Энтертайнмент
УДЭТ-ын залуу хос олон улсын фестивальд шагналт байр эзэлжээ
Монголын жүжигчид анх удаа В.Красногоровын “Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээр олон улсын фестивальд амжилттай оролцож, шагналт байр эзэллээ.
УДЭТ-аас төрөн гарсан залуу хос Г.Алтангэрэл, Г.Номуун нар БНСУ-ын Сөүл хотноо зохиогдсон хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд оролцсон нь энэ юм байна.
Залуу жүжигчин Г.Номууны хувьд МҮОНТ-ийн “Босго тотго”, “Нарны жим” олон ангит кинонд туслах дүрд, сургуулиа төгсөөд “Эмоци” продакшинд ажиллаж байхдаа “Гурван найз” кинонд тоглосон бөгөөд УДЭТ-ын жүжигчин болоод удаагүй байхдаа Жульеттад тоглоод амжсан нэгэн. Харин Г.Алтангэрэлийн хувьд “Аав”, “Зангараг” зэрэг кинонд тоглосон юм.
Энэ жил 19 дэх удаагаа болсон “World duo arts performing festival 2019″ фестивальд Грек, Украин, Солонгос, Монгол, Румын Улсын уран бүтээлч өрсөлдсөн аж. Фестивалийн үеэр орон орны уран бүтээлчид өөрсдийн драмын театрын урлагаа танилцуулсан мастер класс сургалт зохион байгуулагдсан байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.