Эдийн засаг
ХААН Банк “Шилдэг ТоС оффис” болон “Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем” шагнал тус тус хүртлээ

Монголын арилжааны банкууд 2013 оноос байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг дуу нэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Өдгөө зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд улирч буй жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оныхоо төлөвлөгөөг хэлэлцэх нэгдсэн уулзалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. ТоС хөтөлбөрийн 2019 оны нэгдсэн уулзалт 12-р сарын 5-ны өдөр боллоо. Тус уулзалтын үеэр ТоС хөтөлбөрийн зүгээс энэ онд Монголбанктай хамтран арилжааны банкуудын дунд зарласан уралдааны дүнг танилцуулж, шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулсан юм.
2019 оны “Шилдэг ТоС банк”-аар Худалдаа хөгжлийн банк, “Шилдэг ТоС-ийн дэмжлэгийн тогтолцоо” шагналыг Капитрон банк, “Шилдэг ТоС-ийн хэрэгжилт” шагналыг Транс банк, “Шилдэг ТоС оффис” болон “Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем” шагналын эзнээр ХААН Банк тус тус шалгарлаа. Мөн энэ үеэр 2020 онд бусдыгаа манлайлан ажиллах “Манлай банк”-ийг мөн тодруулж, Капитрон банкинд ХААН Банкны хамт олон шилжин явах туг гардууллаа.
ХААН Банкны хувьд 2019 онд “Манлай банк”-аар ажиллаж, Тогтвортой хөгжлийн зарчмуудыг бүтээгдэхүүн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, энэ чиглэлээр олон бодитой ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, Монголын ТоС холбоотой хамтран “Тогтвортой санхүүжилт” цахим сургалтын платформыг ХААН Банкны ажилтнуудын дунд туршилтаар зохион байгуулж, цаашид гишүүн байгууллагууд болон олон нийтэд нээлттэй сургалтын платформ бий болгоход хамтран ажилласан юм. Мөн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулахад онцгой анхаарч, олон улсад нэр хүнд бүхий “Sustainability East Asia” зөвлөх байгууллагатай 2019 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Үүний хүрээнд аливаа санхүүжилтийг олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ хийж, харилцагчдадаа бодит зөвлөмж хүргэн, хэрхэн сайжруулах тухай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Мөн НҮБ-ын Даян дэлхийн гэрээ болон “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудад нэгдэж, санхүүгийн байгууллагын хувьд хэрхэн үндсэн үйл ажиллагаагаараа дамжуулан ногоон хөрөнгө оруулалт, ногоон эдийн засгийг дэмжин ажиллахад суралцан, бусдад сайн туршлагаа хуваалцаж буй төдийгүй банкны хэмжээнд Тогтвортой хөгжлийн бодлогыг мөрдөн хэрэгжүүлж эхэлсэн юм. Түүнчлэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг нэг бүрчлэн таниулах, мэдлэг ойлголт өгөх, өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох зөвлөгөө мэдээлэл бүхий “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг санаачлан өдгөө 14 хоног тутам олон нийтэд хүргэж буй билээ. Цаашид ХААН Банк тогтвортой санхүүжилтийн зарчмын дагуу байгаль орчинд ээлтэй, тэгш эрх, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өвийг хамгаалах, “Ногоон эдийн засаг”-ийн өсөлтийг дэмжих, ил тод хариуцлагатай байдлыг дэмжихэд идэвхийлэн ажиллах болно.
Бид зогсолтгүй бүтээсээр…

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент27 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад24 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна