Энтертайнмент
“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд Д.Норов түрүүлжээ
Монголын зохиолчдын эвлэлийн 97 жилийн өдөр зохион байгуулсан “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов түрүүлсэн байна. Тэрбээр наадамд гурав дахиа түрүүлж байгаа. Энэ жилийн “Утгын чимэг” наадмыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн шагналт зохиолч Д.Намсрайгийн нэрэмжит болгон зохион байгуулсан юм. Наадамд 65 өгүүллэг ирснээс хоёрын даваанд шигшигдэж үлдсэн 10 өгүүллэгийг уран уншигчид уншсан байна.
Наадмын тэргүүн байрт төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын “Хэрээний нулимс” өгүүллэг шалгарсан бол дэд байрт МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуягийн “Цаггүй газар” өгүүллэг, гуравт Соёрхын Пүрэвсүрэнгийн “Аав, хүү хоёр” өгүүллэг шалгарчээ. “Утгын чимэг-2019” наадмын “Шилдэг уран уншигч”-аар Соёлын тэргүүний ажилтан А.Даваа тодорсон байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.