Эдийн засаг
ХААН Банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Азийн шилдэг байгууллагаар тодорлоо

Тогтвортой хөгжил болон компанийн нийгмийн хариуцлагаар амжилттай манлайлал үзүүлж буй байгууллага, хувь хүмүүсийг тодруулан өргөмжилдөг “The Asia Corporate Excellence & Sustainability Awards” шалгаруулалтын дүн саяхан гарч, ХААН Банкийг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Азийн шилдэг байгууллагаар зарлалаа.
Уг шалгаруулалтыг тогтвортой хөгжил, манлайллын чиглэлээр Азийн хэмжээнд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг MORS групп 2014 оноос санаачлан зохион байгуулж ирсэн бөгөөд томоохон болон жижиг дунд бизнесүүд нийгэмдээ хэрхэн үнэ цэнийг бүтээж, хувь нэмрээ оруулж буйг үнэлэн тодруулдаг юм. ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангийн хувьд энэ бол олон улсын хэмжээнд хүртэж буй анхны нэр хүндтэй том шагнал юм.
ХААН Банк Монгол Улсын өнцөг булан бүрт салбар нэгжтэй, салбартаа тэргүүлэгч хамгийн том банкны хувьд компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд үндэсний хэмжээнд томоохон төслүүдийг тогтвортой хэрэгжүүлж ирсэн билээ. 2007 онд компанийн нийгмийн хариуцлагын ажлуудаа системтэй хэрэгжүүлэх зорилгоор хувийн хэвшлүүдээс анхлан дэргэдээ ХААН Банк Санг байгуулж, улс орны эдийн засаг, нийгэмд бодитой хувь нэмэр оруулан компанийн нийгмийн хариуцлагаар манлайлж ирсэн. Үүнийг үнэлэн энэ чиглэлд дотоодын олон шагнал хүртэж байснаас МҮХАҮТ-аас жил бүр тодруулдаг “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч-Оны онцлох Энтрепренер” шагналыг 10 удаа авч байсан юм.
ХААН Банк Сан үүсэн байгуулагдсанаас хойш өнгөрсөн 12 жилийн хугацаанд нийт 390 гаруй төсөл, хөтөлбөрийг 4.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн, 100 гаруй байгууллага, хувь хүмүүс болон ТББ-тай хамтран ажиллаж, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн. 2018 оноос ХААН Банк нийгмийн хариуцлагын ажлуудаа өргөтгөн банкны бүхий л үйлчилгээ, үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зорилгуудыг шингээх том зорилго тавин ажиллаж байна. Цаашид ХААН Банкны тогтвортой хөгжлийн загварыг ажил хэрэг болгон байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүн ардад ээлтэй үйлчилгээ, үйл ажиллагаа, хөтөлбөртэй байгууллага болж, Монгол Улсдаа төдийгүй бүс нутагтаа сайн жишээг хуваалцахаар зорьж байна.
Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар…

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.