Нийгэм
С.Цэрэндэмбэрэл: Давхар иргэншлийн асуудлыг шийдэх шаардлага тулгараад байна

Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Чуулга уулзалтын үеэр “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга С.Цэрэндэмбэрэлтэй ярилцлаа.
-Хилийн чанад дахь иргэд давхар иргэншилтэй болох боломж шийдэгдээгүй хэвээр байгаа. Энэ тухайд ямар саналтай байгаа вэ?
-Давхар иргэншлийн асуудал шийдэгдээгүй, түвэгтэй асуудлуудын нэг хэвээр байсаар байна. Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Ойрдоо үүнийг шийдэх бодлого, нөхцөл байдал харагдахгүй байна. Давхар иргэншилтэй болох асуудал хилийн чанад дахь иргэдэд хурцаар тавигдаж байгаа. Монгол Улсын иргэн байсан, байгаа холимог гэр бүлийн хүүхдүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр виз өгөх боломжууд байдаг л даа. Гэхдээ давхар иргэншилтэй болох асуудлыг шийдэх шаардлага тулгараад байна. Олон улсад янз бүрийн гарц гаргалгаагаар шийддэг. Манай улс ч гэсэн хэлэлцэж, ярилцаад аль болох боломжит хувилбараар шийдэх нь гадаадад байгаа иргэдийн эрх, ашгийн асуудал болоод байна.
-Монгол Улсын уугуул иргэн байх нөхцөлтэйгөөр давхар иргэншил авах хүсэлтэй байдаг талаараа гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын зүгээс хэлдэг юм билээ…
-Монгол Улсын уугуул иргэн, уугуул иргэдийн гэр бүл, түүний хүүхэд гадаад улсын иргэн болсон тохиолдолд Монгол Улсынхаа иргэншлийг хадгалж үлдэх л асуудал юм. Олон улсад яг ийм туршлага байдаг. Давхар иргэншлийн асуудал нийгэмд маш их яриа үүсгэдэг л дээ. Энэ нь цаашлаад тухайн улс орны аюулгүй байдалтай холбоотой. Бид юуны өмнө Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хүндэтгэж давхар иргэншлийн асуудлыг ярьж, хэлэлцэж, зөв арга замаар шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хилийн чанадад албан тоогоор 157 мянга, албан бусаар 200 мянга гаруй монголчууд ажиллаж амьдарч байна. Эдгээр хүмүүсийн тодорхой хувь нь гадаадын иргэн боллоо гэхэд Монгол Улс өөрт хэрэгцээтэй боловсон хүчин, баялгаа алдаад байна л гэсэн үг. Тиймээс бид үүнийг сайн ойлгож, зөв гарцыг олох хэрэгтэй юм.
-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд Монголдоо буцаж ирээд ажиллана гэдэг амаргүй даваа. Төрд ажиллая гэхэд шударга сонгон шалгаруулалт хийхээ больсон. Төсөл хэрэгжүүлье гэхэд аль нэг намын харьяатай, танил тал бүхий хүн нь булаачихдаг. Ер нь Монголд нам дагасан, танил талтай хүмүүс л сайхан амьдарч байна. Тийм байхад Монголоосоо яваад олон жил болсон та бүхэн Монголд ирээд амьдарч чадах уу. Хэл соёлоо л мартахгүй бол гадааддаа хөрөнгө мөнгөө цуглуулаад амьдарч байвал болоо биш үү. Энэ тухай юу гэж бодож байна?
-2016 онд Дэлхийн монголчууд гэх хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийн хүрээнд энэ асуудал бас тусгагдсан л даа. Гадаадаас Монголдоо эргэн суурьших асуудал ярих хэмжээнд хүрээд байгаа. Одоогоор бидэнд мэдэгдсэн тодорхой хөнгөлөлт, нааштай бодит ажлууд ховор байна. Ямартаа ч бид Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар гэх мэт байгууллагуудтай холбогдож тодорхой саналуудыг дэвшүүлж байгаа. Гадныхан яг ийм нөхцөл байдалд тодорхой бодлогыг баримталдаг. Жишээ нь, аж ахуйн нэгж тодорхой хөнгөлөлттэй нөхцөлөөр байгуулах боломж бий. Хэсэг хугацаанд гадаадаас ирсэн иргэддээ дэмжлэг үзүүлдэг. Манай улсад ч тийм хууль эрх зүйн орчин бий. Гэхдээ хэрэгжсэн бодит үр дүн байхгүй л байна.
Бидний хувьд гадаад руу явж ажиллах биш, бусдын л адил Монголдоо амьдарч, улс эх орныхоо эзэн болж хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй. Нэг зүйлийг онцлоход Монголбанкны мэдээлж байгаагаар энэ оны эхний хагаст гадаадад амьдарч байгаа монголчууд эх орон руугаа 136 сая ам.долларыг шилжүүлжээ. Зөвхөн банкаар шилжүүлсэн мөнгө нь л ийм байгаа. Банк бусаар ч бас шилжигдсэн л байх. Үүнээс үзэхэд бид ч гэсэн Монголынхоо хөгжилд боломжоороо хувь нэмэр оруулж байгаа. Тиймээс биднийг ойлгож, дэмжээрэй л гэж хэлмээр байна даа.
-Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд тулгардаг гол асуудлууд юу байдаг вэ?
-Хилийн чанадад амьдарч байгаа иргэдэд хамгийн наад зах нь иргэний эрхийн асуудлууд тулгардаг. Тухайлбал, сонгуулийн эрхийн асуудал байж байна. Гадаадад амьдарч байгаа монголчууд өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. Харьцангуй олон хүн сонгуульд оролцсон ч оролцож чадаагүй хүмүүс цөөнгүй үлдсэн л дээ. Учир нь сонгууль зөвхөн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд буюу Элчин сайдын яам, Консулын газар, байнгын төлөөлөгчийн газруудад болдог. Тэдгээр нь хол байх тохиолдол их байдаг учир хүмүүс амжиж очиж сонгуулиа өгч чаддаггүй. Ажил нь амжихгүй байх тохиолдол ч бий. Иймд бид сонгуулиа цахимаар эсвэл онлайнаар өгөх хэлбэрийг сонгох шаардлагатай байгаа юм. Хоёр жилийн дараа УИХ-ын сонгууль болно. УИХ-ын сонгуульд бид оролцож чаддаггүй. Гадаадад амьдарч байгаа иргэд УИХ-ын сонгуульд оролцож чадахгүй байгаа нөхцөл байдлыг төр засгийнхан сонгуулийн системтэй холбоотой гэж тайлбарладаг. Гадныхны хувьд сонгуулийн системээсээ үл хамаарч гадаадад амьдарч байгаа иргэдээ парламентын сонгуульд оролцуулдаг. Тэдэнд зориулж зарим нэг тойргийн хэсгийг гаргаж өгдөг. Бид энэ жишгийг хэрэгжүүлбэл хилийн чанадад амьдарч байгаа иргэдийн дуу хоолой, тэдний эрх ашгийн асуудал УИХ, Монголын төр засагт хүрэх бололцоо нээгдэх юм.
Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн даатгалын асуудал нь анхаарах гол асуудлуудын нэг. Гадаадад байгаа иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чаддаггүй. Үүнийг шийдэх боломж гарц байхгүй биш байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий газрын гаргасан гар утасны аппликэйшныг ашиглаж цахимаар нийгмийн даатгалд хамрагдах боломж бий. Мэдээж хувь хүний мэдээлэл аюулгүй системээр дамжуулах нь чухал. Иймд цаашдаа тоон гарын үсэгтэй болсноор үүнтэй холбоотой хүндрэлүүд хөнгөрнө. Хилийн чанад дахь иргэдийг нийгмийн даатгалд хамруулах зорилгоор манай төрийн бус байгууллага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтарч ажиллаж байна. Бид нэн тэргүүнд иргэдийг мэдээллээр хангах шаардлагатай байгаа. Мөн монголчууд олноор амьдарч байгаа бусад улс орнуудад БНСУ-д байдаг шиг нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээг байгуулах бололцоог эрэлхийлэх эрмэлзэл байна. Нийгмийн даатгалын сайн дурын ажилтанг бий болгох тухай ч яригдаж байгаа.
-Гадны орныг зорьж байгаа иргэд юуг илүүтэй анхаарч, мэдвэл зохистой юм бэ?
-Иргэд маань гадаадад аялж, амьдрах, зорчихдоо мэдээлэл дутмагаасаа шалтгаалж хохирох тохиолдол бишгүй гардаг. Тэр дундаа хил дээрээс буцах тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайн оронд очоод юу хийх, хаана байх, санхүүгийн ямар эх үүсвэртэй, хэний урилгаар очиж байгаа зэрэг ихэвчлэн наад захын жижиг мэдээлэлгүйгээс үүдэн буцдаг. Мөн монголчууд гэмт хэрэгт холбогдох нь олон. Ний нуугүй хэлэхэд манайхан гадаадад зорилготойгоор гэмт хэрэг үйлдээд байгаа. Тодруулбал, гадаад дахь монгол иргэд хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэж байна. Тухайн орны соёл, хууль дүрмийг мэдэхгүйгээсээ болж гэмт хэрэгт орооцолдох тохиолдол их. Иргэдийг хууль эрх зүй болоод бусад мэдээллээр хангах зайлшгүй шаардлага байгааг бодит байдал хэдийнэ харуулж байна. Иймд төр засгийн зүгээс Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, холбогдох төрийн бус байгууллагуудаар дамжуулж иргэдэд мэдээлэл хүргэх боломжтой гэдгийг дурдах нь зүйтэй.
Гадаадад зургаан сараас дээш хугацаагаар шилжин суурьшиж байгаа иргэд Монголынхоо дипломат төлөөлөгчийн газарт очиж бүртгүүлэх ёстой байдаг. Үүнийг иргэд мартдаг. Уул шугамандаа иргэдийн эрх ашгийн төлөөх байгууллага шүү дээ. Тухайн иргэнд ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд Монголынхоо дипломат төлөөлөгчийн газраас тусалдаг гэдгийг ойлгох нь чухал байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.