Нийгэм
Хуурамч шатахууны уршгаар хүхэрлэг хийн агууламж ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ
Түүхий нүүрсийг халж, сайжруулах шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн анхны өвөл үргэлжилж байна.
Агаарын чанарын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал:
РМ2.5 тоосонцрын хэмжээ 60 хувиар
РМ2.5 тоосонцор 57 хувиар
Угаарын хий 30 хувиар
Азотын хий 10 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин агаарт агуулагдах хүхэрлэг хийн хэмжээ хоёр дахин өсжээ. Үүний учир шалтгааныг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргалаас тодруулахад “Хүхэрлэг хийн агууламж өссөн Улаанбаатар хотын замаар явж байгаа автомашинуудын хэрэглэдэг шатахуунаас болсон. Учир нь зах зээлд борлуулагдаж буй шатахуун түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ стандартаас өндөр байгаа нь тогтоогдсон.
2017 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийг чиглэх шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Захирамж гарахаас өмнө нийслэлийн гэр хорооллын айл өрхийн тоо жил тутамд 5-10 мянгаар нэмэгддэг байв. Харин захирамж гарснаас хойш энэ тоо нэмэгдээгүй ч автомашины тоо жилд 10-20 мянгаар тогтмол нэмэгдэж байгаа. Хэрэглэх шатахуун түлш ч үүнийг даган нэмэгдэж байна.
Тодотгож хэлэхэд, сайжруулсан түлшний хэрэглээ болон нууцаар түүхий нүүрс хэрэглэсэн байж болзошгүй зэргээс шалтгаалан хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдсэн тухай асуудал байхгүй” хэмээв.
ЗАРИМ БООМТООР ОРЖ ИРЭХ ШАТАХУУН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НЭМЭГДҮҮЛСНЭЭС ХОЙШ НЕФТЬ-ХИМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТ ХЭД ДАХИН НЭМЭГДЖЭЭ
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Монгол Улсын Ерөнхий сайдад хандан хуурамч, чанарын шаардлага хангахгүй шатахуунаар хэрэглэгчдэд үйлчилж байгаа асуудлын талаар өнгөрсөн онд асуулга тавьж байв.
Түүнд өгсөн хариултад “2015 оны арваннэгдүгээр сараас Засгийн газраас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг Сүхбаатар, Замын Үүд, Алтанбулаг боомтуудаар импортолж буй автобензинд тонн тутамд 400,000 төгрөг, дизель түлшинд 520,000 төгрөг, Эрээнцав боомтоор импортолж буй автобензинд 270,000 төгрөг, дизель түлшинд 290,000 төгрөгт хүргэн тус тус нэмэгдүүлсэн.
Онцгой албан татвар нэмэгдсэн үеэс буюу 2016 оноос эхлэн онцгой албан татваргүй нефть-химийн бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн” гэжээ.
Тодруулбал, 2016 онд импортоор орж ирсэн нефть-химийн бүтээгдэхүүнийг өмнөх онтой нь харьцуулахад керосины импорт 13.2 дахин, нафта 2.3 дахин өссөн гэдгийг ч дурдсан байдаг.
Эдгээр нефть-химийн бүтээгдэхүүнээс хуурамч шатахуун хийхэд хамгийн ихээр хэрэглэгдэж буй керосин аж. Өнгөрсөн онд Ерөнхий сайд болон Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг удаа дараа байгуулагдаж ажиллан холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл багтсан шалгалтыг хийсэн юм.
Тус шалтгалтын үр дүнгийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга А.Бямбадоржоос тодруулсан юм.
“ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮД БАТЛАГДСАН ТЕХНОЛОГИГҮЙГЭЭР ШАТАХУУН ҮЙЛДВЭРЛЭДЭГ”
Тэрбээр “Шатахуун импортлогч болон үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг хийхэд лабораторийн шинжилгээгээр хэд хэдэн үзүүлэлт шаардлага хангаагүй дүн мэдээ гарсан. Тухайлбал, зах зээлд буй шатахууны физик-химийн үзүүлэлтүүд давсан, шатахуунд агуулагдах хүхрийн хэмжээ стандарт хэмжээнээс илүү байсан. Энэ зөрчил дутагдалтай холбоотойгоор шатахуун үйлдвэрлэгч хоёр аж ахуйн нэгжид тус бүр 10 сая төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авсан.
Мөн чанарын шаардлага хангахгүй шатахуун түгээж байсан есөн аж ахуйн нэгжид ШӨХТГ-тай хамтарч ажилласны үр дүнд тус бүрд нь есөн сая төгрөгөөр торгох шийдвэр гарч байв” хэмээлээ.
Түүнчлэн МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүй хяналтын хэлтсийн дарга А.Бямбадорж хэлэхдээ “Шатахууны чанар стандартын шаардлага хангахгүй байгаа нь шатахуун үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй холбогддог. Тухайн компаниуд ямар нэг батлагдсан технологигүй тул өөрсдийн технологиор үйлдвэрлээд байдаг.
Батлагдсан технологи гэдэг нь Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллагаас баталж өгсөн технологи байх ёстой. Шатахуун үйлдвэрлэх түүхий эд нь дизель түлшний хувьд керосин байдаг. Цэвэр керосиныг сүүлийн жилүүдэд дотоодын бодит хэрэглээнээс хэт давсан хэмжээгээр импортолсон байна. Эдгээр нь дизель түлш үйлдвэрлэгдэхэд ашиглагдаж байгаа нь хяналт шалгалтын явцад илэрсэн.
Керосин нь онцгой албан татваргүйгээр импортлогддог тул нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах, цэвэр керосин хэрэглэдэг аж ахуйн нэгжид тодорхой квот тогтоосноор их хэмжээгээр орж ирэх нь цэгцэрнэ гэж үзэн Ажлын хэсгээс холбогдох яамдад санал дүгнэлтээ хүргүүлсэн” гэв. Гэвч одоогоор ямар нэг арга хэмжээ, албан ёсны шийдвэр гараагүй аж.
Тэгвэл хуурамч шатахуун агаар дахь хүхрийн хийн агууламжийн нэмэгдүүлэхээс гадна ямар уршиг тарьж буйг Монголын шатахууны хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.
Б.САЙНБАЯР: ХУУРАМЧ ШАТАХУУНЫ УРШГААР ЖИЛД 50-60 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОДИТ ХОХИРИЛ УЧИРЧ БАЙНА
Монголын шатахууны хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “Керосин гэх бодисын манай улсын жилийн хэрэглээ 3 мянган тонн. Гэтэл 2012 оноос хойших хугацаанд Монгол Улсын хилээр 1 сая 200 мянган тонн керосин орж ирсэн байна. Үүгээр дизелийн түлш хийж, зах зээлд нийлүүлж байгаа. Манай холбооны тооцоо судалгаагаар Монголд таван машин тутмын нэг нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу хуурамч шатахуунаар явж байгаа аж. Үүний уршгаар жилд 50-60 тэрбум төгрөгийн бодит хохирол учирч байна” хэмээж байсан билээ.
Керосиныг зэс баяжуулах технологид хэрэглэдэг бөгөөд Эрдэнэт хотод нэр бүхий хоёр аж ахуйн нэгж хэрэглэж байна. Мөн Зарим объектыг халаадаг керосиныг бага хэмжээгээр ашигладаг ажээ.
Гэвч дотоодын бодит хэрэглээнээс хэд дахин давсан хэмжээгээр импортлогдож буй керосин нь агаар дахь хүхэрлэг хийн хэмжээг нэмэгдүүлэгч, автомашины эд ангийг гэмтээхэд гол үүрэг гүйцэтгэгч хуурамч шатахууны түүхий эд болжээ.
Хүхэхрлэг хийн хүнд нөлөөлөх хор уршиг нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх зэрэг сөрөн нөлөөтэй аж.
Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн агаарын чанарыг мэдэгдэхүйц сайжруулсан хэмээн албаныхан мэдэгдсээр байгаа ч хуурамч түлш, шатахуун зарж борлуулахын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол гаргасан үр дүнгээ баллуурдах нөхцөл байдал бий болоод буйг энд сануулъя.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.