Энтертайнмент
Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ
Дэлхийн шилдэг, заавал ч үгүй унших ёстой романуудын нэгд зүй ёсоор тооцогддог Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиолыг Монголын тайзнаа анх удаа амилуулахаар болсон.
Жүжгийн зохиолчоор Н.Пүрэвдавга, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажиллаж байгаа бол Анна Каренинагийн дүрийг драмын театрын жүжигчин Н.Баярмаа бүтээхээр болжээ.
Түүний хувьд драмын театрын урын сан дахь нэр бүхий сонгодог жүжгүүдийн гол дүрийг бүтээж байсан. Тухайлбал, “Би эндээс явахгүй”, “Жаргаагүй нар”, “Нора”, “Парисын дарь эхийн сүм”, “Тэнгэрийн хүү” зэрэг жүжгийг нэрлэж болох юм.
Харин жүжгийн бусад дүрүүд болох Алексей Каренинд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Д.Баттөмөр нар тоглох бол Облонскийд жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглох аж.
“Анна Каренина” драмын жүжиг ирэх хоёрдугаар сарын 28-нд нээлтээ хийх билээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.