Нийгэм
Хүүхдийнхээ үзэх вэбсайтыг хэрхэн хянах вэ?
Цахим орон зай улам тэлж, хүмүүсийн холбоо барих, агуулга түгээх хэлбэр улам төрөлжиж байгаа өнөө үед эцэг эх, асран хамгаалагчид /гэр бүлийн гишүүд, эмээ өвөө, дотуур байрны багш, албан томилолтоор хариуцаж яваа насанд хүрэгч гэх мэт/ хүүхдээсээ илүү мэдлэгтэй, ухаалаг байдлаар эрүүл мэндийн болон ёс суртахууны хөгжилд нөлөөлөх, төлөвшүүлэх шаардлага тулгарч байна.
Цахим орчинд эцэг эх хянах /parental control/ боломжийг анх 1995 онд нийтийн чат өрөөнд педофиль хүн хүүхэд уруу татсан үйлдэл гарсан тул санаачилж нэвтрүүлсэн юм.
Хүүхдийн эцэг эх, түүний асран хамгаалагч нь тухайн тоног төхөөрөмжөөр ямар мэдээлэл хүлээн авч, илгээж байгааг хянаснаар боловсролын, хөгжлийн талаарх агуулга түлхүү үзэх, хөгжих орон зай/нөхцөл бүрддэг давуу талтай.
Хэрэв эцэг эхийн зүгээс хянахгүй тохиолдолд хохирогч хүүхдийн:
83 хувь нь 11 нас хүрэхээсээ өмнө өөрт тохиромжгүй агуулга үзсэн, тулгарсан,
43 хувь нь өсвөр насныхан ба өнгөрсөн нэг жилийн хугацаанд цахим орчинд дээрэлхүүлсэн,
50 гаруй хувь нь 10-17 настайдаа эрсдэл дагуулах сэтгэгдэл бичиж, эсвэл зураг онлайн орчинд оруулсан,
8/10 нь зохимжгүй зураг түгээдэг нийгмийн сүлжээгээр танилцсан найзтай байсан,
82 хувь нь нийтийн сүлжээ ашиглаж байхдаа онлайн орчинд бэлгийн шинжтэй гэмт үйлдлийн хохирогч болсон ба гэмт этгээд хохирогч дадал, үйл, дуртай зүйлсийг үүгээр судалж, гэмт үйлдлээ бэлдсэн байжээ.
Үүнтэй уялдан Америкийн хүүхдийн эмч нарын холбооноос хийсэн судалгааны гол үр дүнд эцэг эхийн хяналт өндөр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээг зохистой ашигласан тохиолдолд:
Дэлгэцийн өмнө зориулах цаг буурах,
Унтах, гүн нойрсох хугацаа уртсах,
Сургуульдаа суралцах сурагчийн амжилт дээшлэх,
Нийгэмших үйл явц сайжирч, хүмүүстэй харилцдаг зан төлөвтэй болох,
Түрэмгий, ширүүн байдлаар өөрийгөө илэрхийлэх нь буурдаг ажээ.
Интернет ашигладаг ухаалаг цахим төхөөрөмжийг хянахад зориулж, антивирусын програм хангамжийг улам боловсруулж байна.
Ялангуяа манай улсад төрийн алба, хувийн хэвшил, иргэний нийгмийн салбарт гол төлөв Windows үйлдлийн систем ашигладаг тул тухайн үйлдлийн системд зориулсан антивирус програм хангамжийн зүгээс ямар вебсайтад нэвтэрсэн, хэдэн цагт орж болох, гэр бүлийн гишүүдийн нэвтрэх ухаалаг төхөөрөмж, ашигласан чат, илгээсэн, хүлээн авсан богино зурвасын үйлчилгээ, утасны дуудлага, ашигласан нийтийн сүлжээ, татаж авсан файл, програм, цаашилбал хүүхдийн байрлалыг хүртэл бүртгэх, хянах боломжтой болсон билээ.
Мөн 1982 оноос хойш компьютертэй холбоотой аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэргэшиж төрөлжсөн PC Magazine сэтгүүлийн 2018 оны 6-р сард бараа, үнэ, хүүхдээ нэвтрэх боломжийг хязгаарлах, хэрэглэгч нэг бүрийг тохируулах, агуулга болон хаяг шүүлтүүрдэх, нэвтрэх огноо товлох, нийтийн сүлжээг хянах, алсын зайнаас удирдах гэх мэт үйлдлээр жагсаасан хүснэгтийг үзэх боломжтой.
Хүүхэд, өсвөр үеийнхэн өргөн дэлгэр ашиглаж буй Facebook, Instagram, Snapchat, Twitter, WeChat, YouTube, Skype, FaceTime, Google+, Vine, Tumblr зэрэг нийгмийн сүлжээ, ухаалаг төхөөрөмжийн Google Play Store, iPhone App Store – оос татах аппликэшнээс эхлэн гар утасны богино зурвасын үйлчилгээ, үүрэн холбооны утасны дуудлага, Windows, Mac OS X, Android, iOS гэх мэт ухаалаг тоног төхөөрөмжийг дээрх “эцэг эхийн хяналт” гэсэн үйлдлээр анхаарч болох ба гэр бүлийн орчинд эн тэргүүнд интернет, утас, телевизийн үйлчилгээний гурвалсан үйлчилгээг авахдаа тухайн компаниас интернетийн сүлжээнд нэвтрэхдээ хянах хүсэлтийг тавьж, нэвтрэх вебсайт, интернетэд орох хугацаа, тов, төхөөрөмжийг ч тохируулах боломжтой юм.
Харилцаа холбооны зохицуулах хороо
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.