Эдийн засаг
ЭЗБХ: 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.06) хуралдаан 10 цаг 39 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцууллаа.
Эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг ирэх онд Ирэх онд Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг онцлов. Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш, шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын бодлогын арга хэмжээг 2020 онд хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх бөгөөд хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нь Засгийн газар хэрэгжүүлэх бодлогын чухал хэсэг байх болно гэдгийг Сангийн сайд дурдав. Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Л.Болд, Б.Ундармаа, Д.Эрдэнэбат, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Ц.Гарамжав, Д.Тэрбишдагва, Ж.Ганбаатар нар асуулт асууж Сангийн сайд болон ажлы хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авлаа.
Зарим аймаг дахь авто замын бүтээн байгуулалтын талаарх Аялал жуулчлалын бүс нутгийн авто замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэхээс урьд маршрутыг бодлогын түвшинд нарийн тодорхойлох шаардлагын талаар Сангийн сайд тайлбар хийв. Улаанбаатар-Дархан-Уул аймаг хоорондын авто замын бүтээн байгуулалтын явцын талаар гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулт өгсөн. Дээрх чиглэлийн замын бүтээн байгуулалтыг хийх тендерт БНХАУ-ын 5 компани шалгарсан бөгөөд нийт гүйцэтгэл нь 31.7 хувьтай байгаа гэв. I багц 57.2 хувь, II багц 8 хувь, III багц 37, IV багц 6 хувь, V багц 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үндсэн замын хөдөлгөөний нээсэн гэлээ. Эдгээр компанитай байгуулсан гэрээгээр 2020 оны 06 дугаар сарын сүүлийн хагаст Улаанбаатар-Дархан-Уул аймаг хоорондын авто замын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар тусгасан байна.
Төсвийн орлогын талаарх асуултад Сангийн сайд хариулахдаа “Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтээс үүдэн төсвийн орлого 1.3 их наяд төгрөгөөр тасрах нөхцөл үүсээд байна. Бусдаар ирэх оны төсвийн төсөл дэх орлогыг биелүүлэх боломжтой” гэлээ. Төсвийн хөрөнгө оруулалтын төсөлд тусгайлан дүн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд хэлж байв.
Үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Жолоочийн хариуцлагыг өндөржүүлэх, иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 онд баталсан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Жолоочийн даатгалын сан байгуулж, сангийн хөрөнгийг даатгагчаас төлөх шимтгэл, авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын 10 хувь, жолоочийн даатгалын мэдээллийн санг ашигласны төлбөр зэрэг орлогоос бүрдүүлдэг байна. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Жолоочийн даатгалын сангийн нийт хөрөнгө 2018 оны жилийн эцсийн байдлаар 11.9 тэрбум төгрөгт хүрсэн, сангаас жилд дунджаар 330.6 сая төгрөг зарцуулагддаг зэргийг үндэслэн тус сан нь цаашид даатгалын компаниудаас төвлөрүүлэх орлого болон бусад орлогоор бүрэн санхүүжиж үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдсэн хэмээн үзсэн байна. Үүнтэй холбоотойгоор Жолоочийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т “автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувь” гэснийг, мөн Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “энэ хуулийн 28.1-д заасан орлогын 50 хувь” гэснийг тус тус хүчингүй болохоор төсөлд тусгажээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар асуулт асууж, хариулт авлаа. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж буй Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулан, санхүүжил, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох, олон нийтийн оролцоог хангах замаар тэдгээрийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ. Мөн төсөлтэй холбогдуулан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 15 хуулийн төслийг боловсруулсан байна. Шинэчилсэн найруулгын төсөлд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих санг байгуулах талаар тусгасантай холбоотойгоор хуулиар байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй Үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг татан буулгахаар, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан гэв. Түүнчлэн өөрийн тусгайлсан хуультай, хамтын удирдлага бүхий Зээлийн батлан даалтын сангийн гаргасан нийт батлан даалтын 60 хувийг Засгийн газрын тусгай сангаас давхар батлан даахаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулиар зохицуулсан байгааг хүчингүй болгож, төсөвт ирэх болзошгүй өр төлбөрийн эрсдлийг бууруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан асуулт асууж, Сангийн сайдаас хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Хуралдааны төгсгөлд Авто замын тухай, Усан замын тээврийн тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолуудыг гишүүдийн олонх дэмжснээр баталлаа. Түүнчлэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгууллаа. Мөн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болдоор ахлуулан байгуулсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.