Эдийн засаг
Газрын тосны ханш нэг өдрийн дотор гурван хувиар өсөв

АНУ Хятадын гадаад худалдааны дайн намжихын зэрэгцээ хоёр улсын эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтээс сайн гарсан нь өнгөрсөн Баасан гарагт газрын тосны ханш 3 орчим хувиар өсөхөд нөлөөллөө. Ингэснээр долоо хоногийн эцэст:
- Брент газрын тосны ханш 2.12 ам.доллараар буюу 3.6%-аар өсөж, 61.74 ам долларт хүрэв.
- WTI газрын тосны ханш 2.02 ам.доллараар буюу 3.73%-аар өсөж, 56.20 ам.доллар болов.

Ханшийн өсөлтөд дараах хүчин зүйлс нөлөөлснийг дэлгэрүүлэн хүргэж байна:
Худалдааны дайны “Эхний шат”-ны хэлэлцээр тун удахгүй эцэслэгдэх төлөвтэй байна. Цагаан Ордны зөвлөх Ларри Кудлов Баасан гарагт өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч Трамп Хятадтай хийх хэлэлцээрийн талаар үнэхээр итгэлтэй байгаа. Эхний шатны хэлэлцээрт арван нэгдүгээр сарын дунд гэхэд хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулах магадлалтай байна” гэв.
АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд хүлээлтээс сайн гарав. Сар бүрийн эхний долоо хоногийн Баасан гарагт АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн маш чухал үзүүлэлтүүд зарлагддаг бөгөөд зах зээлд оролцогчид, бодлого боловсруулагчид эдгээр үзүүлэлтүүдийг тогтмол харж байдаг билээ. Энэ удаад ажлын байрны тоо хүлээлтээс давж өссөн, ажилгүйдэл өсөөгүй зэрэг нь газрын тосны ханш өсөхөд нөлөөлжээ.
Бодит үзүүлэлт | Таамаглал | Өмнөх үзүүлэлт | |
---|---|---|---|
Ажил эрхлэгчдийн өөрчлөлт | 128’000 | 89’000 | 180’000 |
Хувийн хэлтсийн ажил эрхлэгчдийн өөрчлөлт | 131’000 | 80’000 | 167’000 |
ISM АНУ-ын үйлдвэрлэлийн PMI | 48.3 | 48.9 | 47.8 |
АНУ Ажилгүйдлийн түвшин | 3.6% | 3.6% | 3.5% |
Саудчууд үйлдвэрлэлээ дахин танахад бэлэн. Нигерийн Төрийн сайд Тимипре Сильва хэлэхдээ “Сауди Арабын Эрчим Хүчний Сайд Ханхүү Абдулазиз дэлхийн бусад үйлдвэрлэгчидтэй тохиролцсоноосоо илүү их хэмжээгээр олборлолтоо багасгахад бэлэн байна” гэжээ.
Блумберг ТВ-д өгсөн ярилцлагадаа Сильва “Даваа гарагийн уулзалтаар олборлолтын хэмжээг хэлэлцээгүй ч, Ханхүү Амбдулазиз олборлолтоо улам танахад бэлэн гэдгээ надад амласан” гэжээ.
Сауди Араб нь ОПЕК болон Орос гэх мэт үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч улсуудын хамтаар ирэх оны гуравдугаар сарыг дуустал олборлолтоо танаж байгаа билээ. ОПЕК ба түүний түнш улсууд арванхоёрдугаар сард уулзахаар төлөвлөөд байгаа бөгөөд эрэлт буурч нийлүүлэлт ихэссэнээс үүдэлтэйгээр ханшийг дэмжих зорилгоор олборлолтоо дахин танах эсэх тухай хэлэлцэхээр болжээ.
Цаашид ханшид нөлөөлж болох хүлээгдэж буй үйл явдлууд:
Ирэх долоо хоногт АНУ-ын үйлдвэрлэгчдийн үнийн индекс болон хэрэглэгчдийн үнийн индекс зарлагдана. Шинжээчдийн таамагласнаар индекс өсөх хандлагатай байна. Хэрэв эерэг гарвал ам.долларын ханш дэмжигдэх ба газрын тосны ханш өсөх хүлээлттэй байна. Үүнээс гадна ОПЕК сар тутмын тайлангаа гаргахын зэрэгцээ арван хоёрдугаар сарын таван, зургаанд болох ээлжит уулзалт зах зээлд ихээхэн хүлээлтийг үүсгээд байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, аж үйлдвэрлэлийн гарцын өсөлт буурч байгаа учир ОПЕК болон ОПЕК+ улсууд олборлолтоо нэмж танах магадлалтай гэсэн хүлээлт их байна. Үнэхээр газрын тосны гарцаа нэмж танавал ханшид өсөлт ажиглагдах юм гэж Голомт банкны Арилжааны хэлтсээс мэдээлэв.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.