Дэлхий дахинд
АНУ оны эхнээс Хятадын бараанд татвар нэмэхгүй байхаар боллоо
Аргентинд болсон “Их-20”-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёрын бямба гаригийн орой хийсэн хэлэлцээр амжилттай болж өндөрлөлөө хэмээн хэвлэлүүд тэмдэглэж байна. Цагаан ордны мэдээлснээр бол БНХАУ-ын дарга хоёр орны худалдааны тэнцлийг тэнцвэржүүлэхээ амлаж АНУ-аас хөдөө аж ахуйн болон бусад баара худалдан авч эхлэхээ амлажээ. АНУ-ын тэргүүн хариуд нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс импортын татварыг 10-аас 25 хувь хүртэл нэмэхээ больсон байна.
Гэхдээ энэ тохиролцоо талууд 90 хоногийн хугацаанд тодорхой тохиролцоонд хүрсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно гэж тэмдэглэсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч уулзалт хэлэлцээрийг бүхэлдээ “бүтээлч, сайхан” боллоо гэсэн бол БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И тэргүүнүүдийн уулзалтын товыг “тохиромжтой цагт” гэсэн байна.
Гурван сарын шалгуур
АНУ, БНХАУ-ын Аргентин дахь хэлэлцээрийн гол асуудал дэлхийн эдийн засгийн тэргүүлэх хоёр орны худалдааны дайны тухай байсан. Ажил хэрэгч зоогийн үеэр ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард дэлхийн худалдааны хурцадмал байдлыг намжаахын тулд татварыг бууруулахгүй бол энэ хоёр улсын хандлага нь дэлхийн ДНБ-нд сөргөөр нөлөөлж байна гэж мэдэгдсэн юм.
РИА Новости агентлагийн эх сурвалж шинжээч, талуудын удаан хугацааны хэлэлцээрийн үр дүнд ямартай ч “энхийг сахиулах” хэмжээний үр дүнд хүрлээ гэсэн байна.
Энэ уулзалтаас хэдхэн хоногийн өмнө Трамп хятадын 267 тэрбум долларын бараа, эндээ iPhone-д нэмэлт татвар ногдуулахаа мэдэгдээд байсан. Үүний зэрэгцээ Трамп нэгдүгээр сарын 1-нээс хятадын 200 тэрбум ам.долларын барааны импортын татварыг 10-аас 25 хувь болгон нэмэгдүүлэхээ зарлаад байсан юм.
“Ерөнхийлөгч Трамп 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хятадын 200 тэрбум ам.долларын барааны импортын татварыг 25 хувь биш 10 хувь хэвээр байлгахаар зөвшөөрлөө” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдлээ.
Хариуд нь хятад америкийн хөдөө аж ахуй, эрчим хүч, аж үйлдвэрийн болон бусад барааг авч худалдааны бараа эргэлтийн алдагдлыг бууруулах юм гэж Сандерс тэмдэглэжээ.
Үүнээс гадна Си Зиньпинь өмнө нь хятадын зах зээлийн тохируулагч State Administration for Market Regulation компанийн зөвшөөрөлгүй америкийн үйлдвэрлэгчдэд нийлүүлж байсан үүрэн телефоны процессор, нидерландын үйлдвэрлэгч NXP Semiconductors-ийн зарим бүтээгдхүүн зэрэг таагүй бүтээгдхүүнийг баталгаажуулахаа амласан юм байна.
Трамп, Си Зиньпин хоёр бас технолого шилжүүлэх, оюуны өмч хамгаалах, татваргүй бараа, кибер залилан, хөдөө аж ахуй дахь үйлчлгээ зэргийн талаар бүтцийн өөрчлөлт хийх хэлэлцээрийг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй гэж тохиролцсон байна.
Харин 90 хоногийн хугацаанд БНХАУ-тай худалдааны зарим асуудлаар тохиролцож чадахгүй бол АНУ импортын татвараа 25 хувь болгоно гэдгээ анхааруулжээ.
“Хоёр тал энэ хэлэлцээрийг ирэх 90 хоногийн хугацаанд эцэслэхийг эрмэлзэнэ. Энэ хугацаанд тохирч чадахгүй бол өнөөдөр 10 хувь байгаа татварыг 25 хувь болгон өсгөнө” гэж Сандерс анхааруулсан байна.
“Онцгой харилцаа”
Трамп ярианыхаа үеэр БНХАУ-ын даргатай хувийн харилцаатай байдгаа нэг бус удаа тэмдэглэсэн байна. Тэд 2017 оны дөрөвдүгээр сард АНУ-д анх удаа уулзсан. Тэгэхэд Трамп хятадын тэргүүнийг Флорида дахь харшдаа эхнэртэй нь хамт урьсан юм. АНУ-ын тэргүүн үүний дараа хятадын тэргүүнийг сайхан хүн, сайн нөхөр гэж дурссан байдаг.
Аргентинд сая ажил хэрэгч өдрийн хоолны өмнө Трамп хятадын тэргүүнтэй хувийн харилцаатай гэдгээ сануулаад худалдааны зөрчилдөөнийг шийдэх боломж бий гэж тэмдэглэсэн байна. “Си даргатай бидний харилцаа онцгой. Энэ маань Хятад, АНУ-ын хувьд сайн үр дагаварт хүргэх гол шижим болно гэж бодож байна” гэсэн байна.
Си Зиньпин хариуд нь Трамптай хувийн харилцаатай байдгаа онцолсонгүй харин дэлхийн хоёр хүчирхэг гүрний нөлөө үүргийг онцолжээ. “АНУ, Хятад хоёр бол дэлхийн маш чухал нөлөөтэй хоёр гол орон. Дэлхий, олон улсын хөгжил цэцэглэлтэд дэмжлэг үзүүлэх хариуцлага үүрч байгаа орнууд. Зөвхөн харилцан ажиллагааны үрээр энх тайван хөгжил цэцэглэлд хүрнэ. Ийм болохоор хамтын ашиг сонирхлыг хөндөх энэ уулзалтыг тэсэн ядан хүлээж байна” гэж БНХАУ-ын дарга хэлжээ.
Худалдааны дайн
Дональд Трамп сонгуулийн кампанийнхаа явцад худалдааны тэнцэл нь алдагдаж байгаа Хятадтай “шударга наймаа” хийх нь гарцаагүй хэмээн байнга ярьж байсан. Харин Бээжин болохоор үүнийг зөвшөөрөлгүй, АНУ-ын “шударга наймаа”, “худалдааны тэнцэл” гэдэг нь Дэлхийн худалдааны байгууллагын харилцан үр ашигтай байх зарчимтай зөрчилдөж байна гэсээр байсан юм.
Ингээд Трамп өнгөрсөн зун хятадаас жилдээ орж ирдэг 34 тэрбум ам.долларын үнэ бүхий 818 нэрийн бараанд 25 хувийн импортын татвар ногдуулсан. Хариуд нь Хятад америкаас импортоор авдаг төрөл бүрийн бараанд тэр өдрөө 25 хувийн татвар ногдуулснаар энэ хоёр улсын “худалдааны дайн” эхэлсэн юм.
Есдүгээр сарын сүүлчээр АНУ дахиад Хятадын 200 тэрбум ам.долларын бараанд 10 хувийн татвар тогтоосон бол Хятад хариуд нь америкийн 60 тэрбум ам.долларын бараанд 10, таван хувийн татавр тогтоосноор байдал улам хурцадсан юм.