Улс төр
Н.Учрал: 2050 он гэхэд тэтгэврийн сангийн төрөөс авах татаас ДНБ-ий таван хувьд хүрнэ

-Оюуны өмчөө барьцаалан зээл авах боломжтой-
УИХ-ын гишүүн Н.Учралтай Тэтгэврийн сангийн шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Тэтгэврийн даатгалын системийг шинэчлэх асуудал яригдаж байгаад чимээгүй болчихлоо. Энэ асуудал юу болсон бэ. Ажлын хэсгийг нь та ахалж байгаа шүү дээ?
-УИХ-ын даргын захирамжаар тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх болон өнөөдрийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Одоо мэдээллүүдийг цуглуулж анализ хийгээд, тодорхой шийдэлд хүрч байгаа гэхэд болно. 1995 оноос хойш шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоонд шилжсэн. Үүнээс хойш ямар үр дүнд хүрснийг бид бүхэн харж байна. Үе үеийн Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг ярьдаг хэдий ч бодит ажил болгож чадахгүй өнөөдрийг хүрсэн. Тэтгэврийн даатгалын сан хамгийн их алдагдалтай сан учраас улсын төсвөөс маш их татаас авдаг. Энэ алдагдлыг тэнцвэржүүлэхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх эсвэл тэтгэврийн насыг хойшлуулах гэсэн хоёрхон сонголт бий. 2050 он гэхэд энэ сангийн төрөөс авах татаас ДНБ-ий таван хувьд хүрэх бодит эрсдэл байгаа юм. Тэгэхээр энэ тогтолцоогоор явах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг өргөн барихаар төлөвлөж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд энэ хуулийг боловсруулж, өргөн барина.
-Хуулийн гол агуулга нь юу юм бэ. Хувийн тэтгэврийн сан гэхээр улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэсэн үг үү?
-Үгүй. Тэгж ойлгож болохгүй. Тэтгэвэрт гарахдаа төрийн болон хувийн тэтгэврийн сангаас зэрэг тэтгэвэр авах боломжийг нээнэ гэсэн үг. Өмнө нь Засгийн газар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуульд нэлээд ажиллаж байсан юм билээ. Одоогийн систем нь ажилтан, ажил олгогч, төр гэсэн гурван субьект гурвуулаа сэтгэл хангалуун бус систем. Өөрөөр хэлбэл, татаас өгч байгаадаа төр, есөн хувийн шимтгэл төлж байгаадаа ажилтан сэтгэл хангалуун бус байна. Ажил олгогч ч сэтгэл дундуур. Бидний өргөн барих хуульд үүнийг хэрхэн зохицуулсан бэ гэхээр, улсад төлж байгаа есөн хувийн шимтгэлийн тодорхой хувийг хувийн тэтгэврийн санд төлдөг байх юм. Хувийн тэтгэврийн сан нь хувь хүний орлогын албан татвараас чөлөөлж, эдгээр сангуудыг төрөөс бодлогоор дэмжинэ. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг Засгийн газар өргөн мэдүүлэх ёстой юм.
УИХ-ын гишүүдийн зүгээс Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг өргөн бариад тогтолцооны хувьд урагшаа алхах боломж байгаа гэж харж байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниуд яг хувийн тэтгэврийн сангийн хэлбэрийн дагуу ажиллаж байгаа юм. Тэгэхээр хувийн тэтгэврийн сангуудад эрхийг нь олгодог Санхүүгийн зохицуулах хорооны эрх үүргийг тодорхой болгоод явах ёстой. НББСШУ-ы байнгын хороо Хөдөлмөрийн яамтай хамтран 2017 онд Латви болон Унгар улсад очиж туршлага судалсан. Тэнд хүүгээс хүү бодох аргачлалаар авч үзвэл сард цалингаасаа 30 мянган төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэйгээр хувь тэтгэврийн санд хийхэд 30 жилийн дараа 410 сая төгрөг болж байгаа юм. Тэтгэврийн зээлийг тэглэснээр бид энэ шинэ гараанаас гарах нөхцөл бүрдсэн. Нийгмийн даатгалын сан банкуудынхаа барьцаанд орчихсон байсан юм билээ. Тэтгэврийн зээлийг тэглэснээр одоо боломж гарч ирж байна. Одоо бид хөрөнгийн зах зээлээ босгож авах ёстой. Сингапур шиг тэтгэврийн сан нь иргэний хамгийн том батлан даагч нь байдаг систем рүү шилжих алхмыг хийж байна гэхэд болно.
-Нийгмийн даатгалд төлдөг шимтгэлийнхээ тодорхой хувийг нь хувийн тэтгэврийн санд өгөх нь гэж ойлгож байна?
-Тийм. Бид нийгмийн даатгалын шимтгэлд цалингийнхаа есөн хувийг өгдөг шүү дээ. Үүнийхээ дөрвөн хувийг нь өөрөө сонгоод хувийн тэтгэврийн санд өгч болно. Тэгэхээр Монгол Улсад хувийн тэтгэврийн сангуудыг байгуулах шаардлагатай. Нэг сая төгрөгийн цалинтай хүн 190 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг бол түүнийхээ 90 мянгыг нь өөрөө төлж байгаа. Энэ 90 мянгынхаа 40 мянгыг нь хувийн тэтгэврийн санд сонгоод өгчихнө. Банкинд мөнгө хадгалж байгаатай адилхан жилийн 15 хувийн өгөөж бодно. Ингээд хүүгээс хүү бодогдоод хадгаламж шиг өсөн нэмэгдээд явах юм. Тэтгэвэрт гарах үед та төрийн тэтгэврийн сангаас ийм хэмжээний тэтгэвэр авахаар байна. Харин хувийн тэтгэврийн сангаас ийм хэмжээний тэтгэвэр авна гэдгийг тухайн иргэнд санал болгоно. Өөрөөр хэлбэл, хоёр сангаас тэтгэвэр авна гэсэн үг.
-Есөн хувийн шимтгэл төлж байхад алдагдалтай байгаа одоогийн тэтгэврийн даатгалын сан тэгэхээр улам их алдагдалд орох юм биш үү?
-Тэтгэврийн даатгалын сан одоо 600 тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс авч байна. Энэ байдлаар явбал 2050 он гэхэд энэ тоо ДНБ-ний таван хувьд хүрнэ гэдэг нь хоёр дахин өснө гэсэн үг. Тэгэхээр одоогийн шимтгэлд суурилсан тогтолцоо цаашаа явах ямар ч бололцоогүй болчихлоо шүү дээ. Энэ нь хөрөнгийн зах зээл явахаа больчихсонтой холбоотой гэж болох юм. Төгрөгийн ханш тогтмол унаж, долларын ханш үргэлж өсөж байна. Тэгэхээр бидний татварт төлсөн мөнгөнаас гал унтраах байдлаар 600 тэрбум төгрөгөөр дараад яваад байгаа юм. Аргаа бараад нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмье гэж байна. Эсвэл тэтгэврийн насыг хойшлуулчихдаг. Тиймээс Хувь тэтгэврийн сангийн хуулиа гаргаад хөрөнгийн зах зээлийг босгож ирж, урагшлах ёстой юм. Санхүүгийн тооцооллыг нь ч гаргачихсан. Ямар ч байсан хуулиа эхлээд гаргачихъя, тэгээд иргэнд сонголтыг үлдээе гэдэг байдлаар ажиллаж байна.
-Хувь тэтгэврийн сан хэр найдвартай юм бэ. Эрсдлийг хэрхэн тооцоолсон бэ?
-Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа дампуурч байсан тохиолдлууд байдаг. Тиймээс хуульдаа Хувийн тэтгэврийн сангуудын шалгуурыг маш өндөр тавьж өгөх хэрэгтэй. Одоогоор зөвхөн төсөл байдлаар явж байгаа шүү дээ. Түүнээс гадна дүрмийн сангаа тодорхой тавьж өгөх ёстой юм. Төрийн бус байгууллагуудын ажилладаг зарчмынх нь дагуу тусгай зөвшөөрлийг нь олгож, хяналт шалгалт явуулна. Нэг ёсондоо Санхүүгийн зохицуулах хороо үүнийг бүрэн хяналтдаа авна гэсэн үг. Хувийн тэтгэврийн сангууд бол өөрсдийн санхүүгийн менежментээр л үйл ажиллагаа явуулна. АНУ-д А,В,С гэж ангилаад, А ангилалд нь Засгийн газрын бонд, төрийн өмчит компанийн хувьчлал, Б-д нь хувийн компаниудаас гаргаж байгаа бонд, үнэт цаас гэх мэт үнэлдэг. Хувь хүн аль руу нь хийх вэ гэдгээ сонгоод явчихдаг юм билээ. Үүнээс гадна тэтгэврийн санд шилжилт хийхийг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл өөрт нь илүү ашигтай хувилбар санал болгосон тэтгэврийн сан руу шилжих боломжтой гэсэн үг. Тэтгэврийн сан хамгийн том хөрөнгө оруулагч болох тогтолцоо руу явах ёстой.
-Энэ намрын чуулганаар баталсан хамгийн үр өгөөжтэй хуулиуд таныхаар ямар хуулиуд байв?
-Түүхэнд байгаагүй ачаалалтай, олон цаг хуралдсанаас гадна Үндсэн хуулиа баталсан маш өндөр үр өгөөжтэй чуулган боллоо. Миний хувьд маш том дэвшилт гарсан гэж бодож байна. Яагаад гэвэл олон жил ярьсан Инновацийн хуулийг баталлаа. Гарааны компаниуд үүнд маш их баярлаж байна. Гараанаас гарч байгаа компаниудад олон нийт хувьцаа гаргах эрхийг нь нээж өгсөн. Мэдээллийн технологийн компаниудыг татвараас дэмжихийг энэ хуулиар хийж өглөө. Хамтын оффисуудыг бүртгэлжүүлж, хөнгөлөлт үзүүлэх боломжтой. Мөн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль хамгийн чухал хуулиудын нэг болсон гэж бодож байна. Кино, дуу зэрэг төрөл бүрийн контент үйлдвэрлэж байгаа уран бүтээлчид, зохион бүтээгч, инженерүүд, эрдэмтдийн бүтээлийг үнэ цэнтэй болгож байгаа юм. Шинэ зууны залуус сэтгэж, оюуны бүтээл хийж, түүгээрээ сайхан амьдрах боломжийг энэ хуулиар нээж өгсөн.
Тухайлбал, Н.Жанцанноровын “Мандухай цэцэн хатан”-ы хөгжмийг оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчид үнэлээд, түүнийг нь банкинд барьцаалдаг болно. “АПУ”-гийн логог барьцаалж байсан түүх Монголд бий. Эдийн бус баялгийн үнэлэх анхны том зохицуулалтыг энэ хуулиар хийж өгсөн юм. Дуучид, уран бүтээлчид, киночид, эрдэмтэд гээд өөрийн бүтээлээ оюуны өмчийн үнэлгээчээр үнэлүүлж, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Оюуны өмчөө барьцаалан хөрөнгө оруулалт татаж болно гэсэн үг. Би яриад байсан хоёр том хуулиа энэ намрын чуулганаар батлуулж чадлаа. Баяртай байна. Ирэх хаврын чуулганаар хүлээгдэж байгаа том хууль бол Мэргэжлийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль юм. Энэ хуулийг хаврын чуулганаар баталж чадвал нэг салбар нэг дуу хоолойгоор ярьдаг болно. Монголын телевизүүдийг нэг л байгууллага төлөөлөх эрхтэй болно. Мэргэжлийн холбоод нь зарим чиг үүргийг хэрэгжүүлж төрийн данхар бүтцийг байхгүй болгох юм. Энэ хуулиас гадна Санхүүгийн зах зээлийг босгох Хувийн тэтгэврийн сангийн хуулийг хүлээж байна. Миний батлуулсан эдгээр хуулиудын үр өгөөж, 10-20 жилийн дараа гарна гэдэгт итгэлтэй байна.

Улс төр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт,
Гавьяат механикжуулагч цолоор:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж,
Гавьяат мал зүйч цолоор:
- “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь,
Гавьяат агрономич цолоор:
- “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын Нямжав,
Малын гавьяат эмч цолоор:
- “Биокомбинат” компанийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Баянгийн Дуламсүрэн,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- “Ви интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Дэнсмаагийн Батболд,
Сүхбаатарын одонгоор:
- Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан, “Түмэн бут” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гавьяат механикжуулагч Хандмаагийн Даваахүү,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Түвдэнгийн Санжмятав,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан, агрономич Лхамжавын Гантулга,
- ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Даваасүрэнгийн Довчинсүрэн,
- ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Баясгалангийн Батшагай,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа,
- ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Лхамын Даваа,
- ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл,
Алтан гадас одонгоор:
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн ахлах мэргэжилтэн Ядамцоогийн Отгонбаатар,
- “Доолт жавхлант” ХХК-ийн захирал Багадаваагийн Доржсүрэн,
- ХХААХҮЯ-ны шинжээч Чойжоогийн Долгорсүрэн,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Булган салбарын захирал Бодьгэрэлийн Ариунбаатар,
- ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Нямготовын Цэгмэд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хөдөө аж ахуйн бирж” компанийн ахлах мэргэжилтэн Соёл-Эрдэнийн Алимаа,
- “Хөдөө аж ахуйн корпорац” компанийн Дархан салбарын захирал Тлеуханы Айгуль,
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Наваансамдангийн Наранбаяр,
- ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Шагдарын Цэнд-Аюуш,
- Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршоог хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Цэрэндоржийн Батгэрэл нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 04 дүгээр сарын 17-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны гуравдугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан тухай тэрбээр дурдаад, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг сануулав.
Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсныг тэрбээр ахалж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар орсон бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Харин хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан эд зүйл тараах гэдэгт хийсэн ажлын цахим тайлан хамаарахгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоос өөр хувилбар ярилцсан эсэх, төсөлд аливаа этгээд гэсэн өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх зохицуулалтаас өргөжүүлж сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл зохион байгуулсан уулзалтыг агуулга, хэлбэрийн хувьд хянаж чадахгүй байх эрсдэл үүсэх, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа ажлын хэсгээс боловсруулсан төсөлд аливаа этгээд хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт хийх зохицуулалтыг нээлттэй байхаар тусгасан нь зүйтэй талаар санал хэлжээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Ж.Баярмаа, С.Зулпхар, Ц.Мөнхбат, А.Ганбаатар, Ж.Золжаргал асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүний сонгогч, иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэсэн анхны үзэл баримтлалаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд тусгагдсан. Гэтэл аливаа этгээд гэж томьёолон нээлттэй болгосноор сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөлд туссан аливаа этгээд, уулзалт зэрэг нь юун тухай өгүүлж буйг тодруулан асуув. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын гишүүдэд давуу байдал бий болгосон байна гэж үзсэн тул уг боломжийг хэн бүхэнд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүдийг эргэх холбоотой байхыг сонгогчид шаарддаг гэдгийг онцлоод, хэн бүхэнд хийсэн ажлаа тайлагнахад нээлттэй болчихвол сурталчилгааны 18 хоногийг байхгүй болгох хэрэгтэй гэв. Тэрбээр орон нутгийн сонгуулийн зохицуулалттай ижилсүүлж чандлах шаардлагатай гэсэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн гуравдугаар дүгнэлтийн хүрээнд боловсруулсан гэсэн тайлбар өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа сонгуулийн жил Улсын Их Хурлын гишүүд тайлан тавих нь үнэндээ ичгэвтэр зүйл байдаг гээд, аливаа этгээдэд уулзалт хийх эрх олгож байгаа нь дэвшил болж буйг сайшаасан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдгийг сануулж, хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш иргэд, сонгогчдодоо тайлангаа тавьж чадахгүй бол энэ бүрэн эрхийн хугацаа гурван жил, зургаан сар болчихно гэж тооцож байгаагаа онцлов. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүд орно гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир тодотгоод, хийсэн ажлаа тайлагнаж болохоос бус би нэр дэвшинэ, намайг сонгоорой гэж өөрийгөө сурталчилж болохгүй гэсэн тайлбар өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хэвлэмэл материалуудыг эд зүйл гэж үзэн сонгогчдод тараахыг хориглож байгаа нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн жил эхлэхээс өмнө тайлангаа хэвлүүлж, тарааж болох, эсэхийг тодруулан асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар сонгууль бол иргэдийн сонгох, сонгогдох эрхээ эдлэх тэгш боломж байх учиртайг дурдаад, “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн орвол тэдэнд заавал давуу байдал үүсэх учир энэ заалтыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, сонгуулийн сурталчилгааны явцад хориглох зүйлс болон тэдгээрийн хугацааны талаар асууж хариулт авав.
Хэлэлцэж буй асуудлаар асуулт, хариулт явагдсаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Номинчимэг ардчилал, парламентат ёсоо бэхжүүлэхийн тулд шударга, ил тод, нээлттэй сонгуулийг явуулах нь хамгийн чухал гээд үүний тулд сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатайн дотор ялангуяа зардлыг бууруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хэвлэмэл материал тараах нь шударга сонгуульд харш зүйл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, иргэдийн сонгогдох эрхэд эд мөнгөний босго, зардлын дарамт ихээхэн тээг болдгийг ярьж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс бэлэг тарааж, тууз хайчилж сонгогчдыг татах ажлыг байнга хийдэг тул зөвхөн сонгуулийн жил гэлгүй бусад жилүүдэд ч эд зүйл тараахыг хориглох нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир ч мөн сонгуулийн тухай хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа онцолж, ялангуяа намын санхүүжилт, хандив тусламж, тэдгээрийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгох ёстойг өнгөрсөн 2-3 сонгуулийн үеийн мөнгөний урсгалын жишээ баримтуудаар нотлон өгүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссан учир санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийн мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсгийг мөнхүү ахалж ажиллажээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны хоёрдугаар дүгнэлтийг мөнхүү Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нар ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон 47.7 дахь хэсгийг хөндөж, шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд “60” гэснийг “65” болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “…шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлтийн хүрээ, хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлжээ. Тэдний саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зүйтэй гэж үзсэн тул дээрх заалтыг хасаж, хуулийн төсөл боловсруулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг мөнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв. Тэрбээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалт шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл буюу 60 нас хүрэх хүртэл томилох зарчмыг алдагдуулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг тайлбарлаж, хуулийн төслийг энэ хүрээнд боловсруулсныг дурдав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболд ажлын хэсэг насны хязгаарыг “65” гэж төсөлд тусгаад байсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд хамаарахгүй гэж Байнгын хороо үзэж хассаныг тайлбарлан, аливаа иргэдийн тэтгэвэрт гарах нас, цалин тэтгэврийн асуудлыг ийм байдлаар шийдээд байх нь зохимжгүйг Улсын Их Хурал цаашид анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дээр дурдсан заалтыг хассанаар цаана нь үлдэж буй зохицуулалт хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг зөрчсөн байна гээд, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эс бол шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон тэтгэврийн наснаас таван жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжийг шүүгчдэд олгож байгааг тайлбарлалаа. Шүүгчийн тухай хуулийн 40.1-д энэ заалт мөн адил байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байна гэж тэрбээр анхааруулаад, тэдэнд давуу байдал үүсгэсэн энэхүү хуулийн зөрчлийг арилгах үүднээс Байнгын хороон дээр унасан ажлын хэсгийн саналыг дэмжиж шийдвэрлэх нь зүйтэй гэв. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хариулахдаа, ерөнхий хууль болон салбарын хуулиуд хоорондоо зөрчилдөх явдал маш их байна. Иймд энэ удаа асуудлыг гагцхүү Цэцийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээд, цааш цаашдаа хууль хоорондын зөрчлүүдийг арилгах асуудлыг иж бүрнээр авч үзэх ёстой гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүхийг шинэчлэхийн аль нь илүү чухал вэ гэдэг дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг асууж, хариулт авав.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул санал хураалтыг мөнхүү чуулганы маргаашийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжин амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн арилжаагаар Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих” зориулалтын дагуу 6 сарын хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаас, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг тус тус Монголын хөрөнгийн биржийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжааны системээр дамжуулан арилжааллаа.
Өнөөдрийн арилжаанд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох банк, даатгал, үнэт цаасны компаниудаас гадна гадаад, дотоодын иргэд оролцсон бөгөөд зарласан нийт дүнгээс 4.4 дахин их буюу 43.7 тэрбум төгрөгийн санал ирж, 6 сарын хугацаатай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.466 хувь, 2 жилийн хугацаатай жигнэсэн дундаж хүү 10.477 хувьтай арилжаалагдлаа.
Цаашид дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээлд төгрөгийн бондын өгөөжийн муруйг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийн дагуу 2025 оны 2 дугаар улиралд 2 долоо хоног тутамд богино болон дунд хугацаатай тус бүр 5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах ба нийт 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаална.
Засгийн газраас энэ төрлийн үнэт цаасыг тогтмол бага хэмжээгээр арилжаална. Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эрсдэлгүй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд үнэт цаасны хүүгийн орлого нь орлогын албан татвараас чөлөөлөгддөг бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг Засгийн газрын дотоод үнэт цаасаар гаргах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой. Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025.04.16-ны анхдагч зах зээлийн арилжааны үр дүнг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам
-
Нийгэм20 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм21 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм23 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм21 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр20 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
-
Улс төр22 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв