Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрсөн долоо хоногт нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн. Ингэхдээ тэрбээр Монголын зах зээлд арав гаруй жилийн өмнө нэвтэрч, эмч болоод хэрэглэгчдийн талархлыг аль хэдийнэ хүлээгээд буй “Виферон” бэлдмэлийг хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Тухайлбал, энэ бэлдмэлийг хүүхэд хэрэглэснээр тухайн үед дархлагааг нь дэмжих ч нэгээс хоёр жилийн дараа ямар ч дархлаагүй болгодог хэмээсэн юм. Харин түүний хийсэн мэдэгдлийг мэргэжлийн эмч нар эрс үгүйсгэж “Энэ бэлдмэл Анагаах ухааны салбарт гарсан сод нээлт. Үүнийг олон жилийн туршилтаар баталсан. Мөн Монголын зах зээлд үүнийг орлох өөр бүтээгдэхүүн байхгүй ” хэмээн байр сууриа илэрхийлээд буй. Иймээс бид энэ бэлдмэлийг Монголын зах зээлд нийүүлдэг “Энто” ХХК-ийн ахлах эмч, төлөөлөгч Г.Хонгорзултай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл саяхан нэлээд ноцтой мэдэгдэл хийлээ. Энэ нь танай компанийн оруулж ирдэг “Виферон” бэлдмэлийг хэрэглэх аюултай. Азийн хөгжлийн банк судалгаа хийгээд энэ лааг хүүхэд хэрэглэвэл хоёр жилийн дараа дархлаагүй болдог гэхчлэн ярилаа. Энэ мэдээллийг олон нийт нэлээд гайхаж хүлээж авч байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Виферон бэлдмэлийг импортлогч компанийн хувьд болон үйлдвэрлэгчийн талаас энэ эмийн чанар, аюулгүй байдалд эргэлзэхгүй байж болно гэж хэлмээр байна. Эмчилгээний үр дүнд хийсэн олон улсын судалгаа ихтэй, мөн анх үйлдвэрлэгдсэн цагаас нь эхлэн ОХУ-д 20 жил хэрэглэгдэхдээ тус бүтээгдэхүүн нь үр дүн, аюулгүй байдлаа батлан харуулсан байдаг. Судалгаануудаас жишээ авбал, Анагаахын шинжлэх ухааны судалгаа хийдэг эрдэмтдийн маш сайн мэддэг, мэдээллийн суурь нь болдог “The American Association of Immunologists” буюу АНУ-ын дархлал судлаачдын холбооноос гаргадаг “Journal Of Immunology” сэтгүүлийн 2007 оны 178-дугаарт “Нярайн хүнд хэлбэрийн нянгийн халдварын эмчилгээнд интерферон альфа буюу Виферон бэлдмэлийг хэрэглэсэн үр дүн” нийтлэлд тус бүтээгдэхүүн нь эмчилгээний өндөр үр дүнтэй талаар тодорхой бичигдсэн байдаг.
Уг нь интерфероны эм бүтээгдсэн нь өөрөө шинжлэх ухааны нээлт, сод бүтээл гэж дэлхийн олон эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн байдаг шүү дээ. Монгол Улсын гавьяат багш, дархлал судлаач, АУ-ны доктор, профессор, академич Г.Батбаатар багшийн саяхан өгсөн ярилцлага дээр мөн интерферон нь хүүхдийн дархлааг огт унагадаггүй талаар хэлсэн байна билээ. Иймд ямар нэг нотолгоо, судалгаагүйгээр “Виферон” бэлдмэлийн талаар ташаа мэдээлэл олон нийтэд түгээгдэж байгаад харамсаж байна.
-Танай компани энэ бүтээдэгдэхүүнийг хэзээнээс оруулж ирсэн юм бэ. Ер нь сайдын хэлсэн шиг энэ бүтээгдэхүүн үнэхээр аюултайг нь судалсан байгууллага байдаг юм боло уу, олон улсад. Азийн хөгжлийн банк (АХБ)судалгаа хийдэг юм уу. Хор уршигтай, сөрөг нөлөөтэй гэдгийг нь баталчихсан газар байна уу, сайдаас өөр?
-“Виферон” бэлдмэлийг 2010 оноос импортлож байгаа. Сайдын ярьсан шиг гаж нөлөө одоогоор бүртгэгдээгүй л дээ. Олон улсад ч тэр, Монгол Улсад ч тэр. Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгааг манайд тус банкнаас албан ёсоор ирүүлсэн байгаа. Үүнд “Виферон”-ы сөрөг нөлөөтэй талаар судалсан нэг ч өгүүлбэр байхгүй.
Үүнийгээ ч АХБ албан бичигтээ мөн бичиж ирүүлсэн. Иймд “Виферон” бэлдмэлийг сөрөг нөлөөтэй гэж баталсан газар, судалгааны байгууллага огт байхгүй гэж ойлгож болно.
-Ингэхэд энэ бүтээгдэхүүнийг өнөөдрийн байдлаар яг хэдэн орон хэрэглэдэг юм бэ?
-“Виферон” бэлдмэлийг ОХУ-ын 140 сая гаруй хүнээс гадна дэлхийн 11 улсад эмчилгээний практикт өргөн хэрэглэгддэг. Гэхдээ энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд “Манайхаас мөн барууны орнуудад энэ эм яагаад байхгүй байна вэ” гэж их асуудаг. Тэгэхээр интерфероны бэлдмэл барууны орнуудад эмчилгээнд ашиглагддаг. Жишээ нь, АНУ-д л гэхэд Пег-интерферон гэдэг эм бий. Энэ нь мөн л интерферон альфа 2б бөгөөд Виферон бэлдмэлтэй үйлчлэгч бодисын хувьд яг ижил. Энэ эм нь АНУ-ын гепатитын эмчилгээний удирдамжид орсон байгаа. Гэхдээ энэ бүтээгдэхүүн нь судсаар, өндөр тунгаар хэрэглэгддэг байхад манай Виферон бэлдмэл нь шулуун гэдсээр, бага тунгаар хэрэглэгддэг. Тийм учраас Виферон лаа нь гаж нөлөөгүй. Мөн хятадад ч гэсэн өөрийн интерфероны бэлдмэл байдаг.
-Энэ бэлмдмэлийн тухай асуугаад ирэхээр ямар компани үйлдвэрлэдэг юм бол. Үнэхээр найдвартай юм болов уу гэсэн олон асуулт гарч ирж байна. Ингэхэд үйлдвэрлэгч компани яг ямар туршлагатай, олон улсад хэр танигдсан компани юм бэ?
-“Ферон” компанийг үүсгэн байгуулагч эрдэмтэн болох В.В.Малиновская нь 1957 оноос эхлэн ОХУ-ын Гамалейн нэрэмжит тархвар судлал болон халдвар судлалын институтэд вирүсийн эсрэг эмийг гаргаж авахад чиглэсэн үйл ажиллагааг удирдан явуулж байсан. Энэ судалгааны ажлын үр дүн болох Виферон бэлдмэлийг ОХУ-ын Засгийн газар үнэлэн тус бүтээгдэхүүнд төрийн шагналаа хоёр удаа хүртээсэн байдаг. “Ферон” компани нь байнгын үйл ажиллагаатай эрдэм шинжилгээний институтээрээ дамжуулан европын олон оронд судалгаа шинжилгээг хийдэг, дэлхийд нэр хүндтэй байгууллага юм.
-Ингэж асуугаад байгаа шалтгаан маань Д.Сарангэрэл сайд энэ мэдэгдлийг хийхээсээ өмнө та нартай уулзаж, энэ бүтээгдэхүүн чинь ийм байна гэж хэлсэн юм уу гэдгийг лавлах гээд байна л даа. Мөн бодлого барьж байгаа яамныхан та нартай энэ асуудлаар уулзсан уу?
-Эрүүл мэндийн сайд болон яамнаас “Виферон” бэлдмэлийн талаар судалгаа хийсэн, эсвэл энэ бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар ямар нэг сөрөг баримт байгаа талаар манай компанид мэдэгдэл, албан бичиг огт ирүүлж байгаагүй. Одоо ч ирүүлээгүй байна. Энэ тухай анх удаа телевизээр харсан. Сайдын өгсөн ярилцлагаас Азийн хөгжлийн банк судалгаа хийсэн гэдгийг сонсоод их гайхсан. ЭМЯ-наас харин 2018 оны 1 сарын 23-ны 7/290-р албан бичгээр “Виферон” бэлдмэл нь хүүхдийн АЗЦВХ-ын эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй ба аюулгүй тухай Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөл, Эм судлалын салбар зөвлөлийн дүгнэлт гарсныг ирүүлсэн байдаг.
-Уучлаарай тэгвэл Д.Сарангэрэл сайд яагаад ийм хариуцлагагүй мэдэгдэл хийсэн юм бол?
-Энэ талаар та ЭМЯ-ны сайдаас болон бодлого тодорхойлдог дарга нараас асуух нь зөв байх. Бидний хувьд бол ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл үүндээ яаралтай залруулга хийх хэрэгтэй гэж үзэж байна.
-Бас л сонирхоод асууя. Танай компани энэ бүтээгдэхүүнийг оруулж ирснээс хойш эмч нар эсвэл хэрэглэгчид ямар нэг байдлаар гомдол гаргаж байв уу?
-“Виферон” шулуун гэдэсний лаа нь өөрийн үр дүн, аюулгүй байдлаараа олон улсад танигдсан хэрэглээнд өргөн нэвтэрсэн бүтээгдэхүүн. Үүнийг олон эрдэмтэн баталж байгаа. Жил бүр ОХУ-аас Анагаах ухааны доктор, профессор, ажиллаж буй салбартаа тэргүүлж буй судлаач, эрдэмтэд Монгол Улсад ирж Интерферон альфа 2б буюу Виферон бэлдмэлийн эмчилгээний үр дүнгийн талаар академик сургалт хийдэг. Мөн тэдгээр эмч нар ямар нэг судалгаагүй, магадгүй санамсаргүй байдлаар хэлсэн сөрөг үгэнд бус харин эрдэм шинжилгээний үндэслэлтэй, үр дүнтэй бүтээгдэхүүнийг цаашид ч эмчилгээндээ хэрэглэсээр байх болно гэдгээ бидэнд илэрхийлж байгаа.