IPO гаргана гэхэд тун хэцүү. Өнгөрсөн жилийн “Coal Mongolia”-2018 чуулганы үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Бид оноос өмнө ногдол ашиг өгнө, 2019 оны гурван сараас өмнө IPO гаргана” гэсэн амлалтдаа хүрч чадаагүй учраас энэ жилийн чуулганд “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн төлөөллөөс огт оролцсонгүй.
ЗАСГИЙН ГАЗАР АМНАТ-ТАЙ ХӨӨЦӨЛДӨХӨӨС ИЛҮҮТЭЙ ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ НЬ ТҮҮХИЙ НҮҮРСЭНД ЭКСПОРТЫН ТАТВАР ТАВИХ ЦАГ НЬ БОЛСОН
-Өнгөрөгч Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг шинэчиллээ. Ингэснээр эрдэс бүтээгдэхүүнийг зуучлагч, тээвэрлэгч, баяжуулагч, аж ахуйн нэгжүүд болон тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдүүд борлуулж буй бүтээгдэхүүндээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр болж байгаа. Энэхүү журам нь салбарт хэрхэн тусах бол?
-Баяжуулах үйлдвэрийн эцсийн гарч байгаа бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр улсад давхар төлж байна. Жишээ нь, “Энержи ресурс” компани харьцангуй өндөр татвар төлдөг. Хажууд нь түүхий нүүрс хямдхан зардаг нөхөд АМНАТ бага төлж байна. Тэгэхээр энэ асуудлаар салбарын судлаачид зөвлөлдөж, ул суурьтайгаар шийдвэр гаргах цаг нь болсон. Засгийн газар АМНАТ-тай хөөцөлдөхөөс илүүтэй нэгдүгээрт хийх ёстой ажил нь түүхий нүүрсэнд экспортын татвар тавих асуудал нэн чухал байна.
-Тантай уулзсаных ярианыхаа төгсгөлд нэг зүйлийг тодруулъя. ЕТГ-ын дарга З.Энхболд таны жиргээний дагуу Нийслэлийн Цагдаагийн газарт гомдол гаргасан гэж сонссон. Та мэдүүлэг өгсөн үү?
-Нийслэлийн Цагдаагийн газраас н.Ганболд гэдэг хүн өчигдөр /Пүрэв гариг/ над руу ярьж, “ЕТГ-ын дарга З.Энхболд гомдол гаргасан, ирж мэдүүлэг өг” гэж ярьсан. Би “Coal Mongolia”-2019 чуулганы зохион байгуулалтай байна, дуусгаад Даваа гаригт очиж мэдүүлэг өгье” гэж хэлсэн. Надад “Зөрчлийн хэрэг нээлээ шүү” гэж мэдэгдсэн. Ямар асуудлаар ЕТГ-ын дарга З.Энхболд Нийслэлийн Цагдаагийн газарт хандсан бэ гэхээр би твитертээ З.Энхболд даргаас хэдэн асуулт асуусан юм. ЕТГ-ын дарга З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нь нэлээд олон төрлийн бизнестэй залуу бий. З.Хишигтогтохын эзэмшдэг “New center plaza” NCP хотын төвд байдаг. Үүний хоёр давхарт З.Хишигтогтох оффистой. З.Энхболд даргатай би нэгэн үе намын тогоонд явж байхдаа дүү З.Хишигтогтохынх нь энэ оффист Шонхор фракцынхан хурлаа хийдэг байсныг маш сайн мэднэ.
Гэтэл түүний төрсөн дүү З.Хишигтогтохын оффист “Страто” гэдэг нүүрс баяжуулах үйлдвэр байдаг юм байна. Энэ үйлдвэр ТЭЗҮ-гүйгээр шууд “Шивээ-Овоо”-гийн ойролцоо баяжуулах үйлдвэрээ барьчихсан. Тэгээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс зөөж, замгүй газраар өчнөөн машинаар тээвэрлэлт хийж байгаль орчин сүйтгэн, үйлдвэрлэл явуулж байгаа ийм компани. ТЭЗҮ-гүй энэ үйлдвэрийг ямар албан тушаалтан нь хүлээн авч, үйлдвэрийг ашиглалтад оруулав, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар очих ёстой 800 тэрбум төгрөгийг аваад хийж байгаа Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилт энэ баяжуулах үйлдвэр рүү чиглэж байна. Тиймээс “З.Энхболд дарга аа, та дүүгээсээ “Страто” баяжуулах үйлдвэр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ямар үнээр нүүрс авдаг юм бэ гэдгийг асуугаад өгөөч” гэж жиргэсэн юм. “Страто” гэдэг компанийн мэдээлэл нь хаалттай, ийм компани юм байна.
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.