Эдийн засаг
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг олон нийтэд хэлэлцүүлэв

Монголбанкнаас жил бүр төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулдаг бөгөөд үүнтэй холбогдуулан Төв банкнаас олон нийт, судлаач, эдийн засагчдад зориулж нээлттэй хэлэлцүүлгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлсэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрхэн боловсруулсныг нээлттэй тайлбарлаж, олон нийтийн санал дүгнэлтийг хэлэлцэхэд чиглэдэг.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт “Эдийн засгийн төлөв – Мөнгөний бодлого” сэдвээр Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа илтгэл тавьж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд танилцуулав. Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй Монголбанкны газар, хэлтсийн захирлуудаас бүрдсэн бүрэлдэхүүн оролцогчдын асуултад хариулж, мэдээлэл өглөө.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн баримт бичигт эдийн засгийн сэргэлтийн төлөв, ирэх жилүүдэд тулгарч болзошгүй эрсдэл, сорилтыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулсан зорилтуудыг тусгав. Тухайлбал, гадаад өрийн дарамтыг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд валютын цэвэр нөөц, түүний хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарлаа. Түүнчлэн ирэх онд эдийн засгийн өсөлт хадгалагдахаар байгаа тул гадаад, дотоод секторын тэнцвэртэй байдлыг хангах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Монголбанк нь үндсэн зорилтынхоо хүрээнд макро тогтвортой байдлыг хангахын тулд инфляцийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэх юм. Цаашлаад банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг Базелийн стандарттай нийцүүлэн сайжруулж, банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг үргэлжлүүлнэ. Мөн банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлж, холбогдох хуулийн төслийг боловсруулах бөгөөд технологийн дэвшилттэй холбоотойгоор санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулахаар тус тус зорьж байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.