Нийгэм
Д.Намжил: Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох бүрэн боломжтой
Монголбанкнаас 11 сарын 16-нд “Зээлийн хүүг бууруулах арга зам” хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу хэлэхдээ “Ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжгүй” гэх тайлбарыг өгсөн юм. Харин ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломж байгаа эсэхийг тодруулахаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн танхимын зөвлөх профессор Д.Намжилаас цөөн асуултад хариулт авлаа.
– Сүүлийн үед Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудал иргэдийг төөрөгдөлд оруулаад байна. Сүүлд Монголбанкнаас санаачилсан “Зээлийн хүүг бууруулах арга зам” хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу гуай хэлэхдээ ипотекийн хүүг 3 хувь болгох боломжгүй гэж байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй та санал нийлж байна уу. Ер нь хүүг бууруулах боломж байгаа юу?
– Ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжгүй гэх буруу ойлголтыг олон нийтэд өгсөн нь харамсалтай. Ингэж ард түмний эсрэг ярьж болохгүй шүү дээ. Мэдээж хэрэг бүрэн боломж бий. Ипотекийн зээл нь төсөл хөтөлбөрийн буюу иргэдийг орон сууцаар хангах зориулалттай том хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг дэлхийн олон улс орон амжилттай хэрэгжүүлсэн юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, засгийн газар хоёр зүйлд голлон анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, ипотекийн зээлийн хүүг хатуу тогтоон мөрддөг олон улсын жишгээр хүүг жилийн 2-3 хувьтай тэнцүү байлгадаг. Тэгэхээр 20 жилийн хугацаанд хүү үндсэн зээлийн 40 хувьтай тэнцүү байх юм. Гэтэл манайд одоо бол 8 хувьтай буюу 20 жилээр бодоход 160 хувьтай гарч байна. Хоёрдугаарт, засгийн газар ипотекийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэхдээ төсөв, олон улсын хямд эх үүсвэр, нийгмийн даатгалын сангийн чөлөөт эх үүсвэр, сангуудыг ашиглан хэрэгжүүлдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл засгийн газар ипотекийн зээлийг иргэдэд олгохдоо арилжааны банкаар дамжуулахгүйгээр төрийн өмчийн орон сууцны корпораци, төрийн банк, зэрэг өөрийн өмчлөлийн байгууллагаар дамжуулах юм. Тэгэхээр Монгол улсад олон улсын жишгээр ипотекийн зээлийн хүүг жилийн 2-3 хувь дээр дурьдсан эх үүсвэрүүдээр дамжуулан иргэдэд олгох ажлыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Одоо энэ боломжийг бүрдүүлэхэд ганцхан засгийн газрын санаачлага л чухал болоод байна.
– Мөн Монголбанкнаас зээлийн хүүг бууруулахад макро эдийн засгийн орчинг тогтворжуулах нь хамгийн оновчтой арга гэж үзэж байсан. Энэ арга хамгийн оновчтой арга байж чадах уу?
-. Монгол банкны мөнгөний бодлогын газар, эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал, Б.Түнмэнцэнгэл бас хэлсэн байна лээ. “Зээлийн хүүг бууруулахад макро эдийн засгийн орчинг тогтворжуулах нь оновчтой арга” гэж. Үгүй дээ… Ер нь бол олон улсын жишигт тулгуурлан зээлийн дундаж хүүг бууруулах санал гарах бүрд Монгол банкны захирал, хэлтсийн дарга нар макро эдийн засгийн орчин бүрдэхгүй байна гэж байнга ярьж байгаа нь маш буруу. Бас Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах, бизнесийн эрүүл орчинг бүрдүүлэх талаар хурал, цуглаан, ярилцлага хийхдээ зээлийн хүүг бууруулснаар арилжааны банкууд хүнд байдалд орсон, санхүүгийн үйл ажиллагаа зогссон, зардал өссөн, алдагдалд орсон гэж манай улсад ямар ч ач холбогдолгүй Африкийн орнууд хүнд байдалд гэх жишээ яриад, өөрсдийн мөнгөний бодлогын арга хэрэгслээ хурдан ашиглаж үр дүнд хүрэхээс зайлсхийж байгаа нь илт харагдаж байна. Тиймд одоо Монголбанк, Засгийн газартай хамтарч ойрын хугацаанд арилжааны банкны зээлийн хүү, банк бус санхүүгийн байгуулагын хүү зэргийг бууруулах замаар макро эдийн засаг, бизнесийн орчинг сайжруулах арга хэмжээ авч ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлогын гол хэрэгсэл болох хүүг удирдах арга хэмжээг авахгүй байгаа нь бодлогын хамгийн том алдаа юм. Мөн Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг санхүүгийн байгуулагууд Монголбанк, сангийн яамтай урт хугацаанд гэрээ хэлэлцээр байгуулахдаа зээлийн хүү, хадгаламжийн хүү, бодлогын хүүг бууруулж, олон улсын стандарт мөрдөх талаар шаардлага тавихгүй байгаа нь бизнесийн орчинг сайжруулахад муу анхаарч байгааг илтгэж буй хэрэг.
– Харин гадны банк манай улсад орж ирэх шаардлагын тухайд хэрхэн дүгнэж байна вэ?
– Монгол улсад гадны нэр хүндтэй банкуудыг оруулах тухайд дэмжихгүй, эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн албан тушаалтнууд, эдийн засагчид ч их байна. Үнэн хэрэгтээ Монгол улсын эдийн засаг, бизнесийн нөхцөл байдалд гадаадын банкуудыг оруулж ирээд ирэх бизнесийн эрүүл орчин бүрдүүлж, банкуудын дунд шударга өрсөлдөөнийг бие болгох нь өнөөдрийн нийгэмд гадны банкууд орж ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай улсад банкны үйлчилгээ үзүүлж буй 14 банкны бүх төрийн үйлчилгээний үнэ тариф ижил, ялгаа бага, монополь бодлоготой хэрэглэгчдэд сонголт хийх боломж хязгаарлагдмал байна. Дараагаар нь дэлхийн улс орнуудын арилжааны банктай харьцуулахад зээлийн болон хадгаламжийн хүүгийн түвшин 3-4 дахин өндөр байгаа нь бизнес эрхлэгч, томоохон аж ахуй нэгж, жижиг дунд бизнес эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчдэд зээл авах боломж хязгаарлагдмал буюу, хүнд нөхцөл байдал үүсгэж байна.
– Ярилцсанд баярлалаа.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.